Мэс заслын тоног төхөөрөмжийг сайжруулахад анхаарна гэв

GoGo.mn

2017-03-18 15:00 GMT+8

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ИТХ-ын гишүүд өнөөдөр Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллалаа.

“Иргэдээ сонсъё” сэдэвт нэг сарын аяны хүрээнд эрүүл мэндийн салбарын удирдлагууд эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, өнөөгийн нөхцөл байдал болон тулгамдаж буй асуудлын талаар эмч мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцсон юм.

Хан-Уул дүүргийн хувьд, нийт 160 мянга орчим хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг бөгөөд шинээр хэрэгжсэн сорьц тээвэрлэлтийн асуудал хэдийн жигдрэх шатандаа оржээ. Өдөрт дунджаар 60-70 орчим сорьц ирдэг бөгөөд нийтдээ 12600 гаруй хүнд хүрснээр эмнэлгийн ачаалал тодорхой хэмжээгээр буурч, иргэдийн талархлыг хүлээгээд байна. Халдварт өвчин өмнөх оноос 333 тохиолдлоор буурсан ч гэрийн төрөлт, амьгүй төрсөн нярай ихсэх хандлагатай байгаа тул жирэмсний хяналт, тэр тусмаа өрх болон нарийн мэргэжлийн эмч нарын ажлын уялдаа холбоог сайжруулах зайлшгүй шаардлага тулгарсан талаар эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг дуулгалаа.

Тэрбээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үүднээс эмнэлгийн барилгад өргөтгөл хийх, шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг засварлах хэрэгтэй байгааг ч нэмж хэлсэн юм.

Эрүүл мэндийн хоёр дахь шатлалын эмнэлгүүдэд дутагдаж гачигдсан зүйл цөөнгүй бий. Харин тус дүүргийн хувьд, нэн түрүүнд тулгамдаж буй асуудал нь ходоодны уян дуран байхгүй, мөн эх барих, эмэгтэйчүүд болон хүүхдийн тусламж, үйлчилгээний чанар хангалтгүй байгаа аж. Үүний зэрэгцээ цогцос хадгалах байр байхгүй байгаа нь бас л нэг асуудал.

Тэгвэл тус дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Н.Бааст үйл ажиллагааныхаа талаар тодорхой мэдээллийг өгч, салбарын сайдад өөрийн санал бодлыг илэрхийлсэн юм. Өнөөдрийн байдлаар 196 ортой уг эмнэлэгт жилд дунджаар 8600 хүнийг хэвтүүлэн эмчилж байгаа аж. Эрүүл мэндийн салбарт энэ жилийг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан үндсэн дөрвөн зорилт тавин ажиллаж буй гэнэ. Тиймээс өмнө нь авч хэрэгжүүлсэн томоохон ажлуудаа бусад эмнэлэгт туршлага болгон түгээх, хэмнэлтийн горимд шилжих зэрэг тодорхой арга хэмжээнүүдийг авч эхэлснээ ч дуулгалаа. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад  тулгамдаж буй олон асуудал байгаагаас, барилгын өргөтгөлийн ажил хамгийн чухал нь болохыг ч энэ үеэр сануулжээ.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцах явцдаа “Засгийн газрын гишүүд дүүргүүдийн асуудалтай зүгээр нэг танилцаад өнгөрөх бус тодорхой хэмжээнд тулгамдсан асуудлуудыг нь шийдээд явж байгаа. Эрүүл мэндийн салбарын хувьд, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн барилгад өргөтгөл хийхээр төлөвлөж байна. Ялангуяа Хан-Уул дүүрэгт баригдаж байгаад зогсонги байдалд орсон төрөх эмнэлгийн барилгын асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж, концессын гэрээгээр үргэлжлүүлэн бариулахаар боллоо. Тендер зарлагдсан учраас барилгын улирал эхэлмэгц үйл ажиллагаа нь хэрэгжээд явна” гэлээ.

Салбарын удирдлагууд болон албаны бусад хүмүүс энэхүү уулзалтын дараа Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийг зорьсон юм. Нийслэлийн хүн амын 10 хувьтай тэнцэх хэмжээний хүн амд үйлчилдэг учраас ачаалал өндөр, хүлээгдэл ихтэй байдаг тухай эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болортуяа, нэгдсэн эмнэлгийн дарга Б.Галсанцэдэн нар мэдээлсэн. Мөн энэ үеэр эрүүл мэндийн төвийн харшлын эмч Б.Гоодаль ЕБС-иудад орж буй эрүүл мэндийн хичээлийн үр дүн, өсвөр насны охидын нөхөн үржихүйн асуудалд хэрхэн анхаарал хандуулж буй талаар асуусан бөгөөд  А.Цогцэцэг сайд “Эрүүл мэндийн хичээлийн тухайд өнгөрсөн оны есдүгээр сараас ЕБС-иудад орж эхэлсэн. Сүүлийн үед 15-19 насны охидын дунд хүсээгүй жирэмслэлт, төрөлтөөс үүдэлтэй хүндрэл олшрох төлөвтэй байна. Тиймээс өсвөр насны охидын нөхөн үржихүйн асуудал, бэлгийн замын халдварт өвчин болон хүсээгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл өгөх зорилгоор нээлттэй утас ажиллуулахаар төлөвлөж байгаа. Мөн энэ тал дээр хоёр дахь шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн үүрэг оролцоо тун чухал. Өсвөр насны хүүхдүүдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлж, амны хөндийн өвчлөлөөс үүдэлтэй хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх ажилд НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтарч ажиллах бодолтой байна” хэмээлээ.

СХД-ийн хувьд хүн ам ихтэй, тэр дундаа амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айл өрх олон тул эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд эмнэлгийн барилгын асуудал яах аргагүй хөндөгдөж байлаа. Эрүүл мэндийн сайд эмч ажиллагсадтай санал бодлоо солилцож “Зун нь ачаалал маш бага байдаг хэрнээ өвөл нь эрс нэмэгддэг энэ байдлаас бид гарах хэрэгтэй. Томуу, томуу төст өвчлөлийн тархалт ихэссэн ид ачаалалтай үед эрүүл мэндийн салбарт тодорхой арга хэмжээг авч, шуурхай ажилласан нь үр дүнгээ өгсөн. Үүнд та бүхний оруулсан хувь нэмэр өндөр байсныг хэлэхэд таатай байна. Харин одоо шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг шилжүүлэх судалгаа хийгдэж байгаа. Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр олон улсын жишиг эмнэлгийг танай дүүрэгт барихаар болсон. Бид эмнэлгийн орчин нөхцөл, эмч ажиллагсдын мэдлэг чадвараар хаана ч гологдохооргүй улс. Тиймээс аливаа ажилд шалтаг тоочиж суух бус сэтгэл гаргаж зүтгэх цаг ирсэн байна. Байгаа нөхцөл бололцоогоо ашиглан идэвхи санаачлагатай ажиллаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх хэрэгтэй” гэдгийг онцолсон юм.

Эрүүл мэндийн сайдын хувьд энэ өдөр дээрхи эмнэлгүүдийн нөхцөл байдалтай танилцаж, цаашид хийх ажлуудынхаа талаар хэлэлцсэний дотор олон хүний амь насыг аварсан, гадаадад эмчлүүлэх асуудлыг багасгах тал дээр тодорхой дэвшил хийж, шинэ технологи нэвтрүүлж нутагшуулсан эмч, эмнэлгийн ажилчдыг онцгой урамшуулалд хамруулах тал дээр ажлын хэсэг гарган ажиллаж байгааг дуулгасанд эмч ажиллагсад тун сэтгэл хангалуун байлаа.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мөн хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон мэс заслын тоног төхөөрөмжийг сайжруулах асуудалд анхаарч ажиллахаа хэлсэн. Мөн тэрбээр Хан-Уул, Баянгол, Чингэлтэй дүүргийн эмнэлэгт ерөнхий мэс заслын тасаг нээж, гэмтлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулснаас гадна Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Налайх, Багануур дүүргийн эмнэлэгт хавдрын өдрийн хими эмчилгээг хийлгэхээр болсон тухайгаа хэлсэн юм. Тэрбээр уулзалтын төгсгөлд Сонгинохайрхан дүүргийн 14 хорооны “Тонэ” эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, эмч ажиллагсадтай санал бодлоо солилцоод буцлаа.

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 3207 санал өгсөн байна.

Дээшээ