Учирлал.
“Манай өвөө Радна гэж хүн байсан юм. Намайг жаахаан байхад өвөр дээрээ суулгаад их эрхлүүлдэг байлаа. Сүүлдээ бие нь бүр дордоод тэгж өргөж, өвөр дээрээ суулгаж ч чадахаа байсныг би мэддэг юм. Аав ээж минь өвөө, эмээгийн чинь 100 жилийн ой 2016 онд болно. Хоёулаа л 1916 онд төрсөн хүмүүс шүү дээ гэж ноднин л надад хэлж байсан.
Аав ээжийгээ нэг баярлуулъя, өвөө эмээгийнхээ дурсгалыг хүндэтгэе гэж бодоод би өвөөгийнхөө сурч, ажиллаж байсан, төрөлх сургууль дээр нь лекц унших гэж байгаа. Бас тэднийхээ намтар түүхийг тодотгосон нэг бяцхан товхимол гаргамаар байна. Өөрөө бичихгүй юу” хэмээн Намбарын Энхбаярын дурдатгаснаар, хаагуур орж хэнтэй уулзах билээ гэж давын өмнө бодов.
Ц.Радна гуайгаар хичээл ном заалгаж байгаагүй ч багш хэмээн ямагт түүнийг сүслэн дээдэлж явдаг, Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, доктор, профессор Содовын Баясгалан багштай уулзаж, хэсэгхэн зуур хөөрөлдснөө одоо толилууж байна.
Эхлэл.
Баясгалан багштай ойрд уулзалдсангүй. Утсаар ярьж уулзах тухай хэлэхэд их л уриалгахан юм шиг хэрнээ хэл нь жаахан зууранги дуулдаад байв. “Ноднин нөгөө цус харвана гэдэг болоод ярих, явахдаа муу болсон шүү дээ” гэж хэлэхэд нь л тэнхээ тамир тааруу байгааг нь мэдэв.
Гэр нь Цаг уурын хүрээлэнгийн залгаа, хуучны гурван давхар урт шар орон сууцны хамгийн хойд талын орц аж. Ерээд онд яг энд ирж, Онходын Жамъян гуайн тухай, Бээжингээр голдуу залардаг гэх Наянт вангийн тухай, монгол барын 226 боть Данжуурыг хэрхэн тэр вангаас авч, үхэр тэргээр залж авчирсан тухай тэр цагтаа үзэгдэж дуулдаагүй сонин сайхныг Содов гуайгаар яриулж байснаа дурсан санав. Баясгалан багш аавынхаа яг тэр байранд суудаг аж.
Бие тааруу, ганцаар яажшүүхэн суудаг юм бол доо гэх бодол зурсхийн орж ирэхэд бодлыг минь таасан мэт, хөгшнөөсөө хойш хэцүү л байлаа. Хүүхдүүд сайн яваа, даан ялангуяа манай том охин уу, химич хүн, байнга эргэж тойрно. Бусад нь ч гадаадад хол байгаа юм даа хэмээн хуучлав.
Урдын нөгөө хөнгөн шингэн, цовоо цолгиун, алиа хошин зан үе үес цухалзавч, ная гарсан нас, хөдөлгөөн бүхнийг саатуулдаг өвчин хуучныг яалтай билээ.
“Та нөгөө сархдаа зооглож байгаа юу?” хэмээн аль хэдийн ёроолдоо хүрсэн шил архийг хараад би савааргүйрхэв.
“Өөрөөс чинь эхлээд өгөх хүн мундахгүй юм байна шүү дээ. Дарга нар ч яах вэ, наанаа бол битгий уу гэж уриалаад өөрсдөө бол шилж байгаад залгилдаг улс. Даргын үгээр насаараа яваагүй хүн одоо юу гэж тэдний үгээр орох вэ” гэж хэлээд инээмсэглэх гэтэл нүүр царай нь тийм ч амар захирагдсангүй. Хэсэг зуур юухан ч юм бодолхийлснээ зугуухан ярьж эхлэв. Би тэр яриаг сул яриа буюу оршил хэмээн нэрлэж суулаа.
Сул яриа.
Өдгөөгийн Боловсролын их сургуулийн түүхнээ Раднаа нэртэй гавъяаны тэмдэг зүүгээгүй хэрнээ тийм гавъяатай гурван хүний нэр алдар өөрийн эрхгүй тодорч, тэдний зарсан хүч хөдөлмөр нь аяндаа мэдрэгдэж, гаргасан хөлс нь өөрийн эрхгүй үнэртэх шиг болдог юм. Гэгээрлийн яамны сайд, соён гэгээрүүлэгч Эрдэнэбатхааны хүү Раднаа лаборатори нэгдүгээр дунд сургуулийн захирал, УБДС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлын алба хашиж байгаад өөдгүй этгээдүүдийн гүтгэлгэнд өртөж, орон шоронд орж, хэлмэгдсээр энэ хорвоог орхисон.
Нөгөө нэг хар хочтой Раднаа нь Москва хотноо А.В.Луначарскийн нэрэмжит Урлагийн их сургуулийг дүүргэж ирээд Ардын армийн дуу бүжгийн театрт бүжгийн багш, найруулагчаар нэг хэсэг ажилласан. Тэгээд УБДС-д Кино драмын ангийг анх үндэслэн байгуулж, хорин жил тэнхмийн эрхлэгчээр нь ажиллаж, дээд мэргэжилтэй жүжигчин бэлтгэх их үйлсэд хүчин зүтгэсэн.
Шавь нар нь ч багшийнхаа барааг нь ч хараагүй, гавъяат жүжигчин, ардын жүжигчин, төрийн шагналтан болцгоож, чухам тэнгэрийн биш, газрын од болон гялалзаж яваа. Сайн хүний нөлөө юм, сайхан хэрэг. Харин нөгөө хар хэмээх Раднаа маань улсаас гавъяа шагнал ч хүртсэн юмгүй, насны тэтгэвэрт гараад таг чиг болж, бүр мартагдсан.
Гурав дахь нь болох Ц.Радна багшийг гучаас жараад оныхон буюу хагас жарны турш бэлтгэгдсэн Монголын багш нар андахгүй дээ. Тэд бүгдээрээ л Ц.Раднаа багшийн номын дууг сонсож, эрдэм ухааных нь үр шимийг хүртэж, амьдрал хөдөлмөртэй золгосон хүмүүс.
Ц.Радна багш бол багшлах боловсон хүчин бэлтгэх үйлст санаа хоёрдолгүй зүтгэж, сэтгэл судлал гэдэг шинжлэх ухааны үр шимийг Монголын хөрсөнд тарьж өгсөн ёстой цул гавъяатан. Одоо харин эрдэнэ болсон гурван Раднаагийн нэр нь бүр мартагдах янзтай, зүс нь бүр бүдгэрч орхижээ. Буцаад зулардаг, эргээд ирдэггүй энэ хорвоог чинь яалтай билээ гээд орхих уу хэмээн Баясгалан багшийг хэлэхэд за жинхэнэ асуух юмандаа оръё доо гэх бодол төрөв.
Өрнөл.
-Түүхийн бүхэл бүтэн үе гэж хэлэхээр нэгэн зууны тэртээд таны багш мэндэлжээ. Ирээдүй хойчийнхоо төлөө хөдөлмөрлөж, бүтээж туурвиж явсан ахмад сэхээтэн, сурган хүмүүжүүлэгч Ц.Радна багштай цуг ажиллаж явсан хүний хувьд танд ярих юм арвин байгаа даа?
-Тийм ээ, тун их байна. Эхлээд би жаахан түүх яримаар байна. 1956 онд би Москва хотноо В.И.Лениний нэрэмжит Сурган хүмүүжүүлэх ухааны их сургуулийг дүүргэж ирээд УБДС-д сэтгэл судлалын багшаар ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлсэн хүн. Мөн ч залуу байж. Дөнгөж л 21 настай, ажил хөдөлмөрийн өчүүхэн ч туршлагагүй, шал ногоон амьтан дээд сургуулийн багшаар томилогдож байв. Одоо бодоход санаанд багтмааргүй. “Болно, болно болохгүй юм гэж байхгүй” гэж М.Цэдэндоржийн бичсэнээр ёстой л болж л байсан юм байлгүй дээ, хөөрхий.
Чухам тэр 1956 онд чинь Н.С.Хрущёвын урин хавар эхэлсэн юм шүү дээ. Тэр хэрээр улс төрийн урь унаж, нэг хүнийг тахин шүтэх үеийн аймшигт хэлмэгдүүлэлтийн хар хөшиг алгуур ч болохноо нээгдэж эхэлсэн. Зөвлөлт орон даяар улс төрийн хоригдлууд мянга мянгаараа суллагдсан. Хүмүүсийн зүрхний шарх илааршиж, гашуун хар нулимсаа дотогш нь залгилах төдий биш гадагш нь бөмбөрүүлж байсан үе. Тэгэхдээ юм яагаа ч үгүй, хүмүүсийн ам нь хамхиастай, нүд нь битүү боолттой хэвээр л байсан юм. Хахир өвөл өнгөрсөн ч хаврын хавсарга тавьж л байсан хэрэг л дээ.
Тэр жил манай сургууль Багшийн институт нэртэй, гурван жилийн хугацаатай суралцдаг, 5-7 дугаар ангийн багш нарыг бэлтгэдэг, хагас дээд сургууль байснаа, жинхэнэ дээд сургууль болж, үүдэн дээрээ УБДС гэдэг шинэ хаяг хадав.
Гэлээ гэхдээ Багшийн институт нэртэйгээ байсан ч манай сургууль Монголын түүхэнд нэрээ үлдээсэн зохиолчид, эрдэмтэн мэргэд, соён гэгээрүүлэгчдийг, тухайлбал, Лодонгийн Түдэв, Дүгэржавын Маам зэрэг сод хүмүүсийг төрүүлж гаргасан юм. Тэдний багш нар ч гэж ёстой алтны бол шижир, рашааны бол охь нь байв. Нэр цуутай эрдэмтэн, доктор М.Санждорж, Ч.Жүгдэр, Л.Бат-Очир тэрчлэн Надмид, Цагаан, Цэндсүрэн, Дашдорж нар бол чухам Монголын гүн цэнхэр тэнгэрт асч дүрэлзсэн гэрэлт гэгээн одод байв.
Ер нь ч тэгээд ямар ч сургуулийн өнгө төрхийг тодорхойлж байдаг хүчин зүйл бол тэнд ажиллаж хөдөлмөрлөж байгаа багш нар юм шүү дээ. Бодоод үз л дээ. МУИС-ийн алтан үе гэхэд л анхны ректор Базарын Ширэндэв, академич Бямбын Ринчен, Цэндийн Дамдинсүрэн, Шадавын Лувсанвандан, за тэгээд Ш.Гаадамба, Ж.Бадраа нарын хичээл ном зааж байсан тэр л мөчлөгтэй холбогддог юм. Гэтэл одоо аль ч сургуулийн амин сүнсийг багш нар биш, барилга байшин, компьютер тоноглол, төлбөр мөнгө л төлөөлдөг болоо шив. Сайн багш гэдэг бол өөр юугаар ч орлуулшгүй хүслийг хангагч чандмань эрдэнэ. Тийм чандмань эрдэнийн нэг бол миний багш Ц.Радна яахын аргагүй мөн.
-Бие бодь галынхаа нь хувьд ямар хүн байв?
-Нэг үгээр хэлбэл, Радна багш бол бодь хүн. Бодь сэтгэлтэй, боть боть ном цээжиндээ баринтагласан тийм хүн. Номын даруу нь хэтийдсэн, хэзээ хаана ч би гэж биеэ дөвийлгөдөггүй, төлөв томоотой, үг дуу цөөнтэй. Тэр олон жилийн дотор би мөн ч их юм үзсэн, Радна багшийг л хүнтэй маргалдаж хэрэлдэх битгий хэл ам мурийж байхыг л харин үзээгүй.
Туйлын эмх цэгцтэй, аливаад хянуур болгоомжтой, хэлэх үг бүрээ сайтар бодож байж сая гадагш гаргадаг тийм хүн. Оросуудын хэлдгээр бол, ниже травы, тише воды буюу муухан махчилж орчуулбал, өвснөөс ч доогуур, уснаас ч чимээгүй гэхээр, өдрийн од шиг тийм ховорхон тохиох хүн. Цаанаа бол хүн араатангуудын элдэв дайралтанд өртөж, дотроо бол их л шаналж зовж явдаг байсан болов уу даа гэж би боддог юм. Гаднаа бол тун дүнсгэр юм шиг харагдавч дотроо бол жигтэйхэн уян нарийн тэмтрүүлтэй.
Нэг ийм явдал тохиолдсон юм. Нэрт эрдэмтэн Жамсрангийн Цэвээний тухай өгүүлэл бичиж, тэр үеийн “Багш” сэтгүүлд гаргахаар өгч л дээ. Өгүүллийг нь нийтлээгүй атлаа үндэсний харгис үзэлтэн, нармай Монголын үзэл санааг дэмжигч, Японыг талархагч хэмээсэн зүсэн зүйлийн хуурай ял тулгаж, элдвээр хяхан хавчих болсон.
Түүний нэг илрэл нь сурган хүмүүжүүлэх ухааны хичээл заах эрхийг нь хасч, зөвхөн сургуулийн эрүүл ахуй гэдэг хичээл заах эрхтэйгээр үлдээж байсан удаатай. Ер нь ч тэр мэт насан туршид нь ил далд дагалдсан хардалт сэрдэлт, үл итгэх байдал, хавчлага хяхалтаас болж, наснаасаа эрт өтөлж, их залуугаараа эрүүл мэнд нь хямарч, бүр сүүлдээ цус харвасан байж магадгүй гэж би боддог юм. Багш өөрөө ч надад Ж.Цэвээний улс төр, соён гэгээрүүлэх талаар үүрсэн ачааг манай улс үнэлэх ёстой хэмээн ярьж байсан даа.
“Буриад гэдэг бол оросуудын өгсөн нэр болохоос тийм ястан хэзээ ч байгаагүй юм. Их Монгол үндэстний л салшгүй нэг салаа мөчир учраас Умард монголчууд л гэж хэлж байвал зохистой” хэмээн нэгэн хурал дээр хэлээд ортодокс коммунистуудын ширүүхэн шүүмжлэлд өртөж байсныг нь би санаж байна.
Радна багш хүнд их тусламтгай, аль болохоор дэм болж байхыг хичээнэ. Дүгэржавын Маам оюутан байхдаа А.С.Пушкины “Руслан, Людмила хоёр” найраглалыг орчуулахаар оролдож байсан юм. Лав л түүнд тусалж, хэлж зөвлөж байсныг нь би тодхон санаж байна.
Радна багш орос хэлэнд үнэнхүү гарамгай, ямар ч аялгагүй цэвэрхэн ярьдаг, худам монгол бичгээр маш хичээнгүй, сийлэх мэт бичдэг, аргагүй Монголын гарамгай сэхээтний нэг мөн байсан. Хамт багшилж явсан үе тэнгийнх нь Шаравнямбуу, Палаан, Сэвжид, Насанбуян нарт гавъяат багш цол өгчихөөд Радна багшийг гадуурхсанд нь одоо хүртэл би харамсаж явдаг. Үнэн гэж байдаг бол Ц.Радна багш бол Монголын сэтгэл судлалын шинжлэх ухааны хичээлийг заасан анхны гавъяатан яах аргагүй мөн.
Сэтгэл судлал гэдэг бол хүний дотоод ертөнцийг уудалсан, тунчиг нарийн, маш ярвигтай шинжлэх ухаан.
Радна багшийг би 1930-аад оноос сэтгэл судлалын хичээлийг багшийн сургуулиас авахуулаад дээд сургууль болтол нь зааж ирсэн манай Монголын анхны багш гэж боддог. Радна багшаас өмнө сэтгэл судлалын шинжлэх ухааныг хичээл болгон зааж, тэр их эрдмийг багш нарт түгээж байсан тийм хүн байдаггүй юм.
Миний хувьд анхандаа их будилдаг, хэл ам, элдэв шүүмжлэлд өртдөг байв.
Тэр бүхнийг даван туулж, өсч өндийхөд минь надад дэм тус болж явсан хүн бол яахын аргагүй Радна багш. Орост таван жил сурч, тэр чигээрээ оросоор заалгасан хичээлээ эх хэлээрээ хөрвүүлж заана гэдэг надад тийм ч амар хялбар байгаагүй.
Нэгэнтээ Радна багш бид хоёрыг Ардын гэгээрлийн яамны сайд М.Жамсран дуудаж, манайд сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын нэр томьёо тогтоогүй байгаа учраас багш нар янз янзаар ярьж бичиж будилж, будлиулж байна. Үүнийг даруйхан цэгцлэх хэрэгтэй байна. Иймд Радна багш та хоёр дээрх хичээлүүдийн нэр томъёог монголоороо оновчтой тогтоож, Шинжлэх ухааны хүрээлэнгийн нэр томъёоны комиссынхонтой зөвлөж, яамны коллегид оруулж ир гэсэн хатуухан үүрэг өгөв.
Тэр бол үнэндээ бид хоёрт ахадсан ачаа байлаа. Гэхдээ яах вэ, бид хоёр чадах ядахаараа хийгээд яамны коллегиор оруулж батлуулсан юм. Радна багш бид хоёрын хамтарч хийсэн анхны бүтээл л дээ. Гэхдээ миний хийх гэж юу байх вэ, ноён нурууг нь багш минь л босгож таараа. Одоо хүртэл, хагас зуун жилийн турш, бидний бодож боловсруулсан, оноож нэрлэсэн тэр л нэр томьёогоор Монголын сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын шинжлэх ухаан хэлд орж, тэр л ёсоор бичиж, хэлж өөр хоорондоо нэвтэрч байгаад би хувьдаа баярлаж л суудаг юм.
Зууны тэртээд төрж, хоёр зууныг холбон авч явах шинэ үеийн залуусыг сурган хөтчилж явсан цуутай багш Цэрэнжавын Радна хэмээх бодь хэрнээ билгүүн төгс нэгнийг эргэн дурсахгүйгээр наад зах нь манай улсад цоо шинээр үүсч бий болсон сэтгэл судлалын ухааны анхдагчийн тухай ярих боломжгүй. Тэр л чухамдаа сэтгэл судлалын ухааны нарийн нарийн нэр томъёог яндашгүй баян эх сайхан монгол хэлээрээ хэрхэн илэрхийлэхийг зааж тогтоож өгснийг өнөөдөр өөрчилж шинэчилсэн нь үгүй л байна.
-Он жилүүд гэдэг самбар дээр бичсэн үг өгүүлбэр шиг арчигдаад өнгөрөх юм. Монголын соёл боловсролын хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан тэр хүмүүсийн нэр ч мартагдах янзтай.
-Уг нь бидний нэр усыг үр ач нар минь дурсаж л баймаар санагдах юм. Ямар боловч алт шиг хүмүүсийн хийсэн ариун үйлс монголчуудын тархинд ч тэр, зүрхэнд ч тэр гагнаатай үлдэж, үеийн үед амьд сэрүүнээрээ лугшиж л байх биз дээ.
Радна багшийг тэнгэрт халихаас хэдхэн хоногийн өмнө эмнэлэгт орон дээр хэвтэж байхад нь би очсон. Тэгэхэд үгээ хэлж чадахгүй, над руу нэг юм хуруугаараа дөнгөж заагаад, ам нь өмөлзөж байсан. Чухамдаа юу захих гэж байсан юм бол доо гэж хөөрхийлөх сэтгэл төрсөн.
Радна багш бол ёстой хорхойд хоргүй хүн. Нандин нинж сэтгэлтэй, элбэг худгийн ундарга мэт ухаантай, эрдэм соёл хосолсон, эгэл хэрнээ эгэлгүй гэхээр нэгэн байсан нь бидний сэтгэлд тунаж хоцорчээ. Тэр хүний байгуулсан гавъяа нь олон зуун багш нарын тод томруун дүрийг бүтээх хамтын их үйлст шингэж, хүний гараар бүтээгүй, хөшөө дурсгалаа хэдийнэ өөрөө цогцлоосон юм.
Нас минь одоо ная гарч, багшийнхаа амьд сэрүүн үеэр бол өвөө нь байхаар тийм өндөр насанд тулжээ. Магад нэг их удалгүй бурханы оронд би ч гэсэн очиж, аль эртээ, дөнгөж дөчин зургаахан насандаа явчихсан багштайгаа уулзан золгох байлгүй дээ. Тэгэхдээ харин юу гэж хэлэх юм байгаа юм бэ, за ямар ч байсан, ум сайн амгалан болтугай гэж хэлээд Баясгалан багш чийгтэж ирсэн нүдээ арчаад яриагаа өндөрлөв.
Тэгснээ энэ тэрийг хамж шимэн зугуухан хэрнээ зууранги ярьж эхлэв. Би тэр яриаг сул яриа буюу төгсгөл яриа хэмээн нэрлэж суулаа.
Сул яриа.
Багшийн эцэг нь Доржийн Цэрэнжав гэж хаант Оросын үед Петербург хотод гимнази төгссөн, бас ч гэж хожмоо орчуулагчийн курс төгссөн эрдэм номтой хүн байсан юм гэнэ билээ. 1924 онд үр хүүхэд, нас өндөр болсон эхээ аван наашаа тэмцэн ирж, Хэнтий хан аймгийн Онон уулын хошууны Дадал, Баян сумдын нутгаар суурьшин суух болсон юм гэдэг.
Банк, мал эмнэлэг, худалдаа, эрүүлийг хамгаалах газар зэрэг шинэ тулгар бий болсон олон байгууллагуудад орчуулагч хийж явсан хэлтэй устай, эрдэмтэй мэдлэгтэй тэр хүнийг хошууны олон хэрэглэх гээд биз, хоёр ч удаа хошуу даргаараа сонгож байсан юм билээ. Тэгээд яах вэ, 1933 онд дэгдсэн Ж.Лхүмбийн хэрэг гэгчид буриад хүний хувьд ч, хойноос орж ирсэн хүний хувьд ч, бичиг номтой, орон нутагтаа нөлөөтэй хүний хувьд ч яаж тойрох вэ, барьж аваад хороож орхижээ.
Радна багш чинь тийм л хүний үр хүүхэд. Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр тухайн үеийнхээ том сэхээтний хүүхэд яаж зүгээр байх вэ, хар багаасаа л гэрийн сургалтаар монгол бичиг, орос хэл үзэж унаган гэхээр орос хэлтэй болсон хэрэг. Тэгээд гучаад онд хотод ирээд 1932 онд Багшийн сургуульд орж, 1934 онд сургуулиа төгсөөд Хэнтий, Дорнодын хөдөөний бага сургууль, сүүлдээ хотод үлгэр жишээ бага сургуульд багшилж байгаад манай сургуульд багш болсон хүн билээ.
Ижил хувь заяатай хүмүүс хань ижил болох нь байдаг хувь заяаны тохиолоор Шаравын Гарамханд гэдэг үе тэнгийн бүсгүйтэй тоонотой гэрт толгой холбосон юм билээ. Радна багш Буриадын Иволгад төрсөн бол Гарамханд гуай мөн л Буриадын Хилго гэдэг газар нэг онд төрсөн юм гэдэг. Эрдэм номтой, эмч маарамба Шарав гуай Лхүмбийн хэргээр мөн л баривчлагдан цөлөгдөж, бүр хойт мөсөн далайн хавьцаа өнгөрсөн сураг гарсан гэдэг. Эд чинь одоо манай Бүдхандын өвөг, Энхбаярын дээдсүүд шүү дээ.
Лодонгийн Түдэв манайхаар хааяа нэг ирж ярьж хөөрч суудаг юм. Сая нэг ирэхэд нь Радна багшийн зуун жилийн ой болж байгааг хэлтэл, Радна багш чинь миний ачтан даа гэж байна билээ. Баясгалан багшийн ийн ярьж байх зуур, Л.Түдэв гуайн гучдугаар боть болох “Үзэг чихруун, шүд хавируун” гэх нэг уншаад орхиж болохгүй номын хэдэн мөр нүдний минь өмнө жирэлзээд өнгөрөх шиг болов.
“Багшийн сургуулийн эрдмийн өргөөнд номын дуу хадааж, олон олон шавь нараа оюуны армид илгээсэн Батмөнх, Ц.Радна, Э.Раднаа, Ломбодорж, Гончигдорж, Дунгаржид, Алтангэрэл, Гомбосүрэн, Норжмаа, Өлзийханд, Нацагдорж, Тунсаг, Пүрвээ, Гадинжид, Гончигжамба, Зундуй, Вандуй гэхчлэн өдий төдий багшийн буян нь шавь нарынхаа сэтгэл оюунд насан туршид гэрэл гэгээ өгсөөр байдаг” хэмээн олон шавь нарынхаа сэтгэл зүрхэнд мөнхөд оршсон багш нарынхаа алдар нэрийг дуудан дурдан бичсэн байж билээ.
Төгсгөл.
Баясгалан багшийнхаа урдынх шиг цог залийг ахин анзаарч, амттай яриаг нь чих тавин сонсч байгаад явах болоход, аавын минь нэг их сайхан ном удахгүй гарах гэж байгаа. Өгөх юм шүү. Ярьж байгаарай. Одоо байгаагаар нь орчуулгын энэ номоо барьчихъя гээд, “Орос найргийн гэгээ” хэмээх бэсрэг номоо гардуулав. Авсан дороо унших хорхой хүрч, ганц хоёр хуудас эргүүлтэл, Борис Пастернак, “Ирээдүйн иргэдэд” хэмээх шүлэг таарав.
ГАРААГҮЙ ОРГИЛ, ГАТЛААГҮЙ ДАЛАЙ
Гарцаагүй үнэн, цацлаагүй долгио гэх зэрэг шүлгийн мөр бадгууд ороо догшин хүлгийн төвөргөөн мэт онгод хийморьтойхон ундран асгарч эхлэв.
Тийм ээ, ийм яруухан халуухан, яруу найргийн ёстой монгол үгс чухам Содовын Баясгалан гэх энэ л хүнээс хэзээ ямагт илүүрхэх мэт аандаа ундарч бялхаж байдаг юм. Өөрөө ч хэн хүний гараагүй оргил, гатлаагүй далай.
Ийм л хүн амаа олохгүй магтана гэхээр Цэрэнжавын Радна гэгч тэр нэгэн ижилгүй хүн байж дээ гэх бодол салхи сөрөн алхаж явахад минь хойноос нэхэх мэт дагаад салахгүй байж билээ.
До.Чулуунбаатар