GoGo мэдээний агентлаг өнгөрч буй 2016 онд эрүүл мэндийн салбарт болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

ОН ДАМЖСАН УЛААНБУРХАН 30 ХҮРТЭЛ НАСНЫХНЫГ ДАРХЛААЖУУЛАХАД ХҮРГЭВ

Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтыг 1974 оноос хийж эхэлсэн. Үүний үр дүнд 40 жилийн дараа улаанбурхан өвчний тархалтыг зогсоосон улс болж 2014 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Улаан бурхан өвчний тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулсан батламж”-ийг Засгийн газарт олгосон.

Гэвч тун удалгүй Улаанбурхан өвчний дэгдэлт гарч, улмаар жил гарангийн хугацаанд эцэг эхчүүд, эрүүл мэндийн салбарыг сандаргав.

2016 оны эхний гурван сарын байдлаар Улаанбурхан өвчний улмаас 59 хүүхэд эндсэний 76.2 хувь нь 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдүүд байсан юм.

Өвчлөлийн насаар авч үзвэл 47 хувийг  15-29 насныхан эзэлж байсан учраас 18-30 насныхныг орон даяар нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар болов. Ингээд тавдугаар сарын 12-ноос орон даяар Улаанбурхан-улаануудын нэмэлт дархлаажуулалтыг 18-30 насныханд хийж, хийлгэснийг нь нотлох тэмдэг хүртэл тавив.

Дархлаажуулалтын хувь 97-98 хувьд хүрч байж Улаанбурхан өвчний тархалтыг бууруулах, дахин дэгдэлт гарахаас сэргийлэх, дархлаажуулагдсан ээжээс дархлаатай нярай төрөх зэрэг үр дүнг үзүүлнэ гэдгийг сурталчилж, явуулын цэг ажиллуулж байсан. Гэвч товлосон хугацаанд хамрагдалт хангалтгүй байсны улмаас хугацааг сунгаад 88.1 хувьд л хүрэв.

Улаанбурхан өвчний дэгдэлт гарахад нөлөөлсөн гол зүйл нь дархлаагүй хэсэг бүлэг хүмүүс гэдгийг холбогдох байгууллагууд мэдээлсэн.

Энэ өвчний дархлаажуулалтыг хийгээд 40 жил өнгөрсөн. Жилд багадаа 5 хувь дархлаажуулалтад хамрагдаагүй гэж үзвэл дархлаагүй хүмүүсийн арми бий болж, улмаар гаднаас зөөвөрлөгдөн ирсэн өвчний вирүст өртөн дэгдэлт үүсгэсэн гэсэн үг. Ийм тайлбар хэлж байсан ч дахиад л дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүс үлдлээ.

УЛС ТӨРЧДӨД АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ХҮСЭЛ ЗОРИГ АЛГА

Энэ үгийг гаднын судлаачид болон Монголын эрдэмтэд хэлж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Америк, Англи, Автрали, Хятад, Солонгос зэрэг улсын эрдэмтэд болон төр, төрийн бус байгууллагын 160 орчим төлөөлөгчид оролцож, хийсэн судалгаа цаашид хийх арга замын талаар танилцуулсан олон улсын зөвлөгөөн зохион байгуулагдсан.

Зөвлөгөөнөөр агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэнд, ургийн бойжилтод үзүүлж буй нөлөөлөл, хор уршиг, Улаанбаатар хотын хүүхдийн уушгины хатгалгаа, амьсгалын замын үйл ажиллагаанд агаарын бохирдол хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгааны дүнг олон улсын эрдэмтэд хэлэлцсэн юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын хүн амын эрүүл мэндэд үзүүлж буй нөлөө асар их байгааг энэ үеэр судалгааны дүнд харуулж байв. Хөдөөнөөс хот руу шилжигсэд ихсэж, автомашины тоо нэмэгдсээр байх учраас дорвитой арга хэмжээг даруй авбал 2024 онд гэхэд тодорхой үр дүнд хүрэх болно гэдгийг олон улсын эрдэмтэд сануулав.

Гэвч өнөөдрийг хүртэл өчнөөн тэрбум төгрөг агаарын бохирдлын эсрэг нэртэйгээр “цацсан” боловч ямар ч үр дүн гарсангүй. Өдрөөс өдөрт, жилээс жилд асуудал хүндэрч, иргэд эрүүл мэндээрээ хохирсоор. Сайжруулсан зуух бол түр зуур аргацаан арга төдийгүй яаралтай, шийдэмгий арга зам хайхгүй бол Улаанбаатарын иргэд архаг бронхиттой, уушги, давсагны хавдраар өвчилсөн, хүүхдүүд нь өвөлдөө ханиад, хатгалгаанаас болж хорвоог орхисоор л байх болно гэдгийг тэд хоёр өдрийн турш сануулсан юм.

ДҮЛИЙ ТӨРИЙН НҮДЭНД НЬ ХАРАГДАЖ, БЯЦХАН ҮРСИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЖАГСАНА

Гэвч энэ зөвлөгөөнөөс хойш бүтэн жил орчмын хугацаа өнгөрлөө. Гарт баригдаж, нүдэнд үзэгдэх ганц дорвитой шийдвэр гарсангүй. Байдал бүр ч дордов. Жилийн жилд эцэг эхчүүд, эмч ажилтнуудын толгойны өвчин болсон эмнэлгийн хүрэлцээ эцэстээ тулав.

Энэ сарын 5-11-нд хийсэн тандалтын мэдээллээр, нийслэлийн хэмжээнд амбулаторийн 89587 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6488 тохиолдол оношлогджээ.

Мөн Түргэн тусламжийн дуудлагын 43.3 хувийг амьсгалын замын цочмог халдвар эзэлж буй бөгөөд нийт өвчлөгсдийн 85 хувийг 0-9 насны хүүхэд эзэлж байгаа юм.

Зөвхөн Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэг 165 ор бүхий хүчин чадалтай ч одоогоор 295 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа гээд жил бүр асуудал дагуулдаг хүүхдийн эмнэлэг яг л хэвээр. Хамгийн сүүлд Нийслэлийн Засаг дарга 150-200 ортой хүүхдийн эмнэлэг барихаар төлөвлөж буйгаа хэлсэн. Гэвч төлөвлөгөө ажил хэрэг болтол хугацаа бий.

Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн нь ханиадтай хүүхдийг хатгалгаа болгон хүндрүүлэх, хүндэрсэн тохиолдолд амь насанд нь заналхийлэх нөхцөл болсоор байна.

Агаарын бохирдол ихтэй хоёр дүүргийн зургаан сараас хоёр нас хүртэлх хүүхдүүдэд уушгины хатгалгааны эсрэг вакцин хийж, арван төрлийн эмийг үнэгүй олгохоор болсон. Гэвч уг үндсийг нь устгахад анхаарал хандуулахгүй бол хүүхдүүд амьсгалах эрхээ хасуулсаар...

Улаанбаатарт жилдээ 130 хүүхэд, 1400 насанд хүрэгсэд агаарын бохирдлоос болж нас барж байна гэсэн судалгааг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Саймон Фрейзерийн их сургуультай хамтран хийсэн судалгааны дүнгээ ч танилцуулав.

Төр засаг дүлий хэвээр. Эцэг эхчүүд аргаа барав. Тэд угаараар амьсгалж, антибиотикоор “тэжээгдэж” буй бяцхан үрсийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн төлөө жагсахаар зэхэж байна. Ирэх даваа гарагт эцэг эхчүүд “утааг устгах” цочроо өгөх тайван жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

ЗҮРХ, СУДАСНЫ ӨВЧНӨӨР ГАДААД РУУ ЭМЧИЛГЭЭНД ЯВАХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО

Үргэлж л хэл амтай байдаг эрүүл мэндийн салбарын сайн мэдээнээс хүргэе. Энэ жил П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг Зүрхний хэм алдагдлын өвчний АБЛАЦИ эмчилгээг хийх боломж бүхий лабораторитой болсон. Лабораторийг нээснээр зүрх судасны өвчнөөр гадаад улс руу эмчилгээнд явах шаардлагагүй болж байгаа юм. Энэ бол яах аргагүй энэ онд болсон магтууштай үйл явдлуудын нэг байв.

Зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээ нь Эрүүл мэнд спортын сайдын тушаалаар гадаад руу илгээх өвчний жагсаалтад ордог. Зүрхний хэм цөөрөхөд манайд эмчилгээ хийх боломжтой боловч олширч алдагдаж буй тохиолдолд энд эмчилгээ хийх боломжгүй гэсэн үг юм.

Энэ төрлийн өвчтэй хүмүүсийг Энэтхэг, Солонгос руу эмчилгээнд явдаг. Жилдээ л Солонгосын анагаахын нэг сургуулийн дэргэдэх эмнэлэгт 30 орчим өвчтөн энэ төрлийн эмчилгээг хийлгэдэг байна. Тэнд зөвхөн хагалгаанд ороход 25-90 сая төгрөгийн үнэтэй байдаг аж.

ЗАРИМ ЭМЧИЛГЭЭГ ТӨР ХАРИУЦАХААР БОЛОВ

Бөөрний хурц болон архаг дутагдалтай иргэдийн бөөр орлуулах-гемодиализ эмчилгээний төлбөрийг төрөөс хариуцахаар болсон нь энэ өвчнөөр шаналж буй олон хүний магнайг тэнийлгэсэн явдал боллоо.

Улсын хэмжээнд 564 хүн энэ төрлийн эмчилгээнд орох шаардлагатай  бөгөөд өдөрт 2-3 хүн шинээр оношлогдож байгааг мэргэжлийн байгууллага тооцож гаргасан байна. Эмчилгээний заалтаар бол нэг хүн долоо хоногт 3 удаа, насан туршдаа гемодиализын эмчилгээ хийлгэх бүртээ хувийн эмнэлэгт 100-120 мянган төгрөгийн төлбөр төлөх шаардлагатай болдог бөгөөд жилд дунджаар 20 орчим сая төгрөг зарцуулдаг байна. Энэ зардлыг төрөөс хариуцахаар болсон юм.

Мөн цусны хавдартай иргэдийн эмийн эмчилгээний төлбөрийг төрөөс олгохоор боллоо.

Элэгний С вирүсээр шаналж буй олон хүн, тэдний гэр бүлд сайнаар нөлөөлөх шийдвэрийг ч энэ жил гаргасан юм. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор Ледвир, Харвони, Ледифос, Хепсинат-ЛП, Вирпас гэсэн таван эмийг хайрцаг тутмыг 210 мянган төгрөгийн хөнгөлж авах боломжтой болж байна. Үүнээс гадна элэгний вирүс илрүүлэх шинжилгээг аймаг, дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд үнэ төлбөргүй буюу эрүүл мэндийн даатгалын сангаас хийдэг болов.

ЦАРЦСАН БАРИЛГУУД “АМЬ ОРОХ” ЭХЛЭЛ ТАВИГДАВ

Олон жил дамнан царцсан барилгууд “амь орох” эхлэл энэ онд тавигдсан нь сайшаалтай. Засгийн газрын ээлжит хуралдаанаар Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангаас олгох буцалтгүй тусламжийн хөрөнгийг Түлэнхийн төвийн барилгыг цогцоор нь барих, тус төвд шаардлагатай тоног төхөөрөмж, эд хөрөнгө авахад зарцуулахаар болсон.

Түлэнхийн төвийн барилга нь 1957 онд ашиглалтад орсон бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтээр 2009 оноос уг барилгад тусламж үйлчилгээ явуулах боломжгүй болсон юм. 

Байргүй болсон учраас Түлэнхийн төвийг “Мөнгөн гүүр” эмнэлэгт түрээсийн гэрээгээр байрлуулж байгаад цаашид түрээсийн төлбөр төлөх хүндрэлтэй болсон тул одоогоор цөөн хэдэн ортойгоор Гэмтэл согог судлалын үндэсний төвд байрлаж байгаа юм.

Бас нэгэн сайшаалтай үйл явдал бол Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар байгуулсан Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсон.

ХСҮТ-өөр хэвтэн эмчлүүлэгсдийн тоо сүүлийн жилүүдэд эрс өсөж ачааллаа даахгүй ажиллаж байсан. Харин тус өргөтгөл ашиглалтад орсноор ачаалал 30-40 хувь буурах боломжтой.

Өргөтгөл зоорийн давхар болон эмчилгээ, үйлчилгээний зориулалттай нийт 4 давхар 5200 м2 орчим талбайтай бөгөөд ашиглалтад орсноор хэвтэн эмчлүүлэх 60 ор нэмэгдэж, 60 гаруй нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг шинээр ажилд авч хүний нөөцийн асуудлыг давхар шийдсэн байна.

Түүнчлэн долоон жилийн өмнөөс л амны уншлага болсон нийслэлийн IV төрөх эмнэлгийн барилгын ажлыг ирэх онд барьж дуусгахаар болсон. 300 ор бүхий энэ эмнэлгийн барилгын дэд бүтцийн асуудлыг шийдэж, ашиглалтад оруулснаар дараагийн эмнэлгийн барилгыг барихад ч дөхөм болно гэдгийг салбарын сайд нь хэлж байна.

ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД ТӨСӨЛ ЦАГ ХЭМНЭНЭ

Мэдээллийн технологийн дэвшлийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх “Цахим эрүүл мэнд” төс хэрэгжиж эхлэв. Уг төсөл хэрэгжсэнээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, хүлээгдэл чирэгдлийг бууруулах давуу талтай аж.

“Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжсэнээр төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүд, аймаг болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийг цахим тогтолцоонд шилжүүлэв.

Нийт 112 эрүүл мэндийн байгууллагад 23 нэр төрлийн тоног төхөөрөмж, 48 байгууллагад цахим эмнэлгийн программ хангамж нийлүүлэх бөгөөд эхний ээлжинд Улсын нэгдүгээр төв эмнэлэг цахимжлаа.

Тодруулбал,

  • Хүлээгдлээс үүдэлтэй бухимдал арилж, үйлчлүүлэгчид тусламж, үйлчилгээг цаг хугацаанд нь авах,
  • Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг нууцлал, аюулгүй байдал бүрэн хангагдсан олон улсын стандартад нийцсэн мэдээллийн санд хадгалж, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх бөгөөд тэр хэрээр чанар нь дээшлэх,
  • Шаардлагагүй давтан шинжилгээний тоог бууруулж зардлыг хэмнэх,
  • Эмийн жорыг цахим хэлбэрт оруулах замаар эмийн зохистой хэрэглээ төлөвшүүлэх,
  • Алсын зайн оношлогоо эмчилгээний үйл ажиллагааг бүрэн хэмжээнд нэвтрүүлэх боломж бүрдэх,
  • Алсын зайн оношлогоо эмчилгээний үйл ажиллагааг бүрэн хэмжээнд нэвтрүүлэх боломж бүрдэх,
  • Өвчтөн шилжүүлэх тогтолцоо цахимжсанаар иргэдэд учруулдаг хүндрэлүүд үгүй болох зэрэг ач холбогдолтой юм байна.

Уг төсөл нийт 18.9 сая ам.долларын төсөвт өртөгтэй. Тоног төхөөрөмжийн хангалт, программ хангамж болон хүний нөөцийн чадавхийг сайжруулах зэрэгт дээрх хөрөнгийг зарцуулахаар болов.