Өсвөр үеийн нөхөн үржихүйн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж байна

Б.Сондор GoGo.mn

2017-02-10 09:20 GMT+8

-Өсвөр үеийнхэн нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдээлэл бага байна-

Монгол Улсын хүн амын 15 хувь буюу 470 мянга гаруй нь өсвөр насныхан байдаг. (Үндэсний статистикийн хороо, 2015) Ихэнх өсвөр настнууд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар хангалттай мэдлэггүй, тулгарч болох асуудлыг хэрхэн шийдэх, хэнд хандах талаар мэдээлэл дутмаг байгаа нь тэднийг эрсдэлд орох, улмаар бие махбодь, сэтгэлзүйн хувьд ихээхэн хохирол амсахад хүргэж байгаа юм.

10-19 насны хүүхдийг өсвөр насны хүүхэд гэж үздэг. Энэ л насанд хүүхдийн бие хүн болж төлөвших суурь нь бий болдог учир өсвөр насны хүүхдэд бие физиологийн болон сэтгэл зүйн хувьд асар их өөрчлөлт бий болдог. Энэ үедээ тэд сэтгэл зүйн онцлогийн хувьд тогтворгүй, аливаа буруу муу зуршилд татагдан автах нь түгээмэл, хүний үгэнд оромтгой, уруу татагдах, сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чадахгүй, сэтгэлийн хөөрлөөс асуудлыг шийдэх хандлагатай байдаг.

Ялангуяа өсвөр үеийн хүүхдүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал хамгийн их анхаарал татаж байна. Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар (2013) залуучуудын 60% нь нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг хаанаас авахаа мэддэггүй болох нь тогтоогджээ. Тэдний 37% нь эрүүл мэндийн багш, 47% нь олон нийтийн телевиз, 44% нь найз, нөхдөөсөө БЗДХ, ХДХВ/ДОХ болон бэлгийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг тодорхой хэмжээгээр авсан байна.

2015 онд улсын хэмжээнд 80,434 эх амаржсан бөгөөд энэ нь 2014 онтой харьцуулахад 1.0 хувиар буурсан үзүүлэлт юм. Мөн онд нийт амаржсан эмэгтэйчүүдийн 5.5 хувийг, нийт үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 5.1 хувийг 20-с доош насны охид эзэлж байжээ. Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) нийт бүртгэгдсэн халдварт өвчний 28.1 хувийг эзэлж байгаа бол эдгээр халдвараар өвчлөгсдийн 44 хувийг 15-24 насныхан буюу өсвөр үеийнхэн, залуучууд эзэлж байгаа юм (Эрүүл мэндийн хөгжлийн төв, 2015).

Иймд өсвөр үеийнхний бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг олон салбаруудын оролцоотойгоор хэлэлцэх, шийдвэрлэх шинэлэг арга, санаа санаачилгыг дэвшүүлэн гарган ирэх зорилгоор Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаас  Канадын нэр хүндтэй Ватерлогийн их сургууль, Күйнсийн их сургууль болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Монгол Контент” ХХК, “Креатив Воркшоп” зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, мөн өсвөр үеийнхний өөрсдийн оролцоотойгоор Өсвөр үеийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шинэлэг, бүтээлч байдлаар шийдвэрлэх нь” цуврал үйл ажиллагааг зохион байгуулж байна.  

Цуврал арга хэмжээний эхнийх нь “Өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд” семинар 2-р сарын 8-ны Лхагва гаригт амжилттай зохион байгуулагдсан бол удаах “Өсвөр үеийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд” семинар 2-р сарын 10-ны Баасан гарагт буюу өнөөдөр “Холлидэй Инн Улаанбаатар” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдаж байна. Энэхүү семинараар оролцогчид тулгамдаад буй асуудлуудыг тодорхойлон, дараа дараагийн үйл ажиллагаагаар шийдэл, гарцыг нь хүүхэд залуучууд өөрсдөө олох юм. Семинарыг Канадын Ватерлогийн их сургууль, Куинсийн их сургуулийн профессорууд чиглүүлэн явуулж өөрсдийн туршлагаас хуваалцах юм.

ӨСВӨР ҮЕИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИНЭЛЭГ, БҮТЭЭЛЧ БАЙДЛААР ШИЙДВЭРЛЭХ НЬ” үйл ажиллагааны тухай

1. 2017 оны 2 дугаар сарын 8, Лхагва гараг
“Өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд” семинар болсон.

2. 2017 оны 2 дугаар сарын 10 Баасан гараг
“Өсвөр үеийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд” семинар

3. 2017 оны 2 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд
“Эрүүл ирээдүйн төлөө” өсвөр үеийн чуулга уулзалт (Нийслэл болон орон нутгаас өсвөр үе, залуучуудын төлөөлөл оролцсон чуулга уулзалт)

4. 2017 оны 3 дугаар сард
“Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” семинар, хэлэлцүүлэг /Дээрх гурван үйл ажиллагаанаас гарсан нэгдсэн хэлэлцүүлэг, Хакатон/ тус тус зохион байгуулна.

Зорилго:

Өсвөр үе, залуучуудын сэтгэц, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай мэдээллийг сонирхолтой, үр дүнтэй, шинэлэг, бүтээлч аргаар түгээх, олгоход оршино.

Хугацаа:

2017 оны 1-4 дүгээр сар

Хэрэгжүүлэгч байгууллага:

- НҮБ-ын Хүүхдийн сан
- Монгол контент ХХК
- Креатив воркшоп ХХК
- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Хамтран ажиллах байгууллага:

-ЭМЯ, БСШУСЯ, ГБХЗХГ, СЭМҮТ, ГБССН

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Мягмар гарагаас эхлэн нийслэлийн төв зам болох Энхтайваны өргөн чөлөөгөөр баруунаас зүүн чиглэн явах жолооч нарт зүүн эргэхийг хориглолоо. Нийт долоон уулзвараар зүүн эргэх хориотой болов. Та энэ шийдвэрийг дэмжиж байна уу?
Нийт 471 санал өгсөн байна.

Дээшээ