СОНГУУЛЬ 2016: Иргэдийн хурлын төлөөлөгчид ямар эрх, үүрэгтэй вэ?

Сэтгүүлч Б.Эрдэнэчимэг

2016-10-19 16:30 GMT+8

Энэ удаагийн сонгуулиар бид сум, дүүргийн ИТХ-д ажиллах 7,282 төлөөлөгчийг сонгох юм. Эдгээр мандатын төлөө 15,212 нэр дэвшигч бүртгүүлэн, дүүрэг тус бүрийнхээ сонгуулийн хорооноос үнэмлэхээ гардлаа. Тэдний 723 нь бие даан нэр дэвшигчид. Нэг тойрогт ойролцоогоор хоёр нэр дэвшигч оногдож буйгаас үзэхэд энэ сонгуулиар өрсөлдөөн харьцангуй бага байх бололтой.

Өмнөх, орон нутгийн сонгуулиудын ирц дунджаар 50 орчим хувьтай байв. Харин УИХ-ын долоон удаагийн сонгуулийн түүхэнд хамгийн бага ирц 67 хувьтай байсан.

Бямба гарагт сонгуулийн сурталчилгаа эхэлж, нэр дэвшигчид танилцуулгаа тараан, зурагт самбаруудаа байрлуулж эхэллээ. Олон нийтийн цахим сүлжээгээр энэ удаагийн сонгуульд залуу нэр дэвшигчид зонхилж байгааг илүүтэй онцлон, шүүмжилж байна.    

Өмнөх, орон нутгийн сонгуулиудын ирц дунджаар 50 орчим хувьтай байв. Харин УИХ-ын долоон удаагийн сонгуулийн түүхэнд хамгийн бага ирц 67 хувьтай байсан. Ирц яагаад ийм бага байна вэ? 

Бид иргэдийн төлөөлөгчдийн хурал болон түүний төлөөлөгч ямар эрх, үүрэгтэйг төдийлөн сайн мэддэггүй тул орон нутгийн сонгуульд онцгой ач холбогдол өгөлгүй байсаар ирсэн. 

Нэр дэвшигчид өнгөрсөн мягмар гарагт сум, дүүргийн сонгуулийн хорооноос үнэмлэхээ гардсан.

ТЭГВЭЛ ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЯМАР ЭРХ, ҮҮРЭГТЭЙ ВЭ?

Монгол Улсын Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэгт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын талаар дэлгэрэнгүй заажээ. “Эцэг хууль”-д ИТХ-ыг нутгийн өөрөө удирдах байгууллага гэж томьёолдог. Энэ хурлыг бүрдүүлэх төлөөлөгчдийг бид сонгох гэж байна. 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ гэж Үндсэн хуульд заасан. Энэ нь ИТХ сум, дүүргийн Засаг дарга нартай хамтран ажиллана гэсэн үг юм. 

Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид юм.

Аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн Төлөөлөгчдийн Хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгодог. Тэгэхээр бидний сонгох төлөөлөгчид 2020 он хүртэл ажиллах нь. Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлнэ. 

  • Аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд
  • Сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга 
  • Баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилдог. 

Гэхдээ Засаг дарга заавал аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлын төлөөлөгч байх албагүй. Засаг дарга тухайн ИТХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Тэрээр аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлын шийдвэрт хориг тавих эрхтэй.

Тавьсан хоригийг нь Хурал өөрийн төлөөлөгчдийн олонхийн саналаар няцаасан нөхцөлд Засаг дарга уул шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж үзвэл огцрох хүсэлтээ зохих Хурал, Ерөнхий сайд буюу харьяалах дээд шатны Засаг даргад гаргаж болдог.

ИТХ ЯМАР АСУУДАЛ ХЭЛЭЛЦДЭГ ВЭ?

Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх эрхтэй. Мөн улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулах үүрэг хүлээдэг.

Эдийн засаг, нийгмийн амьдралын асуудал гэдэг нь маш өргөн ойлголт. Газрын маргаан үүний нэг жишээ. Иргэд хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам гэх мэт нийтийн эзэмшлийн талбай дээр нь аль нэг барилгын компани хашаа хатгавал хамгийн түрүүнд Засаг дарга болон ИТХ-даа ханддаг. Өнөөдрийг хүртэлх хугацаанд идэвх санаачилгатай ажилласан олон хорооны ИТХ газраа авч үлдээд, дээр нь цэцэрлэгт хүрээлэн, усан сан бариулсан бодит жишээ олон. Мөн ИТХ тухайн сум, дүүрэгт нь шаардлагатай төсвийг нийслэлийн төсөвт суулгах гэх мэтээр дээд шатны байгууллагадаа уламжлан ажилладаг. Ингэхдээ дараах эрхийг эдэлнэ. 

  • Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх;
  • Тухайн Хурлын хороо, түр хороо байгуулах, түр хороог татан буулгах, хорооны дарга, бүрэлдэхүүнийг сонгох, өөрчлөх, ажлынх нь тайланг хэлэлцэх;
  • Засаг даргыг томилуулах, чөлөөлөх, огцруулах санал гаргаж, аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах;
  • Сум, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;
  • Тухайн Хурлын төлөөлөгчөөс Засаг даргад тавьсан асуулгын хариуг хэлэлцэж, шаардлагатай бол зохих шийдвэр гаргах;
  • Тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол хүчингүй болгох;
  • Тухайн Хурлын шийдвэрийг биелүүлэх ажлыг Засаг дарга хэрхэн зохион байгуулж байгааг шалгах, үнэлгээ өгөх;
  • Хурлын төсвийг батлах зэрэг юм.

Өмнөх парламентаар Монгол Улсын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг баталсан. Намууд сонгуульд мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөн, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг. Тэгвэл манай улсын засаг захиргааны хамгийн бага нэгж болох сум, дүүрэг, баг, хороо ч дунд хугацааны хөгжлийн бодлоготой байх ёстой. Энэ баримт бичгийг ИТХ батлах, нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй. Ингэхдээ бүсчилсэн хөгжлийн бодлого, аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилттой нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжил, хэтийн төлөвийг уялдуулах учиртай аж.

ИТХ-аар хэлэлцдэг дараагийн асуудал нь сум, дүүргийн төсөв. Тэд төсөв батлахын сацуу нэмэлт өөрчлөлт оруулах, гүйцэтгэлд нь хяналт тавин ажилладаг. Мөн тухайн орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үзүүлж буй үйлчилгээний үнэ тариф үндэслэлтэй эсэхийг хянах, журам тогтоох, хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох зэрэг ажлыг гүйцэтгэдэг. 

Үүгээр зогсохгүй бүс нутгийн болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжтэй хамтран ажиллах тухай гэрээ, хөтөлбөр, бусад баримт бичгийг батлах, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах, нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй. 

Дээрх жагсаалтаас харахад сум, дүүргийн ИТХ маш өргөн хүрээний эрх мэдэлтэй. Байгаль орчны бохирдолтой холбоотой ямар нэг асуудал гарахад иргэд болон сэтгүүлчид хамгийн түрүүүнд салбарын яам руу гүйдэг. Тэгвэл ИТХ журам гарган, байгаль орчныг бохирдуулж буй ААН, иргэний үйл ажиллагааг тодорхой хэмжээнд хязгаарлах эрхтэй.       

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд ч мөн ИТХ-ын талаар дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Энэ хуульд зааснаар сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид дараах шаардлагыг хангасан байх ёстой.

  • Аймаг, нийслэл, сумын Хурлын төлөөлөгч нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугч байна.
  • Дүүргийн Хурлын төлөөлөгч тухайн дүүрэгт байнга оршин суугч, эсхүл уг дүүргийн нутаг дэвсгэр дэх байгууллага, аж ахуйн нэгжид ажил, хөдөлмөр эрхлэгч байна. 

СОНГОГЧ ТА эдгээр шаардлагыг танай тойрогт өрсөлдөж буй нэр дэвшигч хангасан эсэхийг шалгаарай.   

Нийслэлийн Хурлын төлөөлөгчдийн тоо 45. Эдгээр төлөөлөгчдийг бид УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр сонгочихсон. Харин удахгүй сум, дүүргийн хурлын төлөөлөгчийг сонгох гэж байна. Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн тоо харилцан адилгүй байдаг. Тухайн нэгжийн хүн амын тооноос шууд шалтгаална. Танай сум, дүүрэгт хэчнээн төлөөлөгч ажиллахыг дараах жагсаалтаас хараарай. 

  • Сумын хүн амын тоо нь 2000 хүртэл бол 15;
  • 2000-5000 хүртэл бол 21
  • 5000-9000 хүртэл бол 27
  • 9000 ба түүнээс дээш бол 31
  • Дүүргийн хүн амын тоо нь 20000 хүртэл бол 17
  •  20000-80000 хүртэл бол 25
  •  80000-180000 хүртэл бол 35
  •  180000 ба түүнээс дээш бол 41.

Сонгуулийн сурталчилгааны үеэр өдөр бүр үүд тогших нь холгүй байдаг нэр дэвшигчид ялалт байгуулсан бол тэгсгээд таг болдог нийтлэг жишиг бий. Иргэдийн хурлын төлөөлөгчид сонгогчидтой тогтмол холбоотой ажиллаж, иргэдийн өргөдөл, санал, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжилж, хариуг хуульд заасан хугацаанд авах үүрэгтэй.

Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал төсөвтэй. Төсвийг Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн Хурлын нарийн бичгийн дарга захиран зарцуулдаг байна.

Дээр дурсанчлан иргэдийн төлөөлөгч нь сайн дурын, сонгууль ажил тул төсвөөс цалин олгодоггүй. Гэхдээ Төлөөлөгчдийн хурлын ажилд оролцсон байдлыг харгалзан тэргүүлэгчид урамшуулал олгож болно. Урамшууллын хэмжээ, олгох журмыг нь аймаг, нийслэлийн Хурал баталж, шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгах ёстой.

Инфографикийг О.Сүхбат

GoGo Facebook Хуудас
 
 
МАН-ын даргад эдгээр хүмүүсийн хэнийг нь та дэмжих вэ?
Нийт 2635 санал өгсөн байна.

Дээшээ