Гадаадын банк төлөөлөгчийн газраа нээх нь Монголын нэр хүндэд эерэгээр нөлөөлнө

GoGo.mn

2017-01-11 17:04 GMT+8

Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайханы ярилцлагыг хүргэж байна.

-ICBC банк Монголд төлөөлөгчийн газраа нээхээр болсон нь өнөөдрийн анхаарал татах сэдэв болоод байна. Мэдээж ICBC банк үйл ажиллагааны цар хүрээ, нэр хүндээрээ нэлээд томд тооцогдож байна. Тэгэхээр энэ хэмжээний том банк орж ирэхийн ач холбогдлыг та хэрхэн харж байгаа вэ?
-ICBC буюу Хятадын Үйлдвэр худалдааны банк олон улсын зээлжих зэрэглэлийн А1 үнэлгээтэй. “The Banker” сэтгүүлээс гаргасан чансаагаар нийт активын хэмжээгээр тэргүүлэгч олон улсын томоохон банк юм. Энэ хэмжээний нэр хүндтэй, том банк манай зах зээлд орж ирж байгааг Монгол Улсын нэр хүндэд эерэг нөлөөтэй гэж үзэж байгаа. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар болон хувийн хэвшлийн компаниудын олон улсаас хөрөнгө босгох, зээл авах боломжид эерэгээр нөлөөлнө гэсэн хүлээлттэй байна. Мөн дотоодын банкуудад тухайн банкаар дамжаад бусад улсуудтай корреспондент харилцаа, харилцагчийн холбоо тогтоох, ICBC банкны өргөн сүлжээг ашиглах боломж нээгдэх болов уу гэж харж байна.

Засгийн газар болон хувийн хэвшлийн компаниудын олон улсаас хөрөнгө босгох, зээл авах боломжид эерэгээр нөлөөлнө гэсэн хүлээлттэй байна. 

-Гадны нэр хүндтэй банк Монголд орж ирж байгаа нь хөрөнгө оруулагчдад ч бас эерэг дохио болох байх?
-Бусад хөрөнгө оруулагчдад энэ үйл явц мэдээж эерэг дохио өгөх байх. Хэдийгээр Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан, түүхий эдийн үнэ унасан зэрэг сөрөг мэдээлэл байгаа ч дэлхийн нэг номерын банк орж ирж байгаа нь манай улсад ирээдүй байна гэдгийг илтгэж байна.

-Монголд хамгийн сүүлд 2013 онд SMBC төлөөлөгчийн газраа нээсэн. Үүнээс хойш төлөөлөгчийн газар нээгдэлгүй байж байгаад, саяхан ICBC зөвшөөрлөө авлаа. Ер нь гадны банкууд төлөөлөгчийн газраа нээх үйл явц яагаад ингэж удаан хугацаагаар тасалдав?
-2013 оноос хойш төлөөлөгчийн газар байгуулах эрэлт яагаад буурсан бэ гэхээр нэгдүгээрт, дэлхий даяар 2008-2009 дэлхийн санхүүгийн хямрал байна. Хямралын улмаас дэлхийн томоохон банкууд эрсдэлээ бууруулах үйл ажиллагаа хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаагаа хумих талдаа байсан нь нөлөөлсөн байх. Нөгөөтэйгүүр манай Монгол Улсын экспортлох түүхий эдийн үнэ сүүлийн хоёр, гурван жилд буурсантай холбоотойгоор тухайн банкууд хүлээлтийн байдалд байсан болов уу. Тэгэхээр өнөөдөрICBC орж ирж байгаа нь дэлхийн хамтын нийгэмлэг эргээд эерэг хүлээлттэй болж байгааг л харуулж байна.

-ICBC-д зөвшөөрөл өгсөнтэй холбоотойгоор тухайн банк хэзээнээс ажиллаж эхлэх бол гэдэг хүлээлт үүсчихлээ. Тэгэхээр цаг хугацааны хувьд яг хэзээнээс банкны төлөөлөгчийн газар ажиллаж эхлэх бол?
-Аливаа төлөөлөгчийн газрын зөвшөөрөл нь Банкны тухай хууль, Монголбанкны банкны зөвшөөрлийн тухай журам, Банкны нэгжийн тухай журмаар зохицуулагдсан байдаг. Төлөөлөгчийн газар нь банкны үйл ажиллагаа явуулдаггүй. Зөвхөн хууль эрх зүйн төлөөллийн үйл ажиллагаа явуулдаг гэдгийг дурьдах нь зүйтэй байх. ICBC банк зөвшөөрлөө аваад, яг өдий, төдийд үйл ажиллагаа явуулна гэдгийг хэлэхэд эрт байна. Энэ бол ICBC банкны өөрсдийнх нь шийдэх асуудал. Гэхдээ та бүхэн мэдэж байгаа. БНХАУ-ын нэг бүс нэг зам гэдэг том хөтөлбөр хэрэгжиж байгаа. Тэрний хүрээнд Bank of China, ICBC банкууд дэлхий даяар хамрах хүрээгээ тэлэхэд анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээндээ манай улсад төлөөлөгчийн газраа нээж байна. Нөгөөтэйгүүр манай улсын урд хөрштэй хийж буй олон төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд ICBC банк худалдааны санхүүжилтийн чиглэлээр ажиллах боломжтой болов уу.

-Яг хэдий хэмжээний худалдааны санхүүжилт хийх бол гэдэг төсөөлөл, тооцоо бий юу?
-Яг одоо хэлэхэд хэцүү. Манай экспортын түүхий эдүүдийн үнэ ямар байх вэ гэдгээс бүх зүйл хамаарна. Хоёрдугаарт, манай төслүүд хэр хурдан урагшлах вэ. Гуравдугаарт, манай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүд хэр хурдацтай явах вэ гэдгээс хамаарна. Тухайн банк энэ бүхнийг үнэлж цэгнээд, хэзээнээс төлөөлөгчийн газраа нээгээд, үйл ажиллагаа явуулахаа шийдэх байх.

-Цаг хугацааны хувьд гадны банкны Монголд үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал УИХ дээр яригдаж байгаа энэ үед Хятадын ICBC орж ирж байна. Тэгэхээр та УИХ-аар хэлэлцэгдэж эхэлсэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуультай танилцсан байх. Тэр хуулийн талаар ямар бодолтой байна вэ? 
-Сая өргөн баригдсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиар гадаадын банкны үйл ажиллагааг зохицуулна гэж эрх баригчид мэдэгдэж байгаа. Гэхдээ энд ойлголтын хувьд тодруулах нэг зүйл байна. Гадны банкууд хөрөнгө оруулалтын банк болон арилжааны банк гэдгийг олон улсын сонгодог утгаар нь ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хуулийг зөвхөн Монгол Улсын хөрөнгийн зах зээл дээр ажиллах Хөрөнгө оруулалтын банкинд үйлчилнэ гэж ойлгох тал байна. Манайд орж ирэх магадлалтай гадны банкууд нь арилжааны банкны үйл ажиллагаа эрхлэхийг зорьж байгаа. Энэ утгаараа Монгол Улсын Банкны хуулийн дагуу ажиллана гэж төсөөлж байгаа юм. Харин манай бодлого боловсруулагчид Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиар гадаадын арилжааны банкны үйл ажиллагааг зохицуулна гэж байна. Тэгэхээр хууль эрх зүй, нэр томъёоны хувьд тодорхой нэг ойлголттой болох хэрэгтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.

GoGo Facebook Хуудас
 
 
Өдөрт хэдэн цаг КОМПЬЮТЕР тоглодог вэ?
Нийт 959 санал өгсөн байна.

Дээшээ