Тэрбум тэрбумыг зарцуулсан ч утаа улам өтгөрөв

Сэтгүүлч Э.Энхмаа

2017-01-21 11:37 GMT+8


Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад сүүлийн таван жилд улсын болон хотын төсөв, олон улсын байгууллагуудын зээл, тусламжаар 130 тэрбум төгрөг зарцуулжээ. Утаанд үр дүнтэй, үргүй зарцуулсан мөнгөний тухай толгой эргэм зөрүүтэй тоо байх авч бид БОНХАЖЯ-ны тайланд тусгасан тоог иш үндэс болголоо.

Дээрх 130 тэрбумаас гадна УИХ-ын гишүүн Д.Батзориг Монголын Мянганы сорилтын сангийн ”Цэвэр агаар” төслийн  33 сая долларыг хэрхэн зарцуулсан задаргаатай танилцах хүсэлтээ тавьсан байна лээ. Энэ төсөл 2009 оноос эхлэн хэрэгжсэн бөгөөд ам.долларын тухайн үеийн ханшаар тооцоход 55-56 тэрбум төгрөг болох юм.

Байгаль орчны яам, хотын архиваас ч 33 сая долларын зарцуулалтын тайлан олдохгүй байгаа  тухай тус яамны мэргэжилтэн ярьсан. Ор сураггүй алга болсон энэ мөнгөн дүнг оруулж тооцвол утааг бууруулахад сүүлийн таван жилд бараг 200 тэрбум төгрөг зарцуулжээ.

Тэрбум тэрбумыг зараад ч байдал дээрдсэнгүй Улаанбаатар дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудыг тэргүүлсээр байна.

Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Зүүнсалаа, Баруунсалаа, Толгойт, Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга орчимд хүний эрүүл мэндэд нэн хортой нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ өглөө, оройдоо 3000 буюу гамшгийн түвшинд хүрч байна.

Гадаа ч, гэртээ ч хорт хийгээр утуулж байснаа утааны голомтод суугаа иргэд сая мэдэв.

ДЭМБ-ын судалгаагаар нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ нэг ам.метр талбайд 501 хүртэлх түвшинд байвал хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг хэмээн гаргасан стандартаас даруй зургаа дахин их байгаа юм. Агаар дахь нарийн ширхэгт тоосонцор нь ургийн өсөлтийг бууруулдаг болохыг АШУҮИС-ийн багш, анагаах ухааны доктор Г.Энхжаргалын судалгааны эхний үр дүнгүүд батлаад өгч байна.


Түүний судалгаагаар гэр сууцанд амьдардаг, гэртээ агаар цэвэршүүлэгч хэрэглэсэн хугацаандаа төрсөн ээжүүдийн хүүхдийн жин 80 грамм их, урт нь дөрвөн см  илүү байжээ. Гэртээ агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авсан ээжээс төрсөн нярайн биед ийм эерэг нөлөө гарчээ.

Судлаач 2014-2015 онд цуглуулсан мэдээлэлдээ үндэслэн хийж буй энэ судалгаагаа үргэлжлүүлэн нарийн дүн шинжилгээ хийж байгаа юм.

Агаарын бохирдол амьсгалын замын үрэвсэлт өвчин, багтраа, зүрх судасны өвчлөлд хүргэж, нас баралтад нөлөөлж буй нь Улаанбаатар хотын иргэдийн хувьд шинэ мэдээ биш. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол ургийн эрт үеийн өсөлтөд нөлөөлж, ураг өсөлтгүй болох, дутуу төрөх, жирэмсэн үедээ жин багатай байхад нөлөөж байна.

ТӨР ЗАСАГ ЮУ ХИЙВ?

2011 онд Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулснаас хойш өнөөг хүртэл хэд хэдэн арга хэмжээ авснаас хамгийн гол анхаарал хандуулсан ажил нь утаагүй зуух. Олон улсын байгууллагуудын төслүүд, Цэвэр агаар сан, Улсын төсвийн хөрөнгөөр сайжруулсан 175 мянга 618 зуух тараасан. Айлууд бүгд утаагүй зуухаа хэрэглэсэн, эсэхийг мэдэхгүй ч энэ нь гэр хорооллын нийт өрхийн 97.6 хувийг хамарсан гэж албан ёсны тайланд тусгасан байна. Нийтээрээ утаагүй зуух галлаад байхад утаа улам өтгөрсөн нь бодит үнэн билээ.

Утаагүй зуух хэрэглэснээр агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулсан гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг ч бохирдол улам ихсэж, хотын төвд ч нүүрсний нүүгэлтсэн утаа хоолой хорсгоно.

Сөүлийн Үндэсний их сургуулийн багш, шинжлэх ухааны доктор Кюонг Лий Улаанбаатарт ирж, утаагүй зуухтай айлуудын гэр доторх агаарын бохирдлыг судалжээ. Утаагүй зуух гадаах агаарт бохирдол бага үүсгэдэг байж болох ч гэр доторх агаарыг муутгадаг гэсэн хэний ч төсөөлөөгүй дүгнэлтийг хийгээдэхэв. Гадаа ч, гэртээ ч хорт хийгээр утуулж байснаа утааны голомтод суугаа иргэд сая мэдэв.

УТААТАЙ ХИЙХ ТЭМЦЭЛ УЛАМ ЯРВИГТАЙ БОЛОВ

Агаарын бохирдлыг бууруулахын тулд улс орны эдийн засаг өсөлттэй байх үеийнх шиг тэрбум тэрбумаар юүлэх хөрөнгө мөнгө алга. Энэ жилийн тухайд улс, хотын төсөв нийлээд утаанд 8.2 тэрбум төгрөг зарцуулна. Сүүлийн таван жилд зарцуулсан нийт төсвийн дунджаас тав дахин бага мөнгөөр өмнөхөөс илүү өтгөн утаатай тэмцэх амаргүй даваанд тулав.

Засгийн газар 2017 онд агаарын бохирдлыг бууруулахад таван тэрбум төгрөг төсөвлөж, юунд зарцуулахаа ч тодорхой болгожээ. Шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шөнийн цахилгааныг тэглэхэд төсвийн 70 хувь нь яваад өгнө. Үр дүн муутай болох нь хэнд ч ойлгомжтой харагдсан утаагүй зууханд дахин 450 сая төгрөг төсөвлөжээ. Таван тэрбум төгрөгийг таван хэсэгт хэрхэн хуваарилсныг Та доорх инфографикаас харна уу.

Харин хотын захиргаа 3.2 тэрбум төгрөгөөр ямар ажил хийх гэж буйгаа өнөө хэр нь шийдээгүй байна. 

Хотын удирдлагууд 3.2 тэрбум төгрөгөөр ямар ажил хийх гэж буйгаа өнөө хэр нь шийдээгүй байна.

Утаа улам хүчээ авч, хүүхэд, хөгшид агаарын бохирдлын гүн хордлогод орсон энэ үед яаралтай арга хэмжээ авахын оронд төсвөө хав даран суусаар байх хотын удирдлагууд хачирхал төрүүлнэ.

Утаа улам ихсэж, хүүхэд, хөгшдийн өвчлөл дээд цэгтээ хүрлээ. Улаанбаатар хотын иргэд эмийн санд дугаарлаж, хор болох эмийг хоол унд шиг хэрэглэж байна. Аргаа барсан аав, ээжүүд утааны эсрэг дуу хоолойгоо хүргэхээр холбоо байгуулан тэмцэж эхэллээ.

Жагслаа гээд утаа буурахгүй ч 20 жил хорт хийгээр утуулсныхаа дараа иргэд сая дуу хоолойгоо хүргэж, төр засагт шаардлага хүргүүлж байгаа юм. Үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө тэмцэж, “Боож үхлээ” хэмээн бухимдлаа илэрхийлж байна.

ГАРЦ ШИЙДЭЛ НЬ ЮУ ВЭ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, агаарын бохирдол гамшгийн түвшинд хүрснийг хүлээн зөвшөөрч, онцгой байдал зарлалаа. Гамшгийн бүс зарлаж, нүүлгэн шилжүүлэх хүртэл арга хэмжээг авах, хууль эрхзүйн орчноо сайжруулах зөвлөмжийг албаны хүмүүст нь өглөө.

Ерөнхий сайд цахилгаанаар гэрээ халаахыг уриалж, гэр хорооллын иргэдийн шөнийн цахилгааныг тэглэв. Эрчим хүчний шөнийн хэрэглээ хэрхэн нэмэгдсэн, агаарын бохирдолд эерэгээр нөлөөлж, зорилгодоо хүрч чадсан, эсэх эхний дүгнэлт удахгүй гарна.

Хотын дарга С.Батболд ирэх оныг хүртэл гэрээ ачаалаад хот руу шилжиж ирэхийг хориглолоо. Агаарыг бохирдуулагч гол эх үүсвэр нь гэр хороолол учир яндангийн тоог нэмэгдүүлэхгүй байх хатуу бодлого бариад үзэхээр шийдэв. Үр дүн нь хойтон жилээс л мэдэгдэнэ.

Аль эрт 10 гаруй жилийн өмнөөс утааг бууруулах талаар ярьж, тэрбум тэрбумаар зарцуулсан ч оновчтой бодлого, хөрөнгө оруулалт болж чадалгүй өнөөг хүрэв. Ирэх жилүүдэд татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулахыг харж, амжилтгүй туршилтуудын золиос болохыг ард түмэн хүлээн зөвшөөрч тэвчихгүй. 

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 791 санал өгсөн байна.

Дээшээ