Удмын түүхээ бичилцэж яваа Н.Батсуурь арслан

Зууны мэдээ

2017-03-20 12:10 GMT+8
Манай сонин энэ дугаарынхаа “Амьдралын тойрог” булангийн зочноор гурван үеийн удамт бөх, Улсын арслан Намсрайжавын Батсуурийг урьсан юм.

ТЭР БӨХ ХЭНИЙ ХЭН БЭ?

Барууныг магнайлан дэвж байгаа тэр бөх, Увсын Батсуурь уу даа гэж наадамчдын нэгэн хэлэхийг сонсоод оноож харвал улсын залуу арслан Намсрайжавын Батсуурь яг мөн дөө. Гурван жилийн өмнө улсын харцага хэмээн дуудуулж байсан тэр залуу улсынхаа баяр наадамд одтой сайхан барилдаж түрүүлээд өндөр цолтны нэгэн болоод захын нэгэн нөхрийн таньдаг, басхүү барилдахыг нь харах гэж хүлээдэг бөхийн нэг болжээ.

Ер нь бол харцага цолноос заан, гарьд цолыг алгасан улсын арслан болсон нь цөөн юм. Харин Н.Батсуурь ийм хувь тохиолтой нэгэн. Увс нутгийнхны нэг онцлог гэвэл эрчүүд нь барилдаанч, хүүхнүүд нь дууч гэсэн яриа бий. Оргүй ч юм биш. Н.Батсууриар л төсөөлөөд боддоо. Харахад тийм булиа биш. Эр бяр нь ил харагдахаар нэгэн биш л дээ. Гэхдээ тал талын барилдаантай нь онцлог.

Энэ юу гэсэн үг вэ гэвэл суйлна, хутгана, сэнжигний барьцнаас дунгуйлдаад татчихна. (О.Балжинням аварга л заасан байх). Учраагийнхаа мэхийг бол галзуутай хариулна даа. Тийм болохоор хэн ч барилдахдаа Н.Батсууриас жийрхдэг гэж байгаа. Хэдэн бөхийн ярьж байгааг сонсохуйд Батсуурь уг нь тийм жинтэй бөх биш гэхдээ л шуудагдаад өргөчих гэхээр 200 кг юм шиг л санагддаг гэж.

Энэ нь бусдын мэхэнд орох үед биеэ суллаж тэгснээр жингээ нэмсэнтэй адил байдаг гэсэн үг юм. Аль ч бөхийн төрөлд сэтгэл зүйн нөлөө гэж бий. Тэгвэл залуу арслан хэнтэй ч таарсан айж бэргэх, унах байх гэж бодох юм ер байдаггүй гэдэг юм билээ. Харцага цол хүртснийхээ дараахан сонинд нэг ярилцлага өгөхдөө -Хашир аварга, арслангуудтай таарлаа гэхэд би айдаггүй. Айвал яаж барилдах юм бэ. Сайхан л үзчихнэ дээ гэж боддог. Харин нэг дэвжээнийхээ бөхтэй таарахад сандрал байдаггүй ч давчихна даа гэхээсээ яадаг бол гэсэн бодол төрдөг гэсэн байдаг.

Тэгээд нутгийн бөх улсын арслан П.Бүрэнтөгстэй 2015 оны улсын наадмын дөрвийн даваанд оноолт таарч хэрхэн барилдсанаа дурссан байдаг юм. Тэр хоёрын оноолт таарах магадлалтай арслан урьд өдөр нь Батсуурьт хэлж байж. Үнэхээр л бөхийн оноолтыг зарлахад таарсан байв. Тэгээд юу ч ярьсангүй. Гар барилцаад л барилдаж эхэлсэн. Энэ тухай ярихдаа нутгийн нэг дэвжээний бөхтэй учраа таарахад хэн нь ч давсан яахав гэсэн бодлын үзүүр тэр байх гэж Батсуурь ярьж байсан юм.

Түүнийг шинэ цол авах бүрт л аав нь дээлийн захыг нь мушгиж суудаг гэдэг. Барилдаж байгаа бөхийн дээлийн захыг мушгиж сууна гэдэг малгайг нь бариад дагаж яваа засуулаас ялгаагүй “хүч өгч” байдаг гэдэг. Басхүү учиртай мушгинаа гэж. Байнга чанга атгаатай байх биш өөрөө мэх хийхэд нь хүчлүүлж учраагийнхаа мэхэнд орох үед хазайсан талд түшиг болох гээд мушгианы ухаан гэж далд философи тэнд үйлчилдэг байх юм.

Амжилтын тухай ярьвал өнөөгийн улсын арслан маань 2007 онд Ховд аймгийнхаа баяр наадамд тав давж аймгийн начин цол авсан бол 2010 оноос улсын баяр наадмын дэнжид зодоглож эхлээд улсын харцага цолтой хоёрхон жил барилдаад 2014 оны наадмаар одтой сайхан барилдаж түрүүлэн улсын арслан гэдэг эрхэм цолны эзэн болжээ. Энэ жилийн наадмын бөх тун сонин болсон юм. Аварга, арслангууд өмнөх даваануудад уначихсан. Улсын начин Ш.Жаргалсайхантай үзүүр, түрүүнд үлдсэн нь Н.Батсуурь байв. Тэр хоёрыг тийнхүү есийн даваанд үлдэнэ гэж хэн ч төсөөлөөгүй байсан л даа.

Хэдийгээр Жаргалсайхан тун одтой байгааг харсан үзэгчид түүнийг түрүүлэх нь гэж л бодохын зуур Н.Батсуурь хонгодож дайраад аваад явчихсан. Ингэж Намсрайжавын Батсуурь заан, гарьд цолыг алгасан улсын арслан болсон тэр гайхалтай дүр зураг бөх сонирхогчдын ярих сэдвийн нэг хэвээр. Огтхон ч хуучрахгүй түүх болон үлдсэн юм. Түүний сайн бөх болох нь гэдэг нь бүр 2010-2011 онд л харагдсан даа. Улсын баяр наадамд зодоглосон жилээ л гурав давж дөрвийн даваанд улсын арслан Х.Мөнхбаатарт унасан байдаг.

Мөн тэр хоёр жилд аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд гурван ч удаа дөрөвт үлдэж. Бас сар шинийн барилдаанд 256 бөхөөс дөрөв давж тавын даваанд аварга Ч.Санжаадамбад цэргийн хурц арслан цолтой байхад нь унаж байсан бичлэг бий. Тэр цагаас хойш өнөөгийн арслан маань зодоглосон барилдаан бүртээ дээгүүр барилдаж хэд хэдэн удаа түрүүлж, үзүүрлэжээ. Бөхийн мэргэжилтнүүд Н.Батсуурийг дүүрэн барилдаантай бөх гэж хэлдэг. Тийм ээ дүүрэн гэдэг олон талын барилдаантай гэсэн үг юм билээ.

Аав нь улсын харцага Г.Намсрайжав бас л тухайн үедээ том цолтнуудыг айлгадаг байсан даа. Түүнийг хэн ч юун түрүүн амлаад байхгүй, тунаанд зориулчихсан юм шиг бөх л дөө. Одоо хүүгийнхээ барилдааныг үзээд хазайвал адилхан хазайж, давахаар нь сэтгэл нь сүлэгдэн суугаа. Бөх аавын жаргал гэдэг тэр юм даа. Арслан Н.Батсуурь заал, танхимын барилдаанд зодоглохгүй үе гэж байхгүй дээ. Эрхэлсэн ажлаа л гэж боддог шиг байгаа юм. Энэ тухай өөрөө хэлэхдээ “Нэгэнт л улсын энэ өндөр цолтон болсон хүн нас залуу байна.

Барилдахаас өөрцгүй. Бөх сонирхогч үзэгчид ч биднийг л барилдаасай гэж хүсэмжилж байгаа шүү дээ” гэж байналээ. Түмнээ хүндэтгэнэ гэж энэ л дээ. Барууны магнайд улсын арслан Н.Батсуурь гарч ирлээ. Цоллооч нь уянгалаг цээл хоолойгоор “Увс аймгийн Ховд сумын харьяат, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээ, “Химон констракшн” компанийн бөх, Монгол Улсын арслан Батсуурь манлай хэмээн алдаршуулан дуудвай.

УДМАА ДАГАСАН ХҮЧТЭНИЙ НЭГ

Удамтай хүний үр, сүүтэй гүүний унага гэсэн хэлц үг байдаг. Үүний учрыг ухан тайлбарлахыг зорьсонгүй. Харин “Амьдралын тойрог” булангийн маань зочин улсын арслан Н.Батсуурь үнэхээр удамтай бөх гэдгийг л хэлэх гэсэн минь. Түүний өвөө нь бас авга ах нь хоёул улсын начин бол аав нь улсын харцага гээд нэг ам бүлээс улсын цолтон дөрөв төрсөн юм билээ л. Аав Г.Намсрайжав нь ах дүү наймуул. Бүгд сумын цолтой гэх. Тэднээс улсад ирж барилдсан бол юм дуулгах хүн байх л байсан гэдэг.

Тэгвэл Ховдын Дарвийн хүн ижийгий нь тал бас бөхийн удамтай юм. Жүдо бөхөөр олимпийн хүрэл медальт, улсын начин Равдангийн Даваадалай, улсын начин ихрүүд Ло.Энхбаяр, Ло.Эрхбаяр нар садан төрлийнх гэнэлээ. Н.Батсуурь хоёр эгчтэй айлын ганц хүү. Удмынхнаасаа дөрөв дэх улсын цолтойн болсондоо баяртай бас бяртай яваа юмсанж. Манай өвөө Жотойн Гэлэг гэж гайхамшигтай хүн байсан гэж тэр дурсан ярих дуртай юм билээ.

Ярианаас нь өвөөгийнх нь түүхийг товчлон хэлбэл Дорнод аймагт Тамсагийн дивизэд цэргийн алба хааж байхдаа тус аймгийн наадамд үзүүрлэж аймгийн заан болсон ЦЭРЭННАДМИД бол дайны жил 1945 оны Ардын хувьсгалын 24 жилийн ойгоор аймагтаа түрүүлж аймгийн арслан цол хүртэж. Улмаар дараа жил нь улсын наадамд анх зодоглон гурав даваад дөрвийн даваанд дархан аварга Б.Түвдэндоржид амлуулан унаж байж. Тэгвэл таван жилийн дараа буюу 1950 онд улсын наадамд зорьж ирж барилдсан гэдэг.

Торолгүй дөрөв даваад байхад нь улсын наадамд хоёр түрүүлж, нэг үзүүрлээд байсан Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул дархан аварга Шаравын Батсуурь тавын даваанд Гэлэгийг амлаж дээ. Аваргын санаанд тэр жил Дорнодод цэрэг байхад нь дийлээгүйн хор шар жаахан буцалж байж. Хоёр бөх гарч. Тэгтэл Ж.Гэлэг өөрийн сурамгай хийдэг суйлж тойгдох мэхээрээ аваргыг хаяж Монгол Улсын начин цолд хүрч байж.

Тэгээд зургаагийн даваанд улсын арслан С.Самданжигмэдтэй барилдаж байхдаа нүдээ гэмтээсний улмаас тахимаа өгсөн түүх байна л даа. Дараа жил нь улсад дахин нэг зодоглохдоо Ц.Чимэд-Очир аваргад унасан аж. БНМАУ-ын начин Жотойн Гэлэг улсад нэг удаа тав, нэг удаа гурав давж аймгийнхаа наадамд таван удаа түрүүлж, хоёр үзүүрлэж байж. Энэ түүхийн гэрч болгож түүний мөнхөрсөн Шаазгай нуурын хөвөөнд хөшөөг нь босгожээ. Уг үйлийг нь ач хүү улсын арслан Н.Батсуурь улсад түрүүлж арслан болсон жилээ оройлон удирдаж бүтээсэн гэнэ билээ.

Бас нэг онцгойлон дурсагдах хүн бол “Ховдын суйлдаг хөх” хэмээн нэрлэгдэж байсан Ж.Гэлэг өвөөгийн том хүү улсын начин Г.Даваасамбуу юм. Тэр хэдийгээр химийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн байсан ч удам залгасан сайн бөх байв. Дунд сургуульд байхаасаа барилдаж үндэсний бөхөөр “Тулгат” цол хүртэж байж. Улмаар их сургуульд оюутан болсон жилээсээ чөлөөт бөхөөр бас самбо бөхийг сонирхон хичээллэж багагүй амжилтад хүрсэн олон улсын хэмжээний мастер болсон эрдэм номын, бөхийн гээд аль ч салбарт алдартны нэг болсон хүн.

Улсын начин Ж.Гэлэг хүү Даваасамбуугийн хамт. 1991он.1982 онд улсын баяр наадамд зодоглож улсын арслан Ж.Хайдаваар тав давж улсын начин цол хүртсэн ухааны ч, барилдааны ч уртай нэгэн сайхан хөвүүн байлаа. Тийм ээ. Байлаа гэхийн учир “аавтайгаа уулзахаар” насан залуудаа тэнгэрт одсон юмсан билээ. Гэвч дүү Намсрайжав нь бөхийн дэнжид орлон ахынхаа аваагүй цолыг авч үйлсийг нь мөнжхүүлж явнам. 

Г.Намсрайжав 1988 онд Батсуурийг дөнгөж нэг ойтой байхад төрийн их баяр наадмын дэнжид улсын заан Ө.Тулгаагаар тав давж улсын начин болсон бол улсын арслан Б.Ганбаатарыг төрийн наадамд түрүүлээд хоёр жил болж эр бяр нь ид жагссан үед нь зургаагийн даваанд өвдөг шороодуулж улсын харцага цол авсан байдаг. Энэ тухай бөхийн мэргэжилтнүүд хэлэхдээ “Намсрайжав улсын цолыг ёстой гуядаж авсан хүн шүү дээ” гэдэг юм билээ. Тийм бол Н.Батсуурь аавынхаа адил харцага цолыг төд удалгүй улсын арслан цолыг мөн л “гуядаж” авсан нэгэн мөнөөс мөн. 

БӨХ УДМЫН ТҮҮХИЙГ БАТСУУРЬ АРСЛАН БИЧИЖ Л ЯВНА

Удмын түүхээ бөхийн дэнжид бичилцэж яваа нь Н.Батсуурь арсланд оноосон үүрэг мэт. Энэ үүргээ ч тэр нэр төртэй биелүүлж яваа юм. Наадмын талбай, заал танхимын талбарт улсын арслан Н.Батсуурийн нэр сүр жилээс жилд өсч яваа. Харин энд тэмдэглэн бичихгүй өнгөрч боломгүй нэгэн зүйл нь их спортод нэрээ гаргаж амжсан хүн гэдгийг яагаад ч орхиж болохгүй. Н.Батсуурь Монголын жүдо бөхийн хүнд жингийн нэртэй тамирчин. Олон улс, тивийн хэд хэдэн тэмцээнд улсаа төлөөлөн амжилттай оролцсон.

Олон улсын хэмжээний мастер цолтой хүн. Даанч удмын юм даа. Наадмын дэнж түүнийг илүүтэй татсан байж болох юм. Барилдаад даваа авах бүхэнд л өвөөгөө дурсдаг. Тэр л хүний удам шүү дээ гэж бахархдаг байх. Н.Батсуурь одоохондоо би түүхээ бичиж байна гэж дэвтэр ном харуулаагүй ч Монгол үндэсний бөхийн нэгэн дээд цолтойгоор барилдаж яваагаа удмынхаа түүхээ бичилцэж зузаалж байна гэж санадаг. Тэр нэг удаа сонин дурсамж ярьсан нь өвөө Ж.Гэлэгийнх нь намтрын нэг торгон агшин байдаг юм.

Үүнийг сонирхуулбал, аймгийн арслан Ж.Гэлэг начин болдог жилээ улсын наадамд барилдахаар Увсаас гарч хагас сар гаруй замын унаанд дайгдан явж Улаанбаатарт наадмын өглөө ирж л дээ. Цэнгэлдэхэд орж ирэхэд “Бөхийн бүртгэл дууссан” гэж. Тэр холоос зорьж ирсэн учраа хэлэхэд бөх бүртгэж байсан нэг офицер хоёр цэрэг дуудаж ирүүлээд хооронд нь барилдуулаад унасныг нь бүртгэлээс хасч Ж.Гэлэгийг оронд нь бичиж барилдуулсан сонин түүхийг Н.Батсуурь арслан ярьдаг юм билээ.

Түүх ийм л сонин содон тохиолдлоор дүүрэн байдаг даа. Тэгэхээр бөх бүлийн удмын түүх бөхийн дэнжид улам зузаарч арслан Батсуурийн оюуны ай савд багтаж л явна гэж хэлж болох билээ. Н.Батсуурийг шинээр цол авах бүрийд алс холын Увс нутаг Ховд сумынхан нь Хөх овоондоо гарч зэрэг зэрэг утас цохин баяр хүргэдэг гэнэлээ. Үүнтэй зэрэгцээд нутгийн уул ус нь бас баярладаг биз ээ. Аварга цолны үүдийг тогшиж яваа залуу арсландаа амжилтын дээдийг ерөөе.

Д. Цэрэннадмид

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 3355 санал өгсөн байна.

Дээшээ