ВИДЕО: Иргэд малын өөх тос шатаан, гэрээ дулаацуулж байна

Сэтгүүлч Б.Эрдэнэчимэг

2017-01-10 18:35 GMT+8

-Ядуурал, ажилгүйдэл агаарын бохирдолд нэрмээс болж байна-  

Агаарын бохирдлыг бууруулахын тулд манай дарга нар ийм ажил хийсэн шүү гээд шууд нэрлэх төсөл хөтөлбөр, бодит үр дүн маш бага хэвээр. “Нүүрс” хөтөлбөр  хэрэгжүүлсэн ч түүхий нүүрсийг хямд үнээр, их хэмжээгээр тараасан нь агаарын бохирдлыг харин ч гааруулсан гэж эрдэмтэд дүгнэв.

Сайжруулсан зуухыг гэр хорооллын өрхүүдэд хурдан хугацаанд тарааж чадсан. Гэвч одоо тэдгээр зуухны ашиглалт, засварт анхаарч, уламжлалт пийшин үйлдвэрлэлийг бүрмөсөн зогсоох хэрэгтэй байна. Сайжруулсан зуухыг гурван жилийн баталгаат хугацаагаар олгосон. Энэ хугацаа дуусчээ. Гэтэл зарим айлын шинэ зуухны ширэм хугарч, олс тасарсан, пийшин нь нурсан байдалтай байна. Иймд гал голомтоо сэтэрхий байлгахгүй гэсэн монгол хүний зангаар хуучин загварын пийшин авах болов.       

2000 төгрөгөөр нэг шуудай нүүрс авч хүчрэхгүй иргэд 90 орчим мянган төгрөгөөр хоёр тарифт тоолуур,200 мянгаас эхлэх үнээр халаагуур авч чадахгүй.

Нэг талаас эрх баригчдын хэнэггүй, сэтгэлгүй байдал, нөгөө талаас ядуурал, ажилгүйдэл агаарын бохирдлыг улам “гааруулсаар”. 2015 оны эцсээр нийслэлд гэр хорооллын 214 мянган айл байв.

Эдгээрийн 30 хувь нь агаарыг ихээр бохирдуулагч, хүний эрүүл мэндэд онц хортой зүйл түлдэг гэсэн судалгааны дүнг Байгаль орчны сайд Д.Оюунхорол ярилцлагадаа дурдсан. Тэгвэл энэ 30 хувийг ХЭН бүрдүүлж, тэд ЮУ түлдэг учраас агаарыг ихээр бохирдуулж байна вэ?

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн аравдугаар хорооноос бэлтгэсэн сурвалжлагыг хүлээн авна уу.

Гэр хорооллын иргэдийн цахилгааны, шөнийн тарифыг энэ сарын 1-нээс эхлэн бууруулсан. Гэтэл энэ талаар гэр хороооллын оршин суугчид хангалттай мэдээлэл аваагүй байна. Биднийг Чингэлтэй дүүрэгт ажиллахад “Тэр нь тэгээд үнэн үү? Халаагуур авахад сая төгрөг гээ биз дээ” гэх иргэн байв. Иймд шинэ оны эхний өдрөөс эхлэн 21.00-06.00 цагийн хооронд цахилгаан үнэ төлбөргүй болсон гэдгийг иргэдэд дахин дахин мэдээлэх шаардлагатай байна.

Мөн Засгийн газар энэ шийдвэртээ ханалгүй, ядуу, эмзэг бүлгийн иргэд рүү чиглэсэн, ТУСГАЙ ХӨТӨЛБӨР боловсруулан хэрэгжүүлэх хэрэгтэйг дээрх  сурвалжлага харууллаа.

Учир нь 2000 төгрөгөөр нэг шуудай нүүрс авч хүчрэхгүй иргэд 90 орчим мянган төгрөгөөр хоёр тарифт тоолуур болон 200 мянгаас эхлэх үнээр халаагуур авч чадахгүй. Уг нь Д.Оюунхорол сайд шинэ оны өмнө өгсөн ярилцлагадаа “Ядуу иргэдэд сайжруулсан түлш, зуух тараана. Ингэснээр агаарын бохирдол хамгийн багадаа 10 хувиар буурна” гэжээ.

Тэгвэл энэ ажлаа нэн даруй эхлүүлж, зориулалтын бус түлш хэрэглэж буй ядуу иргэд, тэдний хөршүүдийг болон нийт нийслэлчүүдийн эрүүл мэндийг нэг хормын ч болов өмнө хамгаалах цаг ирлээ.  

1 | 6 фото
1
1
1
1
1
1

АГААРЫН БОХИРДЛЫГ ДЭВХРЭГ ХӨДӨЛГӨӨНТЭЙ ЗҮЙРЛЭДЭГ

Хавар хурдан болоосой, утаа багасна гэж нийслэлчүүд боддог. Гэтэл агаарын бохирдлын хор нөлөө жилийн дөрвөн улирлын турш үргэлжилдэг байна. Цаг агаар дулаарахад агаар мандал дахь хорт хийнүүд доошлон, хөрсөнд шингэдэг аж. Бороо ороход тэрхүү хорт бодисууд ууршин, дээш дэгдэж, салхиар туугдан, гол, нуурын ус, газрын хөрсөнд дахин шингэнэ. Тухайн гол, нуурын уснаас уусан амьтад, эргэн тойрны ургамал хордон, тэдгээрээр хооллосон мал, хүн ч дагаад хорт бодисын сөрөг нөлөөнд автдаг аж. Ийнхүү агаарын бохирдлын хор нөлөө нэг газраас нөгөө рүү, өөр өөр төлөвт шилжин, урт хугацааны турш оршин байсаар байдаг туд эрдэмтэд дэвхрэг хөдөлгөөнтэй зүйрлэжээ.

Тэгэхээр эрх баригчдын агаарын бохирдолтой тэмцэх дараах аргууд хангалтгүй бөгөөд өвлийн сарууд төдийгүй жилийн турш үргэлжлэх бодит шаардлага тулгарлаа.         

ЭРХ БАРИГЧДЫН ТӨЛӨВЛӨСӨН, УТААНЫ ЭСРЭГ, ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

  • “Цэвэр агаар сан”-г эргэж байгуулна. Уг санд Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулиар дөрвөн төрлийн татвар төвлөрдөг. Санг сэргээн байгуулснаар уг татварын мөнгийг агаарын бохирдолттой тэмцэх зориулалтын дагуу ашиглана.
  • Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулна.
  • Нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг бууруулна.
  • Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтооно. (Нийслэлийн засаг дарга захирамж гарган, дөрвөн бүс байгуулсан.)
  • Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжинэ.
  • Нүүрс шингэрүүлэн, хий гаргах үйлдвэрийг дэмжинэ.
  • Төвлөрлийг сааруулан, нийслэлийг тэлнэ.  
  • Уулын оройгоор нарны энерги цуглуулагч панель суулгана.  
1 | 2 фото
1
1

Гэрэл зураг, видеог О.Сүхбат

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 784 санал өгсөн байна.

Дээшээ