Лондончуудын хувьд 1952 дугаар оны арванхоёрдугаар сар ХХ зууны хамгийн бараан сар байв. Энэ сарын 5-9-ний өдрийг “Их утаа”, “Лондоны их утаа” зэргээр нэрлэдэг бөгөөд тавхан өдрийн дотор 12 мянган хүн амиа алдаж, 150 мянган хүн эмнэлэгт хэвтжээ.
Амьсгалахад хүнд болж, үзэгдэх орчин хязгаарлагдсан эдгээр өдрүүд эхлэхэд хүмүүс эхэндээ үл ойшоов. Сэтгүүлчид зүгээр л нэг манан татлаа хэмээн бичиж, хүмүүс хэвийн амьдралаа үргэлжлүүлж байтал гэнэт хүмүүс үхэж эхэлсэн нь бүхнийг цочроосон юм.
Энэ гамшгийн шалтгаан нь нүүрсний хорт утаатай холилдсон манан байсан гэдэг.
Лондоны жишээнээс 60 гаруй жилийн дараа олон улсын эрдэмтдээс бүрдсэн судалгааны баг БНХАУ-д хийсэн туршилтын үндсэн дээр агаарын хэт их бохирдол болон манан хүний аминд хэрхэн хүрсэн шалтгааныг тодорхойлсон юм.
Тэр үед Лондонд хүмүүсийн амьсгалж байсан агаар яг л хүчлийн бороотой адил хор хөнөөлтэй болсон байжээ. Судалгааны тайланд дурдсанаар үйлдвэр, айл өрхүүдийн түлсэн нүүрснээс ялгарсан хүхрийн давхар исэл манантай урвалд орж хүхрийн хүчил үүсгэсэн аж.
Ингээд л хүмүүс хүчиллэг агаараар амьсгалж, улмаар амь насанд нь хүрчээ.
1200 оноос агаарын бохирдол нь нэмэгдэх болсон Лондон хотод 1600-гаад он гэхэд улам дордсон юм. Гэхдээ 1952 оны тэр нэг арванхоёрдугаар сар шиг тийм гамшиг тохиолдож байсангүй.
Бараг 700 жилийн дараа л асар олон хүний амиар золиос хийж байж төрөөс агаарын бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээ авах ёстойг ухаарсан гэдэг. Үр дүнд нь 12000 хүний амиар Засгийн газар 1956 оны “Цэвэр агаар тогтоол”-ыг баталжээ.
ТОГТООЛООС ӨМНӨ...
Гамшигт өдрүүдэд буюу 1952 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс Лондонд эрс хүйтэрчээ. Хүмүүс дулаан байхын тулд энгийн үеэс илүү их нүүрс түлсэн хэрэг.
Мөн тухайн үед Лондонд нүүрсээр ажилладаг олон цахилгаан станц байв.
Айл өрхүүд болон үйлдвэрүүд нийлээд яг энэ өдрүүдэд өдөрт 1000 тоннтой тэнцэх утаа, 2000 тонн нүүрстөрөгчийн давхар исэл, 140 тонн давсны хүчил, 14 тонн фторын нэгдэл, 370 тонн хүхрийн давхар исэл үйлдвэрлэж байжээ.
Харамсалтай нь 370 тонн хүхрийн давхар исэл нь 800 тоннтой тэнцэх хүхрийн хүчил болж хувирсан юм. Судалгаагаар эдгээр өдрүүдэд Лондон хот PM2.5 нэгдлийн хэмжээ нэг куб метрт 500 микрограммтай тэнцэж байсан бөгөөд хүхрийн давхар ислийн хэмжээ 1500-2400 микрограммтай тэнцэж байсан аж.
ХАР ӨДРҮҮДИЙН АМЬДРАЛ
Хэдийгээр Лондон хот манан ихтэй боловч яг эдгээр өдрүүд шиг өтгөн, удаан үргэлжилсэн манан үзэж байсангүй. Харагдах орчин хэдхэн метрээр хязгаарлагдаж, жолоо барина гэдэг бараг боломжгүй болжээ.
Нийтийн тээвэр зогсож, түргэн тусламжийн машинууд ч явж чадахгүй болсон учраас өвчтөнүүд эмнэлэг рүү явган алхахаас аргагүйд хүрсэн юм. Зөвхөн гадаа гэлтгүй дотор хүртэл манан татаж үзвэр үйлчилгээний байгууллагууд үүдээ барьж, кино театруудын суудлаас дэлгэц дээрх зүйлс тодорхой харагдахгүй болжээ.
Өдөр гудамжаар алхахад ч хүндрэлтэй байсан бол шөнийн цагт байдал улам дордоно. Үзэгдэх орчин өдөртөө 20-100 метр, харанхуй болоход нэг метр гаруйхнаас хэтрэхгүй. Тухайн үед мананг нэвт гэрэлтүүлэх чийдэн нийтийн хэрэглээ болж амжаагүй байсан учраас гудамжны чийдэн шөнийн цагт асаагүйтэй ижил байв.
Утааны хамгаалалттай амны хаалт өндөр үнэтэй болохоор хүн бүр авч зүүж чадахгүй байжээ.
Эдгээр хар өдрүүдэд амиа алдсан олон мянган хүний дийлэнх нь өндөр настнууд, бага насны хүүхдүүд байв.
ТОГТООЛЫН ДАРАА...
Яг өнөөдрийн байдлаар Лондон хот агаарын чанарын индексээр тун сайн үзүүлэлттэй байна. 2017 оны арван нэгдүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагийн байдлаар Лондонд PM2.5 тоосонцрын хэмжээ 25, хүхрийн давхар ислийн хэмжээ 2 байв.
Гэхдээ Лондон хот ганцхан шөнийн дотор ингэж өөрчлөгдөөгүй. Аймшигт хар өдрүүдэд 500 давж, 2400 хүрч байсан химийн нэгдэл, тоосонцрын хэмжээ өнөөдөр байж болох хамгийн бага хэмжээндээ байна.
Ингэж цэвэршихэд хамгийн том түлхэц болсон шийдвэр нь 1956 оны “Цэвэр агаар тогтоол”. Уг тогтоолоор томоохон үйлдвэрүүдийг хотоос гаргаж, айл өрхүүдийг утаа ялгаруулдаг түлшээр гэрээ халаахыг хоригложээ.
Засгийн газар иргэдийг цэвэр түлш ашиглахыг санал болгож, хотод утаагүй бүсүүдийг тогтоож тухайн бүсэд зөвхөн цахилгаан эрчим хүч эсвэл хийн түлш ашиглахыг зөвшөөрсөн юм.
ЖИШЭЭ ЧИГТ НЬ ҮЛДЭЭСЭН ТУРШЛАГА
Лондон хот 65 жилийн тэртээх бараан өдрүүдийг дахин давтаагүй шалтгаан нь ердөө дорвитой алхам хийснийх. Зоригтой шийдэл гаргаж, тууштай ажилласны үр дүнд тогтоол гарснаас 20 гаруй жилийн дотор Лондон утаанаасаа бүр мөсөн салж чаджээ.
1956 оны “Цэвэр агаар тогтоол” нь 12000 хүний амины үнэтэй учир үр дүнгээ өгсөн байж ч болох юм. Түүхчдийн үздэгээр энэхүү тогтоолыг хүн төрөлхтөн байгаль орчныг хамгаалахын тулд гаргасан хамгийн чухал шийдвэрүүдийн нэг гэж үнэлдэг.
Утаанаас салах зорилго бүхий 1956 оны тогтоол/1964 онд хүчингүй болгосон/ болон 1968 оны шинэ тогтоолууд үр дүнгээ өгч 1980-аад оны эхээр хотын агаар цэлмэж, иргэдийн эрүүл мэнд сайжрахын зэрэгцээ хүмүүсийн амьдрал, ахуй ч дээшилсэн юм.
Лондоны жишээ бидэнд байгаль орчин, ард иргэдийн эрүүл мэндтэй холбоотой томоохон асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн хүчтэй нөлөө зайлшгүй хэрэгтэй, эрчим хүчний хэрэглээний шилжилт урт хугацаанд үргэлжилдгийг харуулна.
Гэхдээ эхлэхгүй л бол хэзээ ч тэнд хүрэхгүй...