Ж.Эрдэнэбатын Засгийн газар түүхэн шийдвэр гаргалаа. Бодит ажил бололгүй их цаг хугацааг алдсан Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогдод байгуулахаар болж байна. Оюутолгойг түшиглэн жилдээ нэг сая тонн зэсийн баяжмал боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн тов ийнхүү тодорч, Монгол Улс хөрөнгө оруулалтын эрэлд мордох л үлдлээ.
2020 он гэхэд ашиглалтад оруулах боловсруулах үйлдвэрийн “галт тэрэг” ийнхүү хөдөллөө. Хөдлөх дохиог нь Засгийн газар зоримог өгөв. Үйлдвэрийн нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг төр эзэмших юм. Гэхдээ төр хөрөнгө оруулалтын зардал гэж гаргахгүй бөгөөд үйлдвэрийн тодорхой хувийг нь үнэ төлбөргүй “халааслана”. Төрийн эзэмших хувь хэмжээг 10 хувиас хэтрүүлэхгүй аж.
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлт, эрчим хүч дамжуулах зардал бага гэсэн давуу талыг харгалзан “Оюутолгой”-г түшжээ. Үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох, хөрөнгө оруулагчтай гэрээ, хэлцэл хийх ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгасан. Боловсруулах үйлдвэрийг хариуцсан Ажлын хэсгийг салбарын сайд шинээр байгуулах бололтой.
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор жилд 23 хувийн ашиг өгнө гэсэн урьдчилсан тооцоо бий. Үйлдвэр 10 хүрэхгүй жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх боломжтой юм. Энэ нь хөрөнгө оруулагчид Засгийн газартай хэлэлцээр хийх хөтөч нь болж байна. Уг үйлдвэрийн техник эдийн засгийн үнэлгээнд тусгаснаар ойролцоогоор хоёр тэрбум ам.долларын борлуулалт хийнэ. Энэ нь жилийн борлуулалтын дүн.
Манай улс дэлхийн зэсийн баяжмалын экспортын гурван хувийг эзэлж буй. Оюутолгой, Цагаансуварга энэ хэмжээг өсгөх бодит хөшүүрэг нь. Монгол Улсын цэвэр зэсийн олборлолт 2020 он гэхэд нэг сая тоннд хүрнэ гэх тооцоо бий. Зэсийн экспортоороо манайх Ази тивээ өнгөлж буй.
Түүхэнд үлдэх шийдвэр эрчимжлээ
Харин дэлхийд зэсийн экспортоороо айргийн тав руу ойртож яваа. Ирэх жилүүдэд Оюутолгойн ил уурхайн үйлдвэрлэл, борлуулалт буурахгүй, гүний уурхай ашиглалтад орсноор зэсийн экспорт улам нэмэгдэхээр байгаа. Энэ үе бол 2019-2020 он. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн туузыг хайчилж байх цаг хугацаантай экспортын өсөлт огтлолцох нь. Үүнтэй уялдуулж, Засгийн газар үйлдвэрийн ашиглалтад орох “огноо”-г зураглажээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны судалгаагаар, Оюутолгой 775, Эрдэнэт 135, Цагаан суваргын ордоос 70 мянган тонн цэвэр зэс гарах баяжмал үйлдвэрлэнэ. Ингэснээр манай улс дэлхийд зэсийн экспортоороо эхний тавд, Азид байр сууриа хэвээр хадгалж үлдэх юм. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд зэсийн 30 гаруй сая тонн нөөцийг хайгуулын үр дүнд тогтоогоод байна. Эдийн засгийн өсөлтийг дэмжих боловсруулах үйлдвэрийн өгөөж улсын төсөв, нийгмийн аж амьдралд эерэг өөрчлөлт авчрах нь дамжиггүй. Үйлдвэр ашиглалтад орсноор урьдчилсан тооцоогоор 1000 орчим ажлын байр шинээр бий болох юм.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт ёроолдоо орсон үед зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг байгуулахаар болсон нь хөрөнгө оруулалтыг татах зоригтой алхам. Үйлдвэрийн үр шимийг хөрөнгө оруулагчдаас илүү монголчууд хүртэх юм. Нэмүү өртөг шингээх үйлдвэр чухамдаа хөрөнгө оруулагчдын өмнө ирлээ. Том үйлдвэрийг дагаж том хот сүндэрлэх боломжтой. Ийм нөхцөл Ханбогдод бүрдлээ.
Тогтвортой ажлын байр орон нутагт гурван жилийн дараа гэхэд бий болох юм. Тухайлбал, өнөөдөр Уул уурхайн сургуулийн нэгдүгээр дамжаанд суралцаж байгаа оюутан төгсөхөд ажлын байр түүнийг бэлэн угтах нь. Ийм боломжийг олгосон, ирээдүйгээ харсан шийдвэрийг Засгийн газар лхагва гарагт гаргасан нь энэ.
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн нь 99.99 хувийн агуулгатай катодын зэс байх юм. Катодын зэсийг цаашид боловсруулж зэс болон гуулин цувимал бэлдэцийн үйлдвэрлэлийг Монголдоо хөгжүүлж болох билээ. Өнгөт металлургийн салбарт хэрэглээгээрээ хөнгөн цагааны дараа ордог зэсийн эрэлт өндөр. Цахилгаан техник, электроник, машины үйлдвэрлэлийн хөгжлийг тодорхойлдог гол металл учраас үнэ цэнэ нь буурдаггүй. Үйлдвэрлэсэн зэсийн 75 хүртэл хувь нь эдгээр салбарын хэрэгцээг хангаж байна. Тэгэхээр зэс ирээдүйд ч эрэлт хэрэгцээ ихтэй хэвээр байх баялаг гэдгийг эндээс харж болно.
Манай улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 30, улсын нийт экспортын 80 гаруй хувийг уул уурхайн олборлон баяжуулах салбараас гаргаж байгаа. Экспортын орлогын гол хөшүүрэг болсон уул уурхайн салбарт зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр бий болсноор Монгол Улсын эдийн засгийг тэтгэх учиртай. Зэсийн баяжмалаа дотооддоо хайлуулж, боловсруулснаар баяжмалд агуулагддаг, экспортод зүгээр гаргачихдаг байсан үнэт, ховор металлыг өөрийн оронд ялгаж авах боломж бүрдэнэ.
Өөрөөр хэлбэл, одоо бид зэсээ дотооддоо хайлуулж, боловсруулахгүй дан баяжмалаар нь экспортолсноор баяжмалд буй үнэт, ховор металлуудаа гаднын улсуудад үнэгүй өгчихөж байгаа юм. Боловсруулах үйлдвэртэй болсноор аранжин зэс эх орондоо үйлдвэрлэх ажил биднийг хүлээж байна. Монгол Улс металл зэс үйлдвэрлэдэг болж, өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх шанг Засгийн газар татлаа.
Б.Баяртогтох