Баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг хязгаарлах санал боловсруулна

Сэтгүүлч Э.Оргил

2017-01-12 09:34 GMT+8

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийв.

Манай улс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэсэн хуультай. Энэ нь жолооны хүрд зүүн талдаа байхаар тооцож хууль, дүрэм, журам, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын бусад үзүүлэлтийг тогтооно гэсэн үг юм.

2015 онд гарсан 41064 ослын 64,4 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй холбоотой байжээ. 

Гэвч импортоор оруулж ирэх автомашины жолооны хүрдний байрлалд хязгаарлалт тогтоогоогүй учир сүүлийн 10 гаруй жил баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импорт эрс нэмэгджээ. Судалгаанаас үзвэл улсын хэмжээний нийт автомашины 48, Улаанбаатар хотын нийт автомашины 55 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад замын үзэгдэх орчин чухал бөгөөд баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашинаар гүйцэж түрүүлэх, тойрон гарах хийх үед харах талбай 20-70 градусаар багасдаг нь осол гарахад голлон нөлөөлдөг байна. 2015 онд гарсан 41064 ослын 64,4 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй холбоотой байжээ.  

Мөн хуралдаанаар насжилт өндөртэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах талаар салбарын сайдын танилцуулгыг сонслоо.

2016 оны жилийн эцсийн байдлаар тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэлтэй 831552 тээврийн хэрэгсэл байгаагийн 766019 нь автомашин, үлдсэн нь механизм, чиргүүл, мотоцикль байна.

Зургаагаас дээш жилийн насжилттай автомашиныг өндөр насжилттай гэж олон улсад үздэг бөгөөд манай орны хувьд бүртгэлтэй автомашины 90 орчим хувь нь зургаагаас дээш жилийн насжилттай байна.

Өндөр насжилттай тээврийн хэрэгсэл, түүн дотроо суудлын автомашины эзлэх хувь буурахгүй байгаа төдийгүй агаарын бохирдол, зам, тээврийн ослын ихэнх хувь насжилт өндөр машинтай холбоотой байгаа нь судалгаагаар тодорхой болжээ.

Танилцуулгатай холбогдуулан баруун талдаа жолооны хүрдтэй болон насжилт өндөр автомашины импортыг хязгаарлах талаар тодорхой санал, шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулахыг салбарын сайдад даалгалаа.

GoGo Facebook Хуудас
 
 
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд сэтгэл санааны хохирол тооцох зохицуулалтыг тусгах шаардлагатай юу?
Нийт 1489 санал өгсөн байна.

Дээшээ