Шинэ мянган гараад удаагүй байсан үе. Олон улсын тэшүүрийн холбоо Монголд битүү дээвэртэй мөсөн гулгуурын талбай барьж өгөх тохиролцоонд хүрэв. Төслийн өртөг нэг сая орчим ам.доллар бөгөөд үүний хүрээнд 30 мянган хүний суудалтай, олон улсын стандартад нийцсэн өвлийн ордон сүндэрлэх байлаа.
Олимп байтугай Зүүн Азийн наадмыг ч хүлээн авах чадал бидэнд алга
Монгол бол жилийн дөрвөн улиралтай, өвлийн спорт хөгжих гойд боломжтой улс. Гэвч материаллаг баазын хүрэлцээ муугаас болж хөгжил доогуур хэвээр. Тэшүүрчдийн тайлбарлаж буйгаар өвлийн хоёрхон сард амжиж мөсөн дээр бэлтгэл хийх боломжтой байдаг аж. Тэр мөсийг үүрийн дөрөв, таван цагаас эхэлж тавина гээд асуудал их. Гэтэл халуун нараар төөнөсөн Энэтхэг улс жилийн дөрвөн улирлын турш бэлтгэл хийх боломж бүхий битүү дээвэртэй ордонтой. Тиймээс өвлийн улиралтай Монголын тамирчид халуун орны тэшүүрчдэд ялагдаад байсан хэрэг. Монголын тэшүүрийн холбоо энэ бүх бэрхшээлээ учирлан тайлбарлаж, олон улсын холбоо нь харж үзэхээр шийдсэний дүнд ордон барих том төсөл ажил хэрэг болоход ойртсон юм.
Гэвч тэр үеэс хойш арав гаруй жил өнгөрсөн атал ордны шав нь ч тавигдсангүй. Нийслэлийн удирдлагууд гар татан газрын зөвшөөрөл олгоогүйгээс сайхан төсөл салхинд хийссэн түүхтэй. Харамсалтай байгаа биз.
Хэрэв тэр үед газар нь олдоод барилгаа барьчихсан бол өдийд манай тэшүүрчдийн амжилт огт өөр түвшинд хүрсэн байх нь гарцаагүй. Мөн тухайн үед нэг саяар барих байсан ордон одоогийн өртгөөр хэдэд босохыг тооцвол харуусал төрнө.
Монгол Улс Зүүн Азийн наадам, Азийн наадам, бүр цаашлаад олимпийн наадам зохион байгуулах том амбийцтай. Тэр зорилгодоо хүрэх, хүрэхгүй нь тийм ч чухал биш. Хамгийн гол нь том зорилгын далбаан дор том бүтээн байгуулалт өрнөх учиртай. Нэг ёсондоо саалиа бэлдэхээр саваа бэлдэнэ гэсэн үг. Гэтэл өнөөдөр олимп байтугай есхөн орон оролцдог Зүүн Азийн наадам ч хүлээн авах чадал бидэнд алга. Гаднынхан үнэгүй барьж өгье гээд байхад тоохгүй өнгөрөөдөг энэ мэт байдал хэвээр байхад яаж ч өсөж дэвжих билээ.
Ер нь дэлхийн улс орнуудад спортын хот гэсэн ойлголт бий. Спортыг дэмжиж, шаардлагатай бүтээн байгуулалтыг цогцлоож, ямар ч төрлийн тэмцээн уралдаан хүлээж авах чадвартай хотыг ийн нэрлэнэ. Хамгийн ойрхны жишээ гэвэл ОХУ-ын Казань хот байна. Оросууд энэ хотыг бодлогоор дэмжиж, спортын гэх тодотголтой болгосон нь өдгөө үр өгөөжөө өгсөөр байгаа. Одоогоос гурван жилийн өмнө тэнд дэлхийн оюутны Универсиад наадам зохиогдсон.
200 шахам орны 10 мянга гаруй тамирчин оролцдог том арга хэмжээ шүү дээ. Харин ноднин усан спортын ДАШТ явагдсан бол энэ жил жүдо бөх болон бадминтоны Европын АШТ зохиогдоод байна. Ойрын ирээдүйд олимп хүлээн авах зорилготой. Тэр ч байтугай ОХУ-ын Спортын сайд В.Мутко өнгөрсөн жил хэрэв Рио хот олимп зохион байгуулж чадахгүйд хүрвэл Казань энэ үүргийг хүлээхэд бэлэн хэмээн мэдэгдэж байв.
Казанийн нэгэн адил Улаанбаатарыг спортын хот болгох хүсэл сонирхол үе үеийн төрийн удирдлагуудад байсан. Харин ажил хэрэг болсон нь хуруу дарам цөөн. Өдгөө нийслэлд хамгийн их тулгамдаж байгаа спортын бүтээн байгуулалт бол мөсөн гулгуурын битүү дээвэртэй ордон, 50 метрийн бассейн, хөнгөний тартан зам. Гэхдээ хөрөнгө мөнгө нь шийдэгдэж, ажил нь эхэлсэн төсөл хараахан алга.
Өмнөх засгийн үед эдгээр асуудлыг шийдэх талаар яриа хөөрөө өрнөж байсан нь үнэн. Харамсалтай нь хөрөнгө мөнгө олдохгүй гэдэг улиг болсон өнөөх шалтгааны улмаас хойшлуулсаар ирсэн юм. Харин шинэ засаг мөрийн хөтөлбөртөө 50 метрийн бассейн болоод битүү дээвэртэй өвлийн ордон барих талаар тусгасан нь спортынхонд бага ч гэсэн итгэл төрүүлж байв. Тэд амласнаа ажил болгон хэрэгжүүлж чадах уу, хэрэв хийхээр бол хэдий хугацаанд амжуулах вэ.
Албаны хүмүүсийн хэлж буйгаар шинэ Засгийн газар ямартай ч асуудалд анхаарлаа хандуулж, ажил хэрэг болгох арга замыг эрэлхийлээд эхэлжээ. БСШУСЯ-ны зүгээс 400 метрийн тойрог замтай, голдоо хоккейн хоёр талбайтай битүү дээвэртэй ордон барих зураг төслөө боловсруулж, Засгийн газарт танилцуулахад асуудалд нааштай хандаж, үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгасан байна. Хэрэв ордон баригдвал тэшүүр, хоккейноос гадна шорт-трек, уран гулгалт, кёрлинг гээд мөсөн дээр бэлтгэлээ хийдэг бүх л спортын төрөл хамрагдах боломжтой юм.
Энэ зэргийн бүтээн байгуулалт мэдээж багагүй төсөв хөрөнгө шаардана. Улс орон хямралын байдалтай байгаа болохоор төсвөөс санхүүжүүлнэ гэдэг бүтэшгүй. Тиймээс концессийн гэрээгээр барих асуудал яригдаж байгаа юм. Бид үргэлж хямраад байхгүй, удахгүй санхүүгийн байдал сайжирна гэж үзсэний үндсэн дээр ийн зориглосон хэрэг. Энд өвлийн спортын шигшээгийнхэн бэлтгэл хийхээс гадна хүүхэд залууст чиглэсэн үйл ажиллагаа явуулж, урсгал зардлаа нөхөх тооцоо гаргасан байна. Мөн Азийн болон олон улсын тэмцээн хүлээж авах нөхцөл бүрдэх юм. Сайхан сонсогдож байгаа биз. Гэхдээ үнэхээр барьж байгуулсных нь дараа л алга ташиж, баяр хүргэе. Манайхан ганц байшин босгох гэж өчнөөн он дамнуулдаг улс. Яармагийн төрөх эмнэлэг үүний ганцхан жишээ.
Өдгөө манай тамирчдын бэлтгэл хийдэг, тэмцээн зохиодог гол газар нь Спортын төв ордон болоод удаж буй. Гэвч энэ нь 60 гаруй жилийн настай, мэргэжлийн хяналтынхан дахин ашиглах боломжгүй гэсэн акт гаргасан барилга. Спортын төв ордныг нурааж, суурин дээр нь орчин үеийн стандартад нийцсэн шинэ ордон барих талаар олон жил ярилаа. Ойрын ирээдүйд спортын шинэ ордонтой болох уу гэсэн хүлээлт олны дунд их бий. Энэ талаар БСШУСЯ-ны Спортын бодлогын газрын мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнэ ийн ярив.
“Спортын төв ордонд үндэсний шигшээ баг байрлаж, өдөрт 10 мянган хүүхэд, залуус орж, гардаг газар болжээ. Байгууллагын, салбарын, олон улсын чанартай уралдаан тэмцээний ихэнх нь энд зохиогддог. Ашиглалтын явцад их элэгдэж муудсан учир шинэчлэх шаардлага бий. Яамны зүгээс бүх спортын төрлийн бэлтгэлийн заал, тэмцээн зохиогдох хоёр заал, 50 метрийн бассейн, оффис, зочид буудал байхаар төлөвлөж, зураг төслөө боловсруулж бэлэн болгоод байна. 2017 онд барилгын ажил эхэлж, 2018 онд дуусвал олимпийн мөчлөгтэй яг таарна. Гэхдээ ямар эх үүсвэрээр, яаж барих асуудал төр засгийн түвшинд яригдах байх” хэмээн тэр хэлсэн юм.
Ямартай ч, спортын том бүтээн байгуулалтууд дээд түвшинд яригдаж эхэлсэн нь сайшаалтай. Гэхдээ том ажлыг концессоор хийхэд багагүй хүндрэл учрах болсныг мартаж болохгүй. Гүйцэтгэлийн явцад зардал анх төлөвлөснөөсөө нэмэгдэж, үүнийг хэн төлөх нь тодорхойгүй үлддэг. Мөн барьж дууссаны дараа компаниуд улсаас зарцуулсан мөнгөө эргүүлэн авах гэж зөндөө чирэгдэлтэй учирсан түүх ч бий. Тиймээс спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах том ажилд нухацтай хандаж, ач холбогдол өгөөсэй билээ.
Дөрвөн жилийн дараа байрнаасаа ахисан зүйлгүй, зовлон тоочоод сууж байвал тэдэнд хэн итгэх бол
Нөгөөтэйгүүр барилгын ажил гүйцэтгэх компанийг сонгохдоо бодолтой байхыг урьд өмнөх түүх бидэнд сануулж байна. Хамгийн ойрын жишээ нь тартан замын барилгын ажил. Манай хөнгөнийхөн зориулалтын тартан замгүйн улмаас амжилт нь төдийлэн дээшилдэггүй. Тиймээс Монголын хөнгөн атлетикийн холбооноос хүсэлт тавьсны дагуу ОУОХ-ноос тусгай зам байгуулах төсөл хэрэгжүүлж буй. Налайхад баригдаж буй энэ замын ажил удаашраад буйн шалтгаан нь гүйцэтгэгчтэй холбоотой байв. Захиалагчид аль хэдийнэ гурав дахь компанитайгаа холбогдоод байгаа аж.
Өмнөх хоёр нь стандартын дагуу барьж чадаагүй гэнэ. Дотоодын компаниуд нарийн технологи бүхий барилга барихад бэлэн биш гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Тиймээс шаардлагатай тохиолдолд заавал үндэсний үйлдвэр гэж зүтгэлгүй, гаднын сайн компаниар барилгаа бариулахад буруудахгүй. Ядаж л цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэнэ шүү дээ.
Эцэст нь дахин хэлэхэд шинэ засаг спортын бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх талаар багагүй ажил хийхээр төлөвлөсөн нь олон хүнд таалагдаж буй. Хэрэв төлөвлөснөө хэрэгжүүлбэл спортын салбарт хийж буй нүдээ олсон маш том хөрөнгө оруулалт болно. Хөрөнгө мөнгө дутагдалтай нь ойлгомжтой ч, шийдэх боломжгүй асуудал биш. Товчхондоо бол олимп зохион байгуулах том амбийцтай харьцуулахад энэ нь жижигхэн бэрхшээл л гэсэн үг. Харин дөрвөн жилийн дараа байрнаасаа ахисан зүйлгүй, зовлон тоочоод сууж байвал тэдэнд хэн итгэх бол.
Г.Баярсайхан