174 тэрбум төгрөгийн худалдан авалтыг бизнес эрхлэгчдэд санал болгоно

GoGo.mn

2017-02-17 14:00 GMT+8

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтыг энэ сарын 20-нд зохион байгуулах гэж байна.

Уг бизнес уулзалтаар төр хувийн хэвшлийн түншлэл, эдийн засгийн стратеги, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр, худалдан авалт, шилэн тендер, хот байгуулалт дэд бүтэц зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Энэ жилийн бизнес форумаар 174 тэрбум төгрөгийн төсөвтэй 65 худалдан авалтын ажлыг бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүддээ танилцуулах аж.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Энэ жилийн хамгийн гол хөрөнгө оруулалтууд  бүтээн байгуулалт, дэд бүтцийн салбарууд дээр явагдана. Тухайлбал  гэр хорооллын дахин төлөвлөлт,  орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр,  сонсголонгийн гүүр, замын цагдаагийн урд талын уулзварын гүүр, Баянзүрхийн  гүүрнээс налайх хүртэл 20,9 км зам, дугуйн зам зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.

Мөн энэ уулзалтад агаарын бохирдол, хөрсний бохирдол, Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн асуудлыг  хэлэлцэх аж.

Уулзалтад  УИХ болон Засгийн газрын гишүүд, монгол улсад суугаа онц бөгөөд  бүрэн эрхт элчин сайд нар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд , Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгч, үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид гээд 1000 орчим бизнесийн салбарынхан оролцоно.

Г.Ариунзул

 

GoGo Facebook Хуудас
 
 
Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?
Нийт 223 санал өгсөн байна.

Дээшээ