Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой тохиож байна. Эл өдөр Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн улс болохоо Үүндсэн хуулиараа баталгаажуулсан юм. Энэхүү түүхэн үйл явдлын гэрч, Үндсэн хуулийг батлалцсан олон депутатын нэг, УИХ-ын гишүүн асан Т.Очирхүүтэй ярилцлаа.
Ардчилсан засгийг бэхжүүлэхэд Үндсэн хууль чухал үүрэг гүйцэтгэсэн. Шинэ засгийн шинэ хууль тухайн үеийн монголчуудын амьдралд ямар нөлөө үзүүлсэн талаар Та ямар бодолтой явдаг вэ?
-Монголчуудын амьдралд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Эрс өөрчлөлт дагуулсан хууль ч гэж хэлж болно. Монгол Улсыг өөрчлөх шинэ үзэл баримтлал, зарчмууд Үндсэн хуульд тусгагдсан. Бид хүний эрхийг дээдэлсэн нийгэм байгуулахыг зорьсон. Хууль тогтоох байгууллага, шударга шүүхийн тогтолцоог болон орон нутгийн захиргаа, өөрөө удирдах ёсыг бий болгохыг зорьсон. Эдгээр бүх зорилго өнөөдөр хэдийнэ бий болсон байна.
-Тухайн үед Үндсэн хуулийг хэрхэн баталж байв? Энэ үйл хэрэгт оролцож байсан хүмүүсийн талаар дурдвал.
-Шинэ хуулийг батлахын тулд хоёр жил ажилласан. Судалгаа явагдсан. Дэлхийн олон орны хууль, материал үзэж өөрийн хөрсөнд буулгахыг хичээсэн. Үүний үр дүнд Үндсэн хуулиар мэргэшсэн эрдэмтэд, хуульчид Монгол Улсын Үндсэн хуулийг шилдэг хуулиудын нэг гэж дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг.
Их хурлын Тамгын газрынхан, хуульч, эдийн засагч зэрэг олон хүн энэ хуулийг батлахад оролцсон. Тэр үед депутатууд Ерөнхийлөгчийн эсвэл Парламентын засаглалын аль нэгийг сонгох сонголттой тулгарч байлаа. Ерөнхийлөгчийн засаглал ардчилсан засаглал мөн. Гэхдээ бид тухайн үед нэг хүний засаглал руу “хальтирчих вий” гэж болгоомжилж, Парламентын засаглалтай болохоор шийдэж байлаа. Мөн энд нэг зүйлийг дурьдах шаардлагатай.
Хууль батлалцсан 430 депутат бол шилдэг хүмүүс байсан.Тэдэнд ямар нэгэн хувийн, хэсэг бүлгийн эрх ашиг байгаагүй. Тэд зөвхөн эх орныхоо дуудлагаар цугласан жинхэнэ эх орончид байсан юм. Эдгээр хүний дунд малчин, бөх, лам, яруу найрагч, эмэгтэйчүүдийн төлөөлөл, сэхээтэн гээд нийгмийн бүх л салбарын хүмүүс байсан. Тиймдээ ч энэ хууль жинхэнэ хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн сайн хууль болж чадсан юм.
-Хуулийн амин сүнс юунд оршдог вэ?
-Хууль гэдэг бол төрийн эрх мэдлийн хуваарилалт юм. Энд л хуулийн амин сүнс оршиж байдаг. Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн хуваарилалтыг зааж өгсөнд хуулийн амин сүнс оршино.
-1992 онд батлагдсан Үндсэн хуулийг сайн хууль болсон гэж дүгнэдэг. Тэгвэл засах, залруулах зүйл байгаа юу?
-Сайн ч хууль, тиймдээ ч түүхэн үүргээ сайн биелүүлсэн. Гэхдээ өнөөгийн хуулийг шинэчлэх хэрэгтэй гэж би боддог. Шинэ залуу үе юу хүсэж байна, тэр хүсэл зорилгыг илэрхийлсэн хөгжлийн шинэ зорилт гарч ирж байна. Энэхүү зорилтыг биелүүлэхэд шинэ Үндсэн хууль суурь нь болж өгөх учиртай юм.
Түүхийг эргэж харахад монголчууд 20-30 жил тутамд хуулиа өөрчилж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, улс орны хөгжлийн шинэ зорилт дэвшүүлээд түүндээ хүрэхийн тулд хуулиа өөрчилж ирсэн байдаг. 1924 онд анхны хууль батлагдсан. Үүнээс 20 жилийн дараа буюу 1940 онд дараагийн хууль гэх мэтчилэн. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа үнэт зүйлсээ алдагдуулалгүй өөрчлөх хэрэгтэй.
-Хууль тогтвортой байх нь зөв гэдэг. Үндсэн хуульд байнга өөрчлөлт оруулаад байх нь зөв үү?
-Үндсэн хууль тогтвортой байх нь зөв. Хүмүүс АНУ-ын үндсэн хуулийг тогтвортой байдаг гэдэг. Гэтэл АНУ-ын Үндсэн хуульд олон нэмэлт заалт орсноор нийгмийн олон талт харилцааг зохицуулах боломжтой болсон. Нийгэм, нийгмийн сэтгэлгээ байнга өөрчлөгддөг тул нийгмийн харилцааг зохицуулдаг хууль ч өөрчлөгдөж, шинэчлэгдэж явах учиртай. Хэдийд Үндсэн хууль тогтвортой болох вэ гэвэл нийгэмд баян, ядуугийн ялгаа байхгүй, чинээлэг дундаж давхаргатай, тэгш шударга ёс тогтсон цагт энэ хууль тогтвортой болно.
-Хуулийн дээр тэнгэр л байх учиртай гэсэн үг бий. Гэтэл өнөөгийн манай нийгэмд хуулиас ч дээгүүр эрх мэдэлтэй хүмүүс гарч иржээ. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Үндсэн хуульд заасан тогтолцоог бататгах биш эвдэж байгаа хүмүүс бий. Эдгээр хүнтэй хариуцлага тооцох учиртай. Шүүх, гүйцэтгэх засаглал бол хууль тогтоох байгууллагын нөгөө хоёр салаа нь. Энэ хоёр цэвэр тунгалаг, үнэнийг эрхэмлэж байж хууль сая шударгаар хэрэгжинэ. Энэ 25 жилийн хугацаанд миний ойлгосон хоёр зүйл бий.
Хуулийг биелүүлэхэд хоёр зүйл чухал хэрэгтэй юм байна. Эхнийх нь хуулийг ойлгох, хүндэтгэх, мөрдөх. Өөрөөр хэлбэл, хуулийн талаар мэдээлэлтэй байх. Хоёрдугаарт, тухайн иргэн, хуулийн этгээдэд хуулиа дээдлэх соёл, ухамсар байх хэрэгтэй. Хувь хүн ч, албан байгууллага ч тэр хуулийнхаа дагуу үйл ажиллагаа явуулах хэрэгтэй.
-Таны хувьд өнгөрсөн хугацаанд батлагдсан хамгийн цоорхойтой хууль ямар хууль байв?
-Төгс хууль гэж байхгүй. Хууль баталж буй хүмүүс ч аль болох цоорхойгүй хууль батлахыг хичээдэг. Гэхдээ ямар ч сайн хуулиас цоорхой олддог. Аль ч улсад тийм л байна. Цаг хугацааны хүчин зүйлээр цоорхой үүсэх тохиолдол ч бий. Гол төлөв татварын асуудал дээр цоорхой гарч ирдэг. Байнгын ажиллагаатай парламентын нэг гол үүрэг бол тухайн цоорхойг нь тэр даруй нөхөхөд оршино. 1996 онд баталсан Дампуурлын тухай хууль, Хадгаламж зээлийн хоршооны хууль зэрэг хуулийг бага зэрэг алдаатай болсон гэж хувьдаа дүгнэдэг.
-Төр дор хууль, түмэнд ёс бий гэж үг байдаг. Өнөөгийн Монголын хууль зөөлдөөд байна уу даа. Хууль хатуу байвал дээр үү, зөөлөн байх нь дээр үү?
-Зөөлөндөө зөөлөн, хатуурхах үедээ хатуу байх ёстой. Хөгжилд хүрсэн улсуудыг харахад засаглалын хатуу чанга хуультай байж л хөгжилд хүрсэн байдаг. Энэ аль ч үндэстэнд адилхан. Хууль хатуу, дэг журамтай байж сая хөгжилд хүрдэг. Өнөөгийн задарсан нийгмийг хатуу чанга гэхдээ зөв хууль, дүрмээр эмх замбараанд оруулах хэрэгтэй байна.
-Дээд, доод парламентын талаар хүмүүс санаа оноо хэлдэг. Харин Та ямар бодолтой явдаг вэ?
-Сонгодог хэлбэр лүү явах нь зүйтэй. Тэр зөв.
-Та УИХ-ын гишүүн, сайд ч байсан хүн. Тиймээс эдийн засгийн хямралын талаар асуухгүй байж болохгүй байна. Эдийн засгийн хямралын шалтгаан юу байв, хэдий хугацаанд үргэлжилнэ гэж харж байна вэ?
-Өнөөгийн эдийн засаг бидний үеийнхээс томорсон. Бидний үед ч хямрал тохиолддог байсан. Харин одоо эдийн засаг томрохыг дагалдаад хямрал ч удаан үргэлжилдэг болсон байна. Өнөөгийн хямрал гадаад, дотоод хоёр хүчин зүйлээс үүссэн. Гадаад хүчин зүйл нь дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасантай холбоотой. Мөн экспортын бүтээгдэхүүний үнэ ч унасан. Харин дотоод шалтгаан нь бидэнтэй шууд холбоотой.
Эдийн засгийн өсөлтийн бодлогоо буруу барьж, хуулиа тогтвортой барьж чадаагүйгээс хөрөнгө оруулагчид үргэсэн. Харамсалтай нь энэхүү буруу шийдвэрийн балгийг булт олноороо өнөөдөр амсаж байна. Ард түмэн үүрч байна.
-Манай улс хямралаас хэдий хугацааны дараа гарах бол?
-Ерөнхий сайд 18 сарын дотор хямралыг давна гэж ярьсан. Цагийн өнгийг харахад том төслүүд хөдөлгөөнд орж, түүхий эдийн үнэ өссөнтэй холбоотой Засгийн газрын тэргүүний ярьж буй зүйл бодитой, биелэх байх гэж хувьдаа бодож байна. Харин гадны банк санхүүгийн байгууллага хямрал гурван жил үргэлжилнэ гэсэн. Альных нь үнэн бодитой эсэхийг цаг хугацаа л харуулна. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг гадны байгууллагуудын дүгнэлт алдсан байгаасай л гэж найдъя.
Миний хувьд энэ онд байдал нэлээд хүндрэлтэй, харин 2018 оноос хямралаас гараад явна гэж харж байна.
Манай төр, засгаас тодорхой арга хэмжээнүүдийг авч байна. Олон улсын валютын санг эртхэн оруулж ирэх хэрэгтэй. Олон улсын вальютын сан шиг асуудлыг цогцоор нь хардаг байгууллага дэлхийд байдаггүй.
-Хямралтай зэрэгцээд өрийн асуудлууд бас хүндрэл үүсгэж байна. Өр төлөх хугацаа тулчихсан нь бас л том дарамт. Монгол Улс өрөө хугацаанд нь төлж дийлэх үү гээд л гадныхан харж суугаа?
-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өр дарах хөрөнгийн эх үүсвэрээ олсон гэж байна билээ. Өрийг хугацаанд нь дарж чадна гэж би бодож байна. Шинэ Засгийн газрыг удаан байна гэж шүүмжилдэг. Намайг Түлш,эрчим хүчний сайдаар ажиллаж байх үеийн манай Засгийн газар аравдугаар сард бүрдэж байсан. Харин энэ Засгийн газар есдүгээр сар гэхэд ажилдаа хэдийнэ орчихсон ажиллаж байсан шүү дээ. Энэ бол хурдтай ажиллаж буйг харуулж байна. Эдийн засгийн хүндрэл тийм ч удаан үргэлжлэхгүй. Би одоогийн Засгийн газрыг хямралыг давж гарч чадна гэж харж байгаа.
М.Билгүүн