Д.Эрдэмбилэг: Би гүн ухаарсан, эсвэл гүн солиорсон байх
Г.Одгарав Сэтгүүлч

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэгийг "Монгол бахархал" буландаа урилаа.

Хоёулаа хүнд хэрэгтэй л ярилцлага хийвэл хийе. Чи жижүүрийн асуулт асуугаад би өөрийгөө магтаад унавал ярилцах ч хэрэг алга. Би ямар зоо паркийн амьтан биш...” хэмээн нүүр тулмагцаа л хэгжүүн, үл тоосон өнгөөр дуугарах энэ эрхэм бол Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэг байв.

Мөрөө шүргэсэн урт үс, дугуй, дөрвөлжин хоёр өөр хүрээ бүхий нүдний шил зүүснийг нь ажвал этгээд нөхөр бололтой...

Чингис хааны морьт хөшөөг Цонжин болдог хэмээх түүхэн газар сүндэрлүүлж, өдгөө Төв аймагт 54 метр өндөр Их майдар бурхныг бүтээж буй нь дизайнер Д.Эрдэмбилэгтэй уулзах гол шалтгаан болов.

Түүний чиг шугам бол “Why not”... “Яагаад үгүй гэж...” гэх сэтгэлгээгээр тэр Чингис хааны морьт хөшөөг бүтээсэн...

Хийх гэж байгаа нь 99 хувь, бүтээсэн нь
Цонжин болдогийн Чингис хааны морьт хөшөө байна

Хийсэн бүтээлээрээ хэдийнэ та бусдад тоогдсон хүн. Харин өөрийгөө хэрхэн үнэлдэг чинь надад сонин байна. Хэзээ хамгийн ихээр өөрийгөө тоов?

Би өөрийгөө хэзээ ч тоож байгаагүй. Учир нь би их дутуу байна. Нөгөө талаас манай нийгмийн байдал ороо бусгаа байна. Энэ нь чиний асуулттай ямар холбоотой юм гэхээр ийм үед улс ч, би ч биеэ тоож болохгүй гэсэн үг. Хэний өмнө бид юу хийж хэчнээн сайхан улсыг, ичиж үхмээр улс болгочихоод өөрийгөө тоох юм. Гаднынхны өмнө шүү дээ. Харин Монголдоо хийсэн бүтээсэн, хийж, бүтээх гэж байгаа мөрөөдлөөрөө овоо мөрөөдөмтгий гар байж болох юм.

Шал дутуу гэж… Цонжин болдогийн хөшөөг бүтээсэн нь өөрийгөө бага ч атугай тоох шалтгаан болоогүй юу?

Хийх гэж байгаа нь 99 хувь, бүтээсэн нь ганцхан Цонжин болдогийн хөшөө байна. Өөрөөр хэлбэл хийж бүтээе гэж санаж зорьсон 99 ажил цүнхэнд багтаж ядан байна. Би ер нь хийх гэж байгаа ажилдаа хамгийн их шаналдаг юм байна. Бүтэхгүй, бүтэх нөхцөл бүрдэхгүйгээс зовно. Түүнээс бус нэгэнт болчихсон, босчихсон, үр дүн нь харагдаад байгаа юмыг мартчихдаг. Улс амьтан бол ам сайтай л байдаг юм билээ. Миний сонссоноор хамгийн сонирхолтой нь 10 залуу тутмын хоёр нь л Чингисийн хөшөөг очиж үзсэн байдаг юм билээ. Зай нь холдсон юм уу, эсвэл залуучууд идэвхгүй байна уу, үгүй бол тэдэнд мөнгө алга уу. Шалтгааныг нь сайн ухахгүй л байна.

“Майдар” төсөл юу болсон бэ. 2016 онд баригдаж дуусна гэж байсан?

“Майдар” төслийн хувьд ард түмний хандив тусламжаар босож байгаа учраас эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед жаахан удаашралтай байгаа. Өнөөдөр 30 хувьтай… Аливаа улсын шашин соёлын төвүүд удаан баригддаг. Бизнесийн бус хандивын төсөл учраас л тэр. Испанийн Барселоны сүм гэхэд 110 дахь жилдээ баригдаж байх жишээтэй. Кран нь зоолттой байхад ч хүмүүс үзэж сонирхож л байдаг. Тэгэхээр шашин соёл, түүх дурсгалын бүтээлүүд удаан бүтэхэд санаа зовох хэрэггүй. Цаг үеийн бэрхшээлүүдтэй их тулгарна. Тэрийг даван туулахдаа улам үнэ цэнээ олж байдаг. Ард түмний сэтгэлийн хандиваар босч байгаа учраас би хүлээцтэй байгаа.

Тэгвэл “Морин хуур” цамхгийг Төв цэнгэлдэх орчимд барихаар боллоо гэж мэдээлж байсан. Яагаад өдий болтол чимээгүй байна. Уг нь нийслэлийн соёл, дурсгалын томоохон бүтээн байгуулалт болно гэж бодож байсан юм?

“Морин хуур” төслийг хэрэгжүүлэхийн тулд Монголдоо элэгтэй, бүтээн байгуулах хүсэл эрмэлзэлтэй бүтээгч хүмүүс цөөнгүй сэтгэл гаргаж байгаа. Гэхдээ одоогоор эхэлсэн юм алга. Нийслэлээс энэ ажилд ямар хүлээлт, сонирхол байгаа юм бүү мэд. Ямартай ч гурав дахь хотын даргын нүүрийг үзэж байна. “Морин хуур” тауэр буюу Монголын Эйфелийн цамхгаа босгож чадаагүй л явна.

Дэлхийн топ брэндүүдтэй хамтраад “Чингис” брэндийг дэлхийн
тансаг бараа үйлдвэрлэлийн дизайны түвшинд гаргаж ирэхийг хүссэн

Таны “Чингис хаан” брэндийн машины загвар “Мерседес бенз” болоод бусад олон улсын компанийн анхаарлыг татсан байсан. Энэ нь амьдрал дээр хэр биеллээ олсон ажил болов?

Та нар залуу учраас асуудалд их соргогоор ханддаг байх. Ийм брэндтэй байх юмсан гэх мөрөөдөлтэй залуучууд олон байх шиг. Хэдэн жилийн өмнө дэлхийд “Чингис”-ийг архи, тамхиар биш өндөр зэрэглэл, үнэтэй брэндээр гаргаж ирэх санааг бодож олсон. Өөрөөр хэлбэл олон улсын топ брэндүүдтэй хамтраад “Чингис” брэндийг дэлхийн үйлдвэрлэлийн дизайны түвшинд гаргаж ирэхийг хүссэн. Энийг ажил болгохын тулд дэлхийн топ брэндийн удирдлагуудтай уулзахад ихэнх нь дэмжсэн. Гагцхүү Монголд энэ төсөл дээр хөрөнгө оруулалт хийж, компани байгуулахад дэмжлэг үзүүлэх хүн олдохгүй байна. Өөрөөр хэлбэл оюуны өмчийн хувьцаа эзэмшээд бизнесээ өргөжүүлэхэд ухаанаа зарах хүн алга. Монголын тэргүүн бизнесменүүд хүртэл үүнийг ойлгохгүй байна. Оюуны өмч гэдэг угтаа маш том бизнес. Тэд өөрөөс нь их мөнгө гарна хэмээн эндүүрэн тойрч зугтаадаг. Бизнесменүүд нь ч, бодлогын түвшний удирдлагууд нь ч үзэл санаа, боловсрол, дэлхийн оюуны өмчийн бизнесийн соёлын хоцрогдолтой.

Бид ойлгохгүй байх нь аргагүй. Дэлхийн толгой тэрбумтнууд брэнд дээр мөнгө хайрладаггүй. Тэр тусмаа дахин давтагдашгүй, ур шингэсэн бүтээгдэхүүнд багахан мөнгө цацаад их ашиг олдог. Тэрийг амталж мэдэрч хэрэглэж үзээгүй хүмүүс ойлгохгүй байх нь аргагүй л байх. Манай бизнесмен, саятнууд өнөөдөр нэг юмыг авчраад маргааш 10 долларын ашигтай ажиллахаа бизнес гэж ойлгодог. Оюуны үзэл санаандаа өөрчлөлт хийх шаардлагатай.

Тэгэхээр “Чингис хаан” брэндээрээ захиалга авч эхлээгүй гэсэн үг үү?

Тийм. Нэн түрүүнд Старт Апийн компаниа байгуулах хэрэгтэй байна. Гадны орнуудад шинийг санаачлагчид дизайнерууд инноватруудаа бойжуулах Старт Апын икубатор төвүүдийг ихээр байгуулж ажилладаг. Гэтэл Старт Апийг манай улс төрчид бизнесменүүд буруугаар ойлгодог. Чингис хаан лакшри төсөл бол сүпер бизнесийн төсөл. Гагцхүү Старт Ап хийгээд аваад явчих энэ зах зээлийг гадарлдаг хүн л хэрэгтэй байгаа юм. Энэ бизнес нь дэлхийн хүн амын тавхан хувьд зориулсан юм гэхээр л ойлгодоггүй. Тэр компанийг дэлхийд зарлахаар манай загваруудад захиалга орж ирнэ. Захиалга авдаг бизнес дэлхийн номер нэг бизнес. Уг нь их энгийн ойлголт.

Сүүлд цахилгаан машины загвар боловсруулсан гээд байсан уу?

Нөгөө хийх гээд зүтгээд байгаа 99 юмны л нэг шүү дээ. Цахилгаан машин гээд нэг загвар гаргачихсан явна. Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтийн талаар санаа зовж байна. Хойд мөсөн далай энэ эрчээрээ хайлбал дэлхий удахгүй усанд автах нь тодорхой. Үүнд нийтээрээ санаа зовж байхад манайхан таг дүлий... Нүүрснийхээ ярианаас салаагүй. Машины загвар бол  уг асуудалд уран бүтээлч, дизайнер хүний хувьд санаа зовж байгаа арга ядсан хэлбэр. Бас л үүнийг харж, дэмжих, бололцоотой хүн байхгүй. Нэг талаасаа мөрөөдөл, нөгөө талаасаа дэлхийтэй хөл нийлүүлэх эрмэлзэл юм даа.

Өнөөдөр зам дээр яваа машинуудыг анхаараарай. Долоон хүн суудаг жипэнд нэг эмэгтэй сууж яваа. Тэгээд л бөглөрөл үүсгээд байгаа юм. Японы тэрбумтнууд эсэргээрээ метро эсвэл ганц хүний жижиг оврын машиныг чухалчилж байна. Гэтэл манайд ямар ч зорилгогүй хий баярхаж өрсөлддөг. Зөвхөн бие биенийхээ дээр гарч илүүрхэхийн тулд шүү дээ.  Энэ заваан юм аа болих хэрэгтэй. Хил давж сэтгээд олон улсад өрсөлдөхөө бодохгүй дотроо л хагаралдаад байна.

Уг нь оюун санааны өөрчлөлтийг хийх гэж
Майдар төслийг санаачилсан юм

Та их бухимдалтай байх шиг ээ. Яагаад вэ?

Шүүмжлэхгүй байхын аргагүй. Бүх зүйл болохгүй байгааг захын Должин эмээ хүртэл мэдэж байна. Ийм юмыг сургууль соёл төгссөн, боловсролтой гэгдэх мань мэт нь шүүмжилж байх хэрэгтэй. Шүүмжилж байна гэдэг нэг талаасаа засахын төлөөх тэмцэл. Залуучуудын ирээдүйн төлөө бид зовоод байна. Та нар Вашингтонд амьдарч байгаа үеийнхнийхээ амьдралыг хар. Тэд амар амгалан, орлоготой, цалинтай, уран бүтээлийн өндөр амжилттай ажиллаж болж байна. Нөхцөл нь тэнд бүрдчихэж. Энд алга. Валентин, Халловин гэх мэт баяраар хуураад, сайхан байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж цагийг нь “алж” байна.

Тэгэхээр оюун санааны өөрчлөлтийг юунаас эхлэх вэ?

Уг нь оюун санааны өөрчлөлтийг хийх гэж Майдар төслийг санаачилсан юм шүү дээ. Майдар бурхан бол буддын соёлын нэг хэлбэр. Хөшөө дурсгал хэлбэрээр байгаа боловч угтаа шунал, уур хилэн, атаа жөтөөг дарах агуулгатай. Хүний оюун санаан дахь буртгийг дарах арга тасарсан хэлбэр. Бизнесменүүд улс төрд гарч ирээд хэдхэн компанийн хоорондын өрсөлдөөнийг улс төртэй хутгаад хэт улстөржсөн эдийн засгийг бий болгож, үүний үр дүнд хамгийн хоцрогдсон орон болгочихлоо. Дэлхийн хамгийн баялагтай орон атлаа дэлхийн хамгийн ядуу орон болж байгааг нүдээрээ харж байна.

Таныхаар өнөөдөр болж бүтэж байгаа юм байна уу?

За байз. Залуучуудын урлаг, спортод гаргаж байгаа амжилт гайгүй юм уу. Эд л гадныхны анхаарлыг татах, нүүр тахлах шалтгаан болж байна. Эдийн засгийн хувьд НӨАТ-ын татварын буцаан олголт юм уу, өөр ч гялтайх юм алга шив дээ.

Залуучуудад ирээдүй байна уу?

Залуучуудыг басаж болохгүй. Тэд өдөржин компьютер тоглож, шөнөжин шоудаад байгаа юм шиг хэрнээ толгой нь хоосон биш. Цаана нь маш өндөр оюуны чадамж, чадвар бий гэж боддог. Харин тэр бүхнийг нь өдөөж, хөгжүүлэх орчин л дутаад байна.

1 | 9 фото
1
1
1
1
1
1
1
1
1

Чингис хааны хөшөөг Монголдоо хийж өгөөд л “өрөө” төлчихсөн

Хүмүүн биеийг олж төрсөн энэ ховор хувь заяанд өөрийгөө өртэй гэж сэтгэх нь хүнийг бүтээлч, хөдөлмөрч болгодог гэж та ярьсан?

Өр гэдэг улбаатай. Өвөг дээдсээс өвлүүлж өгсөн энэ газар нутгийг хамгаалж хайрлаж байх ёстой. Энэ шороон дээр өсөж, өндийж байгаа залуусаа хараад тэдний өмнө би өртэй юм шиг санадаг. Хэрэв энэ цөөн хүн амтай өргөн уудам, баян тансаг нутаг дэвсгэрийг жижигхэн  Сингапур шиг хөгжүүлчихсэн бол сэтгэл амар амьдрах байхсан. Тийм байсан бол уран зургаа зураад үйлдвэрлэлийн дизайнаараа үйлдвэрт зөвлөх хийгээд ч болов амьдарчихна…

Та тэгвэл “өрөө” хэр барагдуулж явна?

Би уг нь аль хэдийнэ өрөө төлчихсөн. Чингис хааны хөшөөг Монголд хийж өгөөд л төлчихсөн. Гэхдээ ханаж болохгүй. Эсвээс утгаа алдана. Чиний хэлдгээр биеэ тоочихно. Дараа дараагийн ажлууд байсаар байтал тэрийгээ хийлгүй өчүүхэн амжилтдаа бялуурсан бол аль хэдийнэ зогсчихсон байгаа. Нэг хүний хувьд улсын байтугай дэлхийд байхгүй морьтой хөшөө бүтээнэ гэдэг нь наддаа хангалттай. Ийм инженерийн шийдэлтэй хөшөөг хэр баргийн аавын хүү хийхгүй. Тэрийг бид хийж чадсан. Тэгэхээр аль хэдийнэ өрөө дарсан гэсэн үг. Гэтэл ар арын хийх ажлууд байсаар атал би нүдээ аниад чихээ бөглөөд явж чадахгүй.

Та хэтэрхий өөрийгөө зовоогоод байгаа юм биш үү. Өөрөө л амар амгалан амьдарч байвал барав гэж хэн нэгэн тэндээс хэлж болох юм…

Харин зовоох чинь үүрэг байхгүй юу. Өөрийгөө шатааж дуусгах хэрэгтэй.

Тэгвэл хэр шатааж байна?

Шатаад л яваад байгаа юм. Хөлөө доголж, чөмгөө дундартал явлаа. Энэ нь нэг талаасаа мөрөөдөлдөө хүрэх гэсэн чин хүсэл байх. Мөрөөдөлтэй хүмүүс жаргалтай байдаг. Зовж байна гэх боловч жаргаж ч байгаа юм бил үү.

Мөрөөдөж байна гэхээр тэнд шунал байна гэсэн үг биз дээ?

Мөрөөдлийн шунал гэх үү. Яг юу гэмээр ч юм бэ дээ. Манай найзууд намайг “Workосholic” буюу ажлын донтой гэдэг. Би ганцаараа ийм биш. Дэлхий дээр ийм хүн зөндөө байсан юм билээ. Өөрийнхөө мөрөөдлийг зөв гэж үздэг... Зөв юм сэтгээд байна гэсэн итгэл үнэмшилдээ хөтлөгдөж явсаар дуусдаг хүмүүсийн жишээ цөөнгүй. Тэр үйлийн үр надад ирчихсэн. Би тэдний нэг юм болов уу гэж хааяа боддог.

Хойд төрөлдөө гахай, нохой болж төрөхгүйн төлөө
өнөөдрийн амьдралаа утга учиртай өнгөрүүл

Нүгэлгүй хүн гэж байх уу. Хэрэв байхгүй бол нүглийг хэрхэн тэвчих вэ?

Их бага хэмжээгээр хүнд нүгэл байдаг. Харин бага нүгэлтэй байхын тулд өвөг дээдсийнхээ сургаалийг сонсож, оюуны дархлааг суулгах хэрэгтэй. Түүнээс бус материаллаг сонирхол руу өнгийхөөр нэлээн том нүгэл рүү орчихоод байгаа юм. Оюуныхаа цэнэгийг бид алдаж болохгүй. Миний хамгийн их хүсэх зүйл бол хүн бүр оюуны бөгөөд уламжлалт сэтгэлгээ, ёс заншлаа эргэж хараасай… Тэр дотроос миний түрүүний хэлдэг хамгийн энгийн ойлголт болох шуналыг ойлгоосой. Энэ нүгэл  үр хүүхдээр нь дамжаад хожим ирнэ гэдгийг ухаараасай. Үйлийн үр гэдэг ойлголт нь шашин гэхээсээ илүүтэй заавал ирдэг гэх утгаараа физикийн хууль шахуу юм билээ.

Гэтэл үүрд амьдрах юм шиг л бид шунан тачааддаг?

Энэ галавын үед хүн төрөлхтөнд 100-хан жилийн нас заяасан байна. Бид дөрөв дэх галавынхаа үед амьдарч байна. Шашин бус бодит үнэнийг л энд яриад байна. Эхний гуравт нь хүн 50 мянган жилийн настай байсан гэж сургаал номд бичсэн байдаг. Одоо бол хүмүүн бид 100  жилийн настай  галавын үед амьдарч байна. Дараагийн галав юүлж дахин амьдралаа олоход маш богино хугацаа үлдсэн. Хүний оюун санаа мөнх. Дараагийн төрөлдөө гахай, нохой болж төрөхгүйн төлөө өнөөдрийн амьдралаа утга учиртай өнгөрөөх хэрэгтэй. Дэлхийн нийтийн төлөө биш юм аа гэхэд Монгол үндэстнийхээ төлөө жаахан ч атугай буян хураавал хойшдын төрөлд сайн нөлөөтэй.

Шуналын талаар багагүй ярилаа. Танд бусад уран бүтээлчээс илүүрхэх хүсэл огт байхгүй гэж үү?

Байхгүй. Би уран бүтээлч гэхээсээ илүү үйлдвэрийн дизайнер хүн. Тэгэхээр нийгмийн амьтан болчихож байгаа юм. Дизайнер нийгмийн төлөө юм хийх ёстой. Арай илүү үйлийн үртэй гэх юм уу даа. Манай уран бүтээлч найзууд байна. Нийгэмд юу болж байгааг ч тоодоггүй, санаа зовох зүйлгүй сайхан амьдралтай… Би дизайнер хүн болохоор улс төр, нийгмийг тогтолцоогоор нь яриад байгаа ухаантай юм.

Та буддист уу?

Буддын болоод шарын шашин бол хоёр өөр ойлголт. Би Энэтхэгийн буддын шашны судар номыг харах дуртай. Тэнд гүн ухаан, шинжлэх ухаанлаг талын юмыг бичиж үлдээсэн байдаг. Тэрийг баримталж явах нь зөв юм байна гээд бодчихсон явна.

“Why not”

Би өмнөх ажлаа л сайн хийдэг дизайнеруудыг мэднэ. Тан шиг илүү их зүйлд санаа зовж, шаналж байгаатай таарч байгаагүй юм байна?

Би саяхан өөртэйгөө төстэй Испанийн уран бүтээлчийн тухай кино үзсэн. Тэгсэн тэр хүний нэрний доор “Үйлдвэрлэлийн дизайнер”, “Нийгмийн дизайнер” гэх хоёр бичиг дурайсан. Гадаадын оронд нийгмийн дизайнер гэсэн нэр томьёо хүртэл байдаг аж. Дотроо баярлаж, нийгэмд дуугарч байх ёстой хүмүүсийн нэг юм байна гэж өөрийгөө бодсон. Яг үнэндээ би уран бүтээлч биш. Аливаа гарцыг олж харчих гээд байдаг зовлонтой хүн бололтой.

Таныг тодорхойлоход үнэхээр хэцүү юм аа. Та чухам хэн юм бэ?

Үнэн. Би өөрийгөө ч мэддэггүй юм. Нэг бол гүн ухаарсан, эсвэл гүн солиорсон хүн байх… Би өмнө нь залуучуудтай нийлээд “Why not” гэдэг студи ажиллуулж байлаа. Би өөрөө “Яагаад болохгүй гэж, яагаад боломжгүй гэж…” гэх өнцгөөс аливааг харахыг хүсдэг. Яг л ийм байх ёстой гэсэн дүрмээр явбал шинэ бүтээл төрөхгүй. Ингэснээр мухардалд амархан хүрдэг. Нэг арга тасрахад нөгөөд нь гарц байж л байгаа. Тэрийг олж хардаг ухагдахууныг залуучуудад суулгах гэж тэр студийг байгуулсан. Мухардалд хүрсэн үед гарах гарц бол “Why not” байгаа юм. Морины цээжээр явж, дэлэн дээр нь хүн яагаад гарч болохгүй гэж… гэдэг санаанаас Цонжин болдогийн Чингисийн хөшөөний санаа үүссэн.

Дөрвөлжин, дугуй хэлбэртэй нүдний шил зүүсэн нь таны ярьсан “Why not” уу?

Тийм байх. “Why not”… Зүгээр л дизайн. Би уулзсан хүндээ өөрөөр сэтгэх сэдэл өгч байвал энэ шил зүүсний зорилго биелнэ. Түүнээс бус ийм шил зүүснээрээ тод хараад байгаа юм биш. Надтай уулзсан хүнд хоол хийх үедээ “Би яагаад гахайн махан дээр зөгийн бал түрхэж болохгүй гэж” гэх шинэ сэдлүүд төрвөл миний зорилго биелэх нь тэр. Жижигхэн өөрчлөлтөөс агуу санаа төрж, цаашлаад том нээлт хийх тохиолдол байдаг.

Та тэгвэл ямар дизайнтай хүн бэ?

За байз… Муугаар хэлбэл хувцасны өлгүүр байх даа. Хүмүүс намайг “Чи ч хувцасны өлгүүр шиг болчихож дээ” гэж шоглодог юм. Би дотроо болж байна ш дээ, нэг ч гэсэн хүний оёсон хувцас өлгөнө гэхээр хэрэгцээтэй л дизайнтай зүйрлэлээ хэмээн хүлээн авдаг. (инээв)

Тан шиг ийм “өөр” хүмүүс их ганцаарддаг юм шиг санагддаг. Яагаад гэвэл та олны урсгал дагаж хэзээ ч хөвөхгүй?

Үнэн л дээ. Өдөр тутам ганцаарддаг. Цаг тутамдаа мухардалтай тулна. Өөрийнх нь ярьж байгааг ойлгохгүй хүмүүс их байна. Үүнийг түрүүлж сэтгэх гэдэг. Урлагийн хүмүүсийн зовлонт амьдралыг уншиж байхад тэд ихэвчлэн 5-10 жилийн дараа болох зүйлийг ярьсан байдаг. Тухайн цаг үе нь тэднийг хүлээж аваагүй учраас сэтгэл ханамжтай, аз жаргалтай амьдарч чадаагүй байдаг. Цахилгаан машин бүтээсэн Никола Теслаг бус түүний найз Томас Эдисоны дотоод шаталтын хүч буюу нефть, бензин, нүүрсээр эрчим хүч гаргах санааг тэр үеийн бизнесменүүд дэмжсэн байдаг. Харин Никола Тесла цахилгааныг нар, салхины хүчээр гаргах талаар ярьж байсан ч түүнийг нь үл тоосон. Энэ хүн ганцаардлаар нас барсан. Ийм эмгэнэлт хувь заяа бидэнд ч тохиож болно.

Та юунаас амар амгаланг мэдэрдэг вэ?

Заримдаа зурагтаар хөдөөгийн амьдралыг хараад тэнд амар амгалан оршиж байгааг мэдэрдэг. Бид энэ давуу талаа ашиглаж болох юм байна гэж хардаг. Миний “Ногоон морь” төсөл хөдөө рүү чиглэсэн байдаг. Хөдөө орон нутгийн энэ орон зайгаа хаяад бүгд хотруу шавж байна. Амар амгалан бөгөөд ашигтай бизнес хэрэгжүүлж болох талбарыг л би ярих гээд байна. Тэнд амар амгаланг мэдрэнгээ ажиллаж болохоор байгаа. Мянгат малчны жаргалтай байгаа, олон юманд түүртэхгүй байгаа, Дональд Трампийг мэдэхгүй байгаа чинь жаргал байхгүй юу. Хамгийн органик юм идээд л хүүхдүүдтэйгээ сүүтэй цайгаа уугаад эрүүл агаараар амьсгалж буй нь үнэхээрийн амар тайван шүү дээ.

Миний хамгийн сүүлд зурсан зургууд гэвэл...

Та зураач хүн. Хамгийн сүүлд ямар зургууд зурав?

Зурахгүй удаж байгаад өнгөрсөн жил үзэсгэлэнгээ гаргасан. Уг нь би уран зургийн анги төгссөн. Сүүлд дизайны мэргэжлийг эзэмшсэн юм. Зургийг амралт хэлбэрээр зурж байгаа. Төслүүд минь дэмжигдэхгүй бол уран зургаа зуръя гэж бодож байна.

Элон маск ба Ногоон морь хөтөлсөн Монгол өвгөн

Цахилгаан машин бүтээх мөрөөдөлтэй Никола Теслагийн үзэл санааг амьдралд ажил хэрэг болгосон Элон Маск хэмээх буянтай залуу Америкт гарч ирээд цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүч, байгальд ээлтэй эрчим хүчний талаар ихийг хийж байна. Тэрбээр дэлхий дээрх оюуны үзэл суртлыг өөрчилж байна. Тэрийг л тусгахыг хүссэн. Мөн уур амьсгалын өөрчлөлттэй бизнесийн хөшүүргээр тэмцэх зорилготой “Ногоон морь” төслийнхөө үзэл санааг давхар шингээсэн. Наана нь ногоон морь хөтөлсөн өвгөн, цаана нь хойд мөсөн далай хайлж байгаа үйл явц, мөн Никола Теслагийн дотоод сэтгэлийг зурагт тусгахыг оролдсон. Өөрөөр хэлбэл монгол өвгөдийн цөлх ухаан буюу байгальд ээлтэй хөгжлийн хурдад улайрахгүй алсыг харсан энэ ухаан Монголд буй. Энийгээ бид давуу тал болгож харвал Никола Теслагийн санааг хэрэгжүүлж буй Элон Маск шиг тэрбумтнуудыг Монголдоо байгальд ээлтэй төслүүд рүү хөрөнгө оруулалт хэлбэрээр татаж болох юм гэсэн санааг өгсөн зураг.

“Монголд тавтай морил Ангела”

Ангела Меркелийн найз охидтойгоо далайн эргээр нүцгэн явж байгаа залуу цагийн гэрэл зураг байдаг. Тэндээс санаа авч “Монголд тавтай морил Ангела” гэсэн зургаа зурсан. Уг зургаар юу илэрхийлэх гээд байна гэхээр Монгол орон бол амар амгалангийн орон. Энэ нь бидний давуу тал. Давуу талаа олж хараад, Европын мухардалд орж буй эдийн засгийг Монгол ахуй, хөдөө аж ахуйтайгаа холбон ажиллаж болдоггүй юм уу гэсэн далд санаа энэ зурагт цухалзана.

Сталин, Рузвельт, Черчилльтэй зургаа татуулсан Н.Түвшинбаяр аварга

Эх орны дайн дууссаны дараах 1945 онд дэлхийг хуваах бодлого явагдсан юм. Өөрөөр хэлбэл хүчирхэг гүрний удирдагчид болох Сталин, Рузвельт, Черчилль гурав сууж байгаад дэлхийн газарзүйд их өөрчлөлтийг оруулсан. Таван жил үргэлжилсэн дайн дуусаад газар нутгийг геополитикийн хувьд яаж хуваах вэ, цааш нь яаж хөгжүүлэх вэ, Хятад, АНУ-ын мэдэлд ямар ямар улс байх юм, Европ талаас Черчилль ямар сонирхолтой байгаа, Орос дэлхийн хөгжлийн бодлогод ямар нөлөөтэй байх вэ гэдэг асуудал яригдаж байсан. Тэр үед Монголын асуудал ч хурцаар тавигдсан. Сая хүрэхгүй хүн амтай Монголыг хэрхэх талаар ярилцаж байв. Чи надаас өөдрөг юм байна уу гэж асуусан. 400-хан мянган хүн амтай байсан улс 3 сая болчихлоо. Гурван сая болчихоод дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх гээд зүтгээд байна. Хоёр хөрштэйгөө зөв бодлого хэрэгжүүлбэл бидэнд хөгжлийн гарцууд бий. Ирээдүй бидэнд байгааг Олимпийн аварга, эв нэгдлийн бэлгэдэл Н.Түвшинбаяр аваргаар төлөөлж зурсан. Сайн ажвал гурван удирдагчийн хөшөөний наана хөтөлгөө морьтойгоор зургаа татуулж байгаагаар зурсан. Хөтөлгөө морьтой хүн аян замд хол замыг туулдаг. Бас л далд санаа агуулсан зураг.

Ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье!

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс, видеог О.Сүхбат