-ТОМИЛОЛТ-
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулан гадаадад ажиллаж амьдарч буй бүсгүйчүүдийн төлөөлөл болгон Хадбаатарын Саруултуяатай ярилцсанаа хүргэж байна.
Тэрбээр Япон улсын Шизүока мужийн Изүнокүни хотын захиргаанд гадаад харилцааны мэргэжилтнээр ажилладаг.
Өнгөрсөн наймдугаар сард ажлаа хүлээн авсан тэрбээр энэ хотын захиргаанд ажиллаж буй анхны гадаад мэргэжилтэн.
Токио хотоос цаг хүрэхгүй хугацаа зарцуулан хүрдэг Изүнокүни хот бол жилийн аль ч улирлын амралтын өдрүүдээр дотоод, гадаадын жуулчдын хөлөөр тасардаггүй газар. Зуу хүрэхгүй км кв газар нутагтай энэ хотод 50 мянга орчим хүн оршин суудаг бөгөөд Х.Саруултуяа тус хотын гадаад харилцааг хөгжүүлэх, өөрийн орны соёлыг танилцуулах үүрэгтэй ажилладаг.
Хотын иргэдэд Монголын талаар танилцуулж өдөрлөг зохиохоос гадна, Монгол хэлний хичээл заадаг тэрбээр өчигдөрхөн бага сургуулийн үдийн хоолонд “Монгол хоолны цэс”-ийг нэмсэн сайхан мэдээг дуулгасан юм.
Ингээд улсынхаа хэл, соёлыг гадаад оронд танилцуулж, амжилттай ажиллаж буй түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Таны ажлын талаар яриагаа эхэлье. Изүнокүни хотын захиргаанд ямар чиг үүрэгтэйгээр ажиллаж байна вэ?
-Изүнокүни хотын захиргаанд гадаад харилцааны мэргэжилтнээр өнгөрсөн наймдугаар сараас ажиллаж байна. Японы Гадаад хэргийн яам, Боловсролын яам, Сангийн яамнаас хамтран 30 дахь жилдээ хэрэгжүүлж буй JET хөтөлбөрөөр Япон улсад ажиллаж байна. Энэ хөтөлбөр нь дэлхийн олон орны залуусыг Японы хотуудад ажиллуулж, өөрийн орны соёл, тухайн орны соёлтой танилцах, тухайн улстай хамтран ажиллах боломжийг бүрдүүлдэг хөтөлбөр байгаа юм.
Миний хувьд өөрийн орны соёлыг таниулахаас гадна Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр ажиллаж байна.
Изүнокүни хотын хувьд Сонгинохайрхан дүүрэгтэй 2015 оноос хойш найрсаг харилцаа тогтоон ажиллаж байгаа. Токио 2020 олимпийн өмнө манай жүдо бөхийн тамирчдын бэлтгэлийг хангах бааз болохоор тохиролцсон.
-Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудынхаа талаар танилцуулахгүй юу. Таныг Монгол хэлний сургалт явуулж байгаа гэж дуулсан.
-Ажлаа аваад хамгийн эхэнд төлөвлөгөө гаргасан. Ингээд Монголын соёлыг танилцуулахаар Монгол хоолны сургалт, сургуулиудад Монгол үлгэр ярьж өгөх, Монголын талаар танилцуулах ажлуудыг хийсэн. Цаашид тогтмол хийх ажил маань энэ. Харин өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Монгол хэлний хичээл зааж эхэлсэн. Анхан шатны хичээлд маань 13 хүн сууж байгаа.
-Хэдээс хэдэн насныхан Монгол хэл сурч байна вэ. Сайн сурч байна уу?
-Энд залуучууд нь цагт баригдсан амьдралаар амьдардаг учраас ихэвчлэн ахмад настнууд миний хичээлд суудаг юм. Гэхдээ хотын захиргааны гэр бүлгүй ажилтнууд ч хамрагддаг учраас дундаж нас 35-40. Гайгүй залуухан шүү. Нийт 12 удаагийн анхан шатны сургалтыг хийхээр төлөвлөсөн. Долоо хоногт нэг удаа ордог. Манай сурагчид маш сайн сурч байгаа. Даалгавраа сайн хийдэг шүү. Дүрэм, өгүүлбэрийн бүтэц Япон хэлтэй адилхан учраас тэр бүр хүндрэл гардаггүй ч дуудлага хэцүү байна гэдэг юм.
-Хотын захиргаанд ажиллахад Япон хэлний өндөр чадамжтай байх шаардлагатай болов уу. Та Японд төгссөн юм уу.
-Үгүй ээ, би Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Япон хэлний ангид 1997 онд элссэн. Гадаад хэлний сургуулийн хоёр дахь удаагийн төгсөлт. Оюутан байхад маань салхин цахилгаан станцын төслөөр Японы Мияаконожо хотын удирдлагууд манай улсад ирж, манай сургуулийн оюутнуудтай хэлний бэлтгэл хийдэг байсан нь Японд хэлний мэдлэгээ сайжруулах, ажиллах эхлэл нь болсон гэж болно.
-Японд нэлээд хугацаанд ажиллаж байгаа гэж байсан. Өмнөх ажлынхаа талаар сонирхуулбал?
-2000 онд Японы Засгийн газрын хөтөлбөрөөр Япон соёл судлаачийн чиглэлээр Мияазаки мужид суралцах боломж олдсон юм. Тус мужийн Мияаконожо хотын BTV телевиз надад ажиллах хүсэлт гаргасны дагуу таван жил ажилласан. Ингээд нутагтаа буцаад уг телевизийг манай улсын UBS телевизтэй харилцаагаа өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулж байлаа. Мөн ОХУ-ын АЙСТ телевизтэй харилцаагаа өргөжүүлэх тал дээр ч тодорхой ажлуудыг хийж байсан. BTV-ийн Монгол дахь салбарын ажлыг эхлүүлж, хоёр орны мэдээллийг дагнан нэвтрүүлдэг байсан юм. Мөн Загасан нүд фестивалийн зохион байгуулалтын ажилд оролцож байсан гээд нилээн эртнээс л Япон улстай холбоотой ажиллаж байна.
-Энд ажиллахын давуу тал нь юу байна вэ?
-Ажлын санал хүлээн аваад шийдвэрээ гаргахад гол нөлөөлсөн зүйл бол тайван орчин. Энд бүх зүйл тодорхой байдаг. Маргааш юу хийх, жилийн дараа ямар ажил төлөвлөсөн гээд бүх зүйл тодорхой, тааж болдог амьдралтай гэж болно. Ингээд ирэхээр бухимдалгүй амьдрах боломж бүрдэж байгаа юм.
-Изүнокүни хотын хувьд манай засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээр бол сум гэсэн үг юм уу даа. Манай улсад авч хэрэгжүүлмээр зүйл юу байна вэ?
-Миний ажиллаж буй энэ хот жижиг хот л доо. Гэхдээ дотоодын төдийгүй гадаадын жуулчдыг татсан олон зүйлтэй. Халуун рашаан, Фүжи уул хамгийн ойроос харагддаг, соёлын өв ихтэй, гүзээлзгэнэ, жүрж, ногоон цайгаараа алдартай гээд хүний хөл тасардаггүй газар. Тэгэхээр орон нутгийн хөгжил их чухал. Юу байна түүнийгээ хөгжүүлж, иргэдээ татах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.
Хүмүүсийг амар тайван амьдрах нөхцлөөр хангасан төдийгүй том хотоос оршин суугчид татах үүднээс маш олон ажлыг хэрэгжүүлдэг. Эрүүл мэндийн тогтолцоо, боловсрол гээд л яавал хүмүүс энд ирж амьдрах вэ гэдгийг маш сайн судалж, ажилладаг. Ямар ч улсад нийслэл, хүн ам ихтэй газар амьдарснаас илүүтэй иймэрхүү тайван газар байх нь хүндээ ээлтэй. Хүүхэд эрүүл өснө, хүмүүс бухимдалгүй. Ийм нөхцлийг л бүрдүүлэх хэрэгтэй.
Бас нэг авууштай нь татварын тогтолцоо. Токио хотын хувьд хүн ам их, татвар нь өндөр байдаг. Гэтэл жижиг хотуудын татвар багаас үүдээд төсөв багасч хөгжих боломж муу болчихдог юм байна. Тиймээс энэ хотод төрсөн, ажиллаж амьдарч байсан хүмүүс татвараа хотдоо өгнө гэдэг сонголтыг хийх боломжтой системтэй. Ингэснээр иргэдэд татварын хэмжээ нь багасч, хотуудад ч хөрөнгө оруулалт орж ирнэ. Хот харин татвараа өгснийх нь төлөө урамшуулал олгодог. Нутагтаа үйл ажиллагаа явуулж буй газруудаар үйлчлүүлэх гэх мэт. Татварын систем их зөв явдаг. Дэлхий нийтээр төв хотоос иргэдээ эргүүлэн жижиг хотууд руу татах гэж хичээж байна. Манай улсын хувьд ч ялгаагүй энэ чиглэлээр ажиллах цаг нь болсон гэж би боддог юм. Тиймээс энэ чиглэлээр туршлага судлах зайлшгүй шаардлагатай.
Надад нэг мөрөөдөл байдаг юм. Монголынхоо нэг сумыг тултал нь хөгжүүлэх. Бололцоо бол их бий гэж боддог. Заавал орчин үеийн гоё сайхан байшин барилгатай болгох биш тухайн орон нутгийн онцлог, боломжийг ашиглаж хүний тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх юмсан. Хүний хэрэгцээ тийм их биш шүү дээ. Наад зах нь органик хүнс, бүтээгдэхүүнээр дотоод төдийгүй гадаадын жуулчдыг татах боломжтой болгочихвол тэнд амьдрал бий болно шүү дээ. Санаснаар болдог бол хэдэн шижигнэсэн залуучуудад нэг нэг сум хариуцуулж өгөөд хөгжүүлчихвэл ч ... Мөрөөдөл маань биелэх байх аа. Нутагтаа буцаад ажил хэрэг болгоно гэж боддог.
-Гэр бүлээрээ энд байгаа гэсэн. Хэзээ нутаг буцах вэ?
-Тийм ээ, нөхөр, гурван хүүхдийн хамт энд ажиллаж, амьдарч байна. Хоёр том нь сургуульд харин бага маань цэцэрлэгт хүмүүжиж байгаа. Миний ажлын гэрээ хоёр жилийн хугацаатай. Гэхдээ тав хүртэл жил сунгаж ажиллах боломжтой.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдынх нь ажилд амжилт хүсье. Мөрөөдөл нь биелэх болтугай.