Замын цагдаа нарыг амны хаалт, шүгэлтэй дохиураар хангах хэрэгтэй


2017-01-12 17:25 GMT+8

Замын цагдаа тэр дундаа зохицуулалт хийдэг цагдаа нарыг шүүлтүүртэй амны хаалт, шүгэлтэй дохиураар хангах зөвлөмжийг өглөө.

Учир нь замын зохицуулагч цагдаа нар автотээврээс үүдэлтэй агаар бохирдуулагчдад өртөж байна. Түүнчлэн агаар бохирлуулагч бодисууд тэдний эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй аж.

Энэ дүгнэлтийг гаргасан судалгааг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулиас хийсэн байна.

“Улаанбаатар хотын замын цагдаагийн агаарын бохирдлын өртөлтийн судалгаа”-ны үр дүнд цагдаа нарын зам дээр зогсож, зохицуулалт хийж буй цагийг багасгах, хувь хүний агаарын бохирдлын өртөлтийг үнэлэх зорилгоор эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах хэрэгтэй гэсэн санал, зөвлөмжийг гаргажээ.

Цагдаа нарын зам дээр зогсож, зохицуулалт хийж буй цагийг багасгах, эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулахыг зөвлөв

Судалгааны сорьцийг 2013 оны 7-9-р сард зохицуулагч 40, оффист ажилладаг 15 цагдааг хамруулан цуглуулсан байна. Ингэхдээ зургаан дүүргийн хөдөлгөөний ачаалал ихтэй зам болон уулзваруудад ажиллаж буй цагдаа нарт тусгай агаар сорох шахуурга бүхий үүргэвчийг үүрүүлсэн байна.

Зуны улиралд авсан судалгааны дүнд нарийн ширхэгт тоосонцорын дундаж агууламж зохицуулагч цагдаа нарт 110.8 мкг/м3 байсан бол оффисийн цагдаад 45.7 мк/м3 байжээ. хамгийн их нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ зохицуулагч цагдаад 666 мк/м3 тодорхойлогдсон байна. Үүнээс гадна цулцанд нэвтэрсэн тоос, азотын давхар исэл, хөө, нүүрстөрөгчийн дутуу исэл мөн л зам дээр ажилладаг цагдаа нарт илүү гарсан байна.

Замын цагдаа нар хоёр ээлжээр ажилладаг. 07.00-15.00, 15.00-22.00 гэсэн цагийн хуваарьтай. Харин баяр ёслол, онцгой үед тушаалаар ажилладаг тул энэ цаг уртасдаг байна. Дээрх судалгааг дулааны улиралд хийхэд замын цагдаа нарын бохирдолд өртөж буй хэмжээ жирийн ажилчдаас хоёр дахин их гарсан байна. Өвлийн улиралд энэ тоо бүр өснө. Судалгааны баг цаашид өвлийн улиралд замын цагдаа нарын агаарын бохирдолд өртөлтийн судалгааг хийхээр төлөвлөсөн гэдгийг судалгааны багийн гишүүн доктор, профессор Э.Эрдэнэчимэг хэлсэн юм.

Гэрэл зургийн эх сурвалж: Замын цагдаагийн алба

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?
Нийт 236 санал өгсөн байна.

Дээшээ