Та хүүхэдтэйгээ фэйсбүүкт найз уу


2017-02-17 08:30 GMT+8

-Яана аа ээжээс найзын хүсэлт ирчихлээ. Одоо хамаг юм мэдчихнэ ээ, хамаагүй юм ч бичиж болохгүй.
-Чи тэгвэл шинэ хаяг давхар нээчих эсвэл аав ээжийнхээ хаягийг блоклочих. Өсвөр насны охидын дунд ийм яриа өрнөв.

АСУУЛТ: Та хүүхдээ нийгмийн сүлжээ, цахим орчинд хэр идэвхтэй байж, хэрхэн, ямар мэдээлэл авч байгааг нь анзаардаг уу.

Ерөнхий боловсролын сургуулийн 5-12-р ангийн хүүхдүүдийн 47 хувь нь фэйсбүүкд хоёр болон түүнээс дээш хаягтай гэсэн судалгааг Хүүхдийн төлөө газраас өнгөрсөн жил танилцуулж байсан. Эцэг эхчүүд, насанд хүрэгчид ч нийгмийн сүлжээний золиос болсоор байгаа өнөө үед өсвөр үеийнхэнд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна.

Өсвөр насныхны цахим хэрэглээний асуудал эцэг эхчүүд, хүүхдүүдийн хооронд үл ойлголцол үүсгэж байгаа хамгийн том асуудлуудын нэг хэдийнэ болжээ.

Ерөнхий боловсролын сургуулийн 5-12-р ангийн хүүхдүүдийн 47 хувь нь фэйсбүүкд хоёр болон түүнээс дээш хаягтай

Компьютер, гар утсанд донтсон хүүхдүүдийн дийлэнх нь гэр бүл болон сургуулийн орчинд ямар нэгэн бэрхшээлтэй учирч, харилцаанд нь доголдол үүссэн байх магадлалтай. Өөрийгөө тусгаарлаж, ямар нэгэн зүйлээс бие, сэтгэлээ хамгаалах зорилгоор тэд дэлгэцтэй нөхөрлөж, эцэстээ үүндээ донтдог талаар сэтгэлзүйчид хэлдэг.

Тэгвэл эцэг эх, насанд хүрэгчид энэ байдалд хэрхэн анхаарал хандуулах ёстой талаар мэдээллийг хүргэж байна.

ДЭЛГЭЦИЙН ЦААНА ХЭН БАЙНА ВЭ

Аймшгийн бурхан, Тэсэрдэг чихэр, Дүрэмгүй хотын журамгүй охин, Хараал идсэн даруухан хөвгүүн гээд ер бусын хаягууд фэйсбүүкээр хөвөрнө. Гэвч эдгээр хаягийн цаана үнэхээр өсвөр насны хүүхэд байгаа эсэх нь эргэлзээтэй.

Хамгийн эхний асуудал таны хүү, охин цахим ертөнцөд хэчнээн найзтай вэ? Нийгмийн сүлжээний сайтууд хүмүүсийн хувийн мэдээллийн байнга шаарддагаас гадна хүүхдүүд бусдад олон найз нөхөдтэй харагдахын тулд бодит амьдрал дээрээ таньж мэдэхгүй хүмүүсийг найзаараа хүлээн авдаг. Өөрөөр хэлбэл дэлгэцийн цаана хэн байгааг үл мэдэн тэднийг өөрийн орчинд нэвтрэх эрхийг өгч байгаа юм.

Одоогоос таван жилийн өмнө дэлхий нийтийг цочроосон өсвөр насны охины амиа хорлолтын талаар сануулахад илүүдэхгүй биз. 15 настай Аманда Тодд гэх канад охин олон хүнийг өсвөр насны хүүхдэдээ анхаарал хандуулах шаардлагатайг сануулсан. Амиа хорлохоосоо өмнө ютүб хуудаснаа нийтэлсэн 9 минутын видеонд тэрбээр хоёр жилийн өмнө вэбкамераар танилцсан өсвөр үеийн хөвгүүнд хөхөө харуулснаас болоод маш олон доромжлол, сэтгэлийн дарамтыг эдэлж, цаг бусаар хорвоог орхихоос өөр аргагүй болсон талаараа өгүүлдэг.

Олон улсын хэмжээнд өсвөр насны охидын 71 хувь, хөвгүүдийн 67 хувь нь бэлгийн зан үйлтэй холбоотой контентыг нийтэлж, бусдад илгээдэг гэсэн судалгаа бий. Гэвч нийт эцэг эхийн дөнгөж 15 хувь нь хүүхдийнхээ цахим орчин дахь зан үйлийг мэддэг аж. Ингээд бодохоор цахим орчинд хүү, охин тань юу хийж байгаа талаар зайлшгүй анхаарах шаардлага тулгарчээ.

ИЧТЭЛ НЬ ШЭЙРЛЭХИЙН ЭСРЭГ ТАЛД

“Хэцүү бүхний өөдөөс инээе” гэсэн тайлбар бүхий нэг охины зураг цахим ертөнцөд нэлээн шуугиан тарьсан. Хүмүүс түүнийг дуурайн зураг авахуулж, хэл амаар доромжилж байсныг та санаж буй байх. Энэ мэтчилэн нийгмийн дайралт тэр охинд ямар байсан бол гэж та бодож байв уу. Түүнийг элэглэж дуурайж байхдаа эргээд гарах хор уршгийн талаар бодож үзсэн үү. Өсвөр насныхан бүү хэл насанд хүрэгчид ч “ичтэл нь шэйр”-ийг “утгаар нь” ашигладаг. Зөв буруу, үнэн худлын алийг нь ч ялгахгүйгээр олж авсан мэдээллээ олон нийтэд түгээдэг нь тийм ч зөв шийдвэр биш.

Судалгаанаас үзэхэд 12-17 насны хүүхдүүдийн 48 хувь нь зураг, бичлэг, тэмдэглэл зэрэг хувийн мэдээллээ нийгмийн сүлжээний сайтуудад нийтэлдэг бол, 16-17 насны хүүхдүүдийн 66 хувь нь өөрсдийн мэдээллийг бусадтай хуваалцах хүсэл сонирхолтой байдаг аж. Гэвч эргээд тэр мэдээлэл нь түүнийг дарамтад оруулах эрсдэлтэй. Таньж мэдэхгүй хүнтэй цахим орчинд найзлах, өөрийн мэдээлэлд хувийн тохиргоо хийгээгүйгээс болоод түүнийг нь “ичтэл шэйрлэж” хандалт авах гэсэн хэн нэгний золиос болсоор.

Хувийн тохиргоо хийгээгүйгээс болоод түүнийг нь “ичтэл шэйрлэж” хандалт авах гэсэн хэн нэгний золиос болсоор

Бас нэгэн жишээ дурдахад, өсвөр насны нэг охин өөрөөс гурав ах залуутай жил гаруй фэйсбүүкээр харилцаж, түүндээ сэтгэлтэй болоод уулзах эсэхдээ эргэлзэж байгаа талаараа сэтгэлзүйчид хандсан захидал илгээсэн. Энэ мэтчилэн өсвөр насныхан хэн нь үл мэдэгдэх нэгэнтэй харилцаж, тэдэнтэй илүү дотно харилцдаг нь насны онцлогтой нь холбоотой. Шинэ зүйлийг амархан сурдаг, сониуч, үр дүнг тооцоололгүй шийдвэр гаргадаг гэх мэтчилэн тэдний онцлог нь сөрөг үр дагаварт хүргэх эрсдэлтэй үед нь эцэг эхчүүд хүүхдийнхээ нийгмийн сүлжээ ашиглалтын тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй.

ХОРЬЖ ЦАГДАХ БУС ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ТАЛААР ОЙЛГУУЛААРАЙ

Иймд шинэ технологийн талаар мэдээллийг авч, хэрхэн эрсдэлээс сэргийлэх талаар ч судалж байх шаардлагатай. Хүүхдүүдэд бодит амьдралд аюулгүй орчинд амьдрах эрхээр хангагддагтай адил интернет орчинд бас аюулгүй байх эрхтэй гэдгийг сайтар ойлгуулах нь чухал гэдгийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээлж байна.

Фэйсбүүк хэрэглэгчийн насны доод хязгаар 13. Гэвч манайд үүнээс ч бага настай хүүхдүүд фэйсбүүк хэрэглэж байна. Тиймээс та хүүхдээ фэйсбүүкийн хэрэглэгч болохоос өмнө дараах зүйлийг анхааруулж, тайлбарлаж өгөөрэй.

  • Танай хүүхэд цахим ертөнцөд тааламжгүй зүйлтэй учирсан тохиолдолд энэ нь (бусад хүүхдүүдтэй харьцуулахад) хүүхдэд тань илүү хүндээр тусна гэж бодож байгаа бол та хүүхдээ Фейсбүүк олон нийтийн сүлжээг хэрхэн ашиглах талаар чиглүүлэх шаардлагатай. Хүүхдийнхээ хамтаар түүний танилцуулга хуудас (профайл) дээр сэтгэгдэл бичсэн хүмүүсийн профайлыг үзэж, зарим хүмүүс цахим ертөнцөд хэрхэн авирладаг талаар хамтдаа ярилцаж, доромжилсон сэтгэгдлүүдийг хэрхэн шүүх, хаах, тэдний зүй бус үйлдлийг хэрхэн мэдэгдэх талаар зааж зөвлөх хэрэгтэй
  • Хэрэв танай хүүхэд өөрийн профайл хуудаснаа нэр, гэрийн хаяг, сургууль, спорт клуб зэрэг бусад хүмүүс танай хүүхдийг хаана, хэдийд юу хийж байдгийг мэдэх боломж олгох мэдээллүүд (хэдийгээр та хүүхэдтэйгээ олон нийтийн сүлжээний аюултай асуудлуудыг ярилцсан хэдий ч)-ийг оруулаад байвал Фейсбүүкийг ашиглах талаар туслах хэрэгтэй. Хаана байгаагаа мэдэгдэх “шалгах буюу checking in” мэдээллийг оруулах, ил задгай зураг оруулах, онлайнаар танилцсан хүнтэй биечлэн уулзах, доромжилсон сэтгэгдэл бичих зэргээс үүсч болох эрсдэлүүдийн тухай мөн юуг хийж болох юуг хийж болохгүй талаар зөвлөж ярих.
  • Та хүүхэдтэйгээ харилцан тохиролцсоны үндсэн дээр хүүхдээ Фэйсбүүк ашиглахыг зөвшөөрч болно. Жишээлбэл зөвхөн таныг байхад Фэйсбүүкт орох, та нэвтрэх эрхийг хянах гэх мэт. Харин үүний хариуд та хүүхдийнхээ профайлд тэднийг эвгүй байдалд оруулах, ичээх сэтгэгдэл бичихгүй, оруулахгүй байх нь тэднийг тантай цаашид хамтрах бололцоог олгодог. Өсвөр насныхны хувьд энэ нь их ичмээр байдаг ба профайл нь тэдний хувийн ертөнц байдаг.
  • Хэрэв таны хүүхдийн зан ааш гэртээ юм уу сургууль дээрээ өөрчлөгдөх юм бол энэ талаар хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй. Үүнд хүүхэд тань урьд нь дуртай байсан зүйлдээ дургүй болох мөн илт сэтгэл дундуур байх эсвэл унтах, идэх зуршил нь өөрчлөгдөх гэх мэт орно. Шаардлагатай бол сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч зэрэг мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах хэрэгтэй. Ялангуяа таны хүүхэд эмзэг хүүхэд бол та хүүхдийнхээ профайл дахь идэвхтэй болон идэвхгүй байгаа хүмүүст анхаарал хандуулж, анзаарч байх шаардлагатай. Хүүхдүүддээ сургуулиас гадуур дугуйлан, бүлгэмүүдэд элсэж найз нөхөдтэй болоход нь тусалж дэмжих энэ талаар сургуулийн удирдлагуудтай уулзаж, ярилцах хэрэгтэй гэдгийг cybersafety.mn-ээс зөвлөж байна.

Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүүхэд, эцэг эхчүүд, асран хамгаалагчдад зориулсан мэдээлэл бүхий cybersafety.mn хуудсаар зочлон авах боломжтой.

Эцэст нь хэлэхэд өсвөр насныхны фэйсбүүкийн хэрэглээг хорьж, цагдахын оронд зүй зохистой хэрэглээний талаар ярьж ойлгуулах нь чухал. Цахим орчинд тавьсан зураг, бичсэн үг эргээд түүнд сэтгэлийн дарамт болох эрсдэлтэй гэдгийг сануулж, юуг хуваалцах, юуг хуваалцахгүй вэ гэдгийг багш, эцэг, эхчүүд зааж өгч байх хэрэгтэй.

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 3724 санал өгсөн байна.

Дээшээ