Төмрийн ноёрхлын төгсгөл айсуй. Хатуу цементийг улам бэхжүүлэгч металл арматур ул болж, шилэн мяндсан арматур зул болох цагтай золголоо. Дэвшилтэт технологид түшиглэн импортын түүхий эдээр бүтээсэн нэгэн шинэ бүтээгдэхүүн Монголын зах зээлд гараад удаагүй байна.
Аж үйлдвэржсэн орнуудад аль хэдийнэ хугарашгүй ган, нугарашгүй металл арматурыг орлуулж эхэлсэн шилэн мяндсан арматур үйлдвэрлэгч “Сибирь арматур” компанийн үйлдвэрийг бид зорив. Барилгын улирал эхлэх болоогүй тул үйлдвэр нам гүм. Гэхдээ хаврын үүцээ хэдийнэ бэлтгэж тавьжээ. 50 метрийн урттай, хуйлаатай арматурыг үйлдвэрийн нэг ханыг дагуулан нямбай гэгч өрсөн байв.
Даацын хувьд хоёр дахин их, 10 дахин хөнгөн мяндсан арматур зах зээлд гарч эхэллээ
Энэ арматур харагдах байдлын хувьд металлаас өнгөөрөө л ялгаатай. Шаргал туяатай, хагас тунгалаг. Тэгсэн атлаа давуу талыг нь тоочоод баршгүй. Оёдлын утаснаас ч нарийн ширхэгтэй, цагаан, шилэн мяндас төмөр арматурыг орлодог гэхээр анх харсан хэнд ч гайхмаар. Үүнийг резин будаг гэгдэх эпокси давирхайтай хольж, дулааны тусламжтай бэхжүүлэн шинэ арматур гаргаж авдаг байна.
Шилэн мяндас гаргах технологи 1930-аад оны үеийн нээлт. Анх агаарын тээврийн салбарт хэрэглэж эхэлжээ. Бат бөх, хөнгөн тул онгоцны их биеийг үүгээр хийдэг байж.
Улмаар автомашины кузов, хөлөг онгоцны их биеийн үйлдвэрлэлээр хүрээгээ тэлсэн энэ технологи өдгөө барилгын салбарт нэвтрээд байна.
АНУ, Канадад зам, гүүрийн суурь болон орон сууцнаас бусад төрлийн барилгын бүтээн байгуулалтад өргөн хэрэглэдэг аж. Шилэн мяндсан арматурыг дайрга болон асфальтын завсар хөндийрүүлэгчтэй хийж өгснөөр замын насжилт болоод бат бөх чанар сайжирдаг байна. Яг ийм жишгээр оросууд ч гэсэн Ижевск хотынхоо замыг тавьжээ. Тэр ч байтугай, Европт төмөр замын бетоны доор суурь болгон хэрэглэдэг бол Канадад барилгад шууд ашигладаг жишээ олон бий.
Насжилтын хувьд өрсөлдөгчөөсөө хоёр дахин урт. Төмөр арматурт 40 жилийн баталгаа өгдөг бол шилэн мяндсан арматур 80-аас дээш жилийн настай. Гэхдээ төмөр арматур ус чийг, бороонд зэвэрчихдэг нь шилэн мяндсан арматур даам гарах хамгийн том сул тал болдог. Учир нь зэв бетон байгууламжийг голоос нь “идэж” эхэлдэг байна. Яг ийм шалтгаанаар чийг ихтэй газрын байгууламж буюу гүүр, түүний суурь зэргийг барихад шилэн мяндсан арматурыг өргөн хэрэглэдэг аж. Түүнээс гадна, гадаад орчны өөрчлөлтийг тэсвэрлэх чадвараар төмөртэй харьцуулах аргагүй сайн. Энэ давуу талд нь тулгуурлан цэвэрлэх байгууламжийн тулгуур, бэхэлгээ хийсэн орон ч байдаг юм байна. Ерөөс энэ төрлийн арматур химийн үйлчлэл, зэв болон хүчил, шүлттэй орчны алинд ч тэсвэртэйг мэргэжилтнүүд тогтоочихож.
“Сибирь хуванцар” компани одоогоор зах зээлд долоон янзын хэмжээтэй арматур нийлүүлж байна. Даацын хувьд ч төмөр арматураас илүү. Харьцуулбал, 0.8 см-ийн голчтой арматурын даац металл арматурын 1.2 см- ийн голчийнхтой эн тэнцдэг гэдгийг тус компанийн захирал Н.Мөнхзориг ярилаа. Харин үүнээс нарийн буюу 0.5 см- ийн голчтойг нь даацын бус дотоодын хананы тулгуур болгож хийдэг юм байна. Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос гаргасан судалгаагаар ижил голчтой металл арматурын оронд хэрэглэхэд шилэн мяндсан арматур 2-2.5 дахин бат бөх байжээ. Тиймээс аливаа барилга барихад өртгийн хувьд ч хямд тусах бүрэн боломж бий. Хэдийгээр импортын түүхий эдээр үйлдвэрлэж байгаа ч
өрсөлдөгч бүтээгдэхүүнээсээ 30 хувь хямд үнээр хэрэглэгчдийн гарт хүрч буй. Монголд энэ бүтээгдэхүүний хэрэглээ одоохондоо хувийн сууцаар л хязгаарлагдаж байгааг үйлдвэрлэгчид ярилаа. Мэдээж даац, үнэ, бат бөх чанарын хувьд хэрэглэгчдэд ашигтай тусаж байгаагаас гадна тээвэрлэхэд ч хялбар, хямд аж.
Бүр тодорхой хэлбэл, 12 метрийн урттай төмөр туйванг чиргүүлээр тээвэрлэх хэрэг гардаг бол 50 метрийн урттай шилэн мяндсан арматурыг хуйлаад, жижиг тэрэгний тэвшинд ачаад л тээвэрлэчихдэг нь бас нэгэн давуу тал юм. Ижил голчтой металл арматураас жингийн хувьд 10 дахин хөнгөн байдгийг инженер, технологич Н.Оч нарын мэргэжилтнүүд онцолсон.
Манай улс жилд 500 гаруй тонн ган туйван буюу арматур хэрэглэдэг гэх албан бус судалгаа бий. Үүний 20 гаруй хувийг үндэсний үйлдвэрлэгчид хангаж, үлдсэнийг нь импортоор авдаг байна. Ган туйвангийн үйлдвэрлэл нэг ч гэсэн үндэсний үйлдвэрээр төрөлжиж байгаа нь сайшаалтай.
Чийг ихтэй газарт байгууламж барихад шилэн мяндсан арматурыг өргөн хэрэглэдэг
Харамсалтай нь шилэн мяндсан арматурыг хэрэглээнд нэвтрүүлэхэд амаргүй байгааг үйдвэрлэгчид зориуд онцлов. Галд тэсвэртэй ийм төрлийн арматурыг хэрэглэх болон чанарыг нь тогтоох стандарт Монгол Улсад байдаггүй аж. Тиймээс тус компанийнхан ГОСТ MNS болон ISO стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Харин даацыг нь Монголын архитектур корпорацийн лабораториар баталгаажуулдаг гэнэ. “Барилгын норм стандартад ийм төрлийн арматурыг хэрэглэхэд багаар бодоход 4-5 жилийн бэлтгэл ажил шаардлагатай” хэмээн Н.Мөнхзориг ярив. Барилгын энэхүү тулгуур материалын хэрэглээ мөн л ийм шалтгаанаар БНХАУ-д гүйцэт нэвтрээгүй байгаа ч үйлдвэрлэж, экспортод гаргадаг юм байна.
Шилэн мяндсан арматур нь өдгөө дэлхий дахинд байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлд тооцогдож байна. Хэрэглээнд бүрэн нэвтрүүлж чадвал ган болон бусад металл туйвангийн үйлдвэрлэлтэй харьцуулахад нүүрстөрөгчийн ялгарал 70 хувь багасах боломжтой аж. Мөн дотоодоос үндсэн түүхий эдээ хаягдал шилээр хангах боломжийг судалж амжжээ, тэд.
Хог хаягдлыг дахин боловсруулах холбооны дэргэдэх хоёрдогч түүхий эд дахин боловсруулах үйл ажиллагаа явуулдаг компаниуд ирэх жилээс хаягдал шилээр мяндас үйлдвэрлэхээр болж буй юм байна. Хэрэв стандартын шаардлага хангаж байвал шилэн мяндсан арматурыг үндэсний бүрэн үйлдвэрлэл болгож хөгжүүлэхэд бэлэн байгаагаа үйлдвэрлэгчид ярьсан юм.
З.Цэлмэг