Б.Эрдэнэчимэг Сэтгүүлч

Шинэ он гарахад гурав хоног үлдлээ. Хэмжих боломжтой хэсэг үеийг цаг хугацаа гэдэг. Хүн төрөлхтөн эртнээс олон аргаар цаг хугацааг хэмжсэн. Эхэндээ хүмүүст цас, бороо хэзээ орохыг мэдэхэд л хангалттай байв. Харин Шүмэрүүд өдөр, сар, жилд хуваасан, өнөөгийн бидний хэрэглэж буй, боловсронгуй цаглабарыг анхлан нэвтрүүлсэн түүхэн гавьяатай. Үүнээс хойш олон мянган жил өнгөрчээ.

Бид хуучин, шинэ оны заагт ирчихлээ. 2016 оноо үдэхийн өмнө өнгөрсөн 365 хоногоо эргэн харж, угтан авах 2017 оныхоо ажил үйлсийн төлөвлөдөг. Энэ ёсоор GoGo Café-ярилцлагын буландаа урьсан, хүндтэй зочдынхоо яриаг эргэн уншлаа.

БНЧУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хатагтай Ивана Гроллова энэ оны хамгийн анхны зочин. Тэрээр монгол хэлтэй, монгол судлаач, бараг л монгол хүн. Энэ удаад бид түүний судалгааны бүтээл, эрдмийн ажлаас илүүтэй элчин сайдын үүрэгт ажлынх нь талаар ярилцсан.

Улс төрийн тогтворгүй байдал, эрх баригчдын сэтгүйлгүй хандлагын улмаас Монгол олон боломжоо алдсаныг илэн далангуй шүүмжилсэн, Европод ажиллаж буй Монголчуудын хөдөлмөрч занг магтсан, асуултад чин сэтгэлээсээ хариулсан түүний ярилцлагыг танд дахин санал болгож байна. 

Өнөө үед сэтгэл зүйчдийн үүрэг, хариуцлага улам нэмэгдэж байна. Залуу сэтгэл зүйч Г.Наранбаатар богино хугацаанд олны танил болсон. Тэрээр нүүр номоороо дамжуулан өөдрөг байх, цаг үргэлж суралцах, гэр бүлдээ анхаарахыг зөвлөдөг. Бүхий л насныхан түүний зөвлөгөөг амтархан уншдаг тул Gogo Café түүнийг урин ярилцав.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан З.Нарантуяа өдгөө УИХ-ын гишүүн. АН-аас  хууль тогтоох байгууллагад ажиллаж буй тэрээр эдийн засагч, хуульч мэргэжилтэй. Санхүүгийн салбарынхан түүнийг сайн мэдэх ч олон нийт төдийлөн таниагүй байв.

Иймд олны анхаарлыг mатсан, шинэ гишүүдийн нэг боллоо. Тэрээр яагаад УИХ-ын сонгуульд өрсөлдөх болсныг ярилцлагаас нь уншаарай.

Олон монгол хүн хилийн чанадад амжилттай ажиллан, эх орныхоо нэрийг дуурсгаж байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, салбартаа тэргүүлэгч компаниудад ажилладаг монголчуудаас сэтгүүлчид ярилцлага авах дуртай.

Тэд олон улсын стандарт, чиг хандлага чухам хаашаа чиглэж буйг бидэнд заадаг болохоор тэр. Тэдний нэг нь Калифорнийн их сургуулийн доктор, урлаг судлаач Ц.Уранчимэг. 

Ардын зураач Н.Цүлтэмийн охин тэрбээр Америкийн нэгдсэн улсад Монгол судлалыг хөгжүүлэх үйлсэд ханцуй шамласны үр дүнд олон жил завсарласан “Монгол судлалын төв”-ийн үйл ажиллагааг эхлүүлсэн юм.

Салбарынхан нь түүнийг Хааны Д.Батсайхан гэдэг. Түүнийг бид сайн банкир гэдгээр нь танина. Харин малчин болохыг мөрөөдсөн хүүхэд нас, туулж өнгөрүүлсэн түүхийг нь тэр бүр мэдэхгүй.

Хот суурин газрыг хүн бүр шахуу бараадах болсон өнөө үед түүний зам мөр хүн хаана ч байсан хүн амжилтад хүрч болдгийн бодит нотолгоо.

УИХ-ын сонгуулийн өмнө Gogo.mn эмэгтэй нэр дэвшигчдийг болдлогоор түлхүү дэмжин ажилласан. Энэ жилийн сонгуулийн сурталчилгаа 18 хоног буюу маш давчуу хугацаанд болж өнгөрөв.

Ногоон хөгжил, ногоон эдийн засгийг чухалчилсан мөрийн хөтөлбөрөөрөө Б.Саранчимэг нэр дэвшигчдээс эрхгүй ялгарсан. Иймд түүнтэй байгаль орчны бохирдол, гарц шийдлийн талаар ярилцав.

Би Монголын төлөө хийх ажлаа хийчихсэн. Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэнгийн энэ үг зарим уншигчид маань таалагдаагүй. Төрийн хүн улс орныхоо төлөө бүх насаараа ажиладаг байтал хэмээн зочныг маань шүүмжлэв.

Дипломатуудын гол үүргийн нэг нь эх орноо бусад тивд сурталчлан таниулах. Их Монгол Улсын түүхийг харуулсан, маш олон үзүүлбэр бүхий томоохон үзэсгэлэнг Европын олон оронд амжилттай зохион байгуулсан тул Л.Пүрэвсүрэн сайд дээрх үгийг хэлсэн. Түүний ярилцлагаас дан ганц гадаад бодлогын талаар бус, Монголын түүхийн талаарх сонирхолтой баримтыг ч уншиж болно.

 

Бие даан нэр дэвшигч Г.Мөнхбаяр. Дуучин Бэки гэдгээр нь залуус түүнийг сайн танина. Тэрээр нүүр номдоо УИХ-ын сонгуульд бие даан өрсөлдөхөө мэдэгдэв. Тэгэхдээ туршлагатай улстөрчдийн хүч үздэг Сүхбаатар дүүргийг сонгожээ. Зарим нь түүнийг тэнэг мулгуугаар нь дуудахад нэг хэсэг нь урам өглөө. Түүний шийдэмгий зан анхаарал татсан тул ярилцах санал тавьсан юм.

Эмэгтэйчүүдээ, тэр тусмаа улс төрч эмэгтэйчүүдээ бодитоор дэмжих боломж бидэнд сонгуулийн өмнө л олдлог. Тэд парламентын танхимд цөөнх болдог ч өнгөрсөн дөрвөн жилд чамгүй олон хууль баталсан. Иймд УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцсан юм.

2016 оны онцлох хүн хэн бэ гэвэл яах аргагүй олимпийн мөнгөн медальт Д.Сумъяаг гэнэ.

Тэрээр Риогийн дэвжээнээс мөнгөн медаль хүртэж, элэг нэгтнүүдээ хязгааргүй баяруулан, нийт Монголчуудын бахархал болов. Манай спортын сэтгүүлч У.Бадамцэцэг түүнээс Астанад болсон ДАШТ-ээр дэлгэрэнгүй ярилцлага авсан юм.

 

Рио де Жанейрод болсон олимпийн наадмаас манай тамирчид дөрвөн медаль хүртлээ. Өмнөх олимпийн наадмын үр дүнтэй харьцуулбал энэ жил цөөн медаль авсан нь нийт Монголчуудыг гонсойлгосон. Мөн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д хүрэл медалийн төлөө барилдсан Г.Мандахнаран Узбекистаны бөхөд ялагдсан нь дарин дээр давс гэдэг л болов. Тэрээр хүрэл медалиас атгаад алдсан нь үнэхээр харамсалтай.   

Мэдээллийн технологи ашиглан, боловсролыг дэмжиж, хүмүүст сайхан амьдрахад нь тусална. Энэ бол Ж.Ган-Эрдэнэ захирлын итгэл үнэмшил, цаашдын зорилго, дагаж мөрдөх зам мөр нь. Ингэхдээ үндэсний өв соёл, уламжлалдаа тулгуурлажээ.

Түүний бүтээсэн цахим хуудас, зурагт ном, хүүхдийн нэвтрүүлгүүдээс монгол агуулга шууд үнэртэнэ. Бас тэр залуу бизнес эрхлэгчдийн төлөөлөл.

Жүжигчид олон дүр бүтээдэг ч цөөн дүр нь үзэгчдийн ой тойнд хадгалагдан үлддэг. Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Эрхэмбаяр том биетэй ч хэлээ хазалсан, эрх хүүхдийн дүрийг гарамгай бүтээдэг юм.

Энэ онд тус хамтлаг “Одод болохын хүслэн” уран сайхны кино бүтээв. Энэ кинонд Г.Эрхэмбаяр багшийн дүрийг бүтээсэн ч 90-ээд оны сүүлээр хүүхэд, залуусын үзэх дуртай, чөлөөт өрсөлдөөний талбар болсон “Одод болохын хүслэн” тэмцээнд ч оролцож явсан дурсамжаа бидэнтэй хуваалцсан юм.

“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг дууссан ч ялагчдын талаарх сэтгэгдэл хөвөрсөөр. Шоуны шүүгчдийн нэг нь “Харанга” хамтлагийн дуучин, гитарчин Ц.Чулуунбат байв.

Түүний дуунууд намуун зөөлөн, гэхдээ уйтгартай биш. Тэр дуугаараа юу хэлэхийг хүссэн юм бол?

УИХ-ын шинэ баг ажлаа аваад хагас жил өнгөрлөө. МАН УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулна гэж олон хүн бодоогүй. Мөн анх удаа УИХ-ын гишүүн болсон, 28 настай Д.Гантулга олон хүнийг гайхашруулав.

Манай парламентын түүхэнд 30 хүрэлгүй хууль батлалцах үүрэг хүлээсэн эрхэм цөөн. Иймд хамгийн залуу гишүүнтэй кофе уунгаа, ярилцсанаа хүргэж байна.

Эдийн засаг хүндхэн байгаа ч АНУ-д төвтэй, REMAX компанийн албан ёсны эрхтэй оффисууд нийслэлд шил шилээ даран нээгдэв. Барилгын салбар зогсонги шахуу байгаа ч REMAX-ийн агентууд энэ онд 45 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Шалтгааныг нь олон улсын өндөр стандарт, байнгын сургалт, тогтмол цалин бус бүтээмжид суурилсан үнэлгээ гэж REMAX Infinity компанийн захирал Д.Мөнхтүвшин хариулав.      

Өнгөрч буй энэ онд бид Gogo café ярилцлагын булангийнхаа шийдэл, загварыг өөрчилж, хөрөг ярилцлагын өнгө төрхийг нь илүүтэй товойлгохыг хичээв. Ирэх онд та бүхэнд халуун, хамар сэнгэнүүлсэн кофены үнэр дор хийсэн ярилцлагуудаа үргэлжлүүлэн хүргэх болно.