ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: С.Зоригийг хөнөөсөн хэргийн хуралтай, жагсаалтай өдрүүд

Б.Эрмүүн GoGo.mn

2017-03-19 14:28 GMT+8

Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлын тоймыг хүргэе.

Нийгэм, улс төрийн салбарт олны анхаарлыг татсан нэг үйл явдал бол С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал байлаа. Энэхүү хэрэг 19 жилийн өмнө болсон ч өнгөрсөн оны сүүлч хүртэл гэмт хэрэгтнүүдийг шүүхээр шийтгээгүй байсан юм. Анхан шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон ч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдсан билээ. Шүүх хурал өглөөний 09.30 цагаас шөнийн 21.47 цаг хүртэл үргэлжилж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, дээр заасан хугацаагаар яллагдагчдыг хорихоор болсон юм.

Утааны эсрэг аав ээжүүдийн холбооны ээлжит жагсаал цэргийн баярын өдөр нийслэлийн төв талбайд болов. Тэд энэ удаад “Pixel art” арга хэмжээг зохиож утааны зурагтай зурагт самбаруудыг байршуулж, “Pixel art” бүтээхэд шаардагдах ногоон өнгийн цааснуудыг бэлтгэж тавьсан байлаа. Энэ арга хэмжээнд оролцохоор ирсэн иргэдэд ногоон цаас, хар үзэг, шохой өгч иргэд илэрхийлэх гэсэн үгсээ бичиж байсан. Тухайлбал, “No smoke”,  “Утааг арилга”, “Цэвэр агаар бидний ирээдүй”, “Эмнэлэг барь”, “Утааны эсрэг хамтдаа” гэх мэтээр өөрсдийн үзэл бодлыг үгээр илэрхийлж байлаа. “Боож үхлээ” жагсаалд 10 мянган хүн цуглаж байсан бол энэ удаагийнхад баяр давхацсанаас болсон уу, эсвэл иргэдийн идэвх суларсан уу их бага хүн ирсэн юм.

GoGo мэдээний агентлаг сар болгон эдийн засгийн тойм хүргэж эхэлсэн. Тэгвэл өнгөрөгч хоёрдугаар сард эдийн засгийн салбарт голлох ямар үйл явдал болсныг энэ долоо хоногт хүргэлээ. Тэгвэл манай эдийн засгийн, ирэх жилүүдийн өнгийг тодорхойлох ямар чухал үйл явдал болсныг ЭНДЭЭС үзээрэй.

Өдгөө 30 гаруйхан настай ч Германы 13 сая хүн амтай Бавари мужид иргэдийн хурлын төлөөлөгч хийдэг Christian Social Union намын гишүүн Н.Солонго бүсгүйг “Монгол бахархал” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр Германы улс төрд амжилттай явахын зэрэгцээ Монголдоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах, залуу улс төрчдийн боловсролд чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлжээ. Түүний ярилцлагыг ЭНДЭЭС унших боломжтой.

Орон нутагт ажиллах төрийн албан тушаалтнуудыг угтах, үдэх арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Төрийн албан тушаалтнуудыг орон нутагт ажиллах үеэр нутгийн сайхан бүсгүй алд цэнхэр хадгаа дэлгэж мөнгөн аягатай сүү дээжлэн барих гэх мэтчилэн хүндэтгэлтэйгээр угтдаг. Ийнхүү угтан авахыг  "Дүүриймаадах" хэмээн нэрийддэг болсон. Тэгвэл энэ шийдвэрээр угтах, үдэх арга хэмжээг хориглохоор болж байгаа юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үеэр тухайн аймаг, сумын удирдлагууд орон нутгийнхаа хилийн зааг дээр угтаж, үддэгийг болиулж, аймаг, сумынхаа хаалган дээр цомхон, бага зардалтайгаар зохион байгуулж байх талаар Төрийн ёслолын журамд өөрчлөлт оруулахыг судалж, холбогдох шийдвэрийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо.

“Мэдрэлийн хор” гэхээр уншигч та юу өгүүлж буйг ойлгохгүй гайхаж мэднэ. Энэ нь дэлхий нийтэд хэдийнэ танигдсан ч манай хэвлэл мэдээллээр саяхан л дуулдах болсон өнөөх хар тугалга юм. Агаар, хөрс, усаар дамжин цусанд нэвчсэн хар тугалга нялхсын сэтгэн бодох чадвар, оюуны чадамжийг доройтуулдаг учраас олон улсад ийн нэрийддэг байна. АШУҮИС-тай хамтран хийсэн хүүхдийн цусанд хар тугалга тодорхойлох түүвэрчилсэн шинжилгээнд Да хүрээ зах орчим амьдардаг хүүхдүүдийн цусанд энэ хор зөвшөөрөгдөх хэмжээнээс их буюу 5.7-10 мкг/дл байсан нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороог зорих шалтгаан болов. Энэ талаар та бүхэн  Нялхаст заналхийлсэн “Мэдрэлийн хор” нийтлэлээс үргэлжлүүлэн унших боломжтой.

Япон оронд ажиллаад ирсэн манай сурвалжлагч Р.Адъяасүрэн үүцээ задалсаар байна. Тэрбээр энэ долоо хоногт “Япон орноор” цувралаараа тус улсын батлан хамгаалах их сургуулийн талаарх сонинг дуулгалаа. Өндөр хөгжилтэй орон батлах хамгаалах салбарын боловсон хүчнээ ямар орчинд бэлтгэдгийг ЭНДЭЭС үзээрэй.

 

 

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 38 санал өгсөн байна.

Дээшээ