Д.Баярхүү шинэ бүтээлээ Конгрессын номын санд хандивлав


2017-03-09 15:35 GMT+8

Хэвлэлийн NNC publishing-аас эрхлэн хэвлүүлж, Э.Долгионы хянан тохиолдуулсан "Судлаачийн үг" хэмээх шинэхэн бүтээл АНУ-ын Конгрессын номын сангийн Төвд-Монгол номын фондод шинээр бүртгэгджээ.

Номын зохиогч болох Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин дипломатч, олон улсын харилцааны судлаач-профессор Дашдоржийн Баярхүү Вашингтон дахь Конгрессын номын сангийн гишүүнээр элссэн үнэмлэх-батламжаа энэ гуравдугаар сарын 8-нд гардаж авангаа хэн бүхний ороод байдаггүй тус номын сангийн Азийн салбарт гишүүний үнэмлэхээрээ зочилж, Конгрессын номын сангийн Төвд-Монгол номын фондын эрхлэгч Сюзан Мэйнхэйт хатагтайд өөрийн биеэр "Судлаачийн үг" ном, мөн өнгөрөгч онд бичиж хэвлүүлсэн төвийг сахих гадаад бодлогын тухай нэгэн сэдэвт бүтээлээ гардуулжээ.

Хатагтай Сюзан Мэйнхэйт нь монгол, төвд, ази судлалаар мэргэжсэн судлаач, номын санчаар олон жил ажилласан туршлагатай, бас Монголд элэгтэй нэгэн бөгөөд зохиогч Д.Баярхүүгээс ном гардаж авахынхаа өмнөхөн Вашингтон дахь манай Элчин сайдын яаманд уригдаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнуулсан "Найрамдал" медалиар энгэрээ цоолсон байсан нь бүр ч бэлэгшээлтэй үйл явдал боллоо хэмээн өөрөө ярьсан байна.

Энэхүү "Судлаачийн үг" ном нь судлаач эрдэмтэн, нийтлэлч Д.Баярхүүгийн хоёр жил гарангийн хөдөлмөр бөгөөд бичин жилд зохиогчоос уншигчиддаа өргөн барьсан оюуны томхон бүтээл, "В" форматаар 640 хуудастай хэвлэгдсэн, одоогоор номын худалдаанд тавигдаагүй шинэ ном гэдэг утгаараа АНУ-ын Конгрессын номын санд номын дээж нь түрүүлж очсон хэрэг юм.

GoGo Facebook Хуудас
 
 
Та шинэчлэн найруулсан зөрчлийн тухай хуулийн талаар хэр мэдээлэлтэй байна вэ?
Нийт 96 санал өгсөн байна.

Дээшээ