Гурван залуу үл мэдэгдэх шингэнд хордож, амиа алджээ


2017-03-13 12:25 GMT+8

Өмнөговь аймагт ажиллаж байсан тээврийн жолооч гурван хүн үл мэдэгдэх шингэн найруулж уусны улмаас амиа алдсан хэрэг өнгөрсөн баасан гарагт гарсан.

Тухайн үед зургуулаа уг шингэнээс уусан бөгөөд гурав нь эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан бол гурав нь тус аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт эмчлэгдэж байна.

Гуравдугаар сарын 10-нд эмнэлгийн тусламж авсан гурван хүний нэгийнх нь биеийн байдал маш хүнд байсан бол эрчимтэй эмчилгээний үр дүнд биеийн байдал сайжраад байгааг Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.

Өвчтөнүүд гемодиализ, хор тайлах, зүрх судасны гэх мэт эмчилгээг хийлгэж байгаа аж.

Үл мэдэгдэх шингэнийг ууж амиа алдсан, эмчилгээнд хамрагдаж буй залуус бүгд гучаад насныхан байжээ.

Дээрх мэдээллийг авсан даруй ЭМЯ, Хор судлалын салбар зөвлөл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч нартай цахим хурал хийж, өвчтнүүдийн эмчилгээ, оношилгоо, хариу арга хэмжээний талаар зөвлөмж өгч, мэргэжил аргазүйн удирдлага, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг шуурхай ханган ажиллаж байна.

Мөн голомтын цар хүрээг тогтоох, тархвар судалгаа хийх, хүн амд зориулсан мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулахаар хоёр баг ажиллаж байна. Одоогийн байдлаар тухайн үед байсан долоон хүний зургаа нь уг шингэнийг хэрэглэсэн, өөр хэрэглэсэн хүн байхгүй гэсэн мэдээллийг тархвар судалгаагаар гаргаад байгаа юм.

Уг шингэн нь ямар зориулалттай, дээрх иргэд хаанаас авсан зэргийг Мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллага шалгаж байна.

Нийслэл хот, Дорнод, Өмнөговь аймагт үл мэдэгдэх шингэнийг архи гэж уусны улмаас хүний эрүүл мэнд хохирч, амь нас эрсдэх явдал удаа дараалан гарч байгаа учраас та бүхэнд сэрэмжлүүлэг хүргэж байна.


 

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 804 санал өгсөн байна.

Дээшээ