Л.Болд: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг МАН өөрийн нэр дэвшигчдээ зориулж батлах гэж байна


2017-01-12 17:50 GMT+8

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болон бусад намын төлөөллүүд оролцож, санал бодлоо илэрхийллээ.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуультай танилцаж, уншиж амжаагүй байхад чуулганы хуралдаанаар батлах гэж улайран дайрч байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг бид ажлын хэсэг, байнгын хороо, УИХ-ын чуулганд танилцуулна” гэлээ.

МАН-ын бүлэг нийтдээ 94 зүйл, заалтыг өөрчилсөн хуулийн төслийг оруулж ирсэн. Сонгуулийн тухай хуулийг салгаж Ерөнхийлөгчийн сонгуульд зориулан боловсруулж байгаа нь цаанаа учир шалтгаантай. МАН-ын бүлэг 65-уулаа нийлж байгаад Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлах зорилгоо хэрэгжүүлэх гэж байна.

МАН-аас нэр дэвших хүндээ зориулж батлах гэж байна гэсэн хардлага бидэнд бий. Иймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг олон нийтийн анхааралд хүргэхийн тулд өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж буй гэдгийг АН-ын бүлгийн гишүүд онцоллоо.

Хэлэлцүүлэгт оролцсон улс төрийн намуудын төлөөлөл хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр: МАН Ерөнхийлөгчийн сонгуулийг дангаараа удирдан зохион байгуулахаар дайрч байна

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг манай нам Удирдах зөвлөл, Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хороогоор хэлэлцээгүй байгаа. МАН хар хайрцаг, сонгуулийн санал хураалтын талаар өнгөрсөн дөрвөн жил шоу хийсэн. Харин одоо Ерөнхийлөгчийн сонгуулийг дангаараа удирдан зохион байгуулахаар дайрч байна.

УИХ-д өргөн барьсан хуулийн төсөлд СЕХ, аймаг, сумын сонгуулийн хорооны хүмүүсийг босоо тогтолцоогоор дээрээс нь томилох юм байна. Ингэснээр МАН-ын хүмүүс сонгуулийг зохион байгуулна гэсэн үг. Төрийг хууль бусаар авах ажиллагаа сонгуульд ажиллаж байгаа хүмүүсээс эхэлдэг. Иймээс эдгээр хүмүүст оноох хариуцлагыг өндөрсгөж өгөх хэрэгтэй гэсэн саналыг гаргаж байна.

Тусгаар тогтнол, эв нэгдэл намын дарга Г.Уянга: МАН Н.Энхбаяраас үхтлээ айж байна
-Манай АН-ынхан хүч хэрэглүүлэхийн зовлонг ойлгож байгаа нь сайн хэрэг. Өмнөх дөрвөн жил цөөнхүүд ямар зовлон эдэлж байсныг мэдэрч байгаа нь сайн хэрэг. Парламентад суудалтай, суудалгүй нам гэж сонгогчдыг ялгах хэрэггүй. Нэр дэвшилт өөрөө сонгогчдын шаардлагыг хангаж чадаж байна уу гэдэг нь чухал.

Одоогийн байдлаар парламентад суудалтай гурван нам бий. Гэхдээ хуульд оруулсан янз бүрийн заалтын улмаас Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр нам л нэр дэвших юм байна. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль нийт нэр дэвшигчийн төлөөлөл болж чадахгүй байна.

Өнгөрсөн сонгуулиар 1.9 сая хүн саналаа өгсөн. Үүний 300 гаруй мянга нь намын гишүүд, харин үлдсэн 1.6 сонгогчийн нэр дэвшилт шууд хаягдаж байна. Гэтэл МАН-ынхан Н.Энхбаяр гэдэг хүнээс үхтлээ айж байгаа юм байна. Энэ хүнийг нэр дэвшүүлэхгүй байх ёстой гэдэг айдас нэвт харагдаж байна. Сүүлийн зургаан сард эх орондоо амьдарсан гэдгээс илүү оффшор дансгүй байх зэрэг ёс зүйн шалгууруудыг яагаад тавьж болохгүй байна вэ.

Төрийн тэргүүнийг сонгох саналыг ил болгох хэрэгтэй. Энэ процессыг ил болгомоор байна. Иргэдийн хянах бололцоог хангасан заалтыг оруулж өгвөл том дэвшил болно. Өмнөх онуудад бид хоёр намаас л Ерөнхийлөгчөө сонгож ирсэн. Pepsi, Coca-Cola-ны сонголттой адил. Одоо намуудын биш бүлэглэлийн эрх ашгийг тодорхойлох сонгууль болж байна.

Хэрвээ АН ард түмний сонголтыг илэрхийлэх улс төрийн хүчин байж чадах юм бол Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Монголын нийгэм, улс төрийг өөрчилж чадах томоохон заалтуудыг оруулах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгуулийг авах гээд байгаа энэ бүлэглэл Эрдэнэтийг, Таван толгойг хамгаалж чадах уу. Ийм том асуултад АН хариулж чадах уу.

Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч: Одоо АН-д итгэл үнэмшил үзүүлж болохгүй
-АН ард түмнээр дүнгээ тавиулсан. 2015 онд би АН-ын авслах цаг нь болжээ гэж хэлж байсан. Яагаад гэвэл энэ нам итгэл үнэмшлээ алдсан. АН одоо намын даргад 250 сая төгрөгийн хандив өгсөн хүмүүсийг нэр дэвшүүлж байна. Баян хүнийг намын даргаар сонгох юм уу.

Та нар ард түмний төлөөлөл биш шүү дээ. Монголын ард түмний 0.5 хувь нь баян хүмүүс биш. Та нар нэр хүндээ алдсан. Тиймээс МҮАН юм уу ТТЭНН-д нэгдэх гэх мэтчилэнгээр өөрсдийгөө өөрчлөх арга бод. Тэгэхгүйгээр Монголын ард түмнийг төлөөлж чадахгүй. Энэ мэт арга хэмжээ зохион байгуулахаа болиод 1990 оны шинэ үзэл санаа, ардчилсан үзэл суртлаа эргүүлэн олж ав. Одоо та нарт итгэл үнэмшил үзүүлж болохгүй. Та нарын дүн тавигдсан. МАН юу хийхийг хараад сууж байхаас өөр арга байхгүй.

УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль гэж тусдаа хууль өргөн барих шаардлагагүй байсан
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль гэж тусдаа хууль өргөн барих нь шаардлагагүй гэж үзэж байна. Хуулийн төслийг уншихаар сайжруулсан зохицуулалт алга. Харин МАН өөрийн нэр дэвших хүндээ зориулсан, бусад намаас нэр дэвших боломжуудыг хаасан, Үндсэн хуульд заасан шалгууруудаас илүү шаардлагуудыг тусгасан ийм хуулийн төслийг оруулж ирсэн.

МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл: Ерөнхийлөгчийн хуулийг УИХ, орон нутгийн сонгуулиас өөр хуулиар явуулах нь зөв

Ерөнхийлөгчийн статусыг нэр хүндтэй байлгахын тулд УИХ болон орон нутгийн сонгуулиас өөр хуулиар явуулах нь зөв. Хуулийн төсөлд Үндсэн хуулийн заалтуудыг оруулсан байсан. Нэр дэвшигчийн насны хязгаар, эх орондоо байсан хугацаа зэрэг нь бүгд л Үндсэн хуульд байгаа заалт.

Тэгэхээр аль нэг намын төлөө боловсруулсан төсөл гэж хэлж болохгүй. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй л бол энэ хууль ийм байхаас өөр арга байхгүй. Манай намын хувьд Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа. Үндсэн хуулийг өөрчлөөгүй бол одоо хэн ч Ерөнхийлөгч болсон нийгэм, эдийн засгийн амьдралд ахиц, дэвшил гарахгүй гэж байр сууриа илэрхийлэв. 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир
 

GoGo Facebook Хуудас
 
 
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд сэтгэл санааны хохирол тооцох зохицуулалтыг тусгах шаардлагатай юу?
Нийт 1489 санал өгсөн байна.

Дээшээ