ONEFIT: Сонголт хийх хэрэггүй, бүгдийг нь туршаад үз


2016-10-20 08:30 GMT+8

-ГАРААНЫ БИЗНЕС-

Одоогоос арван жилийн өмнө гэхэд л бид спортын цөөхөн төрлийг мэддэг, хүссэн спортоороо хичээллэх боломж ч хомс байжээ. Харин өнөөдөр шинэ тутам хөгжиж буй бүхий л төрлийн спортоор хичээллэх боломжтой болсон. Гэхдээ аль нь чухам миний сонирхол юм бол, алийг нь сонговол би тууштай байж чадах вэ, дээр нь яагаад зөвхөн ганц төрлийн спортыг сонгох ёстой гээд олон асуулт ургана. Өөрийн сонирхлыг олохын тулд бүх клубэд төлбөр төлөх хэрэг үү, тэгээд тэр дундаас хоёр гурав бүр дөрөв нь таалагдвал бүгдэд нь зэрэг явах боломж бий юу?

Яг л энэ олон асуултын хариулт болсон, хэрэгцээн дээр тулгуурласан нэгэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бид өнөөдрийн ГАРААНЫ БИЗНЕС буландаа онцолж байна.

Танд хүссэн цагтаа, хүссэн газраа бас ямар ч спортын төрлийг сонгоод хичээллэхэд боломжийг олгох нэг ёсны спортын онлайн их дэлгүүр бол ONEFIT аппликэйшн. Ухаалаг утсаа ухаалгаар ашиглаж, хуруугаа хөдөлгөх төдийд дээрх бүх боломжийг гартаа оруулна гэхээр сайхан биш гэж үү.

“НААДАХ ЧИНЬ ЯГ БОЛОХ ЮМ БАЙНА, ХИЙЕ”

Зүүн гар талаас С.Болор-Эрдэнэ, Н.Бямбасүрэн, Б.Мөнхдэлгэр нар. Тэд энэ бизнесийг эхлүүлсэн, цаашид улам илүү сайжруулахаар сэтгэл шулуудан ажиллаж байгаа хамтрагчид. С.Болор-Эрдэнэ санхүүч мэргэжилтэй. Будаг нь ханхалсан дипломоо өвөртлөн томоохон компанид туслахаар орж байсан тэрээр арав гаруй жил тасралтгүй өсөн дэвшсээр гүйцэтгэх захирлын албан тушаалд хүртлээ хөдөлмөрлөжээ. Энэ хугацаанд хувийн бизнесийн талаар бодож байсангүй, гагцхүү өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарч байсан аж.

“Сүүлийн үед ямар нэг зүйлийг эхэлж, би үүнийг хийсэн шүү дээ гээд хэлчих юмтай болох юмсан гэсэн хүсэл төрдөг болсон. Би йогоор хичээллэдэг л дээ. Дан йогт явах нь заримдаа уйтгартай санагдаж, хажуугаар нь усанд сэлэх, кикбоксыг ч бас туршаад үзэх сонирхол байсан. Гэвч зэрэг хийнэ гэхээр сарын төлбөр төлчихөөд аль нэгийг нь бүрэн ашиглаж чадахгүй, үргүй зардал болдог. Тэгээд аль болох бага зардлаар бүгдийг нь хийчихдэг бол гэж бодсон” хэмээн тэрээр ярьсан юм. Ингээд найз Н.Бямбасүрэндээ энэ тухайгаа хэлжээ.

Бямбаа хуульч мэргэжилтэй. Хуулийн фирм ажиллуулж, хувьцаа эзэмшигчээр ажиллаж байсан ч тэгээс нь эхэлсэн бизнестэй болохыг хүсдэг байсан нэгэн. Бямбаа мөн л удаан хугацаанд аэробикээр тууштай хичээллэсэн. Түүнд ч гэсэн заримдаа өөр төрлийн спортоор хичээллэх хүсэл байсаар ирж. Ингээд л хоёр найз нэг удаагийн төлбөр төлөлтөөр олон төрлийн хичээлийг авах боломжийг эрэлхийлж эхэлжээ. Ингээд бизнесийн мэдээллийн систем мэргэжилтэй, тэднийг бодвол арай өөр түүхтэй Б.Мөнхдэлгэрт санаагаа танилцуултал бодож үзье гэв. Б.Мөнхдэлгэрийн хувьд сургуулиа төгсч ирээд хоёр ахтайгаа хайгуулын өрөмдлөгийн компани байгуулсан, хоолны, тоглоомын газар ажиллуулж үзсэн. Түүгээр ч зогсохгүй амралтын газар ажиллуулж эхэлсэн гээд юмыг арай өөрөөр хардаг гэж хоёр бүсгүй үнэлдэг тул ийн хамтрах санал тавьсан байна.

Гурав хоногийн дараа “Наадах чинь яг болох юм байна, хийе” гэсээр Б.Мөнхдэлгэр ирсэнээр санаа нийлж, итгэл дээр суурилан хамтдаа зүтгэж буй тэдний зорилго нэг цэгт уулзжээ.

Ингээд л өнөөдрийн танд танилцуулж буй ONEFIT аппликэйшны ажил эхэлжээ. 2015 оны сүүл сараас эхлэн судалгаа, хөгжүүлэлтийн ажлаа хийж энэ долдугаар сард анхны хэрэглэгчээ хүлээн авсан байна. Хамтрагчид өөрсдийн хадгаламжаас анхны хөрөнгө оруулалтаа босгон өнөөдрийг хүртэл өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхээр, бүр томруулахаар ажиллаж байна.

“Нэгдүгээрт хийх ажлаа маш сайн төлөвлө, хоёрдугаарт багаа зөв бүрдүүлэх хэрэгтэй. Бүхнийг чаддаг хүн гэж байхгүй учраас өөрийнхөө хийж чадахгүйг хийдэг, дутагдлыг нөхөх хүмүүсийг багтаа авах хэрэгтэй. Гуравдугаарт маш тэвчээртэй, хатуужилтай байх хэрэгтэй. Ямар ч байсан тодорхой хэмжээний амжилтад хүрнэ” хэмээн Б.Мөнхдэлгэр хэлсэн нь шинээр бизнес эрхлэх гээд халгаагаад байгаа залууст урам хайрлах болов уу хэмээн энд онцолж байна. 

40 ОРЧИМ КЛУБЫН 1700 ОРЧИМ ХИЧЭЭЛИЙГ НЭГ ДОРООС

Тэдний эхэлсэн түүх ийм байсан. Харин та тэдний бизнесээс юуг олж авах талаар одоо өгүүлье. ONEFIT бол шинэ зууны фитнесийн гишүүнчлэл юм. Та биеийн төдийгүй оюуны спорт, урлагийн хичээлийг ч эндээс авах боломжтой. Бодибилдинг, усанд сэлэлт, бокс холимог тулаан, кэндо, галбиржуулан тураах йог, пилатис, шатар, даам, уран зураг зэрэг 40 орчим клубын 1700 орчим хичээлийг  06-23.00 цаг хүртэл нэг гишүүнчлэлээр л авна гэсэн үг.

Хамгийн эрэлттэй багц болох “Үзээд алдъя” гэхэд 49 мянган төгрөгийн үнэтэй. Энэ багцад гурван удаагийн хичээл авах эрхтэй бөгөөд та дээр дурдсан олон төрлийн спорт хичээлээс аль ч байршилд, хүссэн цагтаа очиж хичээллэх боломжтой аж.

“Фитнес, спорт клубууд хүн дүүрсэн эсэхээс үл хамааран үйл ажиллагаа явуулж байдаг. Тэгэхээр сул зогсолтыг байхгүй болгоно. Нөгөө талаасаа зөвхөн нэг клубт явах мөнгөөр өөр олон төрлийн үйлчилгээг авч болно. Тэгэхээр их зөв систем гэж харж байна.

Манайд хүүхдүүдэд зориулсан хичээл байдаг. Хүүхдүүд амархан уйдамхай, сонирхол нь бүрэн тогтоогүйгээс болоод ямар төрлийн спортоор хичээллүүлэхийг шийдэхэд хүндрэлтэй байдаг бол хүүхдэд зориулсан багц хамгийн зөв сонголт болдог. Усанд сэлэлт, кикбокс, таэквондо ч юм уу багаас нь эрүүл дадалтай болгоход үнэтэй хувь нэмэр оруулдаг. Хамгийн гол нь тухайн хүүхдийн юунд дуртай, юунд чадварлаг гэдгийг энэ процесс дундаас мэдэж авдаг. Хүүхдээ усан спортоор хичээллүүлнэ гээд нүдээд байдаг гэтэл хүүхэд сонирхолгүй байвал цаашдынх нь амжилтад төдийгүй хэтэвчинд сөрөг нөлөөтэй” хэмээн С.Болор-Эрдэнэ хэлсэн юм.

ЦАГАА ХЭМНЭНЭ БАС МӨНГӨӨ Ч ҮР АШИГТАЙ ЗАРЦУУЛНА

Бас нэг онцлох зүйл бол энэ аппликэйшн спорт клубуудын нэгдсэн хайлтын систем болж байгаагаараа давуу талтай. Хэрэглэгч нэг дороос спортын ямар клубууд байдаг хийгээд байршил цаг зэргийг мэдэж болохоос гадна өмнө тухайн клубт хичээллэсэн хүний үнэлгээ, саналыг ч харах боломжтой гэдгээрээ онцлог.

Мөн кредит цуглуулах гэсэн том давуу тал бас бий. Бүртгүүлсэн хүн бүр промо кодтой болох бөгөөд түүнийгээ найз нөхдөдөө хэрэглүүлж кредит цуглуулдаг. Ингэснээр шинэ хэрэглэгчийн төлөх мөнгөнөөс 5000 төгрөг хасагдаж, промогоо хэрэглүүлсэн хэрэглэгчид мөн 5000 төгрөг нэмэгдэнэ. Үүнийгээ цуглуулаад хөнгөлөлт авч болдог байна.

“Хамгийн гол нь хэрэглэгчдэд, хүнд үнэ цэнэ бий болгох. Хэрэглэхэд хялбар байхын зэрэгцээ цаг хэмнэж, амьдралыг нь хөнгөвчилдөг байх зарчмыг баримталж бүтээгдэхүүнээ хүргэж байна. Цаашдаа бид энэ аппликэйшнтэй адилхан өөр төрлийн аппликэйшнийг хөгжүүлэхийг зорьж байна. Ирээдүйд ухаалаг утасны хэрэглээ өснө, хүмүүсийн ухаалаг хэрэглээ ч тэлэх болно. Өдөр тутмын наад захын хэрэглээг зөв байлгахаас гадна ойртуулах нь чухал. Ингэснээр экосистемд ч нөлөөлнө. Хүн цагаа зөв ашиглаж, үр бүтээлтэй байхаас гадна илүү зардал бага болно” хэмээн Н.Бямбасүрэн хэлж байв.

Багагүй хугацаанд тэд олон хэрэглэгчийг нэгтгэж чаджээ. Бүгдийг нэг дороос хялбар авах боломжтой аппликэйшнийг хүмүүс сэтгэл хангалуун хүлээж авч байгааг тэд хэлж байв. Ухаалаг утсыг ухаалгаар ашиглаж, хуруугаа хөдөлгөх төдийд цаг, мөнгөө хэмнэх боломжийг илүү дэлгэрэнгүйгээр ЭНД дарж танилцана уу. Та ONEFIT аппликэйшний фэйсбүүк хуудсанд нэгдээрэй.

Мөн та GoGo мэдээний агентлагын Гарааны бизнес буланд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулахыг хүсвэл 75553232 дугаарын утсаар холбоо бариарай.

GoGo Facebook Хуудас
 
 
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд УИХ нийтийн ашиг сонирхол хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах хороо байгуулна гэж заажээ. Таны бодлоор УИХ хянан шалгах үйл ажиллага явуулах нь зөв үү?
Нийт 58 санал өгсөн байна.

Дээшээ