ФОТО: Драмын театрын уран бүтээлчид буурлуудаа хүндэтгэн золголоо

Сэтгүүлч А.Наранцацрал

2017-03-03 16:20 GMT+8

Улсын драмын эрдмийн театрын үе үеийн уран бүтээлчид, хамт олон XVII жарны "Алтан унжлагат" хэмээх гал тахиа жилийн шинийн тавны энэ өдөр ахмад буурлууддаа хүндэтгэн золголоо.

УДЭТ-ын алтан тайзнаа жил бүр болдог уг золголтод энэ жил 80 гаруй уран бүтээлчид цуглан ахмадуудаа хүндлэн тохойг нь түшин мэндчиллээ.

Драмын театрын уран сайхны удирдаач Төрийн соёрхолт Ардын жүжигчин Н.Сувд улиран одсон бичин жилдээ уран бүтээлийн арвин их ургацтай,  эрүүл энх сайн сайхан үдэж байна гээд "Ирж буй тахиа жилдээ шинэ уран бүтээлээр бэлэг барьж сайхан угтлаа. Уран бүтээлч хамт олон маань тахиа жилдээ улам их  амжилттай байна гэдэгт эргэлзэхгүй байна.  Өнгөрсөн жил бид хөдөө орон нутгийнхаа үзэгчидтэй уулзсан, гадаад харилцаагаа өргөжүүлсэн сайхан жил өнгөрлөө. Тахиа жилдээ үүнээс илүү их амжилт гаргаж, өтгөс буурлууд маань эрүүл энх бидэндээ түшиг тулгуур болж залуучууд маань өсөн дэвжиж, өд сэд нь ургаж улам их бүтээлтэй, амжилттай байна гэдэгт эргэлзэхгүй байна" хэмээн мэндчилсэн юм.

Театрын алтан тайзнаа Монголын урлагийн хөгжилд авьяас оюун билгээ зориулсан Ардын жүжигчин П.Цэрэндагва, Г.Мягмарнаран, Д.Мэндбаяр, Н.Сувд, С.Сарантуяа, Гавьяат жүжигчин С.Дамдин, Б.Тунгалаг, Б.Жаргалсайхан, З.Жарантав,  Г.Урнаа, Ж.Оюундарь, Л.Дэмидбаатар, Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, Соёлын тэргүүний ажилтан жүжигчин, М.Түвшинхүү, О.Отгонбат, С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд, Б.Нармандах тэргүүтэй тайз, дэлгэцийн сэтгэлд хоногшсон дүр бүтээсэн авьяаслаг жүжигчид нэгэн дор цуглажээ.  

Мөн Гандантэгчинлэн хийдийн лам нар ном хуран сан тавьж, даллага авахууллаа. Түүнчлэн тус театрын дэргэдэх студи ангийн залуу жүжигчид дуу бүжиг толилуулан ахмад буурлууддаа мэндчилсэн билээ.

“Театр-Цагаан сар” золголтын үеэр хийсэн фото сурвалжлагыг хүлээн авна уу.

Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

GoGo Facebook Хуудас
 
 
Та оюуны өмчийг хамгаалах нь хөгжил, хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж боддог уу?
Нийт 485 санал өгсөн байна.

Дээшээ