Тэд тархинаас бусдыг нь шилжүүлэн суулгаж байна


2017-02-17 12:15 GMT+8

-ТОМИЛОЛТ-

Турк улсын Истанбул хотноо “Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа ба донор” сэдэвт олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын семинар болж өндөрлөлөө. Уг үйл ажиллагаа нь “Эрхтэн шилжүүлэх сан”-гийн санаачилгаар, тус улсын анагаахын их дээд сургууль, төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулагдсан нь энэ юм. 

Тэд хөгжиж буй орнуудад эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг илүү таниулж мэдүүлэх, эерэг үр дагаврын ойлголтыг бусдад түгээх, эрхтэн хандивлах болон шилжүүлэх тогтолцоог түгээн дэлгэрүүлэх мэдээллийг хүргэхээс гадна тус улсын анагаах ухаан, эрүүл мэндийн салбар хэр өндөр түвшинд хүрч байгааг дэлхийн улсуудад таниулах зорилгоор нийт 71 орны хэвлэл мэдээллийн салбарын 150 гаруй хүнийг урьжээ.

“Эрхтэн шилжүүлэх сан”-гийн хэрэгжүүлж буй төсөл бол 25 жилийн туршлагатай “International Transplant Network” буюу “Олон улсын эрхтэн шилжүүлэх сүлжээ” юм.

Төслийн хүрээнд олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагынхан Турк улсын эрхтэн шилжүүлдэг томоохон хоёр эмнэлэг болох Истанбул хотын “Ажибадем”, Измир хотын “Кент” эмнэлгээр зочлов. Явуулж буй үйл ажиллагаа нь илүү өргөн, давуу туршлагатайгаар нь “Ажибадем” эмнэлгээс  хийсэн сурвалжлагыг хүргэж байна.

Турк улсад эрхтэн шилжүүлэн суулгах тал дээр хангалттай мэргэжилтэн, дэд бүтэц бий. Тиймдээ ч эрүүл мэндийн аялал жуулчлалын шинэ бүс болж байна. Тус улсад 2015 онд 140 орны 750 мянга гаруй хүн эмчлүүлжээ. 2012 оноос хойш энэ оны хоёрдугаар сар хүртэл нийт 38 мянган хүнд эд, эрхтэн шилжүүлэн суулгаснаас хамгийн олон нь 16 мянган хүнд бөөр шилжүүлэн суулгасан. Түүх сөхвөл, нас барсан эмэгтэйн савыг өөр хүнд шилжүүлэн суулгах хагалгааг Турк улс дэлхийд анх удаа амжилттай хийсэн гэдэг.

“БИД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭНЭ”

Эрүүл мэндийн яамны харъяа эрдэм шинжилгээний эмнэлгүүдээс авахуулаад их сургуулиудын эмнэлгүүд гээд нэлээд олон байгууллага эрхтэн шилжүүлэх мэс заслыг хийдэг. Сүүлийн жилүүдэд хувийн эмнэлгүүдийн эрхтэн шилжүүлэх мэс засал илүү өндөр түвшинд хүрээд байна. Тэдний нэг бол “Ажибадем” эмнэлэг.

“Ажибадем” цогцолбор эмнэлэг нь 1991 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүнд нийт найман эрүүл мэндийн төв, 16 ерөнхий зорилтот эмнэлэг байгуулагдаж, дэргэдээ их сургууль хүртэл бий болгожээ. Мөн дэлхийн дөрвөн улсад салбартайн дээр 22 эмнэлэг, 17 клиникээр дамжуулж үйл ажиллагаагаа хүргэдэг.

Тус эмнэлэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна эрхтэн шилжүүлэн суулгах чадвараараа улсдаа дээгүүрт ордог. Учир нь тэд өдгөө 25 мянга гаруй том хүн, хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгажээ.

Эмнэлгийн 1-2 давхар тэр чигтээ гадаадын иргэдэд зориулагджээ. Эмнэлгийн орчин цэвэр цэмцгэр бөгөөд сэлүүхэн. Өвчтний өрөөнөөс гадна түүний ар гэрийнхэн байрлах ч тухтай өрөө байх аж.

 “Ажибадем” эмнэлгийн гадаадын өвчтөнийг хүлээн авах үйлчилгээний мэргэжилтэн Миленэ Маслак

Бидэнд “Ажибадем” эмнэлгийн үйл ажиллагаа, бүтцийг тус эмнэлгийн гадаадын өвчтөнийг хүлээн авах үйлчилгээний мэргэжилтэн Миленэ Маслак танилцууллаа.

Өвчтнүүд эмчилгээ хийлгэдэг тусгаарлагч жижиг кабинет бүхий 32 өрөө бий. Энэ нь зай талбай хэмнэхээс гадна тав тухтай байх аж. Ойролцоогоор 60 гаруй хүн нэг дор эмчилгээ хийлгэх боломжтой юм. Мөн химийн эмчилгээ хийлгэх өрөө гэж тусдаа бий.

Сонирхуулахад, энд яаралтай тусламжийн өрөөг ногоон, шар, улаан гэж ангилах юм. Улаанд нь биеийн байдал маш хүнд, шард нь хүндэвтэр, ногоонд нь биеийн байдал нь харьцангуй тогтвортой өвчтнийг оруулдаг бөгөөд үзүүлэх тоног төхөөрөмж нь түүнийгээ дагаад харилцан адилгүй байдаг аж.

Энд эрхтэнүүдээс элэг, бөөр, зүрх, уушги, нойр булчирхай, нарийн гэдэс, арьс шилжүүлэн суулгадаг бол эд гэвэл яс, чөмөг, нүдний торлог бүрхэвч, зүрхний хавхлага шилжүүлэн суулгадаг аж. Нэг үгээр тэд бараг тархинаас бусдыг нь шилжүүлэн суулгаж байна. Өнөөг хүртэл элэг шилжүүлэн суулгуулсан нийт хүмүүсийн 51% нь эрэгтэй, 49% хувь эмэгтэй бол дундаж нас нь 49 юм.

Нийт 25 мянга гаруй том хүнд болон хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгажээ

“Ажибадем” эмнэлэг хэдий хувийнх ч гэлээ өөрийн улсын иргэдэд эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг. Мөн гэрээ байгуулсан гадаадын улсын иргэдэд тухайн улсынх нь эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлсэн үнээр үйлчилгээ үзүүлдэг байна. Манай улстай ямар нэгэн гэрээ байгуулаагүй учир хэрэв өвчтөн тус эмнэлгийг зорих бол төлбөрөө өөрөө бүрэн хариуцах юм.

"Эрхтэн шилжүүлэн суулгах бүх үйл ажиллагаа Нийгэм хамгааллын институтын хяналтын дор явагддаг. Тэд өвчтний эрхийг хамгаалах, түүнийг хэрэгжүүлэх, хөгжүүлэх, улс даяар төлөвлөлтөнд оруулах, зохион байгуулах ажлыг хариуцаж, түүнд хяналт тавьдаг бөгөөд эрхтэн шилжүүлэх үйл ажиллагаанаас хамааран төлбөрийн тодорхой хувийг гаргах, эсвэл бүрэн төлөх байдлаар дэмжлэг үзүүлдэг" гэж тус эмнэлгийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Хандэ Изик хэлсэн.

“БИД ХАМТДАА АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЖ ЧАДНА”

Семинарын хоёр дахь өдөр "We give life" буюу “Бид амьдрал бэлэглэнэ” сэдэвтэйгээр Турк улсын эрүүл мэнд болон хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор үргэлжиллээ.

Тэд санал бодлоо солилцож, хүрэлцэн ирсэн оролцогч улсуудын төлөөлөлд Туркийн эрүүл мэндийн салбарын ололт амжилт, эрхтэн шилжүүлэх үйлчилгээг дэлхий нийтэд танилцуулах, цаашдаа хамтран ажиллах боломж байгааг дуулгасан юм. Мөн эрхтэн шилжүүлэн суулгуулсан, донор болсон, өвчтний ар гэрийнхэн хүрэлцэн ирж санал сэтгэгдлээ хуваалцсан юм.

Зураг дээрх хүн эхнэрээ эцсийн замд нь үдээд 28 хонож буй. Гэхдээ түүний эхнэр дөрвөн хүний амийг аварсан. Өөрөөр хэлбэл нэгэнт тархины үхжилттэй болсон эхнэрийнх нь элэг, бөөр, зүрх, уушги өөр хүмүүст амьдрал бэлэглэсэн юм. “Хань минь энэ сайхан үйлд баярлаж байгаа гэдгийг би мэдэж байна” хэмээн нулимс дуслуулан ярьсан.

“Эрхтэн шилжүүлэх үйл ажиллагааны цар хүрээ олон улсад нэмэгдэхийн хэрээр эрхтэн дамлаж зардаг гэх сөрөг мэдээллийг дагуулсаар байна. Гэхдээ бид элдэв сөрөг хандлага, таамгийг бий болгохгүйгээр үйл ажиллагаагаа илүү боловсронгуй болгохоор ажиллаж байна. Бид хамтдаа хүмүүст амьдрал бэлэглэж чадна” хэмээн уг төслийн зохицуулагч Жемаль Ата Бозоклар хэлсэн юм.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн сонгууль 39 хоногийн дараа болно. Ард нийтийн санал асуулгын тухай хуульд санал асуулгыг сонгуулийн санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлохоор заасан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулах боломжгүй. Иймд УИХ 65-аас доошгүй хоног гэсэн хугацааг өөрчлөхөөр зэхэж байна. Таны бодлоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэхийг асуух ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр хамт зохион байгуулах нь зөв үү?
Нийт 264 санал өгсөн байна.

Дээшээ