Хонх хулгайлахдаа чихээ дарсан нь

Mongolian economy

2017-03-16 11:40 GMT+8

“Хонх хулгайлахдаа чихээ дарав” /掩耳盗铃/ гэсэн хятад ардын зүйр үг бий. Тодруулбал, нэгэн хулгайч айлын үүдэнд өлгөөтэй хонхыг тайлахад хонх жингэнэнэ гэдгийг сайн мэдэж байв. Тиймээс мань эр чихээ таглах мэргэн санаа олж хонхыг тайлсан ч түүнээс бусад хүн хонхны дуу сонссон учир тэр дороо баригджээ.

Энэ үгийн утгатай дүйцэхээр дүр зураг Монголын төрийн албаны тогтолцоонд ажиглагдаж байна. Сүүлийн хэдэн жил манай улс авлигын үзүүлэлтээр овоо гайгүй урагшилж явлаа. Авлигатай тэмцэх газар ч байгууллаа, хуультай ч боллоо, үндэсний хөтөлбөр ч баталлаа. Гэтэл 2016 онд гэнэт 15 байраар ухарч, нэг мэдэхнээ Ямайка, Лесото улсуудтай зэрэгцээд тууж яваа болж таарав.

Ийм муу үзүүлэлттэй гарсанд нь олон нийт гайхаж байв. Гэхдээ шалтгааныг холоос хайх хэрэггүй юм. Учир нь Дэлхийн банк, “Transparency international”-тэй хамтран дэлхийн улс орнуудын авлигын индексийг гаргадаг олон улсын есөн байгууллага үнэлгээ гаргадаг үзүүлэлтэндээ шинэ асуултууд нэмчихэж. Тэр асуултууд нь төрийн албан дахь авлигатай холбоотой байсан нь манай улсын эмзэг цэгийг оночихсон хэрэг.

Тухайлбал: “Засгийн газар авлигыг хянаж чадаж байгаа эсэх”, “Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг эсэх”, “Улс төрийн систем дэх авлигыг үнэлэхдээ, бизнэс эрхлэгчдээс элдэв төрлийн лиценз олгохдоо хахууль шаарддаг эсэх”, Тухайн улсад улс төр нь бизнесийн салбартай ямар нэг сэжигтэй хэлбэрээр холбоотой байдаг эсэх”, “Монголбанк, Хөгжлийн банк, Аудитын газар гэх мэт байгууллагын удирдлага нь гаргасан шийдвэр ба гүйцэтгэлдээ хариуцлага хүлээдэг тогтолцоотой эсэх” зэрэг асуулт шинээр нэмэгдсэн шалгуурт байжээ. Манай улс бүгдэд нь бүдэрч 100 онооноос дандаа 40-өөс доош оноо авчээ.

“Төрлийн” гэж тодорхойлох болсон төрийн албаны тогтолцооны завхрал хэрээс хэтэрснийг үе үеийн эрх баригчид сайн мэдэж байсан. Гэвч хонхны хулгайчтай адил олон нийт, гадаад ертөнц үүнийг нь анзаарахгүй мэт сонгуулиас сонгууль дамжин олон жил явж ирсэн билээ. Гэтэл авлигын асуудал үндэсний аюулгүй байдалд заналхийлж, эдийн засгийн хорт хавдар болсныг 2016 оны авлигын индекс харуулав.

“МАНАЙХ ЦООЖТОЙ, ГЭХДЭЭ ХҮРЭЭД ИРЭЭЧ”

Бид гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэх хэрнээ бизнес эрхлэхээр ирсэн хүмүүстээ ажиллах нөхцлийг нь бүрдүүлдэггүй, авлига, хүнд суртал, цаашилбал, урвалтаар үргээдэг. Гэтэл гадаадын компаниуд хөрөнгө оруулах улсаа судалж шийдвэр гаргадаг.

Тэгэхдээ юун түрүүнд тухайн улсад авлигын эрсдэл байгаа эсэхийг харна. Үүний тулд сүүлийн жилүүдийн авлигын индексийг судална. Бизнес эрхлэх салбар нь авлига, хээл хахуульд хэр өртдөг талаар шалгана. Монгол Улсын хувьд “Transparency international” тэргүүтэй олон улсын байгууллагын судалснаар олон нийтийн нээлттэй худалдан авах ажиллагаа ба барилга, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай гэсэн салбар хамгийн өндөр эрсдэлтэй байна.

Цаашлаад, хөрөнгө оруулагч хөрөнгө оруулах улсынхаа хууль тогтоомж, дүрэм журмыг судалж ойлгох шаардлагатай. Тухайлбал, Эрүүгийн хууль, Авлигын эсрэг хууль, Компанийн тухай хууль, Төсвийн тухай хууль, худалдан авах ажиллагаатай холбоотой хуулиуд, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зэрэг Монголд авлигатай холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлдэг хуулиудыг судлаад зогсохгүй тэдгээр нь хэр сайн хэрэгждэгийг нягтална. Энэ чиглэлээр судалгаа, зөвлөгөө өгдөг том фирмүүд дэлхийд олон бий.

Гэхдээ Монголд бизнес эрхлэх нөхцлийг хамгийн сайн хэлж чадах эх сурвалж бол манай улсад бизнес эрхэлж, зовлон зүдгүүрийг нь биеэрээ амссан хөрөнгө оруулагчид юм. Тэдний санаа бодол шинээр хөрөнгө оруулах хүмүүсийн шийдвэрт нөлөөлөөд зогсохгүй, авлигын индексийг гаргахад ч том үүрэгтэй.

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БА ТӨРИЙН АЛБА 

Байдал иймдээ тулсан учраас ямар нэг алхам хийх шаардлагатай болов. Тиймээс өнгөрөгч 2016 оны 11 дүгээр сард УИХ-аас баталсан “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн нэгэн том зорилго нь төрийн байгууллага дахь авлигыг багасгах явдал болж байна.

Авлигатай тэмцэх газар хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд төрөл бүрийн ажил зохиож байгаа бөгөөд энэ оны гуравдугаар сарын 10-нд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр ба төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нар зэрэг төрийн байгууллагад авлигыг багасгахад гол үүрэгтэй оролцох ёстой нөхдүүдийг цуглуулав.

Цуглуулсны учир нь АТГ-аас долоон баг гаргаж, төрийн байгууллагуудад анх удаа сарын турш “эргэлт” хийхээр болсон тухай, энэ чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар нэгдсэн мэдээлэл өгсөн юм. Ингэхдээ Шилэн дансны хууль, Төрийн албаны тухай хуулинд заасан мерит зарчим хэр хэрэгжиж байгааг юун түрүүнд шалгах юм байна. Тэгэхээр ямартаа ч төрийн байгууллагуудад сарын турш “ариусах аян” явагдах нь.

Г. Даваадорж

GoGo Facebook Хуудас
 
 
Дараагийн Ерөнхий сайд хэн болоосой гэж та хүсч байна вэ?
Нийт 3288 санал өгсөн байна.

Дээшээ