Д.Байдраг: ИХТ улс төрийн намын биш, иргэдийн төлөөлөл байх учиртай

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Б.Эрдэнэчимэг

2016-10-15 11:43 GMT+8

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг дарга асан Д.Байдраг тус дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшин, өрсөлдөж байна. Тэрээр 2008 онд Хан-Уул дүүргийн 3, 11 дүгээр хорооноос ИТХ-ын төлөөлөгчөөр, 2012 онд нийслэлийн ИТХ-д нэр дэвшин, сонгогдож байжээ. Иргэдийн төлөөлөгчдийн хуралд  АН-аас гурав дахь удаа нэр дэвшжээ.

-ИТХ-ын гол үүрэг юу вэ. Яагаад хамгийн түрүүнд ингэж асууж байна гэхээр Иргэдийн хурлын төлөөлөгчид явган хүний зам тавихаас өөр юу шийддэг юм бэ гэж зарим хүн боддог. 

-Монгол Улс нэгдмэл улс. Гэхдээ засаг захиргааны нэгжүүдэд хуваагддаг. Иргэд оршин сууж буй нутгийнхаа удирдлагын байгууллагыг шууд сонгох эрхтэй. ИТХ-ын сонгуульд оролцон, саналаа өгөх нь орон нутгаа бие даан удирдаж байгаа хэлбэр юм. Дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид дүүргийн Засаг даргаа сонгодог. Харин баг, хорооны Засаг даргыг баг, хорооны иргэдийн нийтийн хурлаас нэр дэвшүүлэн, олонхийн саналаар сонгоно. Хорооны засаг даргыг дүүргийн засаг дарга, багийн засаг даргыг сумын засаг дарга батламжилдаг.       

Иргэдийн хурлын төлөөлөгч бол сонгуульт ажил. Цалин авахгүй, нийгмийн даатгалгүй. Ажлын өрөөгүй, тусгай хангамж байдаггүй.

ИТХ тухайн сум болон хорооны төсвийг батлан, орлого төвлөрүүлэх, зардал  хуваарилах эрхтэй. Газрын харилцааг бүрэн эрхийнхээ хүрээнд шийддэг. Гаргадаг шийдвэр нь иргэдэд их ойр. УИХ Монгол Улсын хэмжээнд, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг баталдаг бол ИТХ тухайн орон нутгийн иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалсан үйл ажиллагаа явуулна. Мөн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд буюу Засаг даргад хуулийн хүрээнд хяналт тавьдаг. Иргэдийн хурлын төлөөлөгч бол сонгуульт ажил. Цалин авахгүй, нийгмийн даатгалгүй. Ажлын өрөөгүй, тусгай хангамж байдаггүй.

Жишээ нь шороон замыг явган хүний хавтангаар солихыг УИХ-ын гишүүн хариуцахгүй. Улсын төсөв дээр ч хорооны явган хүний замын зардлыг батлахгүй. Харин иргэдийн хурлын төлөөлөгч хаана гэмт хэрэг гарч байна, тэнд камер байрлуулах, зун борооны ус тогтдог газарт нь зам тавиулах хөрөнгийг шийдүүлдэг, хөөцөлддөг.  Өөр хороонд зам авих мөнгийг өөрийн хороондоо шийдүүлсэн бол сайн төлөөлөгч байна. Төсөв хэмжээтэй шүү дээ.   

-Би иргэдийн нийтийн хурал болно гэсэн зар огт харж байгаагүй.

-Ирц маш бага байдаг.  Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 21 мянган хүнтэй. Хорооны нийтийн хуралд ихдээ л 200 оршин суугч ирдэг. Иргэдийн нийтийн хурлын эрх үүргийг сайн ойлгодоггүй тул иргэд зорьж очихгүй байна.

Гэхдээ сүүлийн хоёр жилд ирц нэмэгдэх хандлагатай байна. Энэ хурлаар Орон нутгийн сангийн хөрөнгийг хэрхэн хуваарилах талаар хэлэлцдэг болсон. Өмнө нь зөвхөн засаг дарга сонгодог байсан бол одоо ямар төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх талаар иргэдээс шууд санал авдаг болсон юм. Иймд аль болох олуулаа очно тэр хотхон, хорооллын иргэд  орчноо тохижуулах хөрөнгийг батлуулах давуу талтай. Нийтийн хурлын зарыг засаг дарга тараах үүрэгтэй.   

-Иргэд хурлын төлөөлөгчдөө хандъя, өргөдөл, гомдол өгье гэвэл яах ёстой вэ?

-Тухайн хорооныхоо Засаг даргаас иргэдийн хурлын төлөөлөгчидтэй холбоо барих хаяг, утсыг авч болно. Зарим төлөөлөгч хувиасаа зардал гарган, хороондоо бие төлөөлөгчийн газар нээн, хүн цалинжуулан ажиллуулдаг.    

-Орон нутгийн өмчийг иргэдийн өмнөөс захиран зарцуулах эрх сум, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид бий юу?

-Монгол Улс нэг төсөвтэй. Өмчийг төрийн болон орон нутгийн гэж ангилдаг. Төрийн өмчийг хуучнаар Төрийн өмчийн хороо, одоогийнхоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хариуцна. Орон нутгийн өмчийг аймаг, нийслэлийн Иргэдийн хурал захиран зарцуулах, хувьчлах, эдийн засгийн эргэлтэд оруулах эрхтэй. Өмчлөгч, хамгаалагч нь байна гэсэн үг юм.

Жишээ нь Хан-Уул дүүргийн Тамгын газрын байр нийслэлийн өмч. Ашиглалт, хамгаалалтыг нь Хан-Уулын Тамгын газар хариуцдаг. Сум, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд өмчлөлийн эрх байхгүй. Гэхдээ орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулж болно. Дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч дүүргийн Засаг даргыг сонгоно, дүүргийн төсвийг батална, засаг даргын мөрийн хөтөлбөрийг батална, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батална гээд олон эрх үүрэг байгаа биз.             

Шинэ төлөөлөгчид хамгийн түрүүнд ирэх дөрвөн жилд ажиллах дүүргийн Засаг дарга нарыг сонгон, дээд шатны Засаг даргаар батлуулна.

-Сонгууль дөрөв хоногийн дараа болно. Сонгогчид ямар хүнийг иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгох нь зөв бэ?

-Нийгмийн маш их идэвхтэй хүн л энэ ажлыг хийнэ. Ийм хүмүүс л эргэх холбоотой ажиллана. Иргэдийн хурлын төлөөлөгч улс төрийн намын биш, иргэдийн төлөөлөл байх учиртай. Мөн аль нэг компанийн төлөөллийг сонговол ашиг сонирхлын зөрчил үүсэж болно. Ажил олгогч компани нь иргэдийн эрх ашгийг зөрчвөл тэр төлөөлөлөгч хэний талд орох вэ гэдэг хүнд сорилттой тулгарна. Аль нэг компаниас санхүүжилт авсан нэр дэвшигч тухайн компаниас хамааралтай болох эрсдэлтэй байдаг. Иймд санхүүжилтээ иргэдийн хандиваас бүрдүүлэх нь чухал. Би хувьдаа аль болох олон хүнээс, бага хандив авах талаар бодож байна.  

Мэдлэг боловсролтой хүмүүс нэр дэвшин ИХТ-ын сонгуульд өрсөлддөг. Гэхдээ нийтийн эрх ашгийг дээдэлдэг, цаг зав, хөрөнгө мөнгөө ч үүний төлөө зарцуулах чадалтай, бусдын эрх ашгийг өөрийн эрх ашиг мэтээр дээдэлж чаддаг байх учиртай. Ингэхдээ тухайн орон нутагт амьдрах нь давуу тал биш. Баян-Өлгийн иргэн нийслэлд дэвшээгүй шүү дээ. Бүх насаараа амьдарсан байлаа ч давуу тал биш. Гол нь асуудлыг шийдвэрлэхийн төлөө явдаг, арга замаа мэддэг, хичээл зүтгэлтэй байх нь чухал.     

-Жишээ нь яаж энэ зөрчил илэрч болох вэ?

-Таны амьдардаг орц, гудамжны болон амьдрах орчинд иргэдийн төлөөлөгчид санаа тавин, иргэдийн өдөр тутмын амьдралд хутгалдаж байдаг. Үүнд УИХ-ын гишүүд анхаарах, улсын төсөвт суулгах гэх мэт үүрэг хүлээдэггүй. Мөн дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчөөрөө дамжуулан УИХ, нийслэлд саналаа уламжилбал бодит шийдвэр болж гардаг. Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн чиг үүрэг ялгаатай. Ч.Улаан Сангийн сайдаар ажиллах үед улсын нэгдсэн нэг төсөвтэй, сумын сургуулийн цонхыг шиллэх мөнгийг ч дээрээс шийддэг байв. Тэр үе өнгөрсөн. Сум хөгжүүлэх сангуудыг байгуулан, ИТХ захиран зарцуулж байна.          

-Засаг захиргааны хамгийн бага нэгжийг удирдах хүмүүс улс төрийн намаар дамжин орон нутгийн сонгуульд өрсөлдөх нь зөв үү?

-Манай улсын засаглал олон намын систем дээр суурилсан. Ер нь цаашдаа сум, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчийг иргэнийх нь хувиар сонгодог болох ёстой. Үүнийг эрдэмтэд ч дэмждэг. УИХ, нийслэл, аймгийн түвшинд намын гишүүн өрсөлдөж болно. Сүм, дүүргийн төлөөлөгчид иргэдийн дуу хоолой болж ажиллах учиртай. Эс бөгөөс чи манай намын мандатаар нэр дэвшин, сонгогдсон атлаа яагаад манай бодлого, мөрийн хөтөлбөрийн дагуу ажиллахгүй байна вэ гэдэг шахалтад орохыг үгүйсгэхгүй.

-Зарим иргэд дахиад л сонгууль болох гэж байгаа юм уу гээд залхсан шинжтэй байдаг.

-Манай улсад 330 сум бий. Эдгээр сум болон дүүргийн иргэдийн эрх ашиг байнга орхигдсоор ирсэн. Улс гэдэг том эрх ашигт дарагдчихдаг. Манайд сонгууль ихдээгүй. УИХ, Засгийн газрын иргэд тухайн сумын ажил амьдралыг мэдэхгүй байж болно. Малчид бэлчээрийн хомсполд орж, Орхон гол улаанаар эргэж байна гээд л бид ярьж байна. Байгаль орчныг бохирдуулсан ААН-д Засгийн газрын харьяа агентлаг олгодог.

Хэрэв иргэдийн  болон нутгийн удирдах байгууллагын саналыг авсан бол ийм асуудал үүсэхгүй ч байж болно. Иргэдийн эрх ашигй хамгаалах хамгийн ойрын нэгж нь Иргэдийн хурал. Засаг дарга Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэгч тул тэр бүр иргэдийн талд зогсохгүй. Энэ үүднээс сум, дүүргийн Иргэдийн хурал их чухал. Хан-Уулын жишээн дээр ярьвал 160 мянган хүн амтай. Дүүргийн төсөв 3-4 тэрбум төгрөг. Зөв хуваарилбал энэ бага мөнгө биш. Засагтай уралдаж зам тавиад байвал тэр мөнгө юу ч болохгүй. Нийгмийн асуудлууд нь орхигдоно.

Дүүргийн удирдлагууд бие даан шийдвэр гаргах эрх бүхий маш олон асуудал бий. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, халамжийн чиглэлээр нийслэлээс хамааралгүйгээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх боломжтой байдаг. Аймаг, дүүрэг бүрийн санхүүгийн чадамж адилгүй. Зарим нь улсын төсвөөс татаас авдаг бол зарим нь улсад орлого төвлөрүүлдэг. Өндөр орлого бүрдүүлсэн орон нутгийн нэгж тэр орлогоо улсад шилжүүлэх биш, дотоододоо захиран зарцуулах эрхтэй байх нь чухал.                      

-Сонгуулийн зардал дунджаар хэдэн сая төгрөг болж байна вэ?

-УИХ-д орон нутгаас нэр дэвшин ялалт байгуулсан шинэ гишүүн дөрвөн хорооноос сонгогдсон. Нийслэлд нэр дэвшсэн бол нэг хорооны иргэдийн дэмжлэгийг аваад, гишүүн боллоо.

Сум, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид нэр дэвшигчид сонгуулийн явцад дээд тал нь хэдэн сая төгрөг зарцуулахыг заасан байдаг. Манай хорооны хүн амын тооноос хамааран дээд тал нь 45 сая төгрөг зарцуулна гэж заасан. Энэ бол их өндөр дүн. Ийм их мөнгө гаргах боломжгүй. Орон нутагт сонгогчдын тоо харьцангуй бага тул нэр дэвшигчинд бага зардал гаргана. Нэг сум дунджаар таван багтай. Нэг багийн иргэд буюу нэг өвөлжөөнийхөн нэг төлөөлөгч сонгоно. Тэнд өндөр зардал шаардлагагүй. Дундаж сум 3000 иргэн, 1000 сонгогчтой.  

Нийслэлд өрсөлдөж буй нэр дэвшигчид дунджаар 20 сая төгрөг зарцуулж байна.

Манай хороо 14 мянган сонгогч, гурван мандаттай. Иймд бид 300 хүнийг шадар туслах, ухуулагчаар ажиллуулах эрхтэй юм билээ. Гэхдээ юу гэж ийм олон хүн ажиллуулах вэ.  60 хүн ажиллуулж байна. 24 нүүр сэтгүүл, 12 хуудас сонин хэвлүүлэх эрхтэй юм билээ.  Энэ шаардлагад тулгаад сурталчилгаагаа хэвлүүлбэл их зардал гарна.      

-Иргэдийн хурлын төлөөлөгчдөө иргэд газрын маргаан гарахад их ханддаг. Танай хороонд ийм зөрчил гарч байв уу?  

-Гаралгүй яахав. 2010 онд нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Мөнхбаярын захирамжаар Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн газрыг “Алтай констракшн” компанид өгсөн байсан юм. Бидний ярьдгаар 120 мянгатын автобусны буудлын хажуугийн, ногоон байгууламж бүхий газар л даа.

Хорооны удирдлагууд иргэдтэй хамтран эсэргүүцэж, гурван жил шүүхээр яваад, газраа авч үлдэж чадсан. Би нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч болоод тэр газраа хамгаалалтад авахуулсан юм. Өнгөрсөн онд нийслэлийн 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар буюу нийслэлийн татвар төлөгчдийн мөнгөөр тэр газар дээр бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж дууслаа. Одоо тэнд хөгшид нарлан, хүүхдүүд тоглодог болсон. Эргэн тойрных нь, 50 жилийн настай байрнуудын үнэ цэнэ ч хэвээрээ үлдсэн.

Цэцэрлэгт хүрээлэн барьчихлаа гээд тайвшраагүй, дүүргийн төсөвт арчлалт, хамгаалалтын зардлыг нэмж суулгаснаар гурван хүн байнга цэвэрлэдэг. Удахгүй утасгүй интернэттэй болгохыг зорж байна.  Энэ үйл явдал нийтийн эрх ашгийг хамгаалсан томоохон жишээ болсон. Мөн хууль бусаар газар авч, барилга барих нь хад мөргөхтэй адил болохыг хатуу сануулсан.  

1. Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороон дахь цэцэрлэгт хүрээлэн | 6 фото
1
1
1
1
1
1

-ИТХ-ын үйл ажиллагааг ямар хуулиар зохицуулдаг вэ?

-Гол хууль нь Үндсэн хууль. Энэ хуулийн дөрөвдүгээр бүлэгт Нутгийн өөрөө удирдах ёсны талаар тусгайлан зохицуулсан. Тусгайвчилсан хууль нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль. Байгаль орчны хууль гэх мэт олон хуульд орон нутгийн эрх хэмжээг заасан.

-ИТХ-ын сонгуулийн ирц яагаад УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийнхаас бага байдаг юм бэ?

-Намар болохоор цаг агаар сэрүүсдэг. Ургац хураалтын, өвөлжилтийн бэлтгэлийн ид ажлын үе нөлөөлдөг.    

-ИТХ-ын ээлжит сонгуулийн дараа, шинээр байгуулагдах ИТХ-ын төлөөлөгчид хамгийн түрүүнд ямар шийдвэр гаргах вэ?

-ИТХ-ын шинэ төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа эхэлснээр өмнөх ИТХ-ын бүрэн эрх дуусна. Шинэ төлөөлөгчид хамгийн түрүүнд ирэх дөрвөн жилд ажиллах дүүргийн Засаг дарга нарыг сонгон, дээд шатны Засаг даргаар батлуулна. Дээд шатны буюу нийслэлийн Засаг дарга ИТХ-аас нэр дэвшүүлсэн, дүүргийн засаг даргыг батлан, томилдог. Дүүргийн Засаг дарга заавал иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон байх хуулийн шаардлага байхгүй. ИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан нам хамгийн олон суудлыг эзэмших тул тэд Засаг дарга нарын нэрийг дэвшүүлдэг.

Жишээ нь Э.Бат-Үүл даргыг нийслэлийн иргэд шууд томилоогүй. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан нам нийслэлийн ИТХ-д нэрийг нь дэвшүүлэн, Ерөнхий сайд томилсон.  

Уг нь намууд  орон нутгийн сонгуульд ялалт байуулвал хэн хэнийг дүүргийн засаг даргаар ажиллуулах вэ гэдгээ одооноос ил тод зарлах ёстой. Тэгэлгүй, битүү, бүрхэг л яваад байна. Ил тод болчихвол иргэд хурлын төлөөлөгчөөрөө дамжуулаад Засаг даргад горилогч  Болд эсвэл Батыг дэмжин, саналаа өгдөг болно. Дүүргийн засаг дарга тухайн дүүргийн гүйцэтгэх засаглалыг бүрдүүлнэ.

Зарим эрдэмтэн дүүргийн Засаг даргыг иргэд өөрсдөө шууд сонгох хувилбарыг ч санал болгодог. Үүний тулд Сонгуулийн, Засаг захиргааны нэгжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой.

-Орон нутгийн сонгуулийн төсвийг тухайн орон нутаг захиран зарцуулдаг уу?

-9 дүүргийнхээ сонгуулийн зардлыг нийслэлийн сонгуулийн хороо гэх мэтээр аймаг бүр сонгуулийн зардлаа хариуцдаг. Тухайн жилийн нийслэл, аймгийн төсвийн зардалд орон нутгийн сонгуулийн төсвийг суулгадаг. Хэрэв тэр сум, хорооны хүн ам өссөн бол зардал нь төдий хэмжээгээр өсдөг.       

-Танд баярлалаа.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 253 санал өгсөн байна.

Дээшээ