ТОЙМ 2016: Нийгмийн салбарт болсон онцлох үйл явдлууд

GoGo мэдээний агентлаг өнгөрч буй 2016 онд нийгмийн амьдралд өрнөсөн, гол үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

УТААГ БУУРУУЛАХАД 85 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН Ч БАЙДАЛ ДОРДСООР

БНХАУ агаарын чанарын индекс 500 давахад л түгшүүр зарладаг гэх. Гэтэл энэ үзүүлэлт манай улсын хувьд жирийн л үзэгдэл. Учир нь манай улсад утаа гамшгийн хэмжээнд хүрч Бээжингээс дөрөв дахин их байна гээд бод доо.

Тодруулбал, хотын захын бүсүүд болох Баянхошуу, Толгойт, Телевиз орчмын өглөө, оройны агаарын чанарын индекс 1000-2000 байгаа юм. Жил бүр мөнгө төсөвлөөд, утаанд мөнгө хаясан ч байдал улам дордсоор л… Агаарын бохирдлыг бууруулахад 15 жилийн дотор 140 тэрбумыг зарцуулсан гэгддэг ч чухам юунд зарцуулж, ямар үр дүн авчирсан нь тодорхой бус.

Гэтэл үеэс үед хайхрамжгүй явсан засаг, хэн нэгний халаасласан шуналын уршгаар амьсгалын замын өвчний улмаас олон мянган хүүхэд хорвоог орхиж байна. Гэсэн ч хүн бүр иргэний үүргээ ухамсарлан утааны эсрэг дуу хоолойгоо нэгтгэж эхэлсэн бөгөөд ээж, аавууд өнөөдөр тайван жагсаал хийж буй. 

ШИНЭ ОНЫГ НЭМЭГДЭЛ ЦАЛИНТАЙ УГТАНА!

МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг удаа дараа шаардаж ирсэн.

Үүний үр дүнд цалингийн доод хэмжээг 25 хувиар нэмж 240 мянган төгрөг болгох шийдвэр гаргасан юм. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны өчигдрийн хуралдаанаар талууд дээрх байр суурьт нэгдсэн бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэх аж.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 онд нэмж 192 мянган төгрөг болгосноос хойш нэмэгдээгүй билээ.

С.ЗОРИГ АГСНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ 18 ЖИЛИЙН ДАРАА

Олон жил сунжирсан С.Зориг агсны шүүх хурал болсон нь энэ жилийн нэг дуулиан байв.  Анхан шатны шүүх хурал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа, урьдчилан хорих 461 дүгээр ангид болсон бөгөөд гурван хоног үргэлжилж буй.

18 жилийн өмнөөс “Батаа Оюунаа” нэртүүдийг хэргийн сэжигтнээр хайн эрэн сурвалжилж байсан. Тэгвэл тус хуралд сэжигтнүүдээр Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг дуудсан юм. Хамгийн хачирхалтай нь уг хурал төрийн нууцын зэрэглэлд хамаарахын сацуу гэрч, хохирогчгүй болсон.

Өөрөөр хэлбэл хэргийн цор ганц гэрч  Б.Булган, талийгаачийн дүү хохирогч С.Оюун нар оролцоогүй, хаалттай хуралдаж байгаа нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлэв. 18 жилийн турш эрэн сурвалжилсан алуурчид тэд мөн үү, эсвэл хэргийг гэмгүй хүмүүст тохож хаах гэсэн ээлжит жүжиг үү гэдэг нь асуулт хэвээр үлдэж байна.

ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ТОЙРСОН АСУУДЛУУД ЦЭГЦЭРЧ ЭХЛЭВ

Нийслэлийнхний өмнө тулгамдаж буй асуудлуудын нэг бол яах аргагүй цэвэрлэх байгууламж.

2015 оноос өнөөдрийг хүртэл GoGo мэдээний агентлаг уг асуудал тойрсон багц сурвалжлагыг хүргэж эхэлсэн бөгөөд өнгөрөгч намар ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Шийдлийн цагаа” Төв цэвэрлэх байгууламжид өнгөрөөж нийслэлийн төв талбай хүртэл үнэртэх болсон лагийн үнэрийг дарахад 8.1 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн юм.

Үүнийг нь иргэд мөнгө угаах шалтгаан, АСЕМ-тай зэрэгцсэн гэнэтийн ухаарал мэтээр хүлээн авсан ч энэ ажил үнэхээр үр дүнгээ өгч сүүлийн үед өмхий үнэр мэдэгдэхүйц багасав. Мөн Төв цэвэрлэх байгууламжийн ажилчдын нийгмийн асуудалд дөхөмтэй Хөдөлмөрийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам сайдын хамтарсан тушаал гарлаа.

Үүний үр дүнд ТЦБ-ын 150 орчим ажилчин “хортой”, 60 орчим нь “хүнд” ангилалд шилжиж, нөхцөлийн нэмэгдэл 100 мянган төгрөгийг сар болгон авахаар болсон юм.

ХОЁР УЛСЫН НАЙРСАГ ХАРИЛЦААГ “СЭВТҮҮЛСЭН” ГЭХ ДАЛАЙ ЛАМЫН АЙЛЧЛАЛ

Нийгмийн амьдралд олны анхаарлыг татаж, маргаан дагуулсан нэгэн үйл явдал бол Далай ламын айлчлал байлаа. Түүнийг ёслол хүндэтгэлтэй хүлээн авч, Их тэнгэр цогцолборт байрлуулсан нь улс төрийн айлчлал гэх хардлагыг олны дунд төрүүлсэн.

Гэсэн ч Далай лам номын айлчлал хийж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм. Энэ айлчлалаас болж Хятад улс Монгол улстай хийх дөрвөн уулзалтаа цуцлав. Энэ нь Монгол Хятадын найрсаг харилцаанд сэв суулгасан үйлдэл боллоо хэмээн хэвлэл мэдээллийн сувгуудаар дүгнэсэн ч олон улсын мэргэжилтнүүд үүнийг нь үгүйсгэсэн.

Үүний дараахан Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Хятадын талаас уучлал хүсэж, энэ засаг барих хугацаанд Далай ламыг дахин авчрахгүй гэдгээ мэдэгдсэн гэх албан бус мэдээлэл цацагдав. Хэрэв үнэн бол ирэх дөрвөн жилд дээрхийн гэгээнтэн манай улсад дахин айлчлахгүй нь ээ.

ГАНГА НУУР ШИРГЭВ

Жилийн жилд мянган хунгийн чуулган болдог Ганга нуур ширгэсэн гэх мэдээлэл чих дэлслээ. Цэнгэг устай, үзэсгэлэнт хун чуулдгаар нь төсөөлдөг хүмүүсийн хувьд хатаж хувхайрсан нуурын дүр зураг сэтгэл шимшрүүлэв.

Нуур ширгэсэн шалтгааныг сүүлийн жилүүдэд хур багатай, ган ихтэй байснаас гадна нутгийн иргэдийн хэрэглээтэй холбоотой хэмээн эрдэмтдийн үзэж буй юм.

Энэ үеэр “Ганга нуураа хамгаалъя” хөдөлгөөн өрнөсөн бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамаас Ганга нуурын нөхөн сэргээлтийг хийх ажлын хэсэг хүртэл томиллоо.  

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ

Иргэдэд түрээсийн хямд байр эрэлттэй буйг харуулсан үйл явдал энэ онд тохиов. Шинээр баригдсан “Буян-Ухаа II” хороололд зах зээлийн үнээс хямд орон сууц хөлслүүлэх мэдээллийг авсан иргэд Төрийн орон сууцны корпорацийн үүдэнд урт цуваа үүсгэн хэдэн өдөр дугаарласан юм.

Тэдний заримд нь түрээсийн байраа үргэлжлүүлэн урьдчилгаа төлбөргүйгээр авна гэх горьдлого байсан ч үүнийг нь албаны хүмүүс үгүйсгэж байлаа.

Ямартай ч дугаарлан бүртгүүлсэн иргэдийн дунд сугалаа явуулж Улаанбаатар хот болон орон нутагт ажиллаж амьдарч байгаа, өөрийн эзэмшлийн орон сууцгүй, зах зээлээс шууд орон сууц худалдан авах боломжгүй залуу гэр бүл, төрийн албан хаагч, өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэй мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан зэрэг зорилтот бүлгийн 829 айл түрээсийн орон сууцанд хамрагдах боломжтой болов.

МАРГААН ДАГУУЛСАН ОНЦГОЙ ХҮЙТРЭЛ

Энэ асуудал “Сүүлийн арван жилд ажиглагдаагүй онцгой хүйтэн болно” хэмээн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин мэдээлснээс эхлэв.

Тэрбээр "Энэ сарын 16-наас хойд туйлын хүйтэн агаар Сибирийн хойд хэсгээс Монголын баруун хойд хэсэг рүү орж ирснээс Сибирийн их даралтын орон хүчтэй эрчимжин, 17-25-ныг хүртэлх хугацаанд манай орны нутаг дээр байрлана. Энэ нь сүүлийн 10 гаруй жилд арваннэгдүгээр сард ажиглагдаагүй онцгой хүйтрэлт болох төлөвтэй байна" гэсэн юм.

Ойрын хэдэн жил даарахын зовлон үзээгүй нийслэлчүүдэд хэдэн өдрийн хүйтэн агаар цохилт болов. Учир нь тасралтгүй орсон цас хайлж, замд халтиргаа үүссэн нь жолооч нарын урыг багагүй шавхлаа. Техник технологийн үед эрин үед цас орохыг урьдчилан тооцоолоогүйгээр барахгүй, хүрз зээтүүгээр цасаа шийдэж, хамаг хүчээ хаясан гэх Нийслэлийн засаг даргын тайлбар олны бухимдлыг төрүүлээд авав.

ӨНӨӨДРИЙН ТАЛХНЫ ТӨЛӨӨ...

Энэ жил иргэдийг хамгийн их горьдоож, бас гонсойлгосон нэгэн үйл явдал бол хувьцааг өндөр үнээр авна гэсэн цуурхал байв. Засгийн газраас иргэдийн 1072 хувьцааны нь 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдан авах шийдвэр гараад удаагүй байхад энэ үйл явдал тохиолдсон юм.

“Хар машинтай хүмүүс хэдэн сая төгрөгөөр үнэлэн  хувьцаа авч байна” гэх сураг сонссон хүмүүс тэнд хэдэн өдөр “хар машин” сахиж зогссон. Энэ нь манай улсад ядуурал хэр байгааг, өнөөдрийн талхны төлөө улсаа зарахаас ч сийхгүйг харж болохоор байлаа.

Засгийн газраас хувьцаагаа худалдах боломж олгосон анхны өдөр гэхэд л 322 мянган иргэн банканд ханджээ. Ингэснээр нийт 32 тэрбум 245 сая төгрөгийг нэг өдөрт зах зээлд бэлэн мөнгө болгон гаргасан юм.