“Унаганууд” аваргын цомыг дахин өргөлөө


2017-03-20 12:40 GMT+8

Монголын хөлбөмбөгийн холбоо, “Пепси” брэндтэй хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулсан футзалын “Пепси” дээд лигийн аваргын цомыг “Унаганууд” клуб дахин өргөлөө.

“Унаганууд” клуб МХБХ-ны футзалын дээд лигт 2014 оноос хойш дөрөв дараалан түрүүлэхээс гадна 2015 оны гуравдугаар сарын 1-нээс хойшхи 25 тоглолтод дараалан хожсон амжилтыг үзүүллээ.

Анх удаа футзалын лигээс медаль авах болзол хангасан “Дэрэн”-ээс Ц.Төмөр-Очир хоёр дахь минутад зүүн хөлийн хүчтэй цохилтоор тооны харьцааг нээсэн. Гэсэн ч “Унаганууд”-ын ахлагч П.Алтантулга 6’, С.Наранбаатар 15’, Э.Пүрэвдорж 17’ минутад гоол оруулснаар эхний хагас 3:1-ээр өндөрлөсөн юм.

Хоёрдугаар үе эхлээд дөрвөн минутад өнгөрөхөд “Унаганууд”-ын 1-р дөрвөлөөс Э.Ганзориг тооны харьцааг 4:1 болголоо. Түүний гоолоос хормын дараа Ц.Төмөр-Очир дахин нэг гоол оруулж тооны харьцааг 4:2 болгон ойртуулсан ч эерэг үр дүн авахад хангалтгүй байв. Цаг дуусах мөчтэй зэрэгцэн “Унаганууд” клубын Орос легионер Рябиванов Алексэй хоёр гоол оруулснаар УБИС-ийн баг 6:2-оор хожиж “Пепси лиг”-т хоёр дахь, МХБХ-ны футзалын лигийн дөрөв дэх дараалсан түрүүгээ авлаа.

Тус тоглолтын дараа бүтэн гурван сар үргэлжилсэн “Пепси лиг”-ийн шагналт байрын багуудад медаль, мөнгөн шагналыг нь гардуулахын зэрэгцээ лигийн шилдгүүдийг тодруулсан.

“Пепси лиг”-ийн шилдэг хаалгачаар “Унаганууд” клубын хаалгач М.Чанцал дахин шалгарсан бол мэргэн буучийг “Унаганууд” багийн ахлагч П.Алтантулга 29 гоолтойгоор хүртлээ.

Лигийн шилдэг тэгш тоглогчоор хүрэл медалийн эзэн “Хоромхон” клубын шилдэг тоглогчдын нэг А.Улсболд тодорлоо. Харин дээд түвшний чадварлаг тоглогчдын эн тэнцүү ширүүн өрсөлдөөнийг, үнэн зөв дэнсэлсэн шилдэг шүүгчээр Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны шүүгч Б.Хаш-Эрдэнэ шалгарлаа.

Ийнхүү футзалын “Пепси лиг”-ийг зохион байгуулахад тусалж дэмжсэн хамтрагч ивээн тэтгэгчид тэр дундаа NTV телевиз, “Пепси” брэндийн хамт олонд, хамгийн гол нь үзэгч хөгжөөн дэмжигчдэдээ гүн талархал илэрхийлье.

GoGo Facebook Хуудас
 
 
Мягмар гарагаас эхлэн нийслэлийн төв зам болох Энхтайваны өргөн чөлөөгөөр баруунаас зүүн чиглэн явах жолооч нарт зүүн эргэхийг хориглолоо. Нийт долоон уулзвараар зүүн эргэх хориотой болов. Та энэ шийдвэрийг дэмжиж байна уу?
Нийт 96 санал өгсөн байна.

Дээшээ