Ж.Эрдэнэбат: Эдийн засаг сэхээнээс гарсан ч хүнд үе нь дуусаагүй


2017-03-20 13:45 GMT+8

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Төрийн ордонд төрийн захиргааны төв болон захиргааны байгууллага, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өглөө.

Улсын Ерөнхий сайд томилогдоод найман сар, Мэргэжлийн Засгийн газар байгуулагдаад долоон сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хийсэн ажлаа харвал манай танхим субботникийн Засгийн газар байлаа гэж дүгнэж байна хэмээн Ерөнхий сайд хэллээ.

“ЧАЛЬКО”-ГИЙН ӨРИЙГ ЭНЭ САРДАА БАГТААНА БҮРЭН БАРАГДУУЛЖ ДУУСГАНА

Тэрбээр “Бид ажил авсны дараагаас эдийн засгаа сэргээх, төсөвт хэмнэлт хийх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогыг шат дараатай хэрэгжүүлж эхэлсэн. Үр дүн ч гарсан. 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр 2012 оноос хойш дөрвөн жилийн турш тасалдаж ирсэн төсвийн орлого анх удаа 504 тэрбум төгрөгөөр даван биелж, алдагдалтай явсан гадаад худалдаа 1.6 тэрбум долларын ашигтай, гадаад валютын нөөц сүүлийн дөрвөн жилд мөн анх удаа өсөлттэй гарсан нь манай Засгийн газрын хүлээж авсан хүнд үеийн хямарсан эдийн засагтай харьцуулахад чамлахааргүй үзүүлэлт юм. Энэ бол сэтгэл, зүтгэл байгаад гар, сэтгэл нийлбэл богино хугацаанд бага ч гэлээ эерэг үр дүн гаргаж болдгийн жишээ юм.

Манай улсын эдийн засаг эмнэлгийн сэхээнээс гарч, ердийн тасагт шилжсэнээс бус, хүнд үе нь дуусаагүй байна.

2017 оны гуравдугаар сард төлөх ёстой 580 сая долларын хугацаа тулсан өр зээлээ Монгол Улс төлж чадах уу, чадахгүй дампуурлаа зарлуулах уу гэсэн ард түмэн болон олон улсынхны эргэлзээ, тээнэгэлзээ дунд бид анх ажил авсан. Харин өнөөдөр Монгол Улс хугацаа тулсан бондын өргүй болж, 580 сая ам.долларынхаа өрийн асуудлыг бүрэн шийдэж, гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ч ногоон гэрэл асааж чадлаа. Энэ бол хоосон яриа, улс төрийн PR биш нь ердөө хэдхэн хоногийн өмнө олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргасан Засгийн газрын 124 сая ам.долларын захиалгатай бондод гадаадын хөрөнгө оруулагчид 3.3 тэрбум ам. долларын санал ирүүлснээс бэлээхэн харагдаж байна.

Бид удахгүй, энэ сардаа багтаад БНХАУ-ын “Чалько” компанид Монгол Улс удтал төлж ирсэн нүүрсний сунжирсан өрийг бүрэн барагдуулж дуусгана. Ингэснээр Монголын ард түмнийг хэдэн арван жил тэжээх Тавантолгойн ордын өрөм нь болох Зүүн Цанхийн нүүрс долоон жилийн дараа Монгол Улсдаа, Монголын ард түмний мэдэлд эргэн ирж байна. Зүүн Цанхиас олборлож борлуулсан нүүрсний ашиг одоо Монгол Улсынхаа төсөвт орно.

Манай Засгийн газрыг байгуулагдаж байх үед Тавантолгойн нүүрсний үнэ 27 ам.доллар байсан. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ одоо өсч байгаа нь үнэн. Гэхдээ нүүрсний үнэ өнөөдрийнхөөс ч өндөр байхад тонн нүүрсээ 33 ам. доллараар өгөөд сууж байсан хоёр жилийн өмнөх алдааг давтах эрх бидэнд байгаагүй. Тийм учраас бид нүүрсний үнийн өсөлтөд бүхнээ даатган гар хумхин зүгээр суулгүй Тавантолгойн ордын нүүрс борлуулах дуудлага худалдааг ил тод, нээлттэй явуулж, үр дүнд нь Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр буюу нэг тонн нүүрсээ 72.5 ам.доллараар борлууллаа. Энэ бол үнийн өсөлтөөс гадна зөв менежмент үр дүн юм. Цаашид ч өрсөлдөөний энэ зарчмаа баримтална.

БИД ОУВС-ГИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСНААР...

Монгол Улс өнөөдөр  ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар бүх юм сэргээд, тэндээс бөөн мөнгө гэнэт цутгаад, төсвийн алдагдлыг нөхөөд явчих юмшиг санавал эндүүрэл болно. Хэдийгээр ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдлаа ч бидний саяхны мэдэх 17 хувийн өсөлт манай эдийн засагт ирэхэд дэндүү хол байна. Яагаад гэвэл өнгөрсөн жилүүдэд манай эдийн засаг унаж, хямарч болох хамгийн доод төвшиндөө хүртэл, үүнээс цааш газар үгүй болтлоо унасан.

Манай танхим субботникийн Засгийн газар байлаа гэж дүгнэж байна

Гадаадын хөрөнгө оруулагчдыг хуурч авчраад хөөдөг, хөрөнгийг нь улсад хурааж олон улсад найдваргүй түншид тооцогдсон ангиллаас Монгол Улс ОУВС-ийн батлан даалтаар гарах гэж байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр сар, улирал, хагас жилийн дараа ОУВС ээлжит дүгнэлтээ гаргаж, Монгол Улсын засаглал, санхүү, банкны систем хэрхэн сахилгажиж, зөв урагшилж байгааг олон улсад тайлагнана.

Ингэснээр Монгол Улсын рейтинг, зээлжих зэрэглэл олон улсын санхүүгийн зах зээл дээр сэргэнэ, дагаад хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, хувийн хэвшлийнхний бизнес, ажил үйлсэд бодитой ахиц, эерэг өөрчлөлт гарч эхэлнэ. Манай танхим хөрөнгө оруулагчдаа хуурдаг, хөөдөг биш, харин эрх ашгийг нь хамгаалдаг Засгийн газар байх болно.

ТА МӨНГӨ ХИЙХ ГЭЖ БАЙГАА БОЛ ТӨРД БИШ, БИЗНЕСИЙН САЛБАРТ ЗҮТГЭ

Та бүхэн “төрдөө зүтгэнэ” хэмээн андгай өргөж албанд орсон төрийн хүмүүс учраас нийгэмд та бид үлгэрлэх үүрэгтэй.

 

Энэ алхам төрийнхөө төлөө ард түмнээсээ илүү ачааг үүрдэгээрээ бахархдаг албан хаагчдын хувьд эхлүүлэхэд төвөггүй. Харин  албадлагаар, хэн нэгний татаас, шахаагаар дарга болсон, хүчинд автаж юм уу, хууртаж албан тушаалд томилогдсон хүн байвал тэрийгээ хэлээд одоо явж болно. Хэрвээ та мөнгө хийх гэж байгаа бол төрд биш, бизнесийн салбарт зүтгэ. Тийм хүмүүс одооноос эхлээд Төрийн ордноор, яамдын байраар эргэлдэх хэрэггүй.

Төрийн албанд өнөөдрөөс эхлээд боловсрол, мэргэжлийн дипломоос гадна чадвар, сэтгэл, ёс зүйг эрхэмд тооц. Төрийн мөнгөөр шинэ тавилга, шинэ унаа машин авахгүй байхыг үүрэг болгож байна. Хэрвээ тавилга нь гологдож, албаны унаа нь тухгүй санагдаж байвал тэр хүн өөрөө ажилдаа гологдож байна гэж ойлго.

ТӨРИЙНХӨН НЭГДҮГЭЭР ЗЭРЭГЛЭЛИЙН СУУДАЛД СУУЖ ЯВМААР БАЙГАА БОЛ ҮНЭ, ТАРИФЫН ЗӨРҮҮГ НЬ ХУВИАСАА ТӨЛӨӨД ЯВ

Манай Засгийн газар, танхим шинэ замаар хуучин цагийн дуу аялж цааш алхахгүй, явахгүй. Бид нийтээрээ, нийгмээрээ маргаашийнхаа төлөө өнөөдрөөс зүтгэж эхлэхгүй бол оройтоно. Бид хийхгүй бол гадны улс орноос хэн нэгэн ирж хийж өгөхгүй. Тийм учраас хууль нь шударга үйлчилдэг, санхүүгийн сахилга баттай шинэ нийгэм бүтээхийг төр, төрийнхөн та бүхэн манлайлна. Хамгийн түрүүнд ард түмэн биш, харин Монголын төр өөрөө бүсээ чангална.

Маргаашаас эхлээд, төрийн томилолтоор гадаадад болон дотоодод онгоцоор зорчих хүмүүс энгийн суудалд, хамгийн хямд тийзээр зорч. Татвар төлөгчдийн хөрөнгөөр, ердийн тийзнээс  2-6 дахин өндөр үнэ төлж бизнес ангилалд тухалж явдаг төрийнхний тансаглалыг  өнөөдрөөс тасалбар болгоорой. Үүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат та хяналт тавьж ажиллаарай. Хэрвээ тэр хүн заавал нэгдүгээр зэрэглэлийн суудалд сууж явмаар байгаа бол үнэ, тарифын зөрүүг нь өөрөө, хувиасаа төлөөд яв.

Ерөнхий сайдыг орон нутагт ажиллахад хэд хэдэн жип машин хөлөглөн аймаг, сумынхаа хилийн зааг дээр угтдаг, үддэгийг өнөөдрөөс зогсоо. Аймгийнхаа төв, сумынхаа хаалга дээр нь цомхон бүрэлдэхүүнтэй зохион байгуулахад болохгүй зүйл байхгүй.

ТӨРИЙН ААН-ИЙН ЗАХИРЛУУД АШИГТАЙ АЖИЛЛУУЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЧАДДАГ ХҮНД НЬ АЖЛАА ӨГ

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн захирлууд байгууллагаа ашигтай ажиллуулж чадахгүй бол чаддаг хүнд нь ажлаа өгөөрэй. Засгийн газар байгуулагдсаныхаа дараахан төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн захирлуудын цалин, урамшууллыг 30-60 хувь бууруулсан. Одоо бусад хангамж, илүүдэл зардалд боломжит хэмнэлт, таналт хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад үүрэг болгож байна.

Хамгийн түрүүнд ард түмэн биш, харин Монголын төр өөрөө бүсээ чангална.

Нийгмийн эмзэг хэсэг буюу төрийн халамж, анхаарал зайлшгүй шаардлагатай хэсгээ олон түмэнд ойлгомжтой, ил тод шалгуураар халамжилна. Аль ч төр, ямар ч үед ийм алхам хийсээр ирсэн.

САЛБАРЫН САЙД НАРААС ХАРИУЦЛАГА НЭХНЭ

Хямралтай тэмцэнэ гэдэг нь хямралд хүргэсэн бүхэнтэй, популизмтай, санхүүгийн болон улс төрийн сахилгад тэрслэх бүхий л оролдлогуудтай, ард түмний нэр барьж ард түмний эрх ашигтай тэрслэхтэй тэмцэнэ гэсэн үг. Ийм онцгой үед монголчууд бид улсаараа, парламент бүтнээрээ, Засгийн газар танхимаараа, энд сууж байгаа та бүхэн бид бүгд цулаараа зорилгоо ухамсарлан нэг баг болж зүтгэх ёстой, бас үүрэгтэй.  Ингэж чадаж байж гэмээнэ бид улсаараа нэг зүгт харж, алхаж чадна.

Ерөнхий сайдын хувьд миний бие ард түмнийхээ өмнө болон УИХ-ын өмнө Засгийн газрынхаа ажлыг бүрэн хариуцаж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. Тийм үүрэгтэй, тийм хуультай. Үүнтэй нэгэн адилаар тухайн салбарын ажлын алдаа оноог  Ерөнхий сайдын өмнө салбарын сайд хариуцна. УИХ, Ерөнхий сайдаас хариуцлага нэхэхтэй адил Ерөнхий сайдын хувьд би салбарын сайдаас л хариуцлага нэхэж ажиллана.

Улсаа автомашинтай, эдийн засгаа шатахуунтай нь зүйрлэбэл асаад удчихсан бензинийх нь шар гэрэл унтарсан. Гэхдээ манай улсын эдийн засаг эмнэлгийн сэхээнээс гарч, ердийн тасагт шилжсэнээс бус, хүнд үе нь дуусаагүй байна гэв.

Түүнчлэн эдийн засгийг сэргээх бодлогын, хямралыг зогсоох хөтөлбөрийн гол ачааны хүнд нь төрийн албаныханд тансаглал, илүү зардлаас татгалзахыг үүрэг болголоо.

GoGo Facebook Хуудас
 
 
Та оюуны өмчийг хамгаалах нь хөгжил, хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж боддог уу?
Нийт 371 санал өгсөн байна.

Дээшээ