Ногоон эрчим хүчний ноёрхол

Засгийн газрын мэдээ

2017-01-11 15:15 GMT+8

Ногоон хувьсгал дэлхий даяар ялж эхэллээ. Манай гарагт маргаангүй ногоон эрчим хүч ноёлох нь тодорхой болов. Сэргээгдэх эрчим хүч сэргэснийг нотлох баримт мэдээ, тоон дүн хэвлэлийн хуудаснаа хөвөрсөөр. Олон улсын эрчим хүчний агентлагаас сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал нүүрсийг хол давсныг оны өмнөхөн мэдээлэв. Цэвэр эрчим хүчний эрин ирснийг нотлох эхний тоо энэ. Найдвар төрүүлсэн энэ дүнгээс төд удалгүй нарны эрчим хүчний зардал буурч, нүүрснээс хямдрахыг шинжээчид зарлалаа. Цэвэр цахилгааны өртөг буурсаар, буурсаар хамгийн хямд түлшинд тооцогддог нүүрснээс бага болжээ. Аль ч талаар ногоон хүрэнг гүйцэж буй нь энэ.

Чили, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улс нарны эрчим хүчийг нүүрснийнхээс хямд үнээр авах гэрээ байгуулчихаж. Нэг киловатт цаг цэвэр цахилгаанд гурав хүрэхгүй цент зарцуулахаар тэд тооцож сууна. Сонирхолтой нь, хямдрал ингээд зогсчихгүй. Ирэх 10 жилд дэлхийг нөмөрч, нарны хямд өгөөжийг хүн бүр хүртэх аж. Бидний холын ирээдүй хэмээн таамаглаж байсан төсөөлөл аль хэдийнэ дэргэд иржээ.

Ногоон эрчим хүч хүрэнг гүйцэж байна

Сүүлийн хэдэн жил ногоон хувьсгалын хөдөлгөөн дэлхий даяар өрнөсөн. Уриа, лоозон, урт гэгчийн үүрэг амлалт, улс орнуудын гэрээ хэлэлцээр. Гэвч жинлүүр дэх өртөг, өгөөжийн тэнцвэр энэ салбарт эргэлзээ төрүүлсээр ирсэн юм. Ганц сорилт нь байсан гэхэд болно. Сэргээгдэх эрчим хүч нь нарны илч, салхины сэвшээгээс үүсдэг ч зардал өндөртэй бизнес байв. Тэгвэл сүүлийн жилүүдэд зардлыг огцом бууруулснаар сэргээгдэх эрчим хүчинд ашгийн хөдөлгүүр ажиллаж эхэллээ. Нарны өгөөжийн өртөг 2009 оноос хойш 62 хувиар буурсан байна. Зардал буурмагц дагаад энэ бизнесийн эрсдэл буурна. Тэр хэрээр банкнуудын санхүүжилт нэмэгдсэн дүр зураг ч байна.

Сэргээгдэх эрчим хүчний сайн мэдээ үүгээр дуусахгүй. Их Британи улс өнгөрсөн онд нүүрс шатааснаас илүү эрчим хүчээ салхины сэнснээс гарган авчээ. Үүнээс ч илүү амжилтыг Коста Рика тогтоосон. Тус улс нийт хэрэгцээнийхээ 98.1 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авчээ. 10 хүрэхгүй хувийг бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн байх юм.

Хүрэхэд хол, хэтийн мөрөөдөл гэж таамаглаж байсан шинэ эрин ийнхүү дэргэд ирж, хөрсөндөө буусан байна. Гэхдээ улс орон бүрт адилгүй. Тухайлбал, өртгийн уналт нүүрс импортлогч улсуудад илүү хурдтай. Бразил, Европын орнууд 2020 он гэхэд нарны эрчим хүчийг одоогийнхоос хавьгүй хямд үйлдвэрлэнэ. Харин дотооддоо нүүрсний арвин нөөцтэй БНХАУ, Энэтхэг, Монгол зэрэг улс нарны эрчим хүчний өртгийг бууруулахад харьцангуй их хугацаа зарцуулах тооцоотой. 2030 он гэхэд БНХАУ-ын нарнаас эрчим хүч гаргаж авах өртөг нүүрснийхээс хямд түвшинд хүрнэ гэж Bloomberg-ийн "New Energy Finance"-ийн шинжээчид таамаглаж байна.

Уг нь урд хөрш сэргээгдэх эрчим хүчний хувьсгалыг манлайлж байгаа. Тус улс нүүрснээс нүүр буруулсан. Өдөрт хагас сая нарны хавтанг Хятадууд суурилуулж байна. Бас хүрэнг хумих хөтөлбөрөө боловсруулж, тооцоогоо ч гаргачихаж. Тэдний тооцоогоор сэргээгдэх эрчим хүчийг түгээн дэлгэрүүлэхэд 2020 он гэхэд 360 тэрбум ам.доллар шаардлагатай.

  •  Нэг киловатт цаг цэвэр цахилгаанд тэд гурав хүрэхгүй цент зарцуулахаар тооцож сууна
  •  Сэргээгдэх эрчим хүчинд ашгийн хөдөлгүүр ажиллаж эхэллээ.
  •  Их Британи улс өнгөрсөн онд нүүрс шатааснаас илүү эрчим хүчээ салхины сэнснээс гарган авчээ. 

Энэ нь зөвхөн цэвэр эрчим хүчний төлөөх тэмцэл байгаад зогсохгүй. Ногооны төлөөх тэмцлээрээ 13 сая ажлын байр бий болгох аж. Ингэж нүсэр шилжилт хийх шалтгаан урд хөршид бий. Аюул дагуулсан агаарын бохирдлыг дарах нэг арга нь энэ. Урд хөршийн энэ шилжилт харин нүүрсээ борлуулж орлого олдог бидэнд бараан мэдээ байж мэднэ.

Гэхдээ нүүрснээс татгалзаж буй энэ улсын эрчим хүчний эрэлт эрс нэмэгдэхээр байна. ExxonMobil”-ийн шинжээчдийн тооцоогоор 2040 он гэхэд БНХАУ, Энэтхэг улс гэхэд л дэлхийн эрчим хүчний нийт эрэлтийн 45 хувийг залгихаар байна. Энэ нөхцөлд нар, салхины эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд гайхуулдаг Монгол Улсад энэ харин завшаан ч байж мэднэ. Урд хөрш хэзээнээс манай эрчим хүчний төслүүдийг шохоорхож ирсэн.

Харамсалтай нь ажил хэрэг болоогүй өдий хүрсэн. Уг нь нар, салхины нөөцийнхөө ердөө 10 хувийг ашиглахад л дотоодын хэрэглээнээсээ 300 дахин их эрчим хүч үйлдвэрлэж болно. Энэ нь БНСУ-ын бүтэн жилийн хэрэглээг гурав нугалахтай дүйх хэмжээ болохыг мэргэжилтнүүд хэлдэг. 

Гэвч үүнийгээ ашиглаад эрчим хүч худалдах нь бүү хэл цахилгаан импортолсоор өдий хүрлээ. Ногооны төлөөх тэмцэл хүрэн нүүрсний эрэлтийг хумих нь үнэн. Нөгөө талд нар, салхи, ус гээд сэргээгдэх эрчим хүчний эрэлтийг өсгөж, үнэ цэнэд хүргэх нь. Мэдээж Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний төсөл хөтөлбөрүүд бий. Хүчин чадал нь 800 мегаваттыг давна. Гэхдээ ажил хэрэг болж, ашиг өгч буй нь ховор.

Бид Хятад руу гаргах нүүрсний хэмжээгээ яаж нэмэхийг л бодсоор сууна. Уг нь бид тус улс руу нүүрс биш, цахилгаан эрчим хүч экспортолж чадвал одоогийнхоос хавьгүй их орлого олох боломжтой.  

Г.Илч

GoGo Facebook Хуудас
 
 
Та оюуны өмчийг хамгаалах нь хөгжил, хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж боддог уу?
Нийт 514 санал өгсөн байна.

Дээшээ