Хөвсгөлийн мөсний баярыг үзэх хүслээ энэ жил биелүүлэх боломж надад олдсон юм. Албан ёсны нэр нь "Хөх сувд 2017" олон улсын мөсний баяр. Таван жилийн зун дараалж үзэсгэлэнт далай ээж рүү зорьсон тул хүлээлт маш өндөр байв. Яг л төсөөлж байсан шиг Хөвсгөл нуур маань өвөл ч нүд алдам хэвээр аж. Тэнгэр газар нийлсэн мэт цэнхэрлэн хөлджээ. Нэг ирвэл байн байн очмоор санагдах энэ газар ид шидийн гэхэд ч багадана. Цаанаа л нэг урин дуудах мэт байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн бахдам сайхан газар билээ.
Бидний аяллын баг Улаанбаатар хотоос үүрийн гэгээтэй уралдан 06 цагт гараад 20 цагт Хатгал тосгонд хүрлээ. УБ-аас Хатгал тосгон хүрэх 895 километр зам хатуу хучилттай тул өглөө гараад орой ирдэг болсон нь тун сайхан. Тиймдээ ч жил ирэх тусам Хөвсгөл нуурыг зорих гадаад, дотоод жуулчдын тоо нэмэгдсэн сурагтай.
Бид Сувдан эрэг хэмээх баазад буудаллаа. Урьдчилан захиалах үеэр гэрээс байшин нь илүү дулаахан гэх баазын эзний зөвлөгөөг дагасандаа харамссан. Учир нь ямар ч дулаалгагүй, зуны мууран байшинд бид хоёр хоногийг өнгөрүүлэх болсон юм. Ганц зуухтай боловч илч нь яндан руугаа ховх сорогдоод байгаа аятай огт дулаацдаггүй юм билээ. Бид ч яахав үстэй дээл, аяны хөнжил гээд байдаг бүхнээ нөмөрч унтаад аргалсан. Харин хажуу байшинд буудаллах гаднынхныг л ихэд өрөвдсөн дөө. Энэ байшин хоногийн 60 мянган төгрөгийн үнэтэй.
Харин арай дулаан байшинтай, тохилог амралт нь хүний 60 мянгаар өдрийн гурван хоолтой хонуулдаг юм билээ.
УРАМ ХУГАЛСАН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ
Өглөө босоод орчин тойронтойгоо танилцах, өвлийн Хөвсгөл нуурыг үзэх, мөсний баяртаа явах гэх мэтэд баярлан догдолсоор бид үстэй дээл, үнэгэн малгайгаараа гоёод баяр болох газар буюу Доод модот булан руу явлаа. Энэ нь Хатгал тосгоноос дөрвөн километрийн зайтай байрлах ба тугаар тэмдэглэсэн замыг дагаж явахад хүрнэ. Баяр болж байгаа газар руу нэвтрэхэд машин бүрээс 20 мянган төгрөгийн хураамж авч байлаа.
17 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тул гадаад, дотоодын олон хүн иржээ. Цаг агаар ч сайхан дулаахан байв. Нээлтийн үйл ажиллагаа сүртэй болох байх гэсэн ч урмыг минь хугалав. Ямар ч ардын урлагийн тоглолт болсонгүй, урлаг соёлын одод ч үзэгдсэнгүй. Нээлт эхэлснийг зарлах хоёр хөтлөгчөөс өөр хэн ч тусгайлан зассан тайзыг ашигласангүй. Мөн цагаасаа яльгүй хоцорч эхэлнэ лээ.
Ингээд бид мөсөн хотхоноор аяллаа. Сонирхогчид болон мэргэжлийн урлаачдын бүтээсэн арав гаруй мөсөн баримлыг байрлуулжээ. Гэвч хамгаалалтгүй тул хүссэн болгон нь хүрч байсан учир орой гэхэд мөсөн баримлын ихэнх нь ямар нэг байдлаар эвдэрсэн байв.
Мөсөн урлалаас хүмүүсийг хамгийн их зугаацуулж байсан нь ойролцоогоор дөрвөн метр урттай гулгуур байв. Харамсалтай нь ганцхан байсан учир байнгын урт дараалалтай.
Мөсөн шагай, тэшүүрийн тэмцээнд зориулж нуурын цасыг цэвэрлэн засжээ. Ерөнхийдөө арга хэмжээ болж байгаа газрын цасыг цэвэрлээд тунгалаг мөстэй чигээр нь байлгасан бол сонирхолтой байх болов уу гэж бодогдож байлаа.
Дээрээс нь ямар ч хаягжилт байхгүй тул хаана юу болоод байгаа нь мэдэгдэхгүй байлаа. Олон жуулчид ирсэн атал мэдээлэл өгөх ганц ч цэг байсангүй.
Бид өдрийн хоол идэхээр нуурын эрэг дээр байрлах хоолны бололтой таваас зургаан гэрийг зорилоо. Гэвч олон улсын гэх тодотголтой арга хэмжээ тул хоол унданд санаа зоволтгүй байх гэсэн горьдлого маань бас л талаар өнгөрөв. Шорлог, загасны шөл гээд л хүссэн бүхнээ олж идэх байх гэтэл хуушуураас өөр зүйл олдсонгүй. Мөн цөөхөн хоолны гэрүүд байсан тул бүгд битүү хүнтэй байлаа.
Цаа буга, цаатны урц хайсаар нэлээд явав. Хөвсгөлчүүдийн брэнд болсон цаа бугаа авчраад, урцан музей бариад гадна, дотны жуулчдын нүдийг хужирлаж болохоор санагдана. Гэвч гурван цаа буга, согтуу эзэнтэйгээ л зогсох аж. Мөн нохой чарга унах боломжтой ч, өөрөө удирдаж явахгүй сууж явах тул дэндүү уйтгартай. Нохой чаргаар нэг удаа явахад 20 мянган төгрөгийн үнэтэй.
Харин мөсний баяр дээрх хамгийн зугаатай, сэтгэлд хүрсэн үйлчилгээ бол морин чарга байлаа. Морин чарганы тусгай зогсоолоос та 20 мянган төгрөг төлөөд дөрвөөс таван километр аялах боломжтой. Салхи татуулан нууран дээр чаргатай явах үнэхээр зугаатай байсан.
Мөн Хатгал сумын сурагчид явуулын хогийн сав ажиллуулж байсан нь тун чиг сайшаалтай байлаа. Үүнээс гадна цагдаа, онцгой байдлын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж, орой нь Хатгал тосгон руу орох зам дээр жолооч нарыг үлээлгэж байсан.
Эхний өдрийн орой 20:30-с 22:00 цагийн хооронд галын наадам буюу бөөгийн зан үйлтэй гэсэн боловч биднийг 21 цагт очиход аль хэдийн дууссан байлаа. Бас л урам хугараад буцлаа.
Ингээд мөсний баяр дээр үзэж, харах юм дуусчихлаа. Хийх юмаа олж ядан дэмий л ийш тийш холхисон хүмүүс. Гадаа олон цаг болсон тул аргагүй даарч байсан ч дулаацах, хүмүүсийг амраах урц, майхан, гэр зэргийн аль нь ч байхгүй тул машиндаа суухаас өөр аргагүй. Мөн халуун уух юм зарж буй ганц л явуулын машин байсан нь хяслантай.
МӨСНИЙ БАЯРЫН ТӨСӨВ
Мөсний баярын энэ жилийн ерөнхий зохион байгуулагчаар Хөвсгөлийн аялал жуулчлал эрхлэгчдийн холбоо, хамтран зохион байгуулагчаар БОАЖЯ, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Хатгал тосгоны ЗДТГ, Хөвсгөл аймгийн ТХГ нар ажилласан.
Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газар 10 сая төгрөг, БОАЖЯ 10 сая төгрөгийг ерөнхий зохион байгуулагчдад олгодог байна. Харин бусад төсвийг машин бүрээс авдаг 20 мянган төгрөгийн хураамжаар бүрдүүлдэг. Энэ жил тус баярт 1500 гаруй машин 10 мянга гаруй хүмүүс оролцжээ. Ингээд бодохоор "Хөх сувд 2017: Олон улсын мөсний баяр" ойролцоогоор 50 сая төгрөгийн төсвөөр зохион байгуулагджээ.
МӨСНИЙ БАЯРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ИНГЭЖ ӨӨРЧИЛЬЕ
"Хөх сувд олон улсын мөсний баяр"-ын үйл ажиллагаа олигтой сайжралгүй 17 жилийг ардаа үджээ. Дэлхий дахиныг дагаж монгол иргэд маань хөгжсөөр байгаа ч томоохон баяр наадмуудыг зохион байгуулагчдын сэтгэх хүрээ л огт өөрчлөгддөггүй аж.
Хөвсгөл нуур болон түүний эргэн тойрны байгаль аргагүй сайхан тулдаа л тус баярыг зорьж очсон хүмүүсийг баясгаж байв.
2014 оноос олон улсын чанартай мөсний баяр болгон зохион байгуулж байгаа ч нэр нь томдсон энэ арга хэмжээнд хүмүүсийг баярлуулж, зугаацуулах зүйл тун ховор байлаа.
Анх очсон бидний нүдээр нэн түрүүнд доорх саналыг дараа дараагийн зохион байгуулагчдад хүргэмээр санагдлаа:
- Баяр болж байгаа хэсгийг хаягжуулж, болох үйл ажиллагааны хуваарь бүхий мэдээллийн самбар олныг байршуулах.
- Цаатан ахуйн хэрэглэлийг багтаасан урц бариад музей маягаар ашиглах. Хүмүүс урцанд орж цаатнуудын хэрэглэдэг зүйлийг харахаас гадна зургаа авахуулах боломжтой байх.
- Хүмүүсийг дулаацуулж, амраах зориулалт бүхий дулаан гэр, халуун уух юмтай гэр ажиллуулах.
- Тусгайлан зассан тайзан дээр тодорхой цагуудад ардын урлагийн концерт байнга тоглох.
- Хоолны гэрүүдийг нэмж, хоолны нэр төрлийг баяжуулах.
- Тэмцээн болох тэшүүрийн талбайгаас гадна тэшүүр түрээслэж хүссэн хүн нь гулгах боломжтой талбай хэд хэдийг барих.
- Тэмцээн болж байгаа газарт тэмдэглэгээ хийх. Тэмцээний бүртгэл болон зарыг нэгдсэн байдлаар авах.
- Техник технологийн сүүлийн үеийн хэрэгсэл ашиглах.
- Мөсөн гулгуур олныг барих.
- Морин чарганы уралдааны үеэрх аюулгүй байдлыг хангах. Уралдааны үеэр нэг морин чарга үзэгчид зогсож байгаа хэсэг рүү орж ирснээс нэг хүн бэртэл авсан.
- Орой галын наадмын дараа ёслолын буудлага буудах. Гадаа парти зохиох.
- Оройн цагаар мөсөн урлалын хэсгээр хамгаалалт гаргах. Шөнө очсон хүмүүс харахгүй дайрах зэргээр мөсөн урлалыг гэмтээж байсан. Тэр хавийн гэрэлтүүлгийг нэмэх.
Дээрх бүгдийг хийхэд тийм ч их хөрөнгө мөнгө шаардагдахгүй. Багахан сэтгэл, бусдын туршлагаас суралцах чадвар, сэтгэлгээ л чухал юм. Мөсний баяр дээр үзэж, харах юм байхгүйгээс бид баярын хоёр дахь өдөр нуурын гол хэсэгт очин гулгаж, Хүслийн хадан дээр гарж, зураг авч өдрийг өнгөрөөсөн.
Гэрэл зургуудыг: Б.Мөнхтулга