Гар утас, компьютер тоглоомонд бага насны хүүхдүүд донтож байгаа тухай өмнө нь бид олонтаа сонсож байсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ чиглэлээр хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо нэмэгдсээр байгааг албаныхан хэлж байна. Мөн сурагчдын амралтаар тус эмнэлгийн ачаалал ихэсдэг гэдгийг эмч нар нь хэлж байв. Энэ тухай СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөрийн клиникийн эрхлэгч Д.Энхтуяатай ярилцлаа.
ГАР УТАС, КОМПЬЮТЕР ТОГЛОСОН ХҮҮХЭД АРХАГ ЯДАРГААНД ОРДОГ
-Сурагчдын амралт дөхөж байна. Энэ үеэр СЭМҮТ-ийн ачаалал ихэсдэг гэж сонссон. Танай тасагт сүүлийн жилүүдэд ямар оноштой, ямар зовиуртай хүүхдүүд ирж байна вэ?
-Манай эмнэлэг сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн хүүхдүүдэд үйлчилдэг, улсын хэмжээнд байгаа цорын ганц эмнэлэг. Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд дэлгэцийн донтолт болон мэдрэлийн ядаргаа ихсэх хандлагатай байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ шалтгаанаар хандаж байгаа хүүхдүүдийн тоо жилээс жилд өссөөр байна. Манайх хэвтэн эмчлүүлдэг 25 ортой. Манай хүүхдийн тасагт сэтгэцийн завсрын эмгэгтэй буюу ядаргаа, цахим тоглоомын донтолтод орсон, сэтгэл гутрал болон сэтгэл хөөрөлд орсон, бага зэргийн солиоролтой хүүхдүүд хэвтэн эмчлүүлдэг.
-Манайхан нэг хэсэг хүүхдүүдийг компьютерт донтлоо гэдэг байсан. Харин одоо гар утасны тоглоомонд донтсон хүүхдүүд их ирж байна гэх юм. Танайд одоогоор яг ямар оноштой хүүхдүүд олон байна?
-Бага зэргийн солиоролтой хүүхдүүд харьцангуй цөөн байна. Дийлэнх орны эргэлтийг хүүхдийн ядаргаа, дэлгэцийн дон, төрөх үйлийн эмгэгтэй хүүхдүүд эзэлж байна. Мөн ээрэх эмгэгтэй, нойрны хэмнэл алдагдсан хүүхдүүд их ирж байна. Энэ нь цахим тоглоомтой холбоотой. Шөнөжин тоглоод өдөр нь унтсаар байгаад нойрны хэмнэл нь алдагддаг, мөн амархан ядаргаанд ордог.
Ер нь бол ухаалаг утас, компьютерт донтох нь сэтгэцийн эмгэг гэдгийг олон улс хүлээн зөвшөөрсөн байдаг. АНУ-ын сэтгэцийн эмгэгийн оношийн V ангилалд “дэлгэцийн дон” гэж оруулсан байдаг. Үүнд насны хязгаар байдаггүй. Манайхан дон гэхээр архи, тамхи, мансууруулах бодист донтоно гэж ойлгодог. Маш олон төрлийн дон байдаг. Техник, технологи хөгжсөн энэ цаг үед “дэлгэцийн дон” гэж шинэ төрлийн өвчин бий болсон.
Манайд 1990 оноос хойш сега тоглоом гэдэг хэлбэрээр орж ирээд, одоо ухаалаг утасны хэлбэр рүү шилжээд байна. Утас, компьютер бол ахуйн хэрэглээ. Гэтэл үүнийг дон болгох хэмжээнд хүргээд байгаа нь тухайн хүн сэтгэцийн ямар нэгэн асуудалтай буюу стресстэй байгаагийн илэрхийлэл. Стрессээ зөв тайлж чадахгүй байгаатай холбоотой үүсч байгаа эмгэг гэж ойлгож болно. Стрессээ зөв тайлж чадахгүй нэг хэсэг нь тамхи татаж, архи ууж, зарим нь компьютер, гар утаснаас салахаа байдаг. Манай улсад энэ төрлийн өвчин далд хэлбэрээр газар авч байна.
ТАВ ХҮРТЭЛХ НАСНЫХАНД ГАР УТАС, ТАБЛЕТ ТОГЛОХЫГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ
-Жишээ нь, цэцэрлэг, сургуулийн хүүхэд, өсвөр үеийнхэнд ямар эмгэг илрэх вэ. Наснаасаа хамаараад өвчлөл нь янз бүр байх уу. Мөн хүүхдүүд амархан ядаргаанд ороод байгаа шалтгаан нь юу байна вэ?
-Хүүхдийн ядаргаа стресстэй холбоотой үүсдэг. Нийгмийн зүгээс буюу сургуулийн зүгээс хүүхдэд их хэмжээний стресс бухимдал төрж байдаг. Ялангуяа бага ангид хүүхдийг хичээлээр дарах зэрэг нь хэт их ачаалал өгдөг. Хүүхэд хичээлээ дийлэхгүй болохоор бухимдаж, үүнээсээ болоод ядаргаанд амархан ордог.
Мөн эцэг эхийн будилаан, гэр бүл салалт, хүүхдээ өвөө эмээ дээр нь өсгөх зэргээс хүүхэд стресст орж, дээр дурдсан эмгэгээр өвчлөх эрсдэлтэй болдог. Харин өсвөр үеийнхний дунд нэгэндээ нэр хоч өгөх, өмссөн зүүсэн, царай төрхөөр нь гадуурхах зэрэг дарамтаас үүдсэн стресс их байдаг. Дээр нь өсвөр үеийнхэн нийгмийн сүлжээг зөв зохистой ашиглаж сураагүйгээс элдэв янзын зурагаа алдах зэрэг хүнд хэлбэрийн сэтгэл гутралд ордог. Цаашлаад амиа хорлох талаар бодсон, амиа хорлохыг завдсан үедээ манайд хандах нь элбэг байна.
-Тэгвэл дэлгэцийн донтолт яг аль насныханд элбэг байна?
-Дэлгэцэнд донтолт 10-21 насныхан дунд өндөр байна. Харин үүнээс доошхи насанд хэтрүүлэн хэрэглэх тохиолдол их байна. Энэ бол цэвэр эцэг эхчүүдийн алдаа байдаг. Хүүхэд бол даган дуурайгч. Эцэг, эхчүүд хүүхдээ уйлах, өөрт нь садаа болохоос зайлсхийж амар тайван байхын тулд утас, таблетаа өгчихдөг. Хүүхэд л юм чинь сонирхолтой учраас болихоо мэдэхгүй үздэг. Энэ нь яваандаа зуршил болдог. Зуршил олон дахин давтагдаад ирэхээр эмгэг зуршил буюу донгийн хэлбэр рүү шилждэг. Энэ бол тун буруу. Амьд харьцааг бий болгохгүй байсаар байгаад ийм нөхцөл байдал үүсч байна гэсэн үг.
Донтсон хүүхэд худлаа ярьж эхэлдэг. Мөн хүүхэд цочир ууртай, хичээл гэхээс илүү утас, компьютер рүү явдаг. Нойр нь солигддог. Унтах цагтаа унтахгүй нөгөөхөө тоглоод л, интернэт ороод суучихдаг, үүнээсээ болоод нойр нь солигддог. Тиймээс хүүхдийнхээ нойрыг сайн ажигла. Мөн царай зүсийг нь анзаарч байх хэрэгтэй. Дэлгэц удаан ширтээд суучихсан хүүхдийн нүд гөлийгөөд, сэргэлэн биш, уруул нь омголтсон байдаг. Ер нь амьдралын хэв маяг нь эрс өөрчлөгддөг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ сайн ажигладаг, анзаарч хардаг байх хэрэгтэй. Мөн хүүхэдтэйгээ сайн ярилцдаг байх хэрэгтэй.
СЭТГЭЛ ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭ 5-6 САР ҮРГЭЛЖИЛНЭ
-Бага насныхан утас их тоглодог. Эмгэг үүсээд байгааг нь яаж мэдэх вэ. Ямар шинж тэмдэг илрэх вэ. Мөн цахим тоглоом тоглох, зурагт үзэх хэрэглээг нь яаж зохицуулах вэ?
-Бага насны хүүхдийн ядаргаа нь булчин татваганах эмгэгээр ихэвчлэн илэрдэг. Байн байн нүдээ анивчих, хамар амаа мурилзуулах, мөрөө хавчих, үе үе янз бүрийн дуу гаргаж гууглах зэргээр илэрдэг. Мөн шээс задгайрах буюу орондоо шээх, цөөн тохиолдолд өтгөн задгайрах, хумсаа мэрэх, зөрүүдлэх, хөлрөх, үсээ зулгаах, биеийн эсэргүүцэл суларч, өвчлөмтгий болох зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ сайн ажиглаж байх хэрэгтэй. Ер нь бол таван наснаас доош хүүхдүүдэд гар утас, таблет зэрэг цахим хэрэгслийг бүр мөсөн хориглох хэрэгтэй. Энэ үед хүүхдийн хийсвэр сэтгэхүй хөгжөөгүй байдаг учраас өөрийн дурыг хязгаарлах чадвар муу байдаг. Тиймээс эцэг, эхчүүдийг анхаараач гээд байгаа юм. Хүүхдийнхээ хажууд цахим хэрэгслийг хэмжээ, хязгаартай хэрэглэж зөв үлгэр дууриал үзүүлэх, хүүхэдтэйгээ цагийг хамт өнгөрөөх, дотно харилцаа үүсгэж, тоглож наадах нь чухал байна.
-“Дэлгэцийн дон”-г эмчүүлээд эдгэх үү?
-Нас нь бага, хэрэглээ нь бага байх тусмаа эдгэрнэ. Нэг сэтгэл заслын эмчилгээ 5-6 сар үргэлжилдэг. Тэгэхээр эмнэлгээс гадуур тогтвортой эмчилгээг хийлгэдэг эцэг, эх ховор байдаг. 10-14 хоног хэвтүүлээд зүгээр болчих юм шиг санадаг. Гэтэл гэр бүлийн сэтгэл засал чухал үүрэгтэй. Хүүхдүүдийн ар гэр толгой дараалан асуудалтай байдаг учраас гэр бүлийн болон ганцаарчилсан сэтгэл засал, танин мэдэхүй, төрх зан үйлийн сэтгэл заслыг хийж, шаардлагатай үед биеийн эсэргүүцлийг дэмжих, тархины цусан хангамж сайжруулах эмийн эмчилгээг хийдэг.
Манай Хүүхэд, өсвөрийн клиникт нэг удаад 25 хүүхэд хэвтэн эмчлүүлэх боломжтой. 5-7 хүртэлх насны хүүхдийг сахиуртай, түүнээс дээш 18 нас хүртэлх насныхныг сахиургүй хэвтүүлэн эмчилдэг. Хүүхдүүдэд эмнэлэг, эм тариа байдаг газар гэж бодогдуулахгүйн тулд бид аль болох гэрийн, халуун дулаан тохь тухтай орчныг бүрдүүлэхийг хичээж, телевиз үзэх, шагай тоглох гэх мэтээр чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх орчныг бий болгосон.
Б.Энхтуул