Нийслэл рүү шилжих хөдөлгөөнийг 2018 ОН ХҮРТЭЛ зогсоолоо

Сэтгүүлч А.Наранцацрал

2017-01-09 17:29 GMT+8

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр захирамж гаргаж, 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг  хориглосон талаар мэдэгдлээ.

Тэрбээр “Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай”  захирамжийнхаа талаар "Улаанбаатар хотод зөвхөн зайлшгүй шаардлагаар удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийг л шилжиж ирүүлнэ.

Мөн Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Бусад тохиолдолд 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг  хориглож байна" гэжээ.

Дээрх захирамжийн хяналтад Улаанбаатар хотын мэргэжлийн хяналт, агаарын чанарын байцаагч нар  хяналт тавина. Хэдийгээр шилжин суурьших нь Үндсэн хуулиар заагдсан хүний эрх боловч Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний асуудал тулгараад байгаагаас гадна иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх ч мөн зөрчигдөж байгаа тул нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, олон жилийн судалгаанд тулгуурлан, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг тусган иргэдийнхээ санал хүсэлтийг үндэслэн ийнхүү захирамж гаргаж байгаа билээ.

СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАДНА ШИНЭЭР ГЭР ХОРООЛОЛ ТӨЛӨВЛӨХГҮЙ

Нийслэлийн Засаг  даргын зүгээс агаарын бохирдлыг бууруулах гурван захирамж гаргасан байна.

Тухайлбал, Улаанбаатарт суурьшлын бүс тогтоох буюу улаан шугам татах тухай захирамжийг  нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын Захирагч гаргасан байна.  Захирамжаар  улаан шугам татсан буюу суурьшлын бүсийн тогтоосон хэсгээс гаднах хэсэгт шинээр гэр хороолол төлөвлөж, шинэ суурьшлын бүсийг бий болгохгүй бөгөөд уг газар нь эко газар байна.

Дараагийн захирамж нь “Агаарын чанарын  өнөөгийн байдлыг харгалзан  нийслэлд агаарын бохирдлын  дөрвөн бүсчлэлийг тогтоолоо.

Агаарыг бохирдуулж байгаа тээврийн хэрэгслүүдэд ч  шаардлага  тавьж, хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно

Нэгдүгээр бүст  орон сууц, байшин хороолол багтаж  байна.  Уг  бүст ямар ч тохиолдолд яндангаас утаа гаргах ёсгүй.

2-4 дүгээр бүст тодорхой заагтайгаар аль хэсэгт нь цахилгаан халаагуур, аль хэсэгт нь сайжруулсан түлш хэрэглэх вэ гэдэг асуудлыг захирамжилж өгсөн.  Мөн  агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, бүсчлэлээс хамааран   төрийн бодлого зохицуулалт, утааг багасгах арга хэмжээ төслүүдийг хэрэгжүүлэх юм.

“Уг арга хэмжээг хэрэгжүүлээд эхэлбэл агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурсан үр дүнтэй ажил болно гэж бид үзэж байна. Улаанбаатар хотод утаа гаргадаг яндангийн тоог нэмэхгүй, орон сууц, барилгажилт, эко үйлдвэрлэлийг дэмжинэ.

Мөн  автомашины  оношилгоог чанаржуулж, шаардлагатай  гэвэл  Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж байгаа тээврийн хэрэгслүүдэд ч  шаардлага  тавьж, хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно” хэмээн хотын дарга ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Дараагийн Ерөнхий сайд хэн болоосой гэж та хүсч байна вэ?
Нийт 3784 санал өгсөн байна.

Дээшээ