Бахим чийрэг эрийг олны өмнө загнаж, бүр тоншоод авсныгаа хөршийн эмээ халаглан ярилаа. Тэгээд “бүр тэссэнгүй” хэмээн учирлав. Эмээгийнх манай хамар хашаа. 70 шахам насыг зооглож буй энэ буурал 25 настай хүүгийн хамт айлын хашаа сахин, энд амьдран суудаг.
Залуу эр эрхэлсэн ажилгүй. Санхүүгийн чиглэлээр их сургууль төгссөн ч мэргэжлээрээ ажиллаагүй, ажиллах ч хүсэлгүй. Бас шавар зуурч, ачаа зөөлгүй мөнгө олоод амьдрах санаатай. Тиймээс боломжийн ажлаа хайсаар хэдэн жилийг гэр зуур элээсэн. Энэ завсар хэд хэдэн удаа хилийн чанадыг зорихоор оролдсон ч бүтэлгүйтжээ. Санхүүгийн эх үүсвэргүй эр ээжийнхээ гавьяаны мөнгөөр амь зууна.
Дэлхийн залуусын ажилгүйдлийн түвшин сүүлийн 20 жилийн дээд цэгт тулжээ
Хэдэн сарын өмнө ээж нь тэтгэврийн зээл авч, бас ах, дүүс нь мөнгө нэмэрлэж, түүнийг хөл дүүжлэх унаатай болгосон. Машинтай болсон залуу эхэндээ өдөр, шөнөгүй жолоо мушгиж, хүн зөөв. Ээждээ ч талх, сүүний мөнгө илүүчлэхээ мартсангүй. Гэвч удалгүй хүүгийн зан хувирч, мөнгө илүүчлэхээ ч болив. Завгүй хэмээн гэртээ ирэх нь ч багасчээ.
Нэг өдөр эмээ гэрийнхээ ойролцоох худалдааны төвөөс хүнсээ базаагаад харьж явтал замд байрлах PC тоглоомын төвөөс хүү нь гараад иржээ. Завгүй, зорчих хүн алга хэмээсээр ирдэг эр чухамдаа энд цагийг өнгөрөөдөг байж. Мөнгө олохгүй байгаагийн шалтгаан нь ч энэ. Гомдсон эх эрийн цээнд хүрч, эхнэр авах дөхсөн залууг олон хүний өмнө тэсэлгүй цохиод авсан нь тэр.
Яг ийм ажилгүй, зорилгогүй, санхүүгийн эх үүсвэргүй залуу хүн таны эргэн тойронд хэр олон байна вэ? Монгол Улсын хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг залуус, идэр настнуудын хэдэн хувь нь энэ залуу шиг өдөр хоногийг өнгөрөөж байна вэ?
Эхлээд тоон үзүүлэлтийг сонирхоё. Энэ оны эхний хагасын байдлаар манай улсын эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо 1.2 саяд хүрчээ. Энэ бол хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудыг хасаж тооцсон хөдөлмөрийн насны иргэдийн тоо. Гэхдээ эдийн засгийн идэвхтэй хүн болгон хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй оролцогч болдоггүй. Эдгээр иргэний 89.6 хувь нь ажилтай. Үлдсэн 10.4 хувь буюу 131.9 мянган иргэн ажилгүйчүүдийн эгнээг бүрдүүлж буйг Үндэсний статистикийн хорооны хоёрдугаар улирлын ажиллах хүчний судалгаанд дурджээ.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын ажилгүйдлийн түвшин 10.4 хувьтай байна. Энэ хувийг бүрдүүлж буй ажилгүй иргэдийн мэдээлэлд анализ хийе. Насны бүлгээр авч үзвэл ажилгүйчүүдийн талаас илүүг 15-34 насныхан бүрдүүлжээ. Идэрчүүд ажилгүйдэлд гол жин дарж байгааг албаны мэдээллээс харж болно.
Дахин нэг статистик. Идэрчүүдийг насны бүтцээр нь ангилбал 15-24 насны залуусын дийлэнх нь дунд болон их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол эзэмшиж байгаа. Харин 25-34 насныхан нь хөдөлмөрийн зах зээлийн гол тоглогч болох учиртай. Энэ насны залуусын мөн л талаас илүү нь тогтвортой ажлын байр хайсаар байна. Мөн 40 гаруй хувь нь сургуулийн ширээнээс ажлын байранд шилжиж амжаагүй байгааг Монгол Улсын хүний хөгжлийн тайланд тэмдэглэжээ. Ажилгүй монгол залуучуудыг илтгэх тоон үзүүлэлт үүгээр дуусахгүй.
Тэгвэл идэрчүүд гэж хэн бэ. Бүр тодруулбал, 15-35 настнууд гэж хэнийг хэлэх вэ? Нийтлэлийн эхэнд өгүүлсэн бахим чийрэг эрийн үеийнхэн. Бие эрүүл, ухаан саруул, ид хийж бүтээх насандаа яваа залуус. Цаашилбал, Монголыг сэвхийтэл үүрээд, чирээд явах хүч. Гэтэл эх орны хөгжлийн түүчээ өнөөдөр ажилгүйчүүдийн армийг хошуучилж байна.
Ийн “манлайлж” явах завсар залуусын мэдлэг, ур чадвар “зэврэх” аюултайг АНУ-ын Хөдөлмөрийн эдийн засгийн “Journal of Labor Research” сэтгүүлийн зөвлөлийн гишүүн, эдийн засагч, “Ажил” номын зохиолч Д.Лхагвасүрэн өгүүлжээ. Өөрт тохирох ажлаа хайж буй залуучуудын 63 хувь нь нэг жил, 40 гаруй хувь нь гурван жил ажлын байр хайдаг байна. Ийм урт хугацаанд ажилгүй, эдийн засгийн баталгаагүй байгаа, монгол залуус.
Ингэснээр эзэмшсэн мэдлэг, ур чадвараа алдахаас гадна санхүүгийн хувьд доройтох, эрүүл мэнд болон бусад эрсдэлд илүү өртөх, ажил хайх урам зориг нь мохох зэрэг таагүй үр дагаварт хүрч болзошгүй байдгийг Монгол Улсын хүний хөгжлийн 2016 оны тайланд дурджээ.
“Монгол бол залуусын орон”. Ийм үгийг уншигч та олонтаа сонссон байх. Энэ нь ч үнэн. Гэвч сайрхал бус, санаа зовох, бүр хатуугаар хэлбэл эмгэнэл болон хувирч байгааг бид харж байна.
Та анзаарсан биз. Таскинд явах залуусын тоо нэмэгдэж, гудалж метрлэж, лааз өшиглөх залуус олширсныг. Үгүй дээ л хөршийн залуу, хамаатны дүү ажилгүй тууж явна. Энэ үзэгдэл эдийн засгийн өсөлт саарсан 2014 оноос улам гаарсан. Залуусын ажилгүйдэл тэлсэн эхний шалтгаан нь макро эдийн засгийн хүндрэл гэдгийг судлаачид хэлдэг.
Ердөө түүхий эдийн үнэ унаж, уул уурхайн салбар хумигдахад 10 мянган хүн ажилгүй болсон гэх мэдээлэл бий. Үүнээс гадна, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр алдагдсан, энэ захад зөрүү үүссэн, дипломтой ажилгүйчүүд тэлсэн зэргээр тайлбарладаг. Бас цалин бага, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт бага, мэргэжлийн ур чадвар, дадлага туршлага дутмаг, ажлын байрны талаарх мэдээлэл хомс зэрэг нь ажилгүйдлийн бас нэг шалтгаан.
Монгол Улсын залуусын ажилгүйдлийн түвшин 2014 оны байдлаар 9.3 хувь байгааг Дэлхийн банкнаас тооцжээ. Энэ түвшинг тооцохдоо 15-24 насны залуусыг хамруулсан. Харин үүнээс хойших үзүүлэлт одоогоор тодорхойгүй хэвээр.
Ажилгүй залуус зөвхөн Монгол бус, манай гарагийн сорилт болсоор байна. Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллага энэ асуудлыг дэлхийн эдийн засгийн гол сорилтуудын нэгээр нэрлэж байгаа. Учир нь 2016 онд залуусын ажилгүйдлийн түвшин сүүлийн 20 жилийн дээд цэгт тулсан. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тооцоогоор энэ үзүүлэлт 2010 онд эрчтэй өсөж, 13 хувийг давжээ. Тэр дундаа, хөгшин тивийн хөндүүр сэдэв нь ажилгүй залуус болсон. Европын орнууд гудамж метрлэж буй залуусын тоогоороо тэргүүлж байна. Энэ бүсийн залуусын ажилгүйдлийн түвшин 21 хувьтай. Тиймээс ажилгүйдлийг хумихаар тэмцэж эхлээд байна.
БНСУ залуусын ажилгүйдлийн эсрэг тусгай хөтөлбөр санаачилсан
Барууны орнуудаас хамгийн үр дүнтэй Германы тэмцлийг сонирхоё. Тус улс боловсролыг тасралтгүй үргэлжлэх үйл явц гэж үздэг. Хөдөлмөр эрхлэлтийн салшгүй нэг хэсэг нь боловсрол. Тус улсын Засгийн газар зөвхөн залуус бус, бүх насны иргэдийнхээ дунд анхан болон давтан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
Тодруулбал, ахлах сургуулийн сурагчдад техникийн боловсрол, зэрэг олгодог. Ингэснээр ахлах сургуулиа төгссөн залуус ажлын байранд бэлэн. Мөн ажиллангаа дээд боловсрол эзэмших боломж бий. Энэ мэт тууштай тэмцлийнхээ үр дүнд тус улс хоёр жилийн өмнө найман хувьд хүрч байсан залуусын ажилгүйдлийн түвшнээ хумьж, долоон хувьд хүргээд байна, энэ онд. Манайхаас ажиллах хүч татдаг БНСУ хүртэл залуусын ажилгүйдлийн эсрэг тусгай хөтөлбөр санаачилсан. Дэлхий залуусын ажилгүйдэлтэй ингэж тэмцэж байна. Харин бид.
Манайд ажилгүй залууст зориулсан тусгай тогтвортой хөтөлбөр, цаашлаад тууштай бодлого ч алга. Хөдөлмөрийн тухай бодлого хэрэгжүүлэгчид хаалгаа барьж, халамжтай нэгдсэнээр ажил эрхлэлтийг халамжаар халхалсан бүтэц, бодлоготой золголоо, бид. Уг нь АНУ зэрэг тэргүүлэх орнууд ажилгүйдлийг бодлогын тулах цэг болгодог. Гэтэл ажилгүйдлийн талаар ам нээж буй төрийн түшээд, бодлого тодорхойлогчид цөөн. Хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн хүч чимээгүйхэн замхарсаар.
Г.Байгал