Ц.Цэцэгдэлгэрэх: 90 гаруй сая төгрөгийн хэмнэлт хийнэ

Засгийн газрын мэдээ

2017-01-12 15:05 GMT+8

Авлигатай тэмцэх газар хөрөнгө орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг цахимаар авахаар болсон. Энэ талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээс дараах зүйлийг тодрууллаа.

-Хөрөнгө орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг цахимаар авах тогтоолын төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн. Хэзээнээс хэрэгжих вэ?
-2013 оноос эхлэн мэдүүлгийг цахим системээр авдаг болсон. Гэвч Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүйн улмаас мэдүүлгийг цаасаар давхар авч байсан. Өөрөөр хэлбэл, хөрөнгө орлогын мэдүүлгээ цахимд мэдүүлснийг баталгаажуулах боломжгүй байсан юм. Харин энэ оноос эхлэн хөрөнгө орлогын мэдүүлгийг цахимаар бүрэн авч эхэллээ. Хуучин хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч албан тушаалтан 9-13 хуудас бүхий материалыг хэвлүүлээд бөглөдөг байсан бол энэ удаад цахимаар мэдүүлээд, ганцхан хэвлэмэл хуудас маягтыг бөглөнө. Ингэснээр төсвийн хөрөнгө болон мэдүүлэг гаргагч албан тушаалтны цаг завыг хэмнэж байгаа юм.

38600 орчим мэдүүлэг гаргагчийн хураангуй мэдүүлгийг цахимаар байршуулна

-Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилт хангагдвал хөрөнгө орлогын мэдүүлгийг цахимаар бүрэн авна гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Уг хуулийн хэрэгжилт хангагдвал хөрөнгө орлогын мэдүүлгийг цахимаар бүрэн авна.

-Төсөвт хэчнээн төгрөгийн хэмнэлт хийж байгаа вэ?
-Тооцоо судалгааг хийсэн. Тухайлбал, зөвхөн бичгийн цаас болон хэвлэх үйлчилгээнд 90 гаруй сая төгрөг зарцуулсан байдаг. Мөн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ хүлээн авдаг. Жилд дунджаар 10 мянга орчим иргэн урьдчилсан мэдүүлэг гаргадаг. Үүнд 15-20 сая төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо гарсан. Тиймээс энэ хэмжээний хөрөнгийг хэмнэж байгаа гэсэн үг. Эдийн засгийн хэмнэлтээс гадна цаг хугацаа хэмнэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах ажлын явц хэдэн хувьтай байна вэ?
-Хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөх ёстой. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд энэхүү ажил үргэлжилж байна. Энэ жилийн тухайд хэд хэдэн өөрчлөлт гарч байгаа. Тухайлбал, дээр дурдсан баталгааны хуудаснаас гадна цахим системд хэд хэдэн өөрчлөлт гарсан. Мөн 2016 оны УИХ-ын сонгуулийн дараагаас нийт мэдүүлэг гаргагчийн 25 хувьд өөрчлөлт орсон. Иймээс хөрөнгө орлогын мэдүүлэг хэрхэн гаргах талаар сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байгаа. Үүнээс гадна анх удаа 38600 орчим мэдүүлэг гаргагчдын хураангуй мэдүүлгийг цахимаар байршуулна.

-УИХ-ын гишүүд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагчдын тоог бууруулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Ийм боломж байгаа юу?
-Анх хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 58 мянган хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтан байсан. Үүнд, төрийн тусгай албанд ажиллаж байгаа жолооч хүртэл хамрагдаж байсан юм. 2012 оноос эхлэн хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтны тоог бууруулах судалгааг хийж, 39800 болгосон. Энэ тоог дахин бууруулах судалгаа, дүн шинжилгээг хийж байгаа. Гэхдээ хөрөнгө орлогын мэдүүлэг авч байгаа нь авлига, хээл хахуулиас урьдчилан сэргийлэх үйл явц гэдгийг ойлгох хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагчийн тоо их байна гэдэг талаас нь асуудалд хандаж болохгүй. Хөрөнгө орлогын мэдүүлэг авснаар тухайн албан тушаалтныг авлигын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан хамгаалж байгаа юм. Товчхондоо, хууль бус нөлөөллөөс хамгаалж байна гэсэн үг. Хэрэв тухайн албан тушаалтантай холбоотой гомдол, мэдээлэл ирсэн тохиолдолд шалгалт хийж, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв бөглөсөн бол мэдүүлэг нь хамгаалах “хэрэгсэл” болдог. Зөвхөн төрийн өндөр албан тушаалтнаас хөрөнгө орлогын мэдүүлэг авья гэдэг нь өрөөсгөл ойлголт.

-Нөгөөтэйгүүр, хөрөнгө орлогын мэдүүлэг авах албан тушаалтны тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий юү?
-Манай байгууллагаас жил бүр авлига, ашиг сонирхлын талаарх судалгааг хийдэг. Дүн шинжилгээг хийх явцдаа аль салбар авлигад өртөмтгий байгааг олон нийт болон төрийн бус байгууллагаас асуудаг. Санал асуулгад оролцогчдын дийлэнх хувь нь газрын албатай холбоотой асуудлыг хөнддөг. Тухайлбал, газрын албаны байцаагч газар эзэмших, ашиглах, өмчлөх эцсийн шийдвэрийг гаргахгүй байгааг ч шийдвэр гаргахад голлон оролцдог байна.

Эдгээр албан хаагч хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахгүй, ашиг сонирхлын зөрчлийн хуулийн үйлчлэлд хамрагдахгүй байгаа нь эрсдэл үүсэх өндөр магадлалтай юм. Мөн төрийн албан хаагчдаас гадна төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгдөг. Гэтэл удирдах албан тушаалд хэн хэн хамрагдахыг тухайн салбарын хуулиар зохицуулдаг. Иймд илүү тодорхой болгох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ чиглэлд судалгааны ажил хийж эхэлсэн.

 АТГ мэдүүлгээ цахимаар авч эхэллээ 

-УИХ-ын сонгуулийн дараагаас төрийн албаны бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэдийн урьдчилсан мэдүүлгийг АТГ хянан шийдвэрлэдэг. Өнгөрсөн оны зургадугаар сараас хойш хэчнээн иргэний урьдчилсан мэдүүлгийг хянаад байгаа вэ?
-АТГ жилд дунджаар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 10 мянга орчим иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэдэг. Энэ нь нийтийн албанд шинээр томилогдож байгаа гэсэн үг биш. Нэг байгууллагаас нөгөөд шилжиж байгаа, албан тушаал ахисан, харьяалах нутаг дэвсгэр нь өөрчлөгдөж байгаа зэрэг олон нөхцөл байдлаас шалтгаалаад хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг гаргаж, хянуулдаг. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоолд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ямар тохиолдолд хянах вэ гэдгийг тодорхой заачихсан байгаа.

Ер нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн солигдох бүрт төрийн жинхэнэ албан хаагчдыг халах, солих тохиолдол нэлээд ажиглагддаг. Энэ хүрээнд АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаад, томилох эрх бүхий байгууллага болон албан тушаалтанд саналаа хүргүүлдэг. Үүний дараа шийдвэрээ гаргадаг. Өөрөөр хэлбэл, АТГ уг иргэнийг томилно, томилохгүй гэдэг эцсийн шийдвэрийг гаргадаггүй. Үнэндээ өнөөдөр манай хэлтэст ирж байгаа нийт гомдол, мэдээллийн 30 гаруй хувийг томилгоотой холбоотой асуудал эзэлж байна. 

Б.Даваатогтох

GoGo Facebook Хуудас
 
 
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд УИХ нийтийн ашиг сонирхол хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах хороо байгуулна гэж заажээ. Таны бодлоор УИХ хянан шалгах үйл ажиллага явуулах нь зөв үү?
Нийт 55 санал өгсөн байна.

Дээшээ