"ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ" өсвөр үеийнхний чуулга уулзалт амжилттай боллоо


2017-02-21 13:35 GMT+8

“Өсвөр үеийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шинэлэг, бүтээлч байдлаар шийдвэрлэх нь” цуврал үйл ажиллагааны хүрээнд болсон "ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ" өсвөр үеийнхний чуулга уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдэд (18,19-нд) Олон улсын хүүхдийн "Найрамдал" зуслан дээр боллоо. Энэхүү чуулга уулзалтыг Монгол улс дахь НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Контент ХХК, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв,  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон "Креатив Воркшоп" ХХК хамтран зохион байгууллаа.

Уг чуулга уулзалтад "Эрүүл ирээдүй надаас эхэлнэ" зохион бичлэгийн уралдаанд түрүүлсэн 20 хүүхдээс гадна Нийслэлийн хүүхдийн зөвлөлийн төлөөллүүд, хөдөө орон нутгийн төлөөлөл сургуулийн нийгмийн идэвхтэй сурагчид, зөвлөлийн хүүхдүүд, YOLO.mn сайтын санал асуулгад идэвхтэй хамрагдсан хүүхдүүдээс шалгаруулж нийт  53 хүүхэд хамрагдлаа.

Уг үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүүхдүүд хоёр өдрийг хамтдаа өнгөрүүлж, өсвөрийнхөнд тулгараад буй асуудлын талаар хэлэлцэн хэрхэн шийдвэрлэх арга замуудын талаар өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн юм.

Тэд “Эрүүл байхын ач холбогдол”, “Бүтээлч сэтгэлгээ гэж юу вэ” сэдэвт сургалтуудад хамрагдсаны дараагаар “Нөхөн үржихүйн болон сэтгэцийн эрүүл мэнд”-ийн талаарх дараах асуудал бүхий сэвдүүдээр багт хуваагдаж мэтгэлцсэн юм.

  • ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад бэлгийн боловсрол олгох нь зүйтэй
  • 21-р зууны өсвөр үеийнхний сэтгэцийн өвчлөлийн суурь шалтгаан нь цахим ертөнц
  • Өсвөр үеийнхний эрүүл байх нь ихэнхдээ өөрөөс нь шалтгаалдаг
  • Өсвөр үеийнхэн бие биедээ эрүүл мэндийн талаар зөвлөгөө өгөх нь сөрөг үр дагавартай
  • Сургуулиудад сэтгэл зүйчийн орон тоо зайлшгүй байх шаардлагатай

Хүүхэд бүр өөр өөрийн үзэл бодлыг танилцуулж, тухайн сэдвийн үр дагавар болон гарч болох эрсдлийн талаар ярилцлаа. Жишээ нь, оролцогч Т.Ариунбаяр “Өсвөр үеийнхний эрүүл байх нь ихэнхдээ өөрөөс нь шалтгаалдаг. Учир нь агаарын бохирдол, амьдрах орчноос илүүтэй архи тамхи, хийжүүлсэн ундааны хэрэглээ гэх мэт муу зуршилгүй байх, дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь бидний эрүүл хэв маягт онцгой нөлөөтэй. Тиймээс хүрээлэн буй орчноос илүүтэй хувь хүүхэд бүр өөртөө анхаарч чадвал эрүүл байх боломжтой” гэсэн юм.

Ийнхүү тэд үйл ажиллагаандаа идэвхтэй оролцож, хоорондоо танилцан найзууд болж өсвөр үеийнхэнд тулгараад байгаа сэтгэцийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар хэлэлцэж хоёр өдрийг өнгөрүүллээ.

Мөн тэд энэхүү өдөр ирээдүйд хэн болохыг хүсдэг, ямар зүйлээс хамгийн их айдаг гэх зэрэг өөрсдийн бодож явдаг зүйлсээ өнгөт цаасан дээр бичиж наасан байлаа. Тэднээс маш төрөл бүрийн бодууштай санаа, сэтгэгдэл гарсныг дараах фото мэдээллээс харж болно.

Нийт өсвөр үеийнхнийхээ тулгамдаад буй асуудалд төлөөлөл болж өөрсдийн байр сууриа илэрхийлэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсондоо тэд баяртай байлаа. “Өсвөр үеийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шинэлэг, бүтээлч байдлаар шийдвэрлэх нь” цуврал үйл ажиллагааны дараагийн уулзалт Хакатон буюу асуудлуудад технологийн дэвшлийг ашиглан шийдэл боловсруулах, шинэ санааг хөгжүүлэх зорилгоор програмистууд, дизайнерүүд, IT болон эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдээс гадна өсвөр үеийн төлөөллийг оролцуулсан үйл ажиллагаа байх болно.

'Эрүүл байхын ач холбогдол' сургалтыг Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн С.Гэрэлмаа зааж байгаа нь

'Бүтээлч сэтгэлгээ-Бүтээлч Иргэн' сургалтыг Хүний хөгжлийн оюуны чадвар төвийн Гүйцэтгэх захирал Г.Мөнгөн зааж байгаа нь

Мэтгэлцээний сургалтыг 'Оюуны тулах цэг' сургалтын төвийн сургагч багш Ү.Амарбат зааж байгаа нь.

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 907 санал өгсөн байна.

Дээшээ