Цөмийн туршилтын бичлэгүүдийг олон нийтэд дэлгэлээ

Сэтгүүлч А.Ихсанаа

2017-03-16 14:05 GMT+8

АНУ 1945-1962 оны хооронд 1000 гаруй удаа цөмийн туршилт хийжээ. Үүний 200 орчим нь өндрийн туршилт байсан бөгөөд зэвсгийн хүчийг мэдэх хамгийн сонгодог арга нь энэ байсан юм.

Батлан хамгаалах яам ойролцоогоор 10 мянга гаруй цөмийн туршилтын бичлэг хийж, Америк даяар өндөр хамгаалалт бүхий байгууламжуудад хадгалж байжээ.

Харин өнөөдрийн байдлаар дээрх бичлэгүүдийн 4200 орчмыг нь дижитал хувилбарт шилжүүлж, 750-ийг нь олон нийтэд нээлттэй болгож байгаа аж. Эдгээрээс 60 гаруй бичлэгийг та Youtube-ээс үзэж болно.

Зарим нь өнгөтэй, зарим нь хар цагаан эдгээр бичлэгүүдийг ажиллагааны нэрээр нь нэрлэжээ. Цөмийн зэвсгийн физикч Грег Сприггс эдгээр бичлэгүүдийг хадгалж, шинжилж, шаардлагатай бүхий л мэдээллийг гарган авахаар ажиллаж байгаа аж.

Хамгийн гол нь өндрийн цөмийн туршилтуудын талаар судалгаа хийхэд эдгээр бичлэгүүд өндөр ач холбогдолтой. Учир нь Цөмийн туршилт хийхийг хориглосон олон улсын гэрээний дагуу өндрийн цөмийн туршилт хийхийг зөвшөөрдөггүй.

Сприггс “Бидэнд туршилт хийх боломж байхгүй учраас орчин үеийн зэвсгийн хүчин чадлыг ойлгож, таниж мэдэхийн тулд эдгээр бичлэгүүдийг үзэхээс өөр арга байхгүй” гэжээ.

Тэрээр өнгөрсөн таван жилийн хугацаанд 400-500 орчим бичлэгийг үзэж, шинжилгээ хийсэн аж.

GoGo Facebook Хуудас
 
 
Та оюуны өмчийг хамгаалах нь хөгжил, хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж боддог уу?
Нийт 585 санал өгсөн байна.

Дээшээ