М.Энхболд: Буруу үйлдэл бүхэнд хариуцлага тооцно

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2017-02-15 11:00 GMT+8

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд баруун дөрвөн аймагт хийж буй томилолтоо хоёрдугаар сарын 14-ний үдээс хойш Ховд аймагт үргэлжлүүлэв.

Тэрбээр замдаа Увс аймгийн Өлгий сумын Чаргат багийн малчин, “Улсын аварга малчин”-аар шалгараад байгаа Ц.Доржсүрэнгийнд зочлов. Энэ жил Увс аймгаас “Улсын аварга малчин” 5 шалгараад байгаа бөгөөд Өлгий сумын сүүлийн 30 жилийн түүхэнд энэ эрхэм алдар, цолыг хүртэж байгаа малчин нь Ц.Доржсүрэн ажээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд малынхаа тоо толгойг тогтмол өсгөн, ашиг шимийг бүрэн ашигласны зэрэгцээ нутгийнхаа иргэдийг малжуулах, малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр амжилт гаргасны учир энэхүү шагналыг хүртжээ.

Аварга малчны хотонд улаан халзтай цагаан өргөө аль хэдийнэ босчээ. Шагналыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяр гардуулж, УИХ-ын дарга М.Энхболд Ц.Доржсүрэн болон түүний гэр бүл, нутаг усныханд нь баяр хүргэж үг хэллээ.

УИХ-ын даргыг дагалдан яваа хүмүүсийнхээ хамт оройн 20.30 цагт Ховдод хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд Ард Аюушийн талбайд угтаж, тус аймаг дахь зэвсэгт хүчний 123 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, Онцгой байдлын алба хаагчид хүндэтгэл үзүүлэв.

УИХ-ын дарга дараа нь Ховд аймгийн иргэд, хөдөлмөрчдийн төлөөлөлтэй уулзалт хийв.

Уулзалтын эхэнд тэрбээр УИХ анхны ээлжит чуулганаа амжилттай өндөрлүүлснийг дурдаад УИХ-аар хэлэлцэн баталсан хууль, тогтоомжуудын талаар товч танилцуулга хийв. “Эдийн засгийн өсөлт сүүлийн 11 улирлын турш тасралтгүй уруудсаар 17.3 хувиас 0.1 хувь болсон, сүүлийн 5 жилийн хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.6 тэрбум ам доллараас 180 сая болж буурсан, гадаад валютын албан нөөц 4.1 тэрбум ам доллараас 1.3 тэрбумд хүрч 2.1 дахин багассан, төгрөгийн ам доллартай харьцах ханш 2.1 дахин суларсан улс орныг бид хүлээн авсан.

Тиймээс УИХ-аас гаргасан шийдвэр төсөв, үндсэн чиглэлээ батлах, улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээх, өсөлтийг бий болгох, банк санхүүгийн тогтолцоог эрүүлжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ахмад настан, нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай иргэдэд төрийн халамж үзүүлэх зэрэг асуудалд гол анхаарлаа хандуулан ажиллалаа” гэж тэмдэглэв.

Түүнчлэн Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг батласныг дурдаад төсөв мөнгөний бодлого, өрийн удирдлагыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, дэд бүтцийн мега төслүүдийг хөдөлгөх, уул уурхайн бус салбарын өрсөлдөх чадвар, экспортыг нэмэгдүүлэх зорилтыг тусгасан энэ хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 2017 онд 3.0, 2018 онд 5.1, 2019 онд 7.1 хувьд хүрнэ гэж тооцож байна гэдгийг онцлов.

УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнд бага ч болов ахиц дэвшил гарч эхэлж байгааг УИХ-ын дарга мэдээлэв. Тухайлбал, сүүлийн 4 жилийн турш тасалдаж байсан төсвийн орлого 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр 504.8 тэрбум төгрөг буюу 9.4 хувиар давж биелэхээр байгаа, төсвийн зарлага төлөвлөснөөс 173.5 тэрбум төгрөг буюу 1.8 хувиар нэмэгдсэн, экспортын жилийн өсөлт сүүлийн 2 жилд анх удаа эерэг гарч, гадаад худалдаа 1.6 тэрбум долларын ашигтай гарахаар байгаа, Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 18.3 тонн болж, өнгөрсөн оноос 3.2 тонноор нэмэгдсэн, гадаад валютын албан нөөц 1.3 орчим ам долларт хүрсэн зэргийг дурдлаа.

Уулзалтын үеэр иргэд санал бодлоо илэрхийлж, асуулт асуув. УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ төр, засгийн хийж хэрэгжүүлж байгаа ажлыг бид дэмжиж байна, өнгөрсөн богино хугацаанд чамгүйг хийж амжууллаа. Цаашид эдийн засгаа сэргээж, алдаа завхралыг засаж, хөгжил дэвшилд хүргэнэ гэдэгт бид итгэж байна гэж иргэдийн олонхи хэлж байлаа.

Ховдын иргэд төр засгийн байгууллагын удирдах ажилтны томилгоонд мэргэжлийн ур чадвар, ёс зүй, туршлагыг эн тэргүүнд харгалзах, орон нутаг дахь улстөржилтийг зогсоох, залуу малчдыг дэмжих, бэлтгэх, уул уурхайн олборлолтын үйл ажиллагаанд иргэний хяналтыг хүчтэй болгох, хөдөөд үйлдвэрлэлийг түлхүү дэмжих, иргэдээ ажилтай, орлоготой байлгах бүх боломжийг дайчлах зэрэг асуудлыг хөндөж байлаа.

УИХ-ын дарга М.Энхболд түүнд хандаж тавьсан иргэдийн асуултад хариуллаа. Ипотекийн зээл цааш үргэлжлэх эсэх, хөдөөгийнхөнд хүртээх боломж хэр байгаа талаарх асуултад “Эх үүсвэр одоогоор хангалтгүй байна. Засгийн газар эх үүсвэр бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Тэгэхээр үргэлжилнэ гэсэн үг. Хөдөө хотоор ялгаварлах явдал байхгүй. Анх “100.000 айл” орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх болж, энэ ажлыг хариуцсан хорооны даргаар тухайн үеийн Засгийн газрын Шадар сайдын хувиар миний бие ажиллаж байсан юм. Зургаан хувийн хүүтэй зээлд Засгийн газраас 20.0 тэрбум төгрөг гаргаж, нэлээд үр дүнтэй хэрэгжиж байсан юм. Харамсалтай нь сүүлд хүүг нь 5 хувь болгох зэрэг улс төрийн зорилготой шийдвэр гаргаснаар эрч нь буурч, зохион байгуулалт нь алдагдсанд харамсаж явдаг гэлээ.

УИХ-ын гишүүдийн ирц хангалтгүй, хуралдаанаа тасалдаг талаарх шүүмжлэлийн хариуд “Бидэнд анхаарах асуудал бий. Гэхдээ бодит байдлыг гуйвуулж, олон нийтэд өөрөөр харагдуулахыг илэрхий хүсдэг хүмүүс бас бий шүү. Уг нь энэ удаагийн УИХ-ын ирц өмнөх парламентуудаас харьцангуй сайн байгаа юм” гэлээ.

Улсын өрийн тухай иргэний сонирхсон асуултад “Манай улс 1992-2012 оны хооронд 139.2 тэрбумын өр тавьсан байдаг. Харин 2012-2016 оны хооронд энэ тоо 391 тэрбум болж өссөн. Буруу зөрүү ашигласан зүйл ч байхыг үгүйсгэхгүй. Зөв юманд зарцуулсан нь ч байгаа байх. Зөвийг зөв гэж, бурууг буруу гэж л үзнэ. Бурууд хариуцлага ногдуулах зарчим баримтална” гэв.

-Ховдын иргэдийн санал хүсэлт дотор Цементийн үйлдвэр, бүсийн эмчилгээ оношлогооны төв байгуулах, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлж дуусгах гэсэн гурван том бүтээн байгуулалтын асуудал хөндөгдлөө. Аль аль нь зөвхөн Ховдын биш, баруун бүс нутгийн асуудал, ирээдүйд хэрэгтэй бүтээн байгуулалт юм байна. Шийдэх ёстой. Улсын эдийн засаг өнөөхөндөө хэцүү байна. Гэхдээ эндээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэйгээ хамтраад анхаарлаа хандуулж ажиллая гэсэн амлалтыг УИХ-ын дарга М.Энхболд Ховдынхонд өглөө.

Иргэдийн тавьсан салбарын чиглэлийн асуултуудад УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн О.Батнасан, Б.Пүрэвдорж болон яамдын дэд сайд нар хариулт өгч, тайлбар хийв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

GoGo Facebook Хуудас
 
 
Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?
Нийт 223 санал өгсөн байна.

Дээшээ