Трампын нүүрсний ”популизм” эхлэв

Mongolian Mining Journal

2017-03-20 14:15 GMT+8

Цуутай бизнесмэн, хэлэлцэх урлагийн мастер гэдгээрээ олноо танигдсан далан настай америк эр энэ удаад улс төрийн ертөнцөд хөл тавьж, эдүгээ алхам бүр нь дэлхийн анхаарлын төвд байх болов.

АНУ өнгөрсөн 11 дүгээр сард шинэхэн Ерөнхийлөгчөө угтаж авсантай зэрэгцэн зэс тэргүүтэй дэлхийн эрдсийн зах зээлд эерэг нөлөө ажиглагдаж эхэлсэн. Тодруулбал Доналд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульт ажлынхаа үеэр улсынхаа дэд бүтцийн хөгжилд зориулж 500 тэрбумаас нэг их наяд ам.долларын санхүүжилт хийнэ гэсэн өгөөмөр амлалтыг сонгогчдод олонтаа хэлж байсан юм. Түүнчлэн АНУ-ын нүүрсний голлох мужуудаар явж нүүрсний салбарыг сэргээх амлалт өгч байсан нь эдүгээ томоохон хүлээлт үүсгээд байна. Нүүрстэй холбогдсон амлалтыг нүүрсний олборлолт эрхэлдэг мужуудыг урхидах популизм байсан ч гэж дүгнэж болно. Үеэ өнгөрөөж буй хэмээн ад үзэгдэх болсон эрчим хүчний нүүрсний салбарыг Трамп яаж аврах нь хамгийн их сонирхол татаж байна.  

Өнгөрсөн оны хувьд АНУ-ын нүүрс олборлолт 2015 онтой харьцуулахад 18%-иар буурч, эрчим хүчний салбарт байгалийн хийн хэрэглээ нүүрснээс давсан үзүүлэлттэй гарчээ. 

Тэгвэл энэ онд болон ирэх онд нүүрсний салбар харьцангуй өсөх дүр зурагтай байгааг тус улсын Эрчим хүчний мэдээллийн агентлаг (EIA) мэдэгджээ. Чухамдаа байгалийн хийн үнэ  өсч байгаа нь богино хугацаандаа нүүрсний хэрэглээ нэмэгдэх сөхөө өгнө гэж тооцсон байна. Гэхдээ АНУ-ын нүүрсний салбарын ерөнхий нөхцөл байдал тун хүндхэн байгаа бөгөөд Трампын авралын сайхан үгтэй ятгалгад автаж, Вайоминг мужаас авахуулаад Аппалачи бүс нутаг дахь бүхий л голлох нүүрсний мужийн сонгогчид Хиллариг биш түүнийг сонгосон билээ. 

Барак Обамагийн захиргааны үед авч хэрэгжүүлж байсан Цэвэр эрчим хүчний төлөвлөгөө болон нүүрсний салбарт дарамт учруулж буй бусад дүрэм журмыг хүчингүй болгох нь тодорхой байна. 


Хэрэв нүүрсний салбарын уналт цаашид үргэлжилбэл тэдгээр мужийн аж амьдрал, эдийн засаг улам доройтохоор байгаа юм. 

АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн захиргаа  Барак Обамагийн захиргааны үед авч хэрэгжүүлж байсан Цэвэр эрчим хүчний төлөвлөгөө болон нүүрсний салбарт дарамт учруулж буй бусад дүрэм журмыг хүчингүй болгох нь тодорхой байна. Цэвэр эрчим хүчний төлөвлөгөөг өнгөрсөн 2014 оны 6 дугаар сард өмнөх Ерөнхийлөгч Обамагийн Уур амьсгалын үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд нүүрсний цахилгаан станцын бохирдлыг бууруулахаар гаргаж байсан юм. Уг төлөвлөгөөний дагуу 2030 он гэхэд улсын хэмжээнд эрчим хүчний салбарын нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг 2005 оны түвшнээс 30%-иар бууруулах, 2020 он гэхэд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан байх зорилт дэвшүүлсэн юм. 

Харин одоогийн Ерөнхийлөгч Доналд Трамп нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь битгий хэл, энэ асуудлыг бодит зүйл мөн эсэхэд ч эргэлздэгээ сонгуулийн кампанит ажлынхаа үеэр нуугаагүй юм. Түүнчлэн АНУ-ыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын гэрээ конвенциудаас татаж гаргана гэж мэдэгдэж байсан билээ. НҮБ-аас гаргасан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр өнгөрсөн 11 дүгээр сарын 4-нд хүчин төгөлдөр болж, үүнд 200 орчим улс нэгдсэний дунд АНУ багтсан юм. Одоо Парисын хэлэлцээрээс АНУ гарч магадгүй гэх сенсаци хүчтэй хэвээр байна.

Хэдийгээр Ерөнхийлөгчийн тангаргаа өргөснөөс хойш Трамп уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд нээлттэй байр суурь баримтлах болно гэж мэдэгдсэн ч түүний энэ үгэнд үнэмших хүн ховор байна. Дээр нь тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хэлсэн амлалтуудаа яг таг биелүүлэхээр ажиллаж буйг шинжээчид тэмдэглэж байгаа юм.  

Нөгөөтэйгүүр Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх нь улс орнуудад эдийн засгийн хувьд маш их дарамт учруулах нь гарцаагүй бөгөөд биелүүлэхэд тун хүндрэлтэй гэж зарим шинжээч таамаглажээ. Уг хэлэлцээрийн хүрээнд дэлхийн агаарын хэмийн дундаж өсөлтийг хоёроос доош хэмжээнд барих зорилтыг биелүүлэх үүргийг улс орнууд хүлээж буй юм. Үүнийг хэрэгжүүлэхэд ойрын 25 жилийн хугацаанд улс орнууд нийтдээ 12.1 их наяд ам.долларын зардал гаргана гэсэн тойм тооцоолол гарчээ. 

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсерийн мэдэгдсэнээр Трампын захиргаа байгаль орчинд ээлтэй байдлыг бодолцохын хамтаар нүүрсний салбарт хүндрэлгүй байх шинэ арга замыг нүүрсний салбарынхтай хэлэлцэж байгаа ажээ. Мөн Обамагийн захиргааны гаргаж ирсэн, хуучин дүрэм журам нь нүүрсний салбарт хэтэрхий их хүндрэл учруулж байсныг цохон тэмдэглэжээ.

Трамп Америкийг дахин агуу хүчирхэг болгоно гэсэн уриан дор Обамагийн хийж байсан бүх ажлыг “үнсэн товрог” болгож магадгүй байгаа нь  Америкийн нийгэмд асар хүчтэй шүүмжлэл дагуулж байгаа нь тийм ч гайхмаар хэрэг биш. Тэрбээр бизнесмэн тул эдийн засгийн ашигтай зүйлийг хийж, ашиггүйг   шууд хаяхаар шийдэх хандлагатай байж болох юм. Өнгөрсөн сард тэрбээр Барак Обамагийн хориглоод байсан Канадаас АНУ хүрэх (1897 км) Keystone XL газрын тосны хоолойн төсөл болон АНУ-ын Хойд Дакота мужаас Иллинойс хүрэх (1886 км) Bakken-ийн газрын тосны хоолойн төслийг урагшлуулахаар эхний байдлаар зөвшөөрөөд байгаа юм. Байгаль орчны хувьд сөрөг нөлөөтэйн сацуу хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай тул энэхүү хоёр төслийг Ерөнхийлөгч Барак Обама хэрэгжүүлэхээс татгалзаж байсан юм. 

Гэхдээ Трампын өөрийн нам болох Бүгд найрамдахчууд ч бас зүгээр хараад суухгүй байгаа. Учир нь тус намын хэсэг ахмад гишүүнээс бүрдсэн бүлэг Ерөнхийлөгч Доналд Трампын захиргаанд нүүрс, газрын тос, байгалийн хийн салбарт нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтын (карбон) татвар ногдуулах асуудлыг өргөн барьсан. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийг хазаарлах тун зөв зүйтэй алхам болно гэж тооцож байна. Гэхдээ Трамп энэ саналыг хэзээ ч дэмжихгүй байж мэднэ. Учир нь тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр карбон татварыг дэмжихгүйгээ илэрхийлсэн удаатай. 

Одоо Трамп нүүрсний мужуудад өгсөн амлалтаа хэрхэн биелүүлэх, мөн уур амьсгалын өөрчлөлтийг хазаарлах чиглэлд ямар алхам хийх нь онцгой их анхаарал татаж байна. Дэлхийн эрчим хүчний салбар цэвэр, байгальд ээлтэй, үр ашигтай чиглэл рүү шилжиж байхад нүүрстэй зууралдаад  байх  утгагүй хэмээн хэвлэлүүд Трампыг шүүмжлэх нь түгээмэл байна. Нүүрсний салбарыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь угтаа хоорондоо зөрчилддөг асуудал. 

Обама төрийн тэргүүн байх үеэрээ нүүрсний салбарынхныг “чангалж” хүлэмжийн хийн ялгарлыг эрчимтэй бууруулах зоригтой шийдвэр гаргаж байсан бол Трамп нүүрсний салбарын дарамтыг арилгахаар ийнхүү хөдөллөө. Гэхдээ тэрбээр энэ үйл хэргийг байгальд ээлтэй байдлаар хийж чадна гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер мэдэгдсэнийг санах хэрэгтэй. Харин уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд авч хэрэгжүүлэх үүргээ Трамп хэрхэн ухамсарлах нь эргэлзээтэй асуудлын нэг хэвээр. Хэрэв Трамп Парисын хэлэлцээрийг үл тоомсорловол АНУ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийсэн бүтээн байгуулалтад ноцтой хохирол учруулах нь тодорхой. Энэ тохиолдолд дэлхийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэл дэх санхүүжилт, ажлын эрчим буурах, цаашлаад Парисын хэлэлцээрийн зорилт биелэхгүй байх магадлал улам нэмэгдэх юм. 

Б.Төгсбилэгт

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 3270 санал өгсөн байна.

Дээшээ