Л.Бат-Өлзий: Нийслэлийн удирдлагууд л дэмжвэл хөрөнгө оруулалт орж ирэхэд бэлэн

Mongolian economy

2017-01-31 09:20 GMT+8

Улаанбаатарчууд бид утаанаас гадна хогоор дүүрэн хотод амьдардаг.  Утаа униар, хөрсний бохирдол, ус гээд нийслэлд тулгарч буй олон асуудал байна. Бас нэг том асуудал бол хог. Хогоор баялаг нийслэл гэвэл дэлхийн улс орнуудаас Улаанбаатар тэргүүлнэ. Монголчууд Японд очоод гудамжнаас нь хогоо хайгаад байдаг тухай ярьдаг. Манай нийслэлийн хаа сайгүй л хог байж л байдаг шүү дээ. Газар дээрх манай “баялаг” юм даа. Гэхдээ хогийг жинхэнэ ашигтай, хэрэгтэй баялаг болгож болох бодлогыг гадны орнууд хэдийнэ хэрэгжүүлчихсэн байдаг. Энэ нь хогийг эрчим хүч болгох үйлдвэрлэл юм.

Улаанбаатар хотноо амьдарч буй 1.5 сая орчим иргэн өдөр бүр хэдэн зуун тонн хог ялгаруулан амьдарч байна. Харин бид энэ “баялгийг” зөвхөн устгах л арга хэрэглэж байгааг гадны мэргэжилтнүүд шүүмжилдэг. Уг нь хог хаягдлыг боловсруулаад цахилгаан болгоод эргээд эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглавал эрчим хүчний дутагдалтай нийслэлд хөгжлийн том боломж авчирна гэж тэд үздэг. Хотын захиргаанаас хот тойрсон гурван том хогийн цэгээр дамжуулан хог хаягдлыг шууд булах аргаар устгалд оруулдаг байна. 

Энэ нь ойролцоогоор нийт хог хаягдлын 90 орчим хувийг эзэлж буй бөгөөд хөрсний бохирдолтын асуудлыг хурцаар хөндөхөд хүргээд байгаа юм. Мэргэжилтнүүдийн хэлснээр бол нийт хог хаягдлын 2-3 хувийг нь булах аргаар устгаж, 90-ээс дээш хувийг дахин боловсруулах боломжтой аж. Нийслэлээр дүүрэн хогийг цахилгаан болгох чиглэлд олон компани ажиллаж байгаа бөгөөд тэдний нэг нь “Эко-Парк” юм. Тус компанийн гүйцэтгэх захирал, “Эко-Парк” төслийн ерөнхий зохицуулагч, “Сектех” группын ерөнхийлөгч Л.Бат-Өлзийтэй энэ тухай ярилцлаа.

“Эко-Парк” төсөл хэрэгжсэнээр 1000 орчим ажлын байр шинээр бий болно

-“Эко парк” төслийг эхлүүлэх болсон гол хүчин зүйл юу байв. Эндээс ярилцлагаа эхлэх үү?
-Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд “Монгол хүн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдарна” гэсэн заалт бий. Гэтэл хүн амынх нь 50 гаруй хувь амьдарч буй Улаанбаатар хот жилдээ 1.4 сая орчим тонн хог хаядаг. Үүний нэг сая орчим нь Улаанбаатар хотын хог хаягдлын гурван цэг болох Цагаан даваа, Нарангийн энгэр, Морингийн даваа гэсэн газруудад шууд булах аргаар устгалд орж байна.

Түүнчлэн тэнд 200 орчим хүн хог хаягдлаас түүхий эд түүж, борлуулан аж амьдралаа залгуулан амьдардаг. Энэ хогын цэгүүд хүрээгээ улам л тэлж байгаа. Харин миний ярьж буй энэ төсөлд хогийн цэг гэгдэж буй тухайн орчинд эко парк байгуулах юм.

Ингэснээр хог хаягдлыг ангилан, дахин боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн үг. Бид уг асуудлаар өнгөрсөн дөрвөн жилд Нийслэлийн удирдлагуудтай уйгагүй ярилцсаны эцэст эхний ээлжид парк байгуулах газраа авсан. Мөн хог хаягдлыг дахин боловсруулдаг 17 хувийн компаниуд хамтраад “Эко парк-Улаанбаатар” төсөл хийж, нэгдсэн компани байгуулсан юм.
 
-“Эко парк” байгуулах газраа авсан гэж хэллээ. Тэгэхээр тэнд үйлдвэрээ байгуулаад хог хаягдлыг дахин боловсруулж бүтээгдэхүүн гаргана гэсэн үг. Ер нь ямар төрлийн бүтээгдэхүүн гарган авах боломжтой вэ?
-Бид төслөө эхлэхээс өмнө жил бүр хаядаг 1.4 сая тонн хог хаанаас гарч ирдэг тухай судалгаа хийсэн. Улаанбаатар хот 2006-2007 онд Японы Жайка байгууллагаар хог хаягдлын менежмент судалгааг хийлгэж, үндэслэлийг нь тогтоосон байдаг. Түүнээс хойш энэ чиглэлд ямар нэгэн судалгаа хийгдээгүй. Харин манай байгууллага 2015, 2016 онуудад “Интэр консалтинг” компаниар ТЭЗҮ хийлгээд үзэхэд 43 орчим нэр төрлийн хог хаягдал байгаа нь тогтоогдсон. Үүний 33 төрлийг нь дахин боловсруулах боломжтой, үлдсэнийг нь боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Дахин боловсруулж болох нэр төрлийн хогийг манай төслийн гишүүн байгууллагууд дахин боловсруулж нэлээд бүтээгдэхүүн гаргаж байна.

Тухайлбал, био дизель, машины хаягдал тосноос дизелийн түлш, хаягдал аккулямтороос хар тугалга боловсруулж, Хятад улс руу экспортолж, бас дотроос нь гардаг хүчлийг саармагжуулаад Эрдэнэтийн зэсийн үйлдвэрүүдэд өгч байна.Гялгар уут, хуванцар савнуудыг ангилаад Улаанбаатар хотын гудамжнуудад сандал хийсэн. Энэ мэтчилэн ажлуудыг хувийн компаниуд дор бүрнээ хийж байна.

“Эко парк” төслийн хүрээнд Нарангийн энгэр 90 га, Цагаан даваанд 96 га газар авсан. Эдгээр газарт давхардсан тоогоор дахин боловсруулах үйлдвэр  20-ийг байгуулна. Ингээд Улаанбаатар хотоос гарах бүх хогийг ангилан ялгаад дахин боловсруулах боломжтойг нь салбар компаниуд бүтээгдэхүүн боловсруулна. Харин боломжгүй хог хаягдлыг нь шатааж эрчим хүч үйлдвэрлэх юм. Ингэснээр шууд булж буй хог хаягдал 90-ээс дээш хувиар буурна гэж тооцсон.

-Хэдий хугацаанд вэ?
-“Эко парк” байгуулагдсан тохиолдолд дээрх үр дүнд шууд гарна. Түүнчлэн дахин боловсруулах боломжгүй хогоо шатаагаад, гарсан үнсээр нь явган замын хавтан хийнэ. Энэ нь бэхжилт сайтай, өвлийн улиралд мөс тогтохоос сэргийлэх юм. Үндсэндээ нийт хог хаягдлын 2-3 хувийг шууд булах аргаар л устгалд оруулна гэсэн үг.  Өнөөдөр бол 90 гаруй хувийг газарт булж байна шүү дээ.
 
-Та энэ ажлаа хэдийнээс ярьж, хийж эхэлсэн бэ. Гаднын туршлага судлав уу?
-Мэдээж гэнэтхэн ярьсан зүйл биш. Би л гэхэд хувийн бизнесийнхээ дөрвөн жилийг хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх олон улсын туршлагыг судлахад зарцуулсан. Дани, Швед, Герман, Хятад, Тайван, Япон, Солонгос, Сингапур зэрэг олон улсад очиж иргэд нь хогоо яаж хаядаг, ахуйн хогийг нь цааш нь ямар дамжлагаар дахин боловсруулдаг зэрэг бүх процессыг харж, судалсан.

Тухайлбал, Герман гэхэд л 1847 оноос хогоо дахин боловсруулсан байх жишээтэй. Манай компанитай хамтардаг Германы хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр 150 жилийн түүхтэй, дэлхий даяар 1600 гаруй дахин боловсруулах салбар үйлдвэртэй. Бид уг компанитай харилцаа тогтоож технологийг нь эх орондоо нутагшуулах тухай санамж бичиг байгуулсан. Сонгосон шалтгаан нь маш энгийн. Манайхан хогоо хаяхдаа ялгаж хаядаггүй учраас хуурай нойтон буюу холимог хог нэг уутанд байх нь элбэг. Үүнийг тэр бүрчлэн ялгах боломжгүй учраас холимог хогийг боловсруулах хамгийн сайн технологитой нь Герман улсын энэ компани байсан юм.

(Франц, Германы хог хаягдлаар эрчим хүч гаргах үйлдвэрийнхэнтэй туршлага солилцов. 2015)

-“Эко” парк байгуулагдсанаар хэд орчим ажлын байр бий болох боломжтой вэ ?
-Төсөл хэрэгжсэнээр шатаах үйлдвэр нь Нарангийн энгэрт, хүнсний болон органик хог хаягдлаар газ боловсруулах үйлдвэр нь Цагаан даваанд, үүн дээр нэмээд хаягдал яс, дугуй, тос, цаас, даавуу, гялгар уут, хатуу хуванцар, эмнэлгийн хог хаягдлыг боловсруулах нь дээрх хоёр цэгтээ хуваагдаад байрлах юм. Ингэснээр тогтмол 1000 орчим ажлын байр шинээр бий болно.

-Хогийн цэг дээр ажиллаж, хог түүж амьдардаг хүмүүс бий. Тэр хүмүүс яах вэ?
-Төсөлд тусгагдсанаар тэр хүмүүсийг ажлын байр болон амьдрах газраар хангахаар байгаа. Нарангийн энгэр болон Цагаан давааны хогын цэгүүдэд тус бүрд нь 50 айлын түр орон сууц барихаар төлөвлөсөн. Хамтрагч байгууллагуудын хүмүүс ч дээрх газруудад очиж, нөхцөл байдалтай танилцсаны үндсэнд ийм шийдвэр гаргасан. Нэг талдаа энэ нь манай төслийн нийгмийн хариуцлага юм.

-Манайхан хогийг ангилан ялгах тал дээр зуршил болоогүй. Хог л бол хог, нэг уутанд  байх ёстой гэсэн хандлагатай. Та бүхэн ямар арга хэмжээ авах вэ?
-Манай иргэд хогийг ялган ангилна гэдгийг тэр бүр мэддэггүй. Мэддэг ч уг үйлдэл нь төдийлөн зуршил болоогүй байдаг нь үнэн. Тийм учраас бид Германы туршлагыг нэвтрүүлэх бодолтой байгаа. Тэнд нэг айл, орон сууц гэхэд л дөрвөн төрлийн хог буюу хуурай, нойтон, шил, том оврын хогоо хийх савнуудтай. Үүнийхээ дагуу хогоо ангилан хийдэг. Яг үүнтэй адил Солонгос, Сингапур, Тайванийн хөгжил нь адилхан.

Улаанбаатар хотын 65 орчим сургууль, зарим аймагт дунд сургуулиудад нь “Эко” клуб гэж байгуулаад тухайн орчиндоо хоггүй орчинг үүсгэх, нэмээд хог хаягдлыг зөв ангилан боловсруулах арга зүйг суулгах ажлыг зохион байгуулж байна

-Манай улсад жилдээ маш олон төсөл хөтөлбөр хэрэгждэг. Эдгээрт сайн үр дүн гарсан ч, төлөвлөсөн хэмжээндээ хүрч чадаагүй ч бий. Эндээс харахад бид аливаа төслийн үр дүнд шууд анхаардаг шиг ажиглагддаг. Гэтэл зарим асуудал нь урт хугацааны дараа үр дүнгээ өгөх тохиолдол бий. Тэгэхээр ногоон хөгжил рүү хандсан нийгмийн сэтгэл зүйг өөрчлөхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Тухайлбал, миний насны хүмүүс аливаа асуудлыг эерэгээр хүлээж аваад өөрчилж чаддаг. Энэ нь хувийн хариуцлагатай болчихсон гэсэн үг. Гэтэл зарим хүмүүсийг харахаар хариуцлага гэдгээ мартаад миний эрх гэж хашхирч явдаг. Ийм нэг муу хүмүүжил нийгэмд маш их байна. Тийм учраас нийгмийн соёлын түвшинд асуудлыг дэвшүүлээд оновчтой аргыг хэрэглэхэд миний бодлоор таван жилийн дотор зөв ойлголтыг хэвшүүлж болох байх. Үүн дээр нэмээд нэг жишээ хэлэхэд, төслийнхөө асуудлаар Сингапурт туршлага судалж байх үед “Та бүхэн төслийнхөө сурталчилгааг хүүхдүүд рүү хандуулж хийгээрэй.

Яагаад гэвэл хогоо ингэж битгий хая гэж таны хүүхэд танд хэлбэл бусдын хэлснийг хүлээж авахаас хамаагүй илүү. Энэ бол туршигдсан үр дүн” гэж хэлсэн. Тэгэхээр хөндлөнгийн хүний үгийг сонсдоггүй хүнд хүүхэд нь зөвлөхөд илүү үр дүнтэй байдаг байна. Хүүхдүүд нь та хогоо битгий хая, хогоо ялгаж хая гэвэл том хүмүүс ичнэ ээ дээ.
 
-Хог хаягдлыг дахин боловсруулаад эрчим хүч гаргана гэлээ. Дэлгэрүүлж тайлбарлана уу.
-Ер нь олон улсын туршлагаас харахад хог хаягдалтай холбоотой асуудлыг Төр, хувийн хэвшлийн маш өндөр түншлэлд зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, төр нь 50, хувийн хэвшил нь 50 хувийг нь хариуцаад ажиллах зэргээр улс бүрт өөр өөр байна. Харин хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх нь бусад цахилгаан станцтай адил их хэмжээгээр үйлдвэрлэнэ гэсэн үг биш. Өдөрт 500 тонн хог шатаалаа гэж бодоход 18-20 мегаВаттын эрчим хүч гарна. Үүнийгээ хуулийн дагуу улсдаа эргүүлээд зарах хэлбэрээр менежментэд оруулах юм. Төслийн хөрөнгө оруулалтаа эргэн төлөх боломж нь эндээс бүрдэнэ. Энэ тухай төслийн ТЭЗҮ-д илүү нарийн тусгасан байгаа.

-Та энэ төслийг хэрэгжүүлэх гэж нэлээд хугацааг авчээ. Уг нь хөрөнгө оруулалт нь бэлэн, нийслэлд, хүмүүст хамгийн хэрэгтэй төсөл байх юм. Юун дээр гацаад байна вэ. Төрийн байгууллагууд дэмжихгүй байгаа юм уу. Нийслэлийн захиаргаа хамгийн түрүүнд л дэмжмээр юм?
-Миний мэдэж буйгаар хог хаягдлын асуудлыг гадаадын иргэд л түлхүү ярьж байгаа харагддаг. Жорж, эсвэл Ли, Ким овогтой хэн нэгэн гадаадын иргэн ирээд манай хог хаягдлыг дахин боловсруулаад өгчихгүй шүү дээ. Өгсөн ч төлбөрөө төсвөөс эргэн төлөгдөх хэлбэрээр л авна. Тийм учраас үүнийг монгол хүн, эх орныхоо төлөө, ард иргэдийнхээ цэвэр сайхан орчинд амьдрах эрхийн төлөө дэлхийн өндөр технологийг нэвтрүүлээд нутагшуулаад хийе гэсэн санаа юм. Үүнийг одоогийн төр засаг, нийслэлийн удирдлагууд ойлгоно гэдэгт итгэж байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд бид бэлтгэл ажлыг маш сайн хангасан.

 (Германы хог хаягдлаар эрчим хүч үйлдвэрлэх компанитай танилцав.)
 
-Тухайлбал...?
Төслийнхөө ТЭЗҮ-г гаргаж, газраа худалдан авч, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний газар төлөвлөлт болон байгаль орчны нарийвчилсан болон ерөнхий үнэлгээг хийлгэсэн. Гадаадын байгууллагуудтай холбогдоод хөрөнгө, санхүүжилтийг бүрэн шийдчихсөн төсөл шүү дээ Тэгэхээр ийм бэлэн болсон ажлыг Нийслэлийн олоогийн удирдлагууд хүлээж аваад хамтран ажиллах гэрээ байгуулахад л болно.

Энэ оны нэгдүгээр сард болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бид уг төслөө танилцуулахдаа утаанаас гадна биднийг жилийн турш хордуулдаг зүйл бол хог хаягдал буюу хөрсний бохирдол гэдгийг хэлсэн. Хөрс бохирдсоноор гүний усанд нэвтэрч, хүн малын халдварт өвчин бий болох таатай нөхцөлийг хамгийн ихээр бүрдүүлж байна. Энэ бол нийслэлийн бас нэг тулгамдсан том асуудал шүү дээ. Үүнийг шийдэх гарц нь энэ төсөл юм аа гэдгийг л хэлсэн.
 
-Тэгэхээр хөрөнгө оруулалтаа шийдсэн, парк барих газраа сонгоод, төлөвлөлтийг нь хийлгэсэн. Одоо Нийслэлийн захиргаанаас дэмжлэг л хүлээж байна гэж ойлголоо. Зөв үү ?
-Тийм ээ. Нийслэлийн удирдлагууд дэмжихэд л хамтын ажиллагааны гэрээ байгуулаад л ажил шууд эхлэхэд бэлэн байгаа.

-Та энэ төслөө нийслэлийн шинэ удирдлагуудад танилцуулсан уу. Тэд юу гэх юм?
-Уулзаж үзсэн. Шат шатандаа дэмжээрэй гэж хэлсэн. Саяхан МҮХАҮТ-д Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бизнес эрхлэгчидтэй уулзах үеэр миний бие энэ төслөө танилцуулж, гардуулж өгсөн. Бүх бололцоогоор дэмжинэ гэсэн. Тиймээс л найдан хүлээж сууна. Ер  нь дэлхийн ихэнх улсад ногоон хөгжлийн зорилтыг гаргаж тууштай арга хэмжээнүүдийг аваад эхэлчихсэн. Манай улс ч энэ чиглэлд багагүй ажлууд хийсэн. Цаашид шийдвэр гаргах түвшний хүмүүс ногоон төслийн чухлыг илүү ойлгож хандвал дэлхийн шинэ хандлага ногоон хөгжил Монгол Улсад хурдацтай хөгжих болно.

-Ногоон хөгжлийг гадаадын олон оронд туршлага судалж үзсэн хүний хувьд манай улс дэлхийн дундажтай харьцуулахад ямар түвшинд байна гэж боддог вэ ?
-Манай улс Парисын протоколоос авахуулаад ногоон хөгжлийн чиглэл дэх бичиг баримтын бүх шатанд зэрэг алхаж байгаа боловч амьдрал дээр буусан нь миний харж буйгаар 15 орчим хувь л байгаа. Хэдий жил бүр их хэмжээгээр мод тарьдаг ч арчилгаа байхгүйн улмаас төдийлөн сайн үр дүнд хүрдэггүй. Тийм учир модыг тарихдаа арчилж, хамгаалах асуудлыг хүнтэй нь хамт шийдэх хэрэгтэй.
 
Сүүлийн үед утааг гамшгийн хэмжээнд хүрсэн гээд л шуугиж байна. Гэтэл утаа гарч буй шалтгааныг үндсээр нь судлаад технологийн шийдлээр шийдэх тухайг хэн ч ярихгүй байна. Тухайлбал, манай улс 170 орчим  тэрбум тонны нүүрсний нөөцтэй. Үүнийг ашиглаад газ үйлдвэрлэж ойрын 100 километрт ашиглаад эхэлбэл утааны асуудал цогцоороо шийдэгдэнэ. Өнөөдрийн байдлаар ногоон хөгжлөөр олон ярьж, бодлого, журмууд цаасан дээр буучихаад байгаа ч бодитоор хэрэгжсэн зүйл алга байна. Уг нь хог хаягдал бол үндэсний аюулгүй байдлын асуудал учраас томоохон цэгүүдэд дахин боловсруулах үйлдвэрүүдийг барихаас нааш эдгээр асуудлыг шийдэхэд хүндрэлтэй. Тийм учраас энэ төслийг  яаралтай шийдэж, дэмжих л хэрэгтэй байгаа юм

-Эко-парк төсөлд хэд орчим төгрөгийн санхүүжилт хэрэгтэй вэ?
-Хоёр жилийн өмнө буюу 2015 оны сүүл үеийн судалгаагаар ам.доллар 1900 орчим байх үед 246 тэрбум төгрөгийн тооцоо гарсан. Харин өнөөдрийн ханшаар 150 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Хэрвээ бид Нийслэлийн удирдлагуудтайгаа хамтран ажиллах гэрээг байгуулчихвал хөрөнгө оруулалт орж ирэхэд бэлэн.  Манай “Сехтех” групп уг төслийн 75 хувийг дангаар хариуцаж байгаа юм. Дээр дурдсан Германы компанитай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийнхээ хүрээнд герман технологийг нутагшуулахаар бас тохирчихсон ажиллаж байна. Хөрөнгө оруулагч байгууллага нь Солонгос, Сингапур, Хонконгийн хамтарсан байгаль орчны чиглэлд үйл ажиллагаа явуулдаг олон улсын сан байгаа.
 
-Хөрөнгө оруулалтаа хэзээ эргэн төлөхөөр байгаа вэ?
-Оруулсан хөрөнгө оруулалтын эргэн төлөгдөх нөхцөлийг нэлээд сайн судалсан. Тэр нь эрчим хүч, хий үйлдвэрлээд гаргасан бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж ашгаар нь төлөхөөр ТЭЗҮ-д оруулсан. Бас Нийслэлийн хариуцдаг хог хаягдлын санд жил бүр нэлээд хэмжээний төгрөг цуглардаг. Үүний тодорхой хувийг Эко-Паркийн ажлыг дэмжээд ангилж ялгах хэсэгт оруулаач гэсэн саналыг тавьсан. Хуулиндаа ч хог дахин боловсруулж буй компаниудад эдийн засгийн дэмжлэг үзүүлнэ гэсэн байдаг. Энэ хүрээнд дэмжээд ажиллавал зарим зардал ч явцын дунд хасагдахаар тооцсон байгаа.
 
-Хогны асуудлыг Германы өндөр технологиор шийдэх төслийг нийслэлийн удирдлагууд дэмжинэ гэдэгт би итгэж байна. Учир нь хөрсний бохирдлын асуудал иргэдийн эрүүл мэндэд маш суугаар нөлөөлж буйг эрүүл мэндийн салбарынхан байнга л хэлж байгаа шүү дээ?
-Бусад улс оронд ийм л арга замаар хог хаягдлыг шийдвэрлэж, цэвэр цэмцгэр хотод иргэдээ амьдруулж байна. Иргэд нь ч хогоо ялган хаяад сурч, удирдлагууд нь хог хаягдлыг ногоон хөгжлийн замаар шийдэх бодлого барьж, сайтар дэмжиж өгдөг юм билээ.

Манай улс, нийслэлд ч хогийг ашиглах, үйлдвэрлэл болгох талд иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарах цаг болсон. Мөн иргэддээ хог ялган хаядаг ухамсар сэтгэхүйг төлөвшүүлэх замаар байгаль дэлхийд, хүн ардын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй асуудалтай тэмцэх цаг болсон. Учир нь дэлхийн бүх улс хөгжлийг ногоон өнгөөр, байгаль ээлтэй, хүнд тустай талаас нь харж улсаа, хотоо хөгжүүлж байна. Тэгэхээр төр, засаг эрх зүйн орчин, нөхцөлийг нь бүрдүүлээд дэмжээд өгвөл хувийн хэвшлийнхэн бид төслийг хэрэгжүүлж, ажиллахад бэлэн байна.

А.Сэвжид

GoGo Facebook Хуудас
 
 
ОБЕГ-т гал унтраах зориулалтын нисдэг тэрэг байдаггүй. Хамгийн багадаа 5 сая ам.долларын үнэтэй нисдэг тэрэг худалдан авахаа ОБЕГ хойшлуулжээ. Таны бодлоор тус газар гал унтраах нисдэг тэргийг нэн яаралтай худалдан авах ёстой юу?
Нийт 878 санал өгсөн байна.

Дээшээ