Хаягдал гэдэг үгийг Wikipedia-д "хэрэглэж дууссан, хэрэглэхийг хүсээгүй, хэрэглэх аргагүй болсон аливаа зүйлийг хэлнэ" гэж тодорхойлжээ. Гэтэл бидэнд өнөөдөр хэрэглэхийг хүссэн, хэрэглэх аргатай боловч хэрэглэж чадахгүй хаягдал болгож байгаа нэг зүйл бий, эд зүйлээ хулгайд алдаж буйгаас ялгаагүй. Үүнийг дулаан хэмээн нэрлэдэг.
Агаарын бохирдол ноцтой хэмжээнд хүрч, асуудал хүндрэхийн хэрээр энэ талаар шийдэл хайх, арга зам олохыг хүн бүр хүсэх болов. Гэвч яаж?
Б.Болдбаяр гэдэг залуу бидэнд дулаан хэмжигч төхөөрөмжөөрөө айлын байшин хэрхэн дулаан алдаж буйг тодорхойлж өгсөн юм. Өвлийн улиралд айлууд гал түлж, цахилгаан эрчим хүч ашиглан халааж буй шалтгаан нь ерөөс дулаан байх.
Харин байшин нь, гэр нь дулаан алддаг бол түлэх нүүрс, модны хэмжээ нэмэгдэж, цахилгааны төлбөр нь илүү өндөр гарна. Зохих хэмжээнээс илүү нүүрс, мод түлж байж дулаан байна гэдэг ялгарах утааны хэмжээг тэр хэрээр нэмэгдүүлж байгаа гэсэн үг.
Тэгэхээр зардал тэр хэрээр нэмэгдэнэ. Бидний очсон айл гэхэд өвлийн ид хүйтэн цагаар өдөрт 6000 төгрөг буюу сард 180 мянга орчим төгрөгийг зөвхөн зууханд хийх түлшинд зарцуулж байна гэсэн юм. Түүнчлэн цахилгаанаар шийдэх гэж үзсэн боловч зардал нь 300 мянга давж байсан учраас боломжгүй болжээ.
Гэтэл нийт 60 метр квадрат хэмжээтэй тухайн айлын хувьд хэрвээ дулаан алдалтаа шийдсэн бол сард 60000 төгрөгөөр дулаанаа шийдэх боломж бий. Өнөөдөр Улаанбаатар хотод 180 мянга гаруй өрх хувийн байшин болон гэрт амьдарч байна.
Тэдгээр айлууд дунджаар 20-50 хувиар дулаанаа алддаг гэж үзэхэд ялгаруулах утаа, эрчим хүчний хэрэглээнд зарцуулах мөнгө нь мөн энэ хэмжээгээр нэмэгддэг гэсэн үг. Утааг бууруулах хамгийн үр дүнтэй бөгөөд эдийн засагт хэмнэлттэй арга нь дулаан алдагдалтыг зогсоох юм.
ДУЛААН АЛДАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
Судалгаагаар байрны дулааны
- 35 хувь нь ханаар,
- 10 хувь нь цонхоор,
- 25 хувь нь дээврээр,
- 15 хүртэлх хувь нь шалаар дамжин гадагшилдаг бөгөөд хаалга онгойлгож, хаах хооронд нийт дулааны 15 орчим хувь нь алдагддаг аж.
Гэр, байшингийнхаа дулаалгыг сайн хийгээгүй, хаалга, цонхны орчим зай завсар гарсан байх нь дулаан алдалтын гол шалтгаан болдог. Б.Болдбаяр “Айлуудаар явж байхад түгээмэл анзаарагддаг зүйл нь цонх, хаалганыхаа битүүмжлэлийг сайн хийгээгүй, ханын завсар, дээврийн хөндийдөө хийсэн дулаалгын материалаа солиогүй удсан зэрэгтэй холбоотой байсан” гэсэн юм.
Вакум цонхны хувьд хоёр давхар бус гурван давхар шилтэйг сонгох нь дулаан алдалтыг бууруулах сайн талтай. Хэрвээ тухайн айл нийт халааж буй дулааныхаа 50 хувийг алдаж байна гэж үзвэл гаргаж буй зардал нь 50 хувиар, гал түлдэг бол гаргаж буй утаа нь мөн тэр хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг.
ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ?
Дулаалгын олон төрлийн арга бий. Юун түрүүнд сиймхий гарсан зайнуудаа бөглөснөөр тодорхой хэмжээгээр дулаан алдалтыг бууруулна. Хоёрдугаарт сайн чанарын, өөрийн байранд тохирох дулаалгын материалыг сонгож дулаалах ёстой.
Бидний очсон айлын эзэгтэй дулаалгын материал судалж үзээд, байраа тэр чигт нь дулаалахад ямар зардалтай болохыг тооцож үзжээ. Ингээд ханын дагуу, дээврийн хөндийд шинээр дулаалгын материал авч, хаалга, цонхныхоо битүүмжлэлийг сайжруулаад, сайн чанарын цонхтой болоход нийт зардал нь ойролцоогоор 3,8-4,6 сая төгрөг болсон аж.
Тэгэхээр өнөөдөр өдөртөө 6000 төгрөгөө зарцуулаад дулаанаа шийдэж байх нь энэ айлын хувьд боломжоороо асуудлыг шийдэж буй л хэрэг. Мэдээж хэрэг дулаалгаа хийсэн нөхцөлд хэтдээ зарцуулах мөнгөнийх нь хэмжээ буурах боловч нэг дор их хэмжээний мөнгө гаргах боломжгүй.
Дулаалгын төрөл бүрийн материал ашиглахаас гадна шалан дээр хивс дэвсэх, аливаа булан тохойд байгаа зай завсрыг бөглөх, гурван давхар шилтэй вакум цонх авах зэрэг нь байрныхаа дулаалгыг бүтнээр нь шийдэхээс илүү хямд арга бөгөөд эхний ээлжид хэрэгжүүлэхэд тохиромжтой.
Тэрчлэн танд заавал дулаан хэмжигч багаж шаардлагагүй. Цонхны завсар, хаалганы зайгаар агаар сийгэж, дулаан шүүрч буй эсэхийг гараа ойртуулаад л мэдэж болно.
Үргэлжлэл бий...