Х.Энхжаргал: Зарим хүн мэдлэг, туршлага нь хүрэхгүйг мэдсээр байж төрийн алба руу зүтгэсээр байна

Сэтгүүлч Б.Эрдэнэчимэг

2017-01-12 16:02 GMT+8

Өчигдөр Төрийн ордонд Авлигын эсрэг үндэсний чуулган болов. Чуулганы эхний илтгэлийг АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал “Авлигатай тэмцэх газар: Өнгөрсөн, одоо, ирээдүй” гэсэн сэдвээр тавьлаа.

Тэрээр өнгөрсөн арван жилд АТГ ямар ажил гүйцэтгэснийг тоймлон танилцуулав.

Одоогоос арван жилийн өмнө 2007 онд яг энэ танхимд авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх, үйл ажиллагаагаа хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэж, шийдэл, гарцыг хайн, хийх ажил, хүрэх үр дүнгийнхээ талаар ярилцан чуулж байжээ.  

Төрийн албанд ашиг сонирхлын зөрчил илт үүсэх этгээдийг шургуулах гэсэн сонирхол, тогтолцооны гажуудал байсаар.

Бид Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрөө 2016 оны 12 дугаар сард батлан, “Авлигын эсрэг үндэсний чуулган”-ыг зохион байгуулж байна.  

Бид 2007 оноос эхлэн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг жил бүр 90-ээс дээш хувьтай гаргуулан авч хэвшүүлсэн. 2007 онд хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагчдын тоо 47.500, 2013 онд 53.000 орчим байсан. Бүхий л түвшний албан тушаалтан, ажилтнуудаас мэдүүлгийг гаргуулан авч байсан нь цахим бүртгэлгүйн улмаас зарим талаараа үр дүнгүй хоосон цаас болж үлдэх, орон нутагт хяналт шалгалт явуулахад хүн хүч, санхүүгийн, техникийн хүчин чадал хүрэлцэхгүй зэрэг хүндрэл байлаа.

Иймд ХАСХОМ-ийг зөвхөн тушаал, шийдвэр гаргах, захиран зарцуулах эрх бүхий удирдах албан тушаалтан буюу авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэл бүхий албан тушаалтнууд гаргаж байхаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр мэдүүлэг гаргагчдын тоо өнөөдрийн байдлаар 39.800 болж, 14.000-аар цөөрсөн. Гэвч хуулийн энэ цоорхойгоор төрийн албанд ашиг сонирхлын зөрчил илт үүсэх этгээдийг шургуулах гэсэн сонирхол, тогтолцооны гажуудал бас байсаар л  байна.

Ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэхийг тогтоох, хянахад албан хаагч ямар түвшинд ажиллахаас үл хамааран Засгийн газрын сайдаас эхлэн, хөдөө суманд ажиллах эмчийг ч бага тушаалын гэлтгүй төрийн нэрийн өмнөөс нийтэд үйлчлэх  албан хаагчийнх нь хувьд ашиг сонирхлын зөрчлийн асуудалтай эсэхийг төр хянах нь зөв.

2012 оноос “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль” хэрэгжиж эхэлснээр Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч, сонирхлын зөрчил үүсэх эсэх талаас нь хянан шалгаж, дүгнэлтийг гаргадаг болсон.

Мэдлэг туршлага, ур чадвар хүрэхгүйг мэдсээр байж үүрэг хариуцлага өндөр хэр нь авах цалин нь бага төрийн албанд орох гэж зүтгэдэг.

Засгийн газар шинээр эмхлэгдэн байгуулагдах, нэг байгууллагын удирдлага өөрчлөгдөх бүрт шинээр “баг бүрдүүлэх” нэрийдлээр нэг нутаг ус, нам, эвсэл, танил талын хүрээллээр төрийн болон нийтийн албаны шалгуур, шаардлага хангахгүй этгээдэд хүчээр давуу байдал олгож, томилуулахаар зүтгэн, нэр дэвшүүлэх материалыг хянуулахаар ирүүлж байна.

Уг материалд АТГ хуулийн дагуу хянан, зохих дүгнэлтийг хийн, илгээхэд зарим нэг албан тушаалтнуудын хүсэл, хувийн ашиг сонирхол нь хязгаарлагдах тохиолдол гардаг. Иймд тэд эсэргүүцэн “энэ сонирхлын зөрчлийн хууль ер нь ямар хэрэгтэй юм, АТГ үүнийг хянах ёсгүй, бид хянуулах учиргүй” хэмээн ундууцаж, цаашилбал “АТГ төрийн бүх томилгоог хийхэд нөлөөлөн, бидний бүрэн эрхэд халдаж байна” гэх зэргээр гуйвуулан бухимддаг нь нууц биш.

Хуулиа илүү анхааралтай, сайтар уншвал АТГ-ын уг томилгоонд огт хамааралгүйг, зөвхөн хуулийн дагуу уг нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж үзээд “энэ хүнийг энэ албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байна”, эсхүл “үүсэхээргүй байна” гэдгийг л тодорхойлдог, санал ирүүлсэн эрх бүхий байгууллагад сануулан, мэдэгддэг байгууллага гэдгийг ойлгох болно.

Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй хийх тэмцэл нь амжилтад хүрч буй дэлхийн олон орон ажлаа “нийтийн албан тушаалтнуудынхаа томилгоо, тэдний хувийн ашиг сонирхлыг хянах механизмыг сайжруулахаас” эхэлсэн нь авлигатай амжилттай тэмцэх үндэс нь болсон байдаг.

Энэ нь тэд төрийн аль ч шатны албан тушаалд шургачихвал хувийн ашиг сонирхлоо хөгжүүлж чадна гэж итгэдэгтэй холбоотой. Сүүлийн хоёр удаагийн сонгуулийн дараахь төрийн албаны бүтцийн өөрчлөлт, зохион байгуулалт, албан хаагчийн томилгоо олон улс төрчдийн албан тушаалын байдлаа илэрхий хэтрүүлэн, бусдад давуу байдал олгосон авлигын зөрчлийн гол үндэс болж буй нь нууц биш. Энэ бүхэн төрийн алба хүчгүйдэх гашуун үр дагавартайг мартах учиргүй.

Бид цаашид “Авлигын эсрэг хууль”, “Сонирхлын зөрчлийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлж, төрийн болон бизнесийн үйл ажиллагааны зааг ялгааг тодорхой болгох, иргэн хүн нэг бол төрийн албанд шударгаар тууштай ажиллах, эсхүл хувийн бизнесээ үргэлжлүүлээд явах шударга сонголтоо зөв хийж чаддаг байх ёс зүйн үнэлэмжийг бий болгоход анхаарч ажиллах болно.

Төрийн албаны ил тод хариуцлагатай байдал, албан хаагчдын мэргэшсэн тогтвортой байдлыг ханган ажиллах нь төрийн удирдах албан тушаалтнуудын үүрэг хариуцлага мөн. Гэтэл төрийн зарим удирдах албан тушаалтан, АТГ-азраас бүрэн эрхийнхээ хүрээнд гарган сануулсан шийдвэрийг биелүүлдэггүй, зөрчил гаргасан албан тушаалтандаа хуулийн дагуу хариуцлага тооцож чаддаггүй. Энэ нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бодитой арга хэмжээг авч хэрэгжүүлэх улс төрийн хүсэл эрмэлзэл, санаачилгагүйг нь харуулж байна.

Цаашид төрөө цэвэр байлгах, төрийн албыг хамгийн шударга хүмүүсээр бэхжүүлэх нийтлэг эрх ашгийг удирдлага болгон тэмцэх явдал Авлигатай тэмцэх газрын анхаарлын төвд ямагт байх болохыг анхааруулья.                   

УИХ-аас 2007-2014 онд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Авлигатай тэмцэх газарт Эрүүгийн хуульд заасан нийт 10 төрлийн гэмт хэргийг харьяалуулах болсон юм. АТГазар 10 жилийн хугацаанд хуульд заасан харьяаллын нийт 1,795 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан эрүүгийн хэргээс 478 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 376 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 289 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 188 хэргийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэж, 84 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлж тус тус шийдвэрлэжээ.

Мөн хугацаанд авлига, албан тушаалын хэрэгт 3,811 хүн холбогдон шалгагдсаныг  албан тушаалын байдлаар нь авч үзвэл

  • Улс төрийн 283,
  • Төрийн захиргааны 757,
  • Төрийн тусгай 510,
  • Төрийн үйлчилгээний 501,
  • Төрийн бус байгууллагын болон бусад албан тушаалтан 1,722 байв.

2015 онд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн эрүүгийн 55 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн зүйлчлэлээр авч үзвэл

  • Хээл хахууль өгөх 29,
  • Хээл хахууль авах 28,
  • Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 25,
  • Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 11, хээл хахуульд зуучлисан 8 хэрэг байв.

Гэмт хэргийн улмаас улсад 301 тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 27 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн, 114 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалжээ. Нийт 537 этгээдэд холбогдох 187 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэгджээ.

Эрүүгийн хуульд хээл хахууль авсан, өгсөн, зуучилсан этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Гэтэл авлигын хэрэг голдуу далд хэлбэрт үйлдэгддэг. Хээл хахууль авсан, өгсөн хүмүүс хэзээ ч нэг нь нөгөөгийнхөө эсрэг өргөдөл гомдол гаргадаггүй. Үүний улмаас хээл хахуулийн гэмт хэргийг илрүүлэх, шийдвэрлэхэд нэлээдгүй хүндрэл учирдаг. Харин шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “нийтийн албан хаагчийн хуулийн дагуу албан үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг, “хясан боогдуулсаны улмаас аргагүй байдалд орж, хахууль авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирвэл түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж, ялаас чөлөөлөх”-өөр заасан. 

Ашиг сонирхлын зөрчилтэй тулгарвал өөрсдөө татгалзан зайлж чадах иргэний зоригтой, авлигад нэр холбогдож, ёс зүйгээ зөрчвөл хэнээр ч шаардуулахгүйгээр ухамсартайгаар огцордог байх ёстой.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт хахууль өгсөн хүн эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, авлигын их, багын хэмжээ, хэрэгт оролцогчдын гүйцэтгэсэн үүргийг харгалзан уян хатан хариуцлага тооцох зэрэг эрх зүйн зохицуулалтыг хууль тогтоомжуудад цогцоор нь тусгасан нэмэлт, өөрчлөлт хийж, илүү сайжруулахаар тусгасан. Энэ нь авлигатай тэмцэх ажлын хууль зүйн орчинг улам боловсронгуй болгоход анхаарч байгаа зөв эхлэл.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр буюу зургаан жилийн бодлогоо Монгол Улс сая тодорхойллоо. Энэ бодлогыг амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр Улсын Их Хурал, шүүх эрх мэдлийн байгууллага, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, яам, агентлаг, нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон улсын байгууллагуудтай бид нягт хамтран ажиллах болно.

Авлигатай тэмцэх нь нэг албан тушаалтны үүрэг амлалт, түр зуурын кампанит ажил биш. Урт хугацаанд, тууштай хэрэгжих улс орны, төрийн бодлого юм. Улс орныг дотроос нь идэж, аажмаар мөхөлд хүргэдэг аймшигт үр дагавартай авлигыг устгах нь нийгмийн захиалга, бидний үүрэг. Гэвч нөгөө талаас авлигын эсрэг бол­гоомж­гүйгээр хийсэн тэм­цэл нь зөвхөн хэсэг улстөрч унаснаар хязгаарлагдахгүй, нийгмийн бүхий л хүрээнд нөлөөлж буй эдийн засгийн хямрал тэмцлийг өдөөж, төрийг мөхөөж, улсыг сүй­­рэлд хүргэх ч эрсдлийг да­гуулдаг.

УИХ-ын эрхэм гишүүд, Засгийн газрын гишүүд Та бүхэн хуулийг хамгийн үнэ цэнэтэй зүйл гэсэн итгэл үнэмшилд төрийн бүх шатны алба хаагчдыг үлгэрлэн манлайлж, ёс суртахууны өндөр хариуцлагатай байж, ашиг сонирхлын зөрчилтэй тулгарвал өөрсдөө татгалзан зайлж чадах иргэний зоригтой, авлигад нэр холбогдож, ёс зүйгээ зөрчвөл хэнээр ч шаардуулахгүйгээр ухамсартайгаар огцордог, ардчилал хөгжсөн орнуудын соёл, боловсролтой улстөрчдийн жишгийг дагаж чадвал авлигатай тэмцэх гэдэг үг зөвхөн АТГазраас дэвшүүлсэн уриа амлалт биш, бүх нийтийн хүчин чармайлт байх болно.

Олон нийт, төрийн албан хаагчдын хууль бус үйлдэл, хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчлийг ил тод мэдээлэхийн тулд өөрсдөө хууль бус үйлчилгээнээс татгалзаж чаддаг үзэлтэй болох ёстой. Энэ үзлийг бид иргэдэд төлөвшүүлэх зорилгоор юуны өмнө иргэдийг авлигын эсрэг соён гэгээрүүлэх, шударга ёсны ойлголт, мэдлэг олгох, мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө өгөх зорилгоор Авлигатай тэмцэх газрын дэргэд Олон нийтийн төвийг нээн ажиллуулна.

Бид авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн талаар гомдол мэдээллийг хүлээн аваад үнэн, худлыг тогтооход цаг хугацаа, бусад олон хүчин зүйл нөлөөлөхийг үл харгалзан шалгах хэдий ч хэн нэгний нэр хүндийг үндэслэлгүйгээр унагах, олон түмний сэтгэл зүйг төөрөгдүүлэхгүй байх үүднээс хууль зөрчсөн нь тогтоогдоогүй хүмүүсийн эсрэг сөрөг мэдээлэл тархан, нэр төрд нь халдахаас сэргийлж анхааралтай ажиллана.

Авлигатай тэмцэх асуудал ямгт нарийн төвөгтэй, үргэлж бэрхшээл, саадтай байгаа хэдий ч бидний цаашдын ажлын үр дүн ард түмэн Та бүхний хүсэл зориг, хүчин чармайлт чин сэтгэл, шударга үйлдлээс хамаарах тул нэгэн итгэлээр хамт зүтгэхдээ таатай байна.

АТГ-ын дарга, тэргүүн комиссар​ Х.Энхжаргалын намтар

1964 онд Улаанбаатар хотод төрсөн.

1972-1982 онд ерөнхий боловсролын сургууль, 1982-1987 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр, 1995-1996 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг Төрийн удирдлагын менежерээр тус тус дүүргэсэн.

Хууль эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан.

1987-1992 онд Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст өмчийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 1992-1996 онд Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст Эдийн засгийн ахлах төлөөлөгч, 1996-2008 онд Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дарга, 2008 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, 2008-2012 онд Замын цагдаагийн газрын дарга, 2015-2016 онд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн даргаар тус тус ажиллаж байсан.

2016 оны долдугаар сарын 8-ны өдрийн Улсын Их Хурлын тогтоолоор Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдон ажиллаж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Иргэдийн архи, согтууруулах ундааны хэрэглээг хэрхэн бууруулах боломжтой вэ?
Нийт 77 санал өгсөн байна.

Дээшээ