Чулуутын хавцал дээр шилэн гүүр барина

Зууны мэдээ

2017-02-13 16:10 GMT+8

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай гадаад харилцаа, түүнийг дагасан хөгжлийн бодлогын асуудлаар ярилцлаа.

-Он дамжаад аймгийн удирдлагууд гадаад айлчлалуудыг хийсэн. Энэ хүрээнд ямар хэлэлцээр хийгдэв. Тэдгээрийн үр дүн ямар төвшинд байна вэ?
-Оны өмнө аймгийн ИТХ-ын дарга, ХХААГ-ын дарга, Арьс ширний холбооны төлөөлөл Вьетнам яваад ирсэн. Тэнд бид хөнгөн үйлдвэрийн чиглэлээр хөрөнгө оруулагчдыг татах, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх албан ёсны саналуудаа тавьсан.

Ерөнхий сайд зургадугаар сард Вьетнамд айлчилна. Тэр үед нь хамт явъя гээд хүсэлтээ ч гаргаад байгаа. Тэгвэл хоёр Засгийн газрын төвшний ажлуудад тусгах боломж гарах юм. Мөн Солонгосын аялал жуулчлал хөгжсөн Энэ хотод айлчилсан. Бусан хоттой аялал жуулчлал, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны, мөн ажиллах хүчин гаргах чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан.

-Таны мөрийн хөтөлбөрийн цөм нь Архангайг үйлдвэрлэгч аймаг болгох бодлого гэж байгаа. Үүнтэй гадаад харилцаагаа яаж уялдуулах вэ?
-Хятад, Орос, Вьетнамтай уялдуулж ажиллая гэж зорьж байгаа. Бидэнд аймагтаа бүтээгдэхүүнээ боловсрууллаа гэхэд гадагш гаргахад асуудал тулгардаг. Тэгэхээр гадны хөрөнгө оруулалтыг татаад ирсэн нөхцөлд тэд өөрсдөө бүтээгдэхүүнээ аваад гарах боломжтой гэж үзэж байна. Үйлдвэржилтийнхээ бүсийг тогтоох ажлын хэсэг байгуулсан.

Эндээс бид Архангай аймагт ийм үйлдвэрлэл явагдах юм, сумдад ийм байна гэдгээ тодорхой болгох юм. Ойрын хугацаанд бид аймагтаа бий болгох үйлдвэрүүдийг дэмжих хүсэлтийг ХХААЯ-д явуулах гэж байна. Үүнтэй уялдуулаад газар тариалангийн бүс нутгаа ч тогтоох гэж байна. Ийм бүсийг Засгийн газраар шийдүүлчихвэл газар тариалангийн чиглэлээр тодорхой хөрөнгө оруулалтуудыг бий болгох боломжууд үүснэ. Би саяхан нийслэлд ажиллахдаа хөдөө аж ахуйн чиглэлээр яамдуудын төвшинд нэг бүрчлэн уулзлаа.

Монгол Улсад сүүний чиглэлээр хоёр янзын төсөл хэрэгжих гэж байгаа юм байна. Хуурай сүү, казин /сүүний уураг гаргах/ үйлдвэрлээд Японд гаргахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ хүрээнд хувийн компани хөрөнгө оруулалт хийгээд 60 орчим жижиг цехийг оруулж ирэх юм байна. Үүнд аймгаа хамруулахаар саналаа тавьчихсан. Казины төслийн хувьд хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдээгүй байна. Хэрвээ шийдэгдвэл манай бүх сум хамрагдах боломжтой. Ноос ноолуур, арьс ширний холбоодуудтай хамтарч ажиллахаар ярьж байна. Манайд ноос угаах үйлдвэрийг барихад дэмжиж ажиллая гэсэн. Арьс нэхийний анхан шатны боловсруулалтын жижиг цехийн тоног төхөөрөмж 20-ыг авна.

-Гадаад харилцаан дээр түшиглэсэн үйлдвэржилтийн асуудал яригдаж байна. Үүн дээр бэлтгэлээ сайн хангахгүй бол судалгаа тооцоо дутуугаас хөрөнгө оруулалт ажил хэрэг болохгүй байх тохиолдлууд байдаг. Бид өөрсдөөсөө шалтгаалах юуг хийх вэ?
-Вьетнамд Алтанбулагийнх шиг чөлөөт бүсэд нь очлоо. Тэндээ газраа бий болгоод гадныхныг үнэгүйгээр хөрөнгө оруулалтыг нь хийлгээд үйлдвэрийг нь бариулаад газраасаа татвар авахгүй гээд оруулж байна. Үйл ажиллагаа нь идэвхжээд ирэхээр нь татвар авдаг юм байна. Үүн шиг бид ирж байгаа хөрөнгө оруулалтыг авах боломжуудыг бий болгоод түүний дараа ашгаа аваад явах нь зүйтэй юм.

Аймгийн ИТХ-аар хоёр газрыг шийдэж авсан. Махны үйлдвэрийн чиглэлээр сарлагийн мах, хонины махыг боловсруулах хоёр үйлдвэр барина. Хичнээн хөрөнгө мөнгө хүнд байгаа ч гадны хөрөнгө оруулагчдыг татахын тулд боломжуудыг эхлүүлж байна. Он гарсаар авто тээврийн төв барих газраа шийдсэн. Бий болгосон төвлөрлөө дагаад Спорт хорооны ард Авто тээврийн төвийн газрыг өргөжүүлэхээр болсон. Энд оношилгоо, тээвэр хяналт гээд бүгд цогцоороо байна. Баруун чиглэлийн тээврийн урсгалыг эндээ зогсоогоод явуулдаг байхаар төлөвлөсөн. Энд “Архангайд үйлдвэрлэв” гэсэн худалдааны төвийг байгуулах юм.

-Архангай аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэдэг. Энэ хүрээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг авах гэхээр бас л бэлтгэл шатанд асуудал гарч ирдэг?
-Аялал жуулчлалдаа анхаарна. Өмнө нь БОАЖГ-т байдаг нэг мэргэжилтнээс хэтэрдэггүй байжээ. Тэгвэл одоо орон нутгийн өмчит газрын статустай Аялал жуулчлалын мэдээллийн төв байгуулах гэж байна. Энэ төв аялал жуулчлалын бодлогыг хэрэгжүүлээд, аялал жуулчлал эрхэлж байгаа компаниудаа нэгтгээд явна. Өнөөдрийн төвшинд Тайхар чулуу, Цагаан нуур, Өгийнуураа үзүүлээд болчихлоо гэдэг учир дутагдалтай байна. Бид өөрсдөөсөө шалтгаалах юмаа л хийх хэрэгтэй. Ядаж л модон жорлонгоо солих хэрэгтэй.

Нуурыг нуураар нь харуулдгаа болих хэрэгтэй байна. Гадаад айлчлал хийгээд харж байхад тэндээ байхгүй юмыг бий болгоод жуулчдыг татаж байна. Тэгэхэд бид байгаа юмаа хөгжүүлж, хүн саатах боломжийг бий болгох нь чухал. Энэ чиглэл рүү аж ахуйн нэгжүүд маань ч хөрөнгө оруулалт хийх шаардлагатай, бид ч хамтраад дэмжээд явна. Нөгөө талаар бидний ахуй амьдрал өөрөө аялал жуулчлал. Аарц, ааруулаа яаж хийж байна. Монгол ахуй, гүү барих, адуу хураах зэргийг ялангуяа Хятадууд үзэх сонирхолтой байна. Үүнийг бид тооцож хөгжүүлэхэд анхаарна.

Чулуутын хавцал дээр Шилэн гүүр барихаар яригдаж байна. Энэ мэтчилэн бид өөрт байгаа зүйл дээрээ нэмэлт бүтээн байгуулалт хийгээд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Малчдын хоршоо бүлгийг олон жил ярьж байна. Харин ажил болохдоо бага байна. Өнөөдөр бид тооны нийлүүлэлттэй байна. Үйлдвэрлэл хөгжөөд ирвэл чанарын нийлүүлэлттэй болох юм.

Ер нь үйлдвэрлэлийг хөгжүүлье гэвэл тооноос чанарт шилжих шаардлагатай юм. Тооноос чанарын асуудлыг дагаад мал аж ахуйн үнэлгээ, үзүүлэлтэд ч өөрчлөлт гарах ёстой. Тухайлбал Улсын аварга малчин шалгаруулах шинэ журам батлагдсан. Мянган малтайдаа биш түүнээс хоёр, гурван мянган малын ашиг орлогыг бий болгож чадаж байна уу, малынхаа бүтээгдэхүүнийг бүрэн ашиглаж байгаа эсэхийг харгалздаг болж байна.

О.Амарзаяа

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 39 санал өгсөн байна.

Дээшээ