Бөөрний чулуу бутлах эмчилгээг арван хүнд үнэ төлбөргүй хийнэ


2017-03-18 11:00 GMT+8

Сүүлийн жилүүдэд усны хэрэглээ, хүнсний аюулгүй байдал, амьдралын хэв маягаас шалтгаалаад бөөрний чулуу өвчин нэмэгдэх хандлагатай байна.

Уг өвчнийг эмчлэх орчин үеийн дэвшилтэт арга болох чулуу бутлах аппарат гэж бий. Уг аппаратаар “УБ Сонгдо” эмнэлэг эмчилгээг хийдэг болжээ.

Тус эмнэлгийн арван жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд бөөрний чулуу оноштой арван хүнд ESWL бөөрний чулуу бутлах аппарат эмчилгээний зардлыг зуун хувь хөнгөлөхөөр болсон байна.

“УБ Сонгдо” эмнэлгийн бөөрний мэс засал, эрэгтэйчүүдийн эмч М.Мөнхжаргалаас уг өвчин болон шинэ эмчилгээнийх нь талаар тодрууллаа.

-Бөөрний чулуу өвчин үүсэх шалтгаан юу байдаг юм бол?
-Энэ өвчинд бөөр шээсний замд чулуу байрлах, чулуутай холбоотой даган гарч буй хүндрэлийг хамруулан ойлгох хэрэгтэй. Шалтгаан маш олон янз. Эхний шалтгаан бол тухайн хүний биед байгаа эрдэс бодис, химийн элементүүдийн цусанд байх ёстой хэвийн тоо хэмжээ их байх. Бамбай булчирхай, дотоод шүүрлийн булчирхайн өвчин, элэгний өвчлөлийн улмаас ийм өөрчлөлт гарах нь бий. Дээрх элементүүд шээсээр дамжин гарахдаа бөөрөн дотор чулуу үүсгэдэг.

Хоёрдугаарт, усны хэрэглээ нөлөөлдөг. Хүний биеийн 70 хувь уснаас бүрддэг шүү дээ. Биед байх ёстой усны хэмжээ багасах нь чулуужилт үүсэхэд нөлөөлнө. Амьдарч буй орчин, байгаль цаг уурын нөлөө ч бий. Хатуулаг ихтэй ус хэрэглэх, усны хүрэлцээ муу байх нь чулуу үүсэхэд нөлөөлнө. Хүмүүсийн хүнсний хэрэглээ бас нөлөөтэй. Давс ихээр хэрэглэх нь бөөрөнд чулуу үүсэх эрсдэлийг хоёр дахин нэмдэг. Хүнсний химийн орц, найрлагатай ч холбоотой.

Давс ихээр хэрэглэх нь бөөрөнд чулуу үүсэх эрсдэлийг хоёр дахин нэмдэг

Мөн бөөр шээсний замын бүтэц, үйл ажиллагааны онцлогтой холбоотой. Төрөлхийн гажиг бөөртэй, бөөр дутуу байх, бөөрнөөс шээс ялгаран гарахад шээсний урсгалд саад болохуйц бүтэцтэй бол шээсний тогтонгишил үүсч түүнээс шалтгаалан бөөр чулуужих нь бий. Тэгэхээр хүн бүрт өвчин үүссэн шалтгаан харилцан адилгүй байдаг.

-Бөөрний чулуу үүссэн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Бөөрөн дотор чулуу үүсчихсэн байхад юу ч мэдэгдэхгүй. Нартай өдөр зугаалж яваа юм шиг л байна. Манайд ихэнхдээ компани нь урьдчилан сэргийлэх үзлэгт орооч ээ гэж гуйгаад, нөгөө хүн нь хөөгдөн туугдан ирж, ЭХО-д харуулахад гай нь таарч чулуутай гэж л оношлогдож байгаа юм. Тэгэхгүй бол яваад л байна. Тохиолдлоор л оношлогддог. Чулуу өдрөөс өдөрт нэмэгдээд л байна. Ингээд нэмэгдэж байгаад тухайн хүний ууж буй ус, ажил хөдөлмөр, орчин нөхцөлөөс шалтгаалаад нэг өдөр бөөрнөөсөө унана, нэг бол цаашид томорсоор л байна. Чулуу хэр хурдан томрох нь тухайн хүний амьдарч буй орчин нөхцөлөөс л шалтгаална. Чи дан бяслаг иддэг, би дан мах иддэг. Тэгсэн хэр нь чи ус бага уудаг, би ус их уудаг гээд хүн бүр өөр шүү дээ. Тэгэхээр хувь хүний онцлогтой шууд хамааралтай. Хүмүүс чулуутай гэнэ лээ гээд л тоохгүй явдаг. Гэтэл ингэж яваад нэг өдөр хүчтэй өвдөлт өгдөг.

-Чулуугаа авахуулсан хэр нь дахиад л чулуутай болсон гэх хүмүүс бий.
-Бөөрний чулуу гэнэт нэг өдөр унаад давсаг явах замдаа таглардаг. Ингээд гацчихлаар шээс гарч чадахгүйн улмаас бөөр чинэрч өвддөг. Энэ бол Монголоор бөөрний хатгаа гэж нэрлээд байдаг зүйл. Амьдралдаа нэг удаа энэ өвдөлтийг мэдэрсэн хүн бол дахиж өвдөхийг хүсдэггүй. Айдаг. Тэгсэн хэр өвдөөд ирж буй хүмүүс бидний зааж өгсөн зөвлөмж, дэглэмийг барьдаггүй.

Идэх дуртай хоол хүнсийг нь хориод байдаг юм шиг байгаа юм. Хоолны дэглэм барихгүй дээр нь ус тогтмол уудаггүйгээс болоод дахидаг. Бөөрний чулуу гэх оноштой ирж байгаа хүмүүсийг бид шингэн зүйл хэр их ууж байгааг асуухад “бараг үгүй” гэж хариулдаг. Хүний биеийн 70 хувийг ус эзэлдэг. Тэгэхээр эд эсээ тэжээхийн тулд ус ууж шингэлж байх ёстой. Эд эрхтэн усаар тэжээгдэж, чийгтэй байх ёстой. Хуурайших юм бол болохгүй. Байгаль хүртэл усгүйдээд ирэхээр ямар гамшиг болдог билээ. Түүнтэй л адил.

Өдөрт хамгийн багадаа хоёр литр ус тогтмол ууж байх ёстой

-Хүн өдөрт хичнээн литр ус уух ёстой байдаг юм бол. Их ус уувал хавагнана гэдэг шүү дээ.
-Хүн биеийн жин, хийж буй ажил, байгаа орчин, улирлын онцлогтой холбоотойгоор ус уух хэмжээ нь өөрчлөгддөг. Өдөрт хамгийн багадаа хоёр литр ус тогтмол ууж байх ёстой. Манайхан ус уухын ач холбогдлыг сайн ойлгохгүй байна. Ус уу гэхээр жүүс, хийжүүлсэн ундаа гээд хэрэгтэй, хэрэггүй юм уучихдаг. Ус юугаар ч орлуулшгүй чандмань эрдэнэ. Хамгийн энгийнээр бодоход хиртэй хувцсаа угаахад угаалгын нунтгийг арилгахын тулд хэд дахин зайлдаг билээ. Зөвхөн юм угаахад ийм их ус хэрэглэгдэж байхад бидний идсэн зүйл ходоодонд ороод боловсрогдоод ялгадас болох хүртэл нилээн ус хэрэг болно оо доо.

Бидний идсэн, уусан бүгд ходоодны хананд очоод наалдаад, зууралдаад байж байдаг. Үүнийг нь усаар шингэлж байж хөөж гаргадаг. Тэгэхгүй бол гэдсэнд удахаараа чулуу болно, дараагийн өвчин үүснэ. Ус бага уухвал шээс өтгөн, үнэртэй, булингартай болно. Их ус уулаа гээд хавагнахгүй. Эрүүл бол таван литр ус уусан ч хавагнахгүй. Уусан усны шаардлагатай хэсгийг шүүж аваад цусанд дамжуулж, бусдыг нь бөөрөөр дамжуулж шээс болгон гаргана. Өдөрт хоёр түүнээс дээш литр ус ууж байхад шээс сайхан тунгалаг байдаг. Харин бага ус уухад тэнд байгаа элөментүүд хоорондоо мөргөлдөж, наалдаж чулуу үүсдэг.

Манай улс нарны элч суларсан, жилийн дөрвөн улиралтай тэр хэрээр үргэлж хөлөрч, шингэн алддаггүй шүү дээ. Тийм учраас зохих хэмжээний шингэнийг ууж, цэвэрлэж байвал бөөрний чулуу үүсэхгүй байх магадлал төдий чинээ нэмэгдэнэ.

-Танай эмнэлэг шинээр нэвтрүүлээд байгаа бөөрний чулуу бутлах аппаратны талаар танилцуулахгүй юу?
-Одоогоос 20-25 жилийн өмнө ийм асуудалтай хүмүүст толгой дараалан нээлттэй хагалгаа хийдэг байлаа. Хагалгаа хийлгээд том зүслэг хийлгэсэн ч 3-4 жилийн дараа дахиад л бөөрний чулуу үүсдэг, дахин хагалгаанд ордог байсан. Сүүлдээ дийлэхгүй болохоор бөөрийг нь авдаг байв. Гэтэл энэ үе ард хоцорч байна. Сүүлийн үед Монгол Улс бөөрний чулуутай хүмүүст тусламж үзүүлэх оношилгоо, эмчилгээний технологи сайжирч дэлхийн жишигт хүрсэн. Одоогоор Улаанбаатар Сонгдо эмнэлэг дэлхийн жишигт нийцсэн эмчилгээг хийж эхлэхэд бэлэн болоод байна.

Бөөрний чулууг хагалгаагүйгээр гаднаас нь долгионоор цохиж бутлаад өөрөөр нь гаргадаг эмчилгээ

Бөөрний чулуутай гэж оношлогдсон бол дэлхийн аль улсад очсон хамгийн түрүүнд танд зөвлөх эмчилгээ бол бөөрний чулууг зайнаас бутлах эмчилгээ. Энэ эмчилгээ нь тодорхой хэмжээний заалттай, тохирсон хүмүүст хийдэг. Бөөрний чулууг хагалгаагүйгээр гаднаас нь долгионоор цохиж бутлаад өөрөөр нь гаргадаг эмчилгээний хувилбар юм. Таны биеийг гэмтээх буюу хагалахгүй, зүсэхгүй. Эмнэлэгт өдрийн цагаар ирж эмчилгээндээ орно. Эмчилгээнд орохын тулд эмнэлэгт хэвтэх шаардлагагүй. Эмчийн заавраар заасан хугацаанд үзүүлж, хянуулна. Ингээд бутлагдсан чулуу нь тодорхой хугацааны дараа биеэс гадагшилдаг. Ийм эмчилгээ байгаа юм.

Анх 1980 онд дэлхийд бөөрний чулууг зайнаас бутлах аппаратыг нээсэн. Үүнээс хойш 2000-аад он хүртэл дэлхийн хөгжилтэй орнуудад энэ технологи нэвтэрсэн. Манай улсын хувьд энэ аппаратны талаар ном зохиолоос л хардаг үе байсан уу гэвэл байсан. Энэ төрлийн эмчилгээ хийлгэсэн хүмүүсийг хараад том хагалгаагүйгээр өвчнөөсөө салчихлаа гэж дотроо атаархдаг байлаа. Бид яагаад гадаадын иргэдээс дутуу байх ёстой гэж, ядаж ганц ийм аппараттай болчихоод том хагалуулахгүйгээр эрүүл болчих боломжийг эдэлж болдоггүй юм гээд төр засгаас тусламж гуйж, сайлж муулж явсан. Гэтэл энэ үе ирчихсэн байна. Шинжилгээ хийлгээд онош тодорхой болоод хийлгэж болно гэсэн заалттай бол эмчилгээгээ хийлгэлээ, явлаа. Энэ бол хүндээ маш амар. Ирж хоёр цаг орчмыг эмнэлэгт зарцуулаад эргээд ажлаа хийх боломжтой.

-Бөөрний чулуу оноштой хүн бүр хийлгэх боломжтой юу?
-Өндөг шиг том чулуутай ирсэн хүнд бол бид ийм бутлалт хийхгүй. Чулууны бүтэц, байрлалаас шалтгаалаад эмчилгээ хийж болох үгүйг шийддэг. Буруу буюу өөр газар байрласан, гарахгүй газар байгаа чулууг бутлах боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэргэжлийн эмч нар үзээд энэ хүн эмчилгээнд орох, орохгүй сонголтыг хийнэ. Чулуутай хүн бүр энэ аппаратанд орно гэсэн үг биш юм шүү. Хэт таргалалттай, чулуу нь хэт томорсон гэх мэт шалтгааны улмаас эмчилгээ хийх боломжгүй байх нь бий. Бөөрний чулуутай хүмүүсийн хувьд эмчилгээний олон сонголт бий. Лазер, дурангийн аргаар чулууг авах хагалгаа гэж бий. Гэхдээ бутлах аргаас бусад нь эмнэлэгт хэвтэх, унтуулга хийх зэрэг олон үйл ажиллагаа шаарддаг.

-Өмнө нь манай улсад энэ төрлийн эмчилгээ хийгдэж байсан юм болов уу?
-Энэ аппарат анх удаа Монгол Улсад орж ирсэн үү гэвэл үгүй. Манай ашиглаж байгаагаас арай эрт үеийн буюу загвар болон бутлах чадварын хувьд арай сул аппаратыг хэсэг хугацаанд ашиглах гэж үзээд буцаагдаж байсан тохиолдол бий. Тухайн үед 300 орчим хүнд эмчилгээ хийж, ид шидээ үзүүлж, гайхамшгаа мандуулчихсан аппарат. Тэр аппарат нь манай эмнэлэгт шинээр суурилагдаж байгаа юм. Огт байхгүй зүйл орж ирсэн гэж ойлгож болохгүй. Яг үүнтэй адил үйлчилгээтэй аппарат Улсын нэгдүгээр төв эмнэлэг бий. Монгол Улсад энэ аппарат хоёр ширхэг байна гэж ойлгож болно.

Чулууны бүтэц, байрлалаас шалтгаалаад эмчилгээ хийж болох үгүйг шийддэг

-Эмчилгээний үр дүн хэдэн хувьтай вэ?
-Энэ эмчилгээ тохирсон хүндээ үр дүн нь 80-85 хувь. Чулуу бутарна, тэр нь гарна, огт чулуугүй болох магадлал өндөр.

-Үнэ өртгийн талаар сонирхмоор байна?
-Манай эмнэлэгт хийгдэж буй бөөрний дуран, лазер мэс заслын дундаж үнээс гуравны нэг орчмоор бага байх гэж бодож байна. Гэхдээ би эмчилгээ хийдэг хүн учраас үнийн талаар сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө тэр багцаа болов уу гэж бодож байна. Дунджаар хоёр жилийн өмнө энэ аппаратыг ашиглаж байхад 800 мянган төгрөгөөр хийдэг байсан. Тэгэхээр энэ үнээс дээш байх болов уу гэж бодож байна.

-Бөөрний чулууг буталж байгаа юм чинь энэ эмчилгээг цөсний чулуунд бас хэрэглэж болох уу?
-Хэрэв шаардлагатай гэж үзвэл цөсний болон шүлсний булчирхайн чулуунд хэрэглэж болдог. Гэхдээ цөсний хүүдийн чулуу хөндийлөг эрхтэнд хийгддэг учир хүндрэл гарах магадлал өндөр. Чулуу нь бутарч, хагараад цөсний замаар гарахдаа хүндрэл өгвөл маш аюултай. Үүний оронд дурангийн хагалгаа нь хэн хэндээ халгүй. Манай эмнэлэгт цөсний замын бөглөрлийг дурангаар оношилж, мэсгүйгээр хагалгаа хийж, бөглөрлийг арилгах эмчилгээг Монгол улсад хийж буй ганц эмнэлэг бол манайх. Бидэнд ар талыг нь даах сайн баг байгаа учраас хийж болно. Гэхдээ бид одоохондоо зөвхөн бөөрний чулуунд л энэ аппаратыг ашиглана.

-Арван хүнд энэ эмчилгээг үнэ төлбөргүй хийхээр болсон гэж байсан.
-Энэ аппаратыг манай эмнэлэгт шинээр суурилуулж байгаатай холбогдуулан аппаратыг нийлүүлж байгаа Тайванийн компанийн эмч мэргэжилтэн, техникийн ажилтнууд энэ сарын 20-нд танилцуулга, сургалт хийнэ.

Харин үүний дараа 27, 28, 29-ний өдрүүдэд шаардлага хангасан хүмүүст энэ эмчилгээг эхэлнэ. Ингэхдээ эхний арван үйлчлүүлэгчид зайнаас бутлах эмчилгээний үнийг зуун хувь хөнгөлнө. Эмчилгээний технологи нэвтэрч байгаа нь манай эмнэлгийн арван жилийн ойтой давхцаж байгаа. Тиймээс ард иргэддээ зориулсан бэлэг гэж ойлгож болно. Цаашид ч ойн хүрээнд олон бэлэг барих болно.

Эмчилгээ тохирсон хүндээ үр дүн нь 80-85 хувь

Эмчилгээнд орох шаардлагатай хүмүүс их байвал дараагийн удаад 11-20 дахь үйлчлүүлэгчдэд эмчилгээний үнийн тавин хувийг хөнгөлөх бололцоо байна. Энэ бол зөвхөн эмчилгээний төлбөр юм шүү. Шинжилгээ, эмчилгээний өмнөх бэлтгэл бол төлбөргүй биш гэдгийг ойлгоорой.

Хэрэв бөөрний чулуутай гэдгээ оношилж мэдсэн тохиолдолд УНТЭ, УБ Сонгдо эмнэлгүүд бөөрний чулууг буталдаг аппараттай болчихсон учраас та гадагш явах шаардлагагүй боллоо. Бид нэг ч гэсэн өвчнөөр Монгол улсаас гарах мөнгийг хязгаарлаж, хааж байгаадаа баяртай байна. Энэ мэтээр олон өвчнийг гадагш явуулахгүйгээр Монголдоо эмчилж чаддаг болох юм бол Монгол улс сэхэхэд амархан байна.

УБ Сонгдо эмнэлэг энэ сарын 20-нд “Бөөрний чулуу, түүний орчин үеийн эмчилгээ” сэдвээр лекц зохион байгуулах бөгөөд бөөрний чулуу оноштой арван хүнд чулуу бутлах эмчилгээг үнэ төлбөргүй хийнэ.

Та эмчилгээнд хамрагдахын тулд: 


  • Бөөрний чулуутайг баталсан эмчийн онош, холбогдох шинжилгээний зураг;

  • Овог нэр холбоо барих утасны дугаараа УБ Сонгдо эмнэлгийн фэйсбүүк хуудсанд мессежээр илгээж бүртгүүлэх юм.

Нийт 50 хүн лекцэнд суух боломжтой бөгөөд бүртгэлийг гуравдугаар сарын 20-ны 15.00 цаг хүртэл хийнэ. 
Лекцэнд ирж оролцсон хүмүүсээс бөөрний чулуу оноштой хүмүүсийг дахин бүртгэн Сонгдо эмнэлгийн бөөрний мэс заслын эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийж, эцсийн байдлаар эмчилгээ хийлгэх арван хүнийг хүнийг тодруулах юм байна.

GoGo Facebook Хуудас
 
 
МАН-ын даргад эдгээр хүмүүсийн хэнийг нь та дэмжих вэ?
Нийт 1400 санал өгсөн байна.

Дээшээ