“Том болоод давхраа нь төрөлхийн мэт сайхан харагдана”. Энэ бол 10 настай охиндоо давхраа оёулсан монгол ээжийн хэлсэн тайлбар. Нүдний эмнэлгийн нэгэн эмч “Ийм насны охиндоо хиймэл давхраа хийлгэхээр манайд ханддаг ээж олон байдаг” хэмээж, намайг балмагдуулсан дээрх ээжийн тайлбарыг гэрчлэв. Монголд гоо сайхны мэс засал эрчимтэй хөгжиж байна. Дэлхий нийтийн хандлагыг дагаад хөгжиж буй энэ салбарыг буруутгах аргагүй.
10 настай хүүхдийн бурхнаас заяасан төрхийг өөрчилж байгааг хараад халаглах ч багадна
Гэвч сүүлийн жилүүдэд өсвөр насны охид давхраа оёулах, хамар өндөрлөх, дэлдэн чихийг багасгах, шанаа нарийсгах гэх мэт олон төрлийн мэс засал хийлгэх нь нэмэгджээ. Бурхнаас заяасан бие, төрхийг голдоггүй хүн гэж үгүй биз. Гэвч нас бие гүйцэж, төлөвшихийн хэрээр энэ хорвоод янз бүрийн хүн байдгийг ухаарч, өөрийгөө ч байгаагаар нь хүлээн зөвшөөрөхөд бид суралцдаг. Тухайлбал, Норвегид 13-30 насныхны дунд хийсэн урт хугацааны судалгаагаар хүн нас ахих тусам өөртөө сэтгэл ханамжтай болдгийг тогтоосон байна.
Мөн Америкийн “Jubilee Project” төслийн байгууллага болон “iNature” гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани хамтран 50 хүнд нэг ижил асуулт тавьжээ. “Биеийнхээ аль нэг эрхтэнийг өөрчлөх боломж олдвол юуг өөрчлөх вэ?” гэж. Насанд хүрэгчид хамар, дух, чих, нүд, арьс, язралт зэрэг зүйлээ өөрчлөхийг хүсэв. Шалтгаан нь том духтай, жижиг нүдтэй зэргээр багаасаа шоглуулдаг байсных гэв. Тэд үүнээс болж өдийг хүртэл эмзэглэж, боломжтой бол өөрийгөө өөрчлөхөд бэлэн байна. Харин хүүхдүүд “Өөрийнхөө юуг ч өөрчлөхийг хүсэхгүй байна, би бүх зүйлдээ дуртай” гэсэн бол зарим нь акул шиг амтай, лусын дагина шиг хөлтэй, далавчтай болохыг хүсжээ.
СЭТГЭЛ ЗҮЙН ҮР ДАГАВАР
Бид хэзээнээс өөрийгөө голж эхэлдэг вэ? Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Б.Ганзул “Гоо сайхан гэдэг бол тодорхойлж хэлэхэд бэрх ч харахад андашгүй зүйлийг хэлдэг. Гоё сайхан гэх ойлголт үеийн үед өөрчлөгддөг. Сүүлийн үед гоо сайхныг алдартай одууд, олон нийтийн сүлжээ сайтад олон дагагчтай эмэгтэйчүүд тодорхойлж байна. Хүүхэд өсвөр насанд шилжиж, эмэгтэй хүн болох эхлэл нь тавигдахад гоё сайхан харагдах хүсэл нь давамгайлдаг.
Тэр үед энэ эмэгтэй шиг арьс, уруул, нүдтэй л бол гоё гэж бодож эхэлнэ” гэв. Өсвөр насанд бүх л хүүхэд аль нэг талаар анги, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөх, шилдгүүдийн нэг хэсэг байхын тулд бусдыг даган дуурайх нь олонтаа. Гоо сайхны мэс засал хийлгэх нь сэтгэл зүйн хувьд хоёр үндсэн шалтгаантайг мэргэжилтнүүд хэллээ. Нэгдүгээрт, төрөлхийн гажиг, эсвэл ослоос үүдэлтэй гэмтлийг засах. Хоёрдугаарт, гоё сайхан болж, өөртөө итгэлтэй болох.
Сэтгэл засалч Катерина Филиппс, Дэвид Касл нар 2004 онд гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн 37 хүний сэтгэл хангалуун байдлыг судалсан түүхтэй. Үүнээс нэг дүгнэлт хийсэн нь хагалгааны дараа хүссэн үр дүндээ хүрээгүй хүмүүс өмнөхөөсөө ч илүү өөртөө итгэлгүй болдог тухай аж. Энэ тохиолдолд хүн уур уцаартай, сэтгэл гутралтай, нийгмээс өөрийгөө тусгаарлах, цаашлаад амиа хорлох талаар ч бодоход хүрдэг.
Хүн нас ахих тусам өөртөө сэтгэл ханамжтай болдгийг судалгаагаар тогтоосон байна
- Хүний тархиний шийдвэр гаргадаг хэсэг 23-26 насанд бүрэн хөгжиж дуусдаг. Бага насанд гаргасан шийдвэр сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй байх магадлалтай.
- Өсвөр насанд хүрсэн хүүхдийн хувьд гадаад үзэмж маш чухал үнэлэмж болдог.
- Монголын ерөнхий боловсролын сургуулийн 500 сурагчаас "Чи өөрөөсөө татгалзах уу?" гэж асуухад 60 хувь нь "Тийм" гэж хариулжээ
Гоо сайхны мэс ажилбар энэ мэт ноцтой үр дагавар дагуулж болзошгүй тул нас заах зүйтэйг Б.Ганзул хэлсэн юм. Тэрбээр “Өсвөр насныхны шийдвэр гаргах чадвар дутагдалтай. Хүний тархины шийдвэр гаргадаг хэсэг 23-26 насанд бүрэн хөгжиж дуусдаг. Тиймээс бага насанд гаргасан шийдвэр ихэвчлэн сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй байдаг” хэмээв. Өөрөөр хэлбэл, өсвөр насандаа хэн нэгнийг даган дуурайх хүслээсээ болж төрөлх зүсээ эвдсэндээ хожим харамсах магадлал өндөр аж.
МЕДИА НӨЛӨӨЛӨЛ
Хүүхэд харсан зүйлдээ бүрэн итгэдэг. Тиймдээ ч кино, клип, нэвтрүүлэг, тэр дундаа зар сурталчилгааг маш чухал хүлээж авдаг байна. Дашрамд сонирхуулахад, зар сурталчилгаа хүний анхаарлыг татахын тулд кино, нэвтрүүлгээс 20 хувь чанга дуутай, тод өнгөтэй байхаас гадна олон нийтийн үнэлэмжээр гоё сайхан гэх хүмүүсийг харуулдаг. Нэг эмэгтэй үс угаагч шингэн, шүдний оо, гоо сайхны бүтээгдэхүүнийг сурталчилж байна гэж бодъё. Насанд хүрсэн хүн түүн жинхэнэ амьдрал дээр тийм хөөрхөн биш гэдгийг мэддэг.
Харин хүүхэд яг л түүн шиг намирсан, гялалзсан үстэй, цасан цагаан шүдтэй, нэг ч толбогүй цэвэрхэн арьстай болохыг хүсдэг байна. Энэ нь ердөө насны онцлог. Тиймээс эцэг, эхчүүд хүмүүсийн гоё сайхан гээд байгаа эмэгтэйчүүд нүүрээ их будсан, хиймэл үстэй, компьютерээр туранхай, том нүдтэй, өндөр хамартай болгосон гэдгийг хүүхдэдээ хэлж байх нь зүйтэй. Ингэснээр та хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг хамгаалж буйн нэг хэлбэр болохыг гаднын мэргэжилтнүүд анхааруулжээ.
Манай улсын ерөнхий боловсролын дунд сургуулийн 500 сурагчаас Сэтгэл судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүд “Боломжтой бол чи өөрөөсөө татгалзах уу?” гэхэд 60 хувь нь “Тийм” гэж хариулжээ. Энэ нь тэдгээр хүүхдэд өөрийгөө үнэлэх суурь үнэлэмж байхгүй гэсэн үг. Үүнд эцэг, эхийн нөлөөлөл ч бий.
ЭЭЖҮҮД БУРУУТАЙ
Дээр дурдсанчлан өсвөр нас хүртлээ хүүхэд өөртөө сэтгэл хангалуун байдгийг мартаж болохгүй. Гэтэл 10 настай охиндоо давхраа оёулах гээд явж байгаа ээжүүдийн хэнээрхлийг зөвтгөх шалтгаан байгаа гэж үү. Хэрэв тэр хүүхэд давхраагүй ч насанд хүрээд өөртөө сэтгэл хангалуун байвал яах вэ. Эсвэл өөрийнх нь хүүхдүүд хэзээ ч ээжтэйгээ адилхан нүдтэй болохгүй гэж харамсаж бас болно. Хүнд бурхнаас заяасан төрхийг өөрчлөх эрх өөрөөс нь өөр хэн нэгэнд байх учиргүй. Бас гоо сайхны үнэлэмж өөрчлөгддөгийг ч мартаж болохгүй.
10 настай хүүхэд 25 хүрэхэд нийгмээрээ гоо сайхны талаар өөр үнэлэмжтэй болсон байж болно шүү дээ. Сэтгэл судлаач Б.Ганзул энэ талаар “10 нас байтугай 15 настай хүүхэд ч өөрийнхөө хүслийг бүрэн мэддэггүй. Хүүхэд янз бүрийн зүйл хүсэж л байдаг, гэхдээ энэ туйлын хүсэл нь биш. Шийдвэр гаргах насанд хүрч байж өөртөө сэтгэл хангалуун байна уу, үгүй юу. Би өөрийгөө өөрчлөх хэрэгтэй юү, үгүй юү гэдгийг сонгох хэрэгтэй” хэмээлээ.
Хүссэн үр дүндээ хүрээгүй хүн өмнөхөөсөө ч өөртөө итгэлгүй болдог
Эмэгтэй хүүхэд нийгмийн харилцаанд орж, өсвөр насанд хүрэхэд гадаад төрх хамгийн чухал үнэлэмж болдог. Ялангуяа өнөөгийн нийгэмд. Тиймээс эцэг, эхчүүд охидоо багаас нь эрүүл хооллон, илүүдэл жинтэй болгохгүйд анхаарч, багаас нь шүдээ тогтмол угаах, нүүрний арьсаа арчлахад сургах хэрэгтэй. Хүүхэд мяраатай тусмаа хөөрхөн гэж бид өхөөрддөг. Гэтэл өсвөр насанд хүрээд ээж, аавынхаа өхөөрдсөөр өгсөн хоолноос болж, өөртөө итгэх итгэлгүй, ганцаардмал, доожоогүй нэгэн болох тохиолдол бий.
Тиймээс хиймэл гоо сайхнаар нийгэмд үнэлүүлэх шаардлагагүй гэдгийг ойлгуулахын сацуу багаас нь эрүүл амьдралын хэв маягтай болгох нь чухал гэдгийг сэтгэл судлаачид анхааруулж байна. Интернэтээс бичлэг үзэж, охиныхоо үсийг сайхан самнаж сүлжээд сургуульд нь явуулж яагаад болохгүй гэж. Өнгөний зохицол, хувцсыг хэрхэн тохируулан өмсөхийг судлан хэрэгжүүлж ч болно. Хүүхдийн тань хувьд гадаад үзэмж нь асуудал болж байгаа бол та ч бас санаа зовних хэрэгтэй гэж хүүхдийн сэтгэл судлаачид үздэг.
“Миний үед тийм юм тоодоггүй байсан юмдаг, чи онц сурахаа л хичээ, юун царай зүс” гэж загнахын оронд тусламжийн гараа сунгах хэрэгтэй ажээ. Бас нэг зүйл бол эцэг, эхчүүд хүүхдийг багаас нь байгаагаараа хайрлуулж сургах юм. “Чи тарган, туранхай, өндөр, нам ямар ч байсан бид чамайг хайрлана. Бусад хүн ч бидэнтэй адил чамайг байгаагаар чинь хайрлах болно гэдгийг эцэг, эхчүүд үргэлж ойлгуулах хэрэгтэй” гэж сэтгэл судлаач Б.Ганзул зөвлөв. “Миний өөрийгөө үнэлэх үнэлэмж гадаад төрхөөс минь ч чухал. Өөртөө итгэлтэй байдал л биднийг үзэсгэлэнтэй болгодог” гэсэн нэрт дуучин Бобби Брауны хэлсэн үгээр төгсгөе.
М.АМАРЖАРГАЛ: БАГА НАСАНД ХИЙЛГЭСЭН ДАВХРАА АРИЛАХ МАГАДЛАЛТАЙ
Өсвөр насны охид гоо сайхны мэс засал хийлгэх нь нэмэгдсэнтэй холбоотойгоор PDIC эмнэлгийн Гоо сайхан, эрүү нүүрний мэс заслын эмч, анагаах ухааны магистр М.Амаржаргалаас тодруулга авлаа.
-Ээжүүд 10 настай хүүхдэдээ давхраа хийлгэж байна. Ийм насны хүүхэд хагалгаа хийлгэхэд биеийн хөгжил нь тохирох уу?
-10 нас гэдэг бол дэндүү балчир тоо. Хүүхэд өсөх хэрээр толгой нь томорч, нүд, хамар гээд олон зүйл нь өөрчлөгддөг. Энэ үед эргээд давхраагүй болох магадлал их учир ихэвчлэн 15 наснаас дээш хүүхдэд хийдэг. Өсвөр насны охид сүүлийн үед давхраа их хийлгэх болсон. Бага насанд давхраа хийлгэлээ гээд нүдний гажигтай болохгүй. Гэхдээ ерөнхийдөө 16, 17 наснаас дээш хүнд хийвэл илүү тохиромжтой.
-Гоо сайхны мэс заслаар тэргүүлдэг Солонгос улсад энэ төрлийн мэс заслыг хэдэн наснаас эхэлж хийдэг вэ?
-Солонгост бага насны хүүхдийг эцэг, эхийн зөвшөөрлөөр, харин 16 нас хүрсэн бол өөрийнх нь хүслээр гоо сайхны мэс засалд оруулахыг зөвшөөрдөг. Учир нь 16 нас хүрсэн бол болзошгүй үр дагавруудыг хүлээн зөвшөөрч, хариуцлага даах хэмжээнд хүрсэн гэж үздэг. Гэхдээ Солонгост гоо сайхны мэс заслыг их сургуульд орохын өмнө буюу 18 наснаас дээш хүмүүс түлхүү хийлгэдэг.
Энэ үед бие организм нь хөгжиж, хэлбэр төрхөө олсон байдаг. Манай улсад ч гоо сайхны мэс засалд орж байгаа хүмүүсийн дийлэнхийг 18-25 насныхан эзэлдгийг туршлагаасаа ажиглалаа.
-Манайд гоо сайхны мэс заслын хагалгаа хийлгэж байгаа хүмүүсийн нас, хүйсийн тухай нэгдсэн судалгаа байдаг болов уу?
-Одоогоор байхгүй. Харин гоо сайхны мэс засал хийдэг эмнэлгүүд нэмэгдсэн байна. Тиймээс цаашид судалгаа хийх боломжтой.
Г.Сайнзаяа