Архангайнхан ирээдүй хойч үеийнхээ үргэлжлэл болсон үрсийнхээ оюуныг дэмжиж “Хүүхдийн номын ордон”-г барьжээ. Үлгэрт гардаг хааны ордонг санагдуулам барилгатай энэхүү номын сан нь бусдаас онцгой харагдана. Хажуугаар нь гарсан ямар ч хүүхдэд орж үзэх хүслийг төрүүлэх ажээ. Улсын төсвийн 585 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан бөгөөд өнгөрсөн онд ашиглалтад орсон юм байна.
Номын сангийн захирал О.Мөнхтуяа “Аймаг сумын номын сангийн фондыг баяжуулахад улсаас багахан хөрөнгө төсөвлөдөг. Сүүлийн жилүүдэд ном олноор хэвлэж байна. Тэдгээрээс сонголт хийж, нэг номноос 2-3 ширхэг л бидэнд ирдэг. Тиймээс уншигчид хүрэлцдэггүй. Бид хүүхдийн номын сангаа олон улсын стандартаар тохижуулж, цахим номын сан байгуулан, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Орчин үед хүүхдүүд ном уншихаа больсон гэдэг худлаа. Манай номын ордонд хүүхдүүд их ирж байна” гэсэн юм. Номын өргөө нь орчин үеийн тоног төхөөрөмжтэй, Их мэдэх, Гэр бүлийн гэсэн танхимтай. Эргэн тойрны орчныг зүлэгжүүлж тохижуулснаас гадна байнга харж хянах автомат камер суурилуулжээ.
Мөн сургуулийн өмнөх насны хүүхдүүд эцэг, эхтэйгээ хамт зурагтай ном үзэж, үлгэр домог унших тусгай танхимтайгаараа онцлог гэж байв. Тиймээс хүүхдийн номын ордон нь аймгийн хамгийн ачаалалтай, үйлчлүүлэгч олонтой газрын нэг болсон байна. Уншлагын танхим нь 1-12 дугаар ангийн сурагчдад үйлчлэх зориулалттай. Нээгдсэн цагаасаа хойш өнөөдрийн байдлаар 600 орчим уншигч шинээр бүртгүүлж, 4000 номоор үйлчилжээ.
Аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ангиараа карт нээлгэж долоо хоног бүрийн тогтмол нэг өдөр ном уншдаг болсон хэмээн номын санч С.Ундармаа бахархан ярилаа. Их мэдэх танхим нь сургуулийн өмнөх болон 1-2 дугаар ангийн хүүхдийг үлгэрийн далай номын ертөнцөөр аялуулж, тэдний оюун ухаан, хэл яриа, танин мэдэхүйг хөгжүүлэх, номын үнэ цэнийг мэдрүүлж номонд дуртай болгох, зорилго бүхий танхим гэнэ.
Энэ танхимд ирсэн хүүхдүүдтэй номын санч үлгэр уншуулж дүгнэн ярилцах, буддаг ном будуулж, гэрийн даалгавар өгч ажилладаг байна. Гэр бүлийн танхимд гэр бүлээрээ амрангаа ном, сонин сэтгүүл унших, кино үзэх, интернет ашиглан мэдлэг мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн байна. Интернет танхим нь 14-өөс дээш насны хүүхдүүдэд үйлчлэх зориулалттай бөгөөд нэг хүүхэд дунджаар 40 орчим минут суух эрхтэй байдаг байна. “Хүүхдүүд тодорхой цахим хуудас руу нэвтрэх эрхтэй бөгөөд ямар сайт руу орж байгаад нь хяналт тавьдаг” хэмээн номын сангийн инженер хэлэв.
“Орон нутгийн хэмжээнд номын төсөв бага ирдэг. Гэтэл бид нийт хүн амынхаа 15-20 хувьд нь хүрч үйлчлэх ёстой. Гэвч хэрэглэгчдийн оюуны эрэлт хэрэгцээ байнга өсөн нэмэгдэж, өдөр ирэх бүр шинэлэг зүйлийг хүсдэг. Тиймээс ном тэр бүр хүрэлцээтэй байж чаддаггүй. Нэг номыг дээд тал нь хоёр хувь авна. Зарим номыг ганц хувь авах жишээтэй.
Учир нь төсөвтөө багтааж олон төрлийн ном авахыг хичээдэг. Тиймээс гэрээр ном олгодоггүй. Бага насны хүүхдийн сэтгэн бодох чадвар, танин мэдэх хүсэлд нь тааруулж зурагт, том үсэгтэй номыг нэлээд авсан. Бага насны хүүхэд эхлээд номын үзэмжид татагддаг. Үүний дараа тэр номыг эргүүлж тойруулж харж уншуулна, уншина. Манайд нэг ирсэн хүүхдүүд дараа нь аав, ээж, эмээ, өвөөгөө дагуулаад ирдэг” гэж номын санч С.Ундармаа ярьсан юм. Энэхүү Хүүхдийн номын ордон нь Аймгийн нийтийн номын сангийн хажууд байгуулагдсан бөгөөд нийтийн номын сан нь одоогоор үйл ажиллагаа явуулаагүй байна.
Энэ талаар Аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Хүрэлсүхээс тодрууллаа. Тэрээр “Нийтийн номын сангийн барилга 2011 онд баригдахаар БСШУ-ны яаманд гэрээлэгдсэн байдаг. Тэгээд 2012, 2013 онд барилгын ажил нь явагдаж байгаад зогссон. Гүйцэтгэгч байгууллагын буруу үйл ажиллагаанаас шалтгаалан царцсан байгаа. Энэ ажлыг эхлүүлэх эрхийг нь аймгийн удирдлагууд маань хөөцөлдөж саяхан авлаа. Тэгэхээр 5-6 жил үйл ажиллагаа нь зогсоод байсан номын сан маань энэ ондоо багтан амь орох нь байна” гэсэн юм. Архангай аймгийн номын сан нь 1945 онд анх 800 боть номтой, нэг ажилтантайгаар байгуулагдан аймгийн иргэдэд түүх соёлыг түгээн дэлгэрүүлэх ажлыг гүйцэтгэж ирсэн билээ. Тус номын сангийн анхны эрхлэгчээр үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Ц.Уламбаяр ажиллаж байжээ.
Түүхийн урт хугацаанд номын сан нь өргөжин хөгжиж өнөөгийн түвшинд хүрсэн байна. Өдгөө номын сан нь 100 гаруй мянган боть номын баялаг фондтой, нийтийн уншлагын танхим, хүүхдийн уншлагын танхим, зөөврийн номын үйлчилгээний тасаг, интернет кафе-мэдээллийн төвтэй байна.
Т.Батсайхан